Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "Оюухай" наадамд сэтгүүлч, яруу найрагч Б.Алтанхуяг түрүүлжээ
Өчигдөр буюу зургаадугаар сарын 4-нд Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "Оюухай" яруу найргийн наадам болж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор зохион байгуулагдсан тус наадамд нийт 68 яруу найрагч бүтээлээ ирүүлсэн бөгөөд дараах яруу найрагчид шагналт байрт шалгарсан юм.
- Тэргүүн байр (“Оюухай” алтан цомын эзэн): Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Балдоржийн Алтанхуяг
- Дэд байр: Залуу яруу найрагч Баярсайханы Энэрэл
- Гуравдугаар байр: МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Лхамсүрэнгийн Торой
- Дөрөвдүгээр байр: Залуу яруу найрагч Пүрэвжалын Намуун
- Тавдугаар байр: МЗЭ-ийн шагналт яруу найрагч Эрдэнэбаярын Гантулга
Та бүхэнд "Оюухай" наадмын шилдгээр шалгарсан Б.Алтанхуягийн шүлгүүдээс хүргэж байна
ШҮЛГИЙН ТУХАЙ
I.
Анх цас үзээд төрсөн бишрэлийн ард
Арван гуравтай, цангитал инээж зогссон охины
Бодолд нь үүр барьж, тэр дулаахан сууцанд
Бээрсэн жижигхэн шувууг оруулчихаад
Хэсэг хугацааны дараа жиргэх дуунаас нь
Хэзээ мөдгүй ирэх хаврыг мэдэрсэндээ
Хэн ч уншихгүй байж мэдэх аз жаргалаа таталгаж орхитол
Бичсэн үг бүрээс аниргүйхэн түгэх авиа
Цасны ширхэгтэй хамт агаарт царцчих шиг төсөөлөгдөөд
Би шүлэг бичсэндээ харамсаж билээ.
Анх бороо дусахад хөөрсөн догдлолын хойно
Алганд шингэсэн усны цэнхэр туяа арилалгүй үлдэхэд
Үүлс ардаа оддыг зүүсээр тэр л зурвас гэрлээр дамжиж
Өөр ертөнцийн үлгэрийг зүүдэнд шивнэдэгт итгэсэн ч
Хэв шинжтэй атал гараар барьж болохгүй
Хэсэг үүлсийг цаг хугацаа зөөвөрлөхийг
Зүгээр л нэг тооччихсон мэдрэмжийг минь
Зөнгөөрөө мөнөөх зурвас гэрэл шингээж авлаа.
Үрчсэн алгаа дэлгэтэл далавчны хээ л үлджээ.
Үнэндээ ээрэм талын зүүдийг би олж харсангүй.
Дүрслэл бүхэн шүлэг бишийг танихад
Дүүрэн цөхрөл биеэр нэг урсаж билээ.
Харуусал, цөхрөл гэхдээ номын хуудас эргүүлэх шиг дулаан
Хуучны танилтайгаа таараад гэрэвшингүй мэндлэх шиг эмзэг
Оргүй хоосноос чичирхийлэх бүдэгхэн чимээ нь
Огт миний үзээгүй далавчны салхи шиг алс.
Магадгүй мөн чанарыг нь үл эрэх аваас л
Зөнгөөрөө бүрэлдсэн үгсийн цуурайнаас
Зүүдээрээ илбэдэж цаг хугацааг царцаасан
Бяцхан хүүгийн гунигтай хоолой сонстохвий.
Хэзээд тэр хоолойг мартаж болно л доо
Харин хөндүүрлэл нь арилшгүй сорви адил
Шүлэг бичээд цөхөрсөн, харууссан үнэнийг хадгалж үлдвэл
Шүлгийн тухай бодол амьдралд гэрэл тусгана.
Итгэл бөхөж, найдвар тасарсан ч
Ийм гунигийг унших хэчнээн гайхамшигтай.
Ирэх улирлаас цас, бороо зэрэгцэн үнэртэх
Илбээр бүтээсэн зүүдний цаг хугацаа өнөд амьтай.
II.
Амьдралд заримдаа дурсамж бүхнийг орлодог
Ард нь үлдсэн эгшин тэр чигтээ гуниг байдаг.
Амгалан, дулаахан тийм гунигаар л
Амраг бүсгүйгээ хучихад харанхуйд гэрэл тусдаг.
Заримдаа бид бүхнийг мартаж, хоосордог
Залгисан үгс загасны яс шиг хоолой хорсгодог.
Гаргаад хаячихаж болохгүй, өөртөө л оршоох ёстой
Гандсан, эмтэрхий тийм үгсээр
Хүйтэн өвлийг хамтдаа давах
Хөнжил, зузаан ороолт ч нэхэж болдог.
Угтаа бид адилхан л өвддөг
Уушиг, элэг ч эмтэрч, цээж хорсдог.
Урт замд улдаж, ядарч туйлдсан
Удаан, их удаан цөхрөх цаг хугацаанд шүлэгч болцгоодог.
******* ******* ******* ******
ТА Ч БАС ҮГҮЙЛДЭГ ҮҮ?
Адуу усалж зогсох амгалан үдшээр
Аавыг учиргүй их санадаг.
Адуу ом руугаараа усны толионд дугариг зурахад
Аавыг та ч бас үгүйлдэг үү?
Ээж ээ,
Дурсамжийг тань хэлтэлж, шархыг тань хөндөж бичсэн
Дутуу бойжсон энэ хэдэн шүлэг
Хуучин дээлийнх нь сэмэрсэн утсаар
Хуруугаа ороож суухад сэтгэл дүүргэх үнэнийг орлохгүй ээ.
Уйлах тань хүртэл ийм ойрхон, цайлган таныхаа өмнө
Урчихмаар тэр л мөрүүдийг дуудаж хүчрэхгүй ээ.
Зүгээр л,
Шаналал заримд нь үхэл болдог, заримдаа эм байдаг
Шарх эдгэсэн ч дурсамжийн хөндүүр л арилдаггүй юм байна.
Их сургуулиа дүүргэхэд, эцэг хүн болоход
Эвий муу аав минь тэнд зөөлөн инээмсэглээд хүүгээ
Эвийлж зогссон бол гэж санахаас л
Тэнцэж яваадаа үхмээр болдог, энэ амьдралд
Тэгэвч цөхөртлөө зуурдаг, энэ амьдралаас...
Аавыг та ч бас үгүйлдэг үү, ээж ээ
Аль эсвэл ийм яриа хүний зүрхийг
Элсний ширхэг адил үй олноор сэмлэж
Эцэст нь хоосолж орхидог болохоор
Та дөлдөг үү?
Нэг нь уйлж, нөгөө нь шантарч
Нэг нь ууж, нөгөө нь эмтэрч
Гарах нарны тоолонгоор гашуудал тэмтрэгдэх
Гарцгүй тийм гунигийн гүн рүү живээд л байх шиг санагдана.
Өөрсдөөсөө асуугаад үзье л дээ, ээж ээ
Мушгих гээд дийлэхгүй зогссон хивсний чинь нөгөө үзүүрээс
Мойног хуруудаараа аав минь атгаж авсныг,
Уяа нь таарсан хүлгээ уралдуулж чадалгүй ойчоод
Улаан зулга нүүртэй түргэний машинаар ирэхэд
Өөрийгөө буруутгаж, өрцөө цөмлөж зогссон тэр эрийг
Өршөөж үнссэн удаа хоёуланд нь хэд билээ.
Гэгээн бүхнээс хүү нь гэхдээ гэлмэчихээгүй ээ, ээж ээ
Гэтэлж туулсан жаварт он жилүүдийг
Гэсгээж урсгах сайхнаас сайхан нь олон гэдгийг мэднэ.
Үгээр зүрхийг хадаас шиг зурж болдгийг
Үхлээс нь ойлгосон тэр хүний
Үрж гээсэн дурсамжууд л амьдрал байсан гэж санана.
Өөрөөсөө асуугаад үз л дээ ээж ээ
Өрхөө даялж явахдаа та нулимс унагадаг уу?
Үүр хаяарахтай зэрэгцэж адуун төвөргөөн сонсоогүй жилүүд,
Үсийг тань ганцаардал л үнэрлэх цөхөрсөн шөнүүдийг
Шархиран байж санасан ч хуваалцаж л зүрхлээгүй
Шархтай хүүгээ, уучлаарай, ээж ээ.
***** ***** ***** ***** *****
БИДНИЙ УНШИХ ЯРУУ НАЙРАГ
Цуурч хагарсан цардмал дээр бусдаас түрүүнд унасан
Цор ганц өнчин навч шиг чимээгүй гунигтай
Бичсэн мөрүүд нь өөрийгөө илэрхийлэх гэж оролдоогүй
Бидний унших яруу найраг тийм л байгаасай.
Урагдаж буй зүрхний хөндүүрийг далдалж унасан
Урьд шөнийн цасыг чи үүдээ дэлгээд үз дээ.
Намрыг дарсан дуугүй байгалийн
Нам гүм хэчнээн үзэсгэлэнтэйг хар даа.
Ой дурсамжид ганцхан салхины чимээ дуулдаж
Олон, олон номын хуудас эргүүлснээ огт санахгүй мартсан шиг
Бичсэн мөрүүд нь хэнд ч зориулагдаагүй
Бидний унших яруу найраг ийм л байгаасай.
Хагацлаас үлдсэн цээжний чинь өвдөлтийг намжаасан
Хамгийн эхний цаг хугацаа руу эргээд алх даа.
Гэмшин бөхийхөд нь тэврээд авч болох байсан
Гунигтай дүр зургийг ширтээд хоосорч буйгаа мэдэр дээ.
Тэнгэрийн хаяатай тэнссэн ээрэм тал
Тэмдэг болж торойх хүн чулуунаас өөр ханьгүй шиг
Бичсэн мөрүүд нь ганцаардлыг чинь эмнэх
Бидний унших яруу найраг тийм л байгаасай.
Энэлэнгээс үүдсэн сэтгэлийн харанхуйг залгисан
Илчээ дэлгэн мандах нарны сайхныг бишир дээ.
Нулимсны чинь дуслаас салаалж урссан замуудыг нийтгэж
Нэгэн тунгалаг өглөө бүрэлдэж байгааг сэхээр дээ.
Гараг ертөнц яг одоо нойрон дундаа хөрвөөж
Гарцаагүй чи огторгуйн зүүдэн дотуур туучих шиг
Бичсэн мөрүүдээс нь өөр амьсгал гэрэлтэх
Бидний унших яруу найраг ийм л харь байгаасай.
Зовуурьтай бодлын чинь гүнээс оддын нэрийг
Зогсолтгүй хэлээд л байх тэр хоолойг чагна даа.
Дулаан хэвлийдээ амгалан нойрсох чиний
Дуудах алдрыг аав чинь дотроо шивнэж байсныг төсөөл дөө.
Цасны гүн дэх мөнхийн цаг хугацаанд бясалгасан
Ирэх зуунуудын нэгэнд өөрийгөө олж харах шиг
Бичсэн мөрүүдээс нь би, чи л үзэгдэх
Бидний унших яруу найраг ийм л үнэн байгаасай.
Тамирдаж цөхрөхдөө таазнаас бэхэлсэн олсыг
Тасдаж хүчрэх итгэл найдвар үгүй болдоггүйг ухаар даа.
Амьсгалын чинь төлөө үүрд залбирах тэр хүмүүс л
Амьдралыг чамд бэлэглэсэн гэдгийг сана даа
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.