Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Бүсчилсэн том тойргийг анх удаа туршиж, холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй танхим бүрдүүлсэн гээд анхны гэх тодотгол олонтой өнөөгийн парламентын гишүүдийг www.reelnews.mn сайт цувралаар танилцуулахаар боллоо. Жагсаалтын 48 байтугай томсгосон тойргийн 78-ыгаа танихгүй, зүс барааг нь хараагүй сонгогч олон байгаа. Тиймээс аль алийг нь хурдан таньж, 35 үсэг шигээ нүдлээд авах хэрэгтэй. Монголчууд малд нүдтэй. УИХ-ын 126 хэн нь хэн бэ? гэдэг тодорхой болох нь цаг хугацааны асуудал. Аль болох хурдан танигдаж гэмээнэ сайн. Ингээд 126 гишүүний “Хэн нь хэн бэ?” цувралыг УИХ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалангаар эхэлж байна.
126:1 Дашзэгвийн Амарбаясгалан
ӨНӨӨДӨР буюу карьер. Улс төрийн тогоонд удаан чанагдсан толгой. Хашир нь дэндүү бурхи. Сайн стратегич. Чадварлаг менежер. Гялалзсан удирдагч. Олны танил атлаа тийм ч нээлттэй биш, шинэ хүн гэхээр бас үгүй. Харин УИХ-ын гишүүний хувьд бол тэр яах аргагүй будаг нь ханхалсан шинэ цэрэг. Энэ өнцгөөс нь эхэлж танилцуулъя. Улс төрийн намд элссэнээс нь тооцвол 25 жил, намын сонгуульт ажилд хүчин зүтгэснээс нь тоолбол 17 жилийн дараа Д.Амарбаясгалан УИХ-ын сонгуульд нэр дэвшин, сонгогдсон. Өнөөгийн УИХ-ын анх удаа сонгогдсон 82 гишүүний нэг. Гэхдээ тэр шинэковдоод байсангүй, шууд “сразу майор”, 126 гишүүнтэй анхны парламентын спикер болсон. УИХ-ын 12 дахь дарга. Парламентчийн хувьд бэрс гарсан хүү гэсэн үг. Карьерынхаа оргилд хөл тавиад буй. Үүнээс цааш газар үгүй гээд зөөлөн уруудах уу, үлдсэн ганц албан тушаал руу мацах уу гэдгийг цаг хугацаа харуулна. Цаашилбал зөвхөн МАН-д бус Монголын улс төрд хүч, нөлөө нь ид тодорч буй 1980-аад оныхны тод төлөөлөл тэрээр УИХ-ын түүхэн дэх хамгийн залуу спикер гэдэг тодотголын эзэн. Түүний гарт одоо модон алх л бий. Энэ бол МАН-ын генсек байх үеийнх шиг нь эрх мэдэл, сүр хүчний бэлгэдэл биш. УИХ-ыг алхан доороо хураах уу, атган дотроо базах уу гэдэг түүнээс шалтгаална. Улс төрийн таван намаас бүрдсэн, Ерөнхий сайдтайгаа нийлээд 24 гишүүн нь сайдын давхар дээлтэй, нүсэр парламентыг удирдан чиглүүлнэ гэдэг улс төрийн болон хувь хүний ноён нуруу, ухаан, мэдлэг, чадвар чамгүй шаардах нь мэдээж.
ӨЧИГДӨР буюу улс төрийн замнал. Д.Амарбаясгалан бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан нэгэн. Оюутан байхдаа том ахынхаа үүсгэн байгуулсан “Соёмбо принтинг” компанид ажиллаж эхэлжээ. Улс төрийн шатрын хөлөг дээр удаан нүүдэг шигээ бизнест гэвч тэгж цаг үрсэнгүй. Гэр бүлийн компанидаа дөрвөн жил ажиллаад л төрийн алба руу орсон байна. Түүнийг төрийн албанд ч, улс төрд ч хөтөлж оруулж, араасаа дагуулсан хүн нь Ерөнхий сайд асан П.Жасрайн хүү Ж.Жанцан агсан. Тэрбээр “Монгол шуудан” компанийн захирал байхдаа 2007 онд нутгийн дүү Д.Амарбаясгаланг компанийнхаа Маркетинг төлөвлөлтийн газрын даргаар тавьжээ. Залуу дарга сайн ч ажиллаж. Ердөө хоёр жилийн дотор “Монгол шуудан” компанийн шуудан үйлчилгээний алдагдлыг тэглэж байсан гэдэг. Энэ үедээ тэр Баянзүрх дүүргийн МАХН-ын 37-р үүрийн даргаар ажиллаж, улс төрийн карьераа эхэлсэн байдаг.
Улс төрийн карьерыг нь бөхтэй зүйрлэх юм бол тэр Б.Бат-Эрдэнэ аварга шиг найдвартай барьцанд хүрч байж баараггүй мэх хийдэг. Тэр нь даацтай, үлдэцтэй. Нэг ажил дээрээ “уяа бөх” шиг зууралдана.
2008 онд 27 настайдаа НИТХ-д хамгийн залуу төлөөлөгч болж сонгогдсон. 2020 он хүртэл 12 жил хотын хуралд суусан. Энэ хугацаанд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж, хотын парламентад МАН цөөнх болсон үед сөрөг хүчний дуу хоолой болж, АН-ынхантай үзэж тарж байв. НИТХ-ын улс төрийн карьерын нэг шат болгоод дайраад гардаг залуусын жишгийг дагасан бол тэр 2016 онд УИХ-д нэр дэвших боломжтой байсан юм билээ. Намын байгууллагад олон жил ажилласан аав нь хүүдээ “Чи одоо 35 настай. Ийм залуугаараа парламентад ороод ямар зүйлүүдийг хийж бүтээх вэ. Хуримтлуулсан туршлага, мэдлэг чинь тэр түвшинд очсон уу, үгүй юу гэдгээ их сайн бодож байх ёстой” гэж зөвлөсөн тул УИХ-ын гишүүн болох гэж яараагүй гэдэг. Харин тэр жилдээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, мөн л хамгийн удаан буюу найман жил намынхаа гал тогоог барьсан. Тэр бол М.Энхболд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэсэн МАН-ын гурван даргатай гар нийлж, хамтарч ажилласан генсек.
Намаа дараалсан ялалтад хүргэсэн менежер. Тиймээс түүнийг “амжилтын архитектор” гэж өдөр тутмын сонинд бичиж байв. УИХ-д нэр дэвшихээс татгалзлаа гэхэд түүнд Засгийн газарт дуртай албан тушаалдаа очих боломж байсан. Генсекээр ажиллаж байхад нь хоёр ч удаа Засгийн газар байгуулагдсан. Энэ мэт олон удаагийн албан тушаалын томилгооноос хойш суусаар байв. Тэгж тэгж 2022 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон. Гэхдээ МАН-ын генсекийн тамгаа барьсаар хоёр жилийн нүүр үзсэн. Үүгээрээ тэр Ж.Батмөнх даргаас хойш нам, төрийн албыг давхар хашсан анхны хүн болсон юм.
ИРЭЭДҮЙ буюу амбиц. Дашзэгвийн Амарбаясгалан УИХ-ын даргаар томилогдмогцоо “Парламент 2.0–Гурван төгөлдөршил” бодлогыг санаачилж, батлуулсан. Хэлбэрийн хувьд бол С.Баярын таван төгөлдөршлийг парламентын түвшинд хуулбарласан гэмээр. Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй эрх зүйн тогтолцоо бий болгох, хууль тогтоомжийг ойлгомжтой, тодорхой болгох, эрх зүйн зохицуулалтыг цаг үеийн шаардлагад нийцүүлэх энэ гурван төгөлдөршил нь МАН-ын гал тогоонд боловсруулсан бодлогынх нь үргэлжлэл. Үүнийгээ ажил хэрэг болгож чадвал тэр Монголын парламентад өөрийн гэсэн легасиг үлдээх байх.
САЙН, МУУ НЬ. Нүүрсний хэрэгт гэрчээр дуудагдсан “Админерал” ХХК-тай нэр холбогдож цоллуулсан. Энэ талаар өөрөө удаа дараа няцаалт хийсэн. МАН-ынханд наадаг улаан коммунист, дарангуйлагч, хуучинсаг гэх шошгыг түүнд бас зүүх хандлага бий. Уг нь намынхаа дотоод ардчиллыг дэмжиж, хүний эрх, шударга ёсны талаар зоригтой дуугарч, хууль эрх зүйн орчныг нь боловсруулахад гар бие оролцсон. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдийнхээ толгойг илэхгүй гэдэг дүрэм, журмыг Д.Амарбаясгалан гаргасан. Түүнийг С.Баяр шиг стратегич, менежер, нягт, чигжүү бөгөөд хүйтэн хүн гэх нь бий. Үүнийг өөрөө ажлын шаардлага, зарчим гэж тайлбарласан удаатай.
Г.Ууганбаатар
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS