Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
УИХ-ын Сонгуулийн 2 дугаар тойрог буюу Баруун бүсэд “Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшигч, Цэрэн-Очирын БАТДОРЖ-той ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулна уу. Ажил амьдралынхаа гарааг хаанаас эхэлж байв?
-Би 1980 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн. 1988 онд Улсын тэргүүний нэг дүгээр найман жилийн сургуульд элсэн суралцаж байгаад хоёр дугаар ангиасаа Эрдэнэбүрэн сумын ЕБС-д суралцсан. 1993 онд зургаадугаар ангиасаа буцаж Ховд аймгийн төвийн дөрөв дүгээр арван жилийн сургуульд суралцаад 1998 онд төгссөн.
1998-2002 онд ХААИС-ыг Эдийн засаг, маркетингийн мэргэжлээр дүүргэсэн. Анхны ажлын гараагаа Алтжин ХХК-аас эхэлж улмаар БНСУ-ын хөрөнгө оруулалттай МК өргөө ХХК-нд маркетингийн менежерээр ажиллаж байгаад 2004 оноос УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн туслахаар гурван жил ажилласан. Монгол төрийн дархан түшээ болсон нэр хүндтэй улс төрчийн дэргэд ажиллах болсондоо маш их баярласан. Д.Дэмбэрэл гишүүн ноён нуруутай, хамтран ажиллахад түшиг тулгууртай, зарчимч улс төрч. Энэ хүний дэргэд ажилласнаараа амьдралын зөв гараа, ажлын зөв эхлэлийг тавьсан азтай хүн гэж өөрийгөө боддог.
2007 оноос УИХ-ын дэргэдэх Бодлогын шинжилгээний төвд академич Г.Чулуунбаатар даргын удирдлага дор төрийн ажлынхаа дараагийн шатыг эхлүүлж байлаа. Энэ хүнээс маш их зүйл суралцсан даа. Үүний дараа тухайн байгууллага маань УИХ-ын бүтцэд орж судалгааны төв болсон. Даргаар нь Зэрэг сумын харьяат Ц.Норовдондог гэж мундаг хүн томилогдож, миний бие 2013 он хүртэл хамтран ажилласан. Эргээд бодоход ажлын гараагаа эхлүүлсэн эхний он жилүүдэд үнэхээр шилдэг удирдагчид, сайхан хамт олонтой ажиллаж байжээ. Маш их зүйл суралцаж, туршлагажиж, түүнийгээ ажил амьдралдаа хэрэгжүүлэх боломж бий болсон гэж талархаж явдаг.
Ийнхүү 2013-2016 онуудад хувийн салбарт ажиллаж байгаад 2016 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Н.Номтойбаярын тушаалаар Мэргэжлийн боловсролын үнэлгээний төвийн даргаар томилогдсон. Тухайн үед 13 хүнтэй шинэхэн байгууллага хүлээн авч байлаа. Тус байгууллагыг 2022 он хүртэл удирдан ажиллахдаа орон нутагт дөрвөн салбартай, Улаанбаатар хотод хоёр оффистой 70 гаруй ажилтан, алба хаагчтай байгууллага болгон өргөжүүлсэн. Энэ ажлыг хийх хугацаандаа улс эх орныхоо хөгжил дэвшил, Монгол Улсынхаа боловсролын салбар, тэр дундаа мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлсэд биечлэн оролцсондоо сэтгэл хангалуун байдаг.
-Таны аавыг нутаг усандаа нэртэй, төртэй хүн байсан гэж сонссон. Аав, ээжийнхээ талаар ярихгүй юү?
-Аавыг минь Цэрэн-Очир гэдэг. Ховд аймгийн Булган сумын уугуул, эдийн засагч мэргэжилтэй. Төрөлх Ховд нутагтаа олон жил санхүүч, эдийн засагчаар ажилласан. Аав минь Хөдөө аж ахуйн яамнаас ажлынхаа гарааг эхлүүлж, Ховд аймаг болон Ховд сум, Эрдэнэбүрэн суманд олон жил эдийн засагч мэргэжлээрээ нэр төртэй ажиллаж, олон түмэндээ хүндлэгдсэн хүн байлаа. Хамгийн сүүлд нутагтаа “Алтай трест”-д эдийн засагчаар ажиллаж байсан. Мөн 2000 оны эхээр Улаанбаатар хотын Материал импекс ХХК-нд ажиллаж ажиллаж байсан.
Ээжийг минь Булганцэцэг гэдэг. Ховд аймгийн Үенч сумын уугуул хүн. Тухайн үед ховорхон байсан токарьчин мэргэжлийг эзэмшсэн. Аав сумдад томилогдон ажилладаг байсан учир ээж минь амьдралын шаардлагаар эмийн санч, холбоочин гээд маш олон мэргэжлийг эзэмшиж, ажиллаж байлаа.
-Аав, ээжээс хэдүүлээ вэ. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Аав ээжээс зургуулаа. Би айлын дунд хүүхэд. Дээрээ нэг ах, нэг эгчтэй. Гурван эмэгтэй дүүтэй.
-Ах, эгч, эмэгтэй дүү нартай болохоор гэр орны ажлаас хөндий байсан уу. Хэр ажилсаг хүүхэд байсан бэ?
-Аав минь ажилсаг, хөдөлмөрч, цэвэрч нямбай гэдгээрээ гайхагддаг хүн байлаа. Биднийг багаасаа ажлын дөртэй болоход аавын үлгэр дуурайл их байсан. Аав минь ажил тараад орж ирэхдээ л ногооны талбайныхаа зэрлэгийг түүгээд, хашаанд байгаа машинаа арччихаад орж ирдэг байсан шүү дээ. (инээв) Биднийг ерөөсөө зүгээр суулгадаггүй байсан.
Аав, ээж хоёр намайг 10 настай байхад Эрдэнэбүрэн сумын малчин Цэдэндамба гэдэг айл руу төлчингөөр явуулж байлаа. Тэр айлд би гурван жил төл хүлээж авах ажилд нь туслаад хөлсөнд нь хэдэн хурга авч билээ. Манайх гэр бүлийн хэрэгцээнийхээ хүнсний ногоог тариалдаг байсан л даа. Ногоо тарих, хураах ажилд ч идэвхтэй оролцдог байсан. Есдүгээр ангид байхдаа Зургаагийн газарт дугуйгаар очиж ногоо тарьж байлаа. Тахиа ч тэжээж байсан юмдаг. Унадаг дугуй засна, дугуйны сэнс гаргаж өгөөд үеийнхэн дотроо хөөрхөн бизнес хийдэг байсан. (инээв)
-Та улс төрд шинэ салхи оруулахаар зорилго өвөртлөөд буй “Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшиж буй. Ер нь улс төрд орох шийдвэрийг яагаад гаргах болсон юм бэ?
-Миний хувьд ЕБС-аа төгсөөд л улс төрч болох талаар бодсон. (инээв) Сайхан нийгэмд амьдарч, сайхан боломжийг хүн бүрийн өмнө нээх юмсан гэсэн холын бодол минь намайг энэ чиг зүгт хөтөлсөн дөө. 2000 онд оюутан байхдаа багын найз Б.Нямдаваагийн санаачилгаар Ховд аймгийн Оюутан залуучуудын холбоог хамтдаа байгуулж байлаа. Энэ цагаас улс төрийн ажил хийх, хожмоо улс төрд хүч үзэх эхлэл минь тавигдсан. Улс төр бол мэдээж амар ажил биш. Саад бэрхшээл, ажиллаж байгаа хүмүүсийн хандлага, нөхцөл байдал, улс эх орныхоо төлөө хэрхэн анхаарч, гаргаж байгаа шийдвэрүүд нь иргэдэд хүрч чадаж байгаа эсэх гэх мэтчилэн асуудлыг бодит байдлаас нь харж өөрийнхөөрөө дүгнэж байсан. Эцэст нь гүйцэтгэх салбарт орж ажиллавал илүү үр дүнд хүрэх юм байна гэж бодсон. Тодорхой хугацаанд ажилласны дараагаар “Ер нь бидний нас, цаг үе болжээ, төрийн болон улс төрийн ажлын туршлагатай ч боллоо” гэж бодон улс төрд хөл тавихаар шийдсэн.
-“Үндэсний Эвсэл” бусад улс төрийн нам, эвслүүдээс бодлогын хувьд юугаараа онцлог давуу талтай вэ. Мөн таны хувьд яагаад “Үндэсний Эвсэл”-ийг сонгосон бэ?
-Би хувь хүнийх нь хувьд ч, улс төрчийн хувьд ч Н.Номтойбаяр тэргүүнийг үнэлдэг. Хувь хүний харизм, гаргаж байгаа үзэл бодол нь ард түмний төлөө, нийтийн эрх ашгийн төлөө байдаг. Тэр ч утгаараа “Үндэсний Эвсэл”-д элссэн. “Иргэн баян бол улс баян” гэсэн үзэл баримтлалд суурилж, Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, Үндэстнээрээ баяжъя гэсэн зорилгын дор бид нэгдсэн.
УИХ, Засгийн Газрын түвшинд гаргаж байгаа бодлого, шийдвэрүүд нь төрийн төвлөрлийг бий болгож байна гэж хардаг. Ард иргэд рүүгээ чиглэсэн үйлчилгээ нь илүү төвлөрсөн. Хууль эрх зүй, дүрэм, журам төрийн бичиг баримтаар далайлгасан дарамтууд их байдаг. Үүнийг халж ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд чөлөөт зах зээл, чөлөөт эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй гэж эдийн засагч хүнийхээ хувьд дүгнэдэг. Нэг жишээ дурдахад 2010 оны үед 100 гаруй мянган төрийн алба хаагчид байсан бол одоо 300 орчим мянга болж төрийн бүтэц данхайсан. Тэр хэрээрээ хувийн хэвшлийн дарамтууд их болсон байна. Төр өөрөө данхар байвал авлигын систем хөгждөг. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд “Үндэсний Эвсэл”-ийг сонгосон. “Үндэсний Эвсэл”-ийн мөрийн хөтөлбөр иргэд, аж ахуй нэгж рүү чиглэсэн гэдгээрээ онцлогтой.
-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай эхнэрийг Э.Уугантунгалаг гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр минь айлын том охин. Тийм ч учраас надад хамгийн их түшиг тулгуур минь болж, ар гэрийн амьдралаа хариуцлагатайгаар авч явдаг. Арыг минь дааж, зөвлөж, дэмжиж, амьдралын минь бүхий л цаг хугацаанд хамгийн сайн хань, хамгийн сайн ээж байдагт талархаж явдаг. Манайх хоёр хүүхэдтэй. Үнэнийг хэлэхэд би хүүхдүүдээ бараг яаж өссөнийг мэдэхгүй л шахам явсан даа. Сайн ханийн буянд хүүхдүүддээ санаа зоволгүй ажлаа хийж байлаа.
Том хүү минь одоо 23 настай. Эрдэнэт хот дахь “МонТурк” дунд сургуулийг төгссөн. 12 дугаар ангиа төгсөөд Герман улсад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 3,5 жил цахилгаанчин мэргэжлээр сурч төгссөн. Хүү минь сургуулийнхаа хөтөлбөрийн дагуу 700 еврогийн цалинтай суралцдаг байсан тул өөрийнхөө хэрэгцээг хангаад, гэрээсээ нэг ч төгрөг авалгүй сураад ирсэн. Одоо өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу ШУТИС-д Сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр суралцаж байна. Бага охин маань “Наран” бүрэн дунд сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Охин минь хичээлдээ тун сайн, дээрээс нь нийгмийн идэвхтэй, оёх, урлах, загвар зохион бүтээх сонирхолтой. Хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч, хүсэл сонирхлыг нь дэмжихийг хичээдэг. Аавын хувьд хүүхдүүдээ зөв чиглүүлж, зөв хүн болгоход анхаардаг.
-Таны бодлоор хэзээ ч дараа нь болъё гэж хойшлуулж болохгүй зүйл юу вэ?
-Нас ахих тусмаа их ухаардаг, их боддог юм шиг ээ. Аав минь намайг 22 настай байхад тэнгэрт дэвшсэн. Аавдаа илүү их цагийг зарцуулж байхгүй ч яав даа гэж харамсдаг. Аав, ээж минь бидэнтэй энэ ертөнцөд ганцхан удаа хамт амьдраад, биднийгээ гэсээр л хорвоогоос буцдаг. Тиймдээ ч хайртай хүмүүсээ хайрлах, халамжлах, анхаарах, хамт байхыг хойшлуулж болохгүй. Хүний хамгийн үнэт зүйл гэр бүл шүү дээ. Гэр бүлдээ амралтын өдрүүдэд аль болох цаг зав гаргахыг хичээдэг. Тэдэндээ зарцуулж байгаа цаг хугацаа, халуун дулаан уур амьсгал, хайр дүүрэн тэр хором мөчийг болж өгвөл дараа нь зөндөө өдөр олдоно гэж хойшлуулмааргүй санагддаг.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Хүнийг худлаа ярьж байгааг нь мэдэх хэцүү санагддаг юм. (инээв) Үнэнч, шударга, аливаад тууштай байх нь миний зарчим. Хэлсэндээ хүрэх, хүний итгэл даах, аливаа зүйлийн ард нь гараад үр дүнг үзэхийг чухалчилдаг.
-Та юунаас амар тайвныг мэдэрч, эрч хүч авдаг вэ?
-Амьд байгалиас илүү энерги өгөх зүйл гэж үгүй байх. Монголынхоо сайхан байгальд аялах, салхи сөрөн алхах үгээр хэлэхийн аргагүй сайхан шүү. Ер нь хааяа бухимдсан, ядарсан үедээ хотоос зайдуухан гараад морь унаад салхи сөрөөд давхихад сэтгэл сэргэдэг. Эхлүүлсэн ажлаа дуусгаад үр дүнг нь харах надад бас эрч хүч өгдөг дөө.
-Өсөж, торнисон холын цэнхэр Ховд нутгийнхаа талаар ярихгүй юү. Хүн, хүлэг хоёр алсаас нутгаа тэмүүлдэг гэдэг дээ. Нутгаа их санадаг биз?
-Ямар ч тансаг сайхан газар байсан төрж, өссөн нутгийг гүйцэх нь үгүй. Он цаг улирахын эрхээр хүн гэдэг нутаг руугаа илүү тэмүүлдэг юм байна. Бага насны дурсамжууд, багын хэдэн найзууд, нутгийн ах, эгч нар, балчир насандаа тоглож өссөн шороотой гудамж. Ээ дээ сайхан дурсамжууд нүдэнд харагдах шиг болж байна шүү. Нутгаараа хаана ч явсан бахархаж явдаг. Олон ястны өлгий, сүрлэг уулс, тунгалаг сайхан гол, устай, гайхамшигтай нутаг шүү дээ. Би олон дунд явахдаа баруун аймгийнхан хөдөлмөрч ард түмэн гэдэг үгийг мөн ч их сонсож байлаа. Нээрээ л манай нутгийнхан гайхамшигтай хөдөлмөрч, шаргуу хичээнгүй хүмүүс шүү дээ. Нутгаараа бахархах, ярих зүйл дэндүү их. Энд тоочвол дуусахгүй.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS