Г.ТӨМӨРЖИН: МОНГОЛЫН СОНГОДОГ УРЛАГИЙН ХӨГЖИЛ АЗИ ТИВДЭЭ САЙНД ТООЦОГДОНО
Урлагт хайртай хэсэг залуус нэгдэн “Сонгодог хөг мэдрэмж” ТББ байгуулжээ. Тэд сонгодог урлагийн талаар мэдлэг мэдээллээ хуваалцаж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Мэдрэмж” цахим хүүрнэлийн нэвтрүүлэг хөтлөн явуулдаг. Манай өнөөдрийн ярилцлагын буланд тус байгууллагын гишүүн, сонгодог урлаг сонирхогч Г.Төмөржинг урилаа.
-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач.
-Сайн байна уу. Намайг Ганбаатар овогтой Төмөржин гэдэг.1998 онд төрсөн. Дотрын эмч мэргэжилтэй. Япон улсын Чиба мужийн “Олон Улсын Эрүүл Мэнд Нийгмийн Хамгааллын Их Сургууль”-д сурч төгссөн. Одоогоор Монгол-Японы хамтарсан эмнэлэгт уушгины эмчээр ажиллаж байна.
-Анх хэзээнээс сонгодог урлагт хайртай болсон бэ?
Дунд ангийн сурагч байхад сайн найз маань төгөлдөр хуурын дугуйланд хичээллэдэг байсан юм. Өөрийн сурсан Фридрих Шопен, Амадей Моцарт зэрэг хөгжмийн зохиолчдын бүтээлийг их тоглож сонирхуулна. Энэ үеэс л сонгодог хөгжимд татагдсан даа. А.Моцартын “Увдист лимбэ” дуурийн шөнийн хатны ариг алдарт сопрано Диана Дамраугийн дуулснаар анх сонсоод ер бусын гайхалтай мэдрэмж авч билээ.
-Та Ази тивийн цөөнгүй орны театраар зочилсон. Монгол улсын сонгодог урлагийн хөгжил аль түвшинд байна вэ?
- Японы Токио хотын “Шинэ Үндэсний Урлагийн Театр”-аар жишээ авъя. Энэ театр улсдаа хамгийн томд тооцогдоно. Гэхдээ өөрийн гэсэн оркестргүй, тогтвортой ажилладаг уран бүтээлчид байхгүй. Өөрөөр хэлбэл дандаа гаднаас урьж тоглуулдаг. Азийн орнуудад ер нь иймэрхүү тохиолдол их. Харин манайх тэс өөр л дөө. Өөрийн оркестртой, дэг сургуультай, уламжлалтай том бүтэц шүү дээ. Дээр нь манай уран бүтээлчид байгалийн өгөгдөл ихтэй гэж боддог. Гадны театруудад гоцолж буй сайн дуучин ,балетчид ч цөөнгүй байна. Тиймээс манай сонгодог урлагийн хөгжил Азид сайндаа орно гэж бодож байна.
-Нэгэнт Монголын урлаг руу орсных нэг зүйл асууя. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Төрийн шагналт , Ардын жүжигчин Ж.Чулууны “Уран Хас” балет тоглогдлоо. Зарим хүмүүс энэ балетыг улс төрийн утга агуулга ихтэй гэж шүүмжилдэг. Таны бодол ?
-1970-аад онд бичигдсэн бүтээлийг 21-р зууны линзээр харах нь нэг бодлын ярвигтай асуудал. Монгол улс өөрийн үндэсний балеттай байна шүү дээ. Энэ сайхан биш гэж үү? Дэлхий дээр ийм улс тийм ч олон биш.
- Тэгэхээр "Уран Хас" бол манай улс өөрийн үндэсний балеттай гэдгийн баталгаа төдий болоод байна л даа. Бүтээл талаас нь та юу гэж хариулах вэ? Зүй нь манай улс 800 гаран романтай уран зохиолын том өвтэй улс гэж ярьдаг. Гэхдээ энэ романуудын үнэмлэхүй их хувь нь одоо тоо баримт л болж үлдсэн шүү дээ.
-Бүтээл талаас нь ч би сайн гэж хэлнэ. Жизел, Хунт нуур, Цөмөөхэйн түвшний хөгжим, дэглэлтгүй байж болно. Гэхдээ тэнгэрт дүүлэх хүсэл зориг, ур ухаантай залуу далавч бүтээн хайртай бүсгүйтэйгээ амар сайхандаа жаргаж байгаа түүхийг ,эх орныхоо үзэсгэлэнт байгалийг ан амьтантай нь хөгжмийн хэлээр илэрхийлсэн хайрын адажиог, Монгол аялгуугаар вальс тоглох Ж.Чулуун гуайн гайхалтай сэтгэмж ,мэдрэмжийг ямар ч улс төрийн утга агуулга бүдгэрүүлж чадахгүй ээ. Бидний үндэсний нандин чанар шингэсэн бүтээл шүү дээ. Рихард Вагнерын “Die Meistersinger Von Nurnberg” , Жоаккино Россинигийн “Guillaume Tell” түүнчлэн Амадей Моцартын “Фигарогийн хурим” хүртэл улс төрийн утга агуулгатай бүтээлүүд. Одоо бүгд л тоглогдож байгаа.
-Театрын соёл яагаад чухал вэ. Яагаад өргөн өмд, юүдэнтэй цамцтай тоглолт үзэж болохгүй вэ?
- Энэ зөвхөн театртай холбоотой асуудал биш л дээ. 20-р зуун гарснаар хүн төрөлхтөн хоёр ч том дайны нүүр үзлээ. Маш олон дэглэмүүд нуран уналаа. 21-р зууныг бүр хэлэхэд илүүц биз. Юмс асар хурдан хувьсан өөрчлөгдөж байна. Хүмүүс улам л дүрэмгүй рүү тэмүүлж байна. Гэхдээ театр бол уламжлалаа хадгалж үлдсэн цөөн салбарын нэг. Би хувь хүн талаасаа үүнийг их сайхан зүйл гэж боддог юм. Яагаад гэвэл одоо хүмүүс дандаа өөрийгөө ертөнцийн төвд боддог болчихсон байхгүй юу. Би л өөрийнхөөрөө байна. Би л өөртөө таалагдаж байвал болно, би юу хүссэнээ өмсөнө. Би л ингэх эрхтэй... Гэхдээ эцэстээ бид бол нийгмийн амьтад. Бусдад ч бас таалагдах ёстой. Өрөөлийг ч бас хүндлэх хэрэгтэй. Наанадаж танд урлагийн сайхныг мэдрүүлж байгаа тэр балетчин,дуучны насан туршийн хөдөлмөрийг бодох нь зүйд нийцнэ.
-Уушгины эмчийн тань хувиар нэг сонирхолтой асуулт тавья. Дууриудад цөөнгүй дүрийг сүрьеэ өвчнөөр үхэж байгаагаар дүрсэлдэг. Яагаад заавал сүрьеэ гэж?
-Сүрье бол бараг хүн төрөлхтөнтэй цуг үүссэн маш эртний бөгөөд сонирхолтой өвчин. Дуурийн хөгжлийн оргил үед зохиогдсон цөөнгүй бүтээлүүдэд гол дүр нь сүрьеэ өвчнөөр өвдөж, үхэж байгаагаар гардаг. Бидний хамгийн сайн мэдэх жишээ нь Ж.Пуччинигийн “Богема” дуурийн Мими, Ж.Вердигийн “Травиата” дуурийн Виолеттагийн дүрүүд л дээ. Сүрьеэд нэг сонирхолтой шинж бий. Тэр нь хүнийг маш аажмаар хэмлэж иддэгт байгаа юм. Магадгүй үхэх хүртэл асар их дотоод бодрол буюу монологи үүсгэдэг өвчин юм. Тийм болохоор муухайгаар хэлэхэд энэ өвчинг дуурьт наахад их тохирдог байсан байж магадгүй. Тарантиногийн киноны гол дүрүүдийнх шиг огцом үхэл яагаад ч дуурьт нийцэхгүй шүү дээ. Бас нэг юм бий. 19-р зууны Европын соёлд сүрьеэг их гоо үзэсгэлэнтэй өвчин гэж үзэх хандлага байсан. Цайвар царайтай, их туранхай, хүнхгэр том нүдтэй, дээр нь бага зэргийн халуунтай байдаг болохоор харц нь нэг тийм хөвөөд байгаа юм шиг харагддаг байж л дээ. Жорж Санд,Франц Кафка гэх мэт маш олон зохиолчид энэ өвчнөөр энэлж байсан. Та зургуудыг нь хараарай.Харин орчин үеийн анагаах ухааны үнэлэмжээр энэ маш хэцүү өвчин. Одоо ч амархан эдгээх учрыг нь олоогүй л байна.
Ерөнхийдөө урлаг, уран зохиолд үхэл бол бие даасан том сэдэв. Хүн төрөлхтний хамгийн эртний бичгийн хэлбэрийн зохиол болох Гильгамешийн туульд хүртэл үхлийн талаар гардаг . Аль эртний МЭӨ 2100 оны үед шавран хавтан дээр шаантаглаж үлдээсэн дурсгал шүү дээ.
-GenZ үеийнхний сэтгэлзүйн тухай ойлголт улам бүр нарийссан нь ажиглагддаг. Ажлаас халшрах эмгэг, нихилизм, оршихуйн хямрал,траума,сэтгэл гутрал гээд их өргөн хүрээнд ярьцгаадаг болж. Эдгээр асуудлуудтай нүүр тулсан үед гарцаагүй тусалж чадах 3 хөгжмийн бүтээлийг нэрлээч.
-Хүн ямар ч хөгжмийн сонирхолтой байж болно .Поп,рок,хип хоп,электро,зохиолын дуу алийг сонсох нь сонголтын хэрэг. Тэрэн дундаа сонгодог хөгжим гэдэг бол их гүн мэдрэмжийн асуудал. Тийм ч учраас сүүлийн үед хөгжимт эмчилгээг ихээр дэлгэрчээ. Би Сергей Рахманиновын 2-р симфони,Густав Малерын 1-р симфони, Людвиг Бетховены 7-р симфонийг санал болгож байна.
-Ярилцсан танд баярлалаа.
-Урьсанд баярлалаа.
Ярилцсан : Д.Энх-Амгалан
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.