Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Алсран одсон он жилүүдэд ICE TOP-ын залуус юу туулсныг хэлж мэдэхгүй ээ, юу дуулсныг нь бол мэднэ. Тэд 1996 оноос наймуулаа нэгдэн, одоогоор 250 дууг гурван үеийн залууст хүргэсэн, улс төр дагаж хусам горьдоогүй, уруулаа унжуулж жентлемэн төрхөнд хувираагүй, урлагийн өөр салбарт урваагүй, яг энэ чанараа яруу алдраас ч илүүтэй өндөрт өргөж явдаг залуус даа. "Энэ миний хайр"- аас эхлээд шүлэглэх арга, хөгжмийн хэмнэл гээд чухам Монголын урлагт үзэгдэл болсон дуунуудыг бөмбөг тэслэх мэт бүтээсэн.
Хайр сэтгэл, анд нөхдийн тухай дуугаар тэдний уран бүтээл хязгаарлагдаагүй, улс төр, нийгмийн агуулгатай, хурц тод, үнэн шударга үгтэй дуунууд ч дуулсан байдаг. Энэ залуус олон бэрхшээл туулсан, шивээстэй байна, ийм дуу байдаг юм уу, хип хоп гэдгийг ойлгохгүй байна гэх шалтгаануудаар эхний жилүүдэд уран бүтээлийг нь телевиз радиогоор цацдаггүй, үндсэндээ хаалттай байлаа. Гэвч оргилуун дэврүүн залуус ухарч буцаагүй, олон олон хүнд үеийг унаж босон туулсан даа. Амьдралын адармаатай замд алдсан нь ч бий, оносон нь ч бий. Нийгмээрээ унаж босч явсан үеийг тэд бас үүрсэн. Хамгийн гол нь ICE TOP-ыг Монголын гурван үеийн залуус алдаа, оноотой нь хайрласан.
Мэдэхгүй хүнд зүгээр нэг саагиж хаагисан залуус харагддаг байх. Эх орноо хоёр удаа бүтэн тойрон тоглож, 20 гаруй жилийн түүхэндээ нийт 15 том хэмжээний тоглолт хийж, ОХУ-ын Каста, БНСУ-ын Baby box хамтлагуудтай хамтран тайзнаа гарч, Англи, Америкт суугаа монголчууддаа зориулан тоглосоор 30 шахам жилийн шуугиант түүхээ бүтээжээ. Адармаатай энэ он цагийн дунд үед хар тамхи, зодоон цохион гэмт хэрэгт орооцолдон уран бүтээлээ завсарлаж, анд нөхдөө алдсан ч дөрвүүлээ тайз эзэгнэн өндийж, 15 жилийн ойгоороо бут авч байлаа. 2016 онд 20 жилийн ойгоо тавуулаа угтаж, Төв цэнгэлдэхэд хэзээ ч байгаагүй дуулиант тоглолтоо хийж, хоёр аравны турш хайрласан үнэнч фэнүүдээ босгож байв. Тэд эх орноо, элэг зүрх нэгт монголчуудаа, эргэж ирэх замын тухай, эмтрэн алдагдсан Монголоо дуулсан, хайр найргүй, хатуу бөгөөд зэвүүн, шүүмжлэлтэй бөгөөд шүтэн биширч дуулсан. "Манан дунд", "Тэнгэр өөд", "Ивээлт Монгол", "Их аваргууд", "Ум ма ни бад ми хум" гээд эх орноо зүрхэндээ багтаан шаналж, шархалж, жаргаж дуулсан бүтээлүүд ч бий. Улс төрийнхний хулгай, алдагдсан боломжуудыг шүүмжлэн дуулахдаа хэнээс ч айгаагүй, хэлэх үгээ хээ хуаргүйгээр шууд илэрхийлсэн нь сонсоход харамсмаар байдаг.
Тавантолгой, авилга арын хаалга...гээд л улс төрийн нийтлэлд дурдагддаг үгсийг тэдний бүтээлээс сонсоно. Учир нь монголчуудын тэрхүү хулгайд алдсан боломжууд бас ICE TOP- ын залуусынх байсан юм. 00976 гээд өвөрмөц дуу бий.
-Замаа нэгэнт гаргасан бол жимээ дагаад хүрээд ир, жаргаж зовж шаналсан бол амиа аваад хүрээд ир, гэртээ ир монголчууд аа, эх орондоо ир...гэж тэд дуулдаг. Амьд байгаа дээрээ гэртээ харьчих юмсан даа гэж зүтгэж зүдэрч явдаг зам тэдэнд ч бас байсан. "Манан дунд" хэмээх 26 жилийн ойдоо зориулсан бүтээлдээ,
-Газар шороо нутаг усаа
Гадуурхагдсан хөөрхий нэгнээ
Гал голомт өв соёлоо
Ганц олдох эх орноо...хэмээн нэхэж, нөхөж, нэгдэж дуулдаг. Удахгүй 2026 онд ICE TOP-ын 30 жилийн ой болно. Тэд хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэд зориулан шинэ дуу бүтээж, фэнүүдтэй нь хамт дуулна гэдэгт итгэж байна. Гурван үеийн залуус, энд би ч багтана, яагаад ICE TOP-т хайртай байдаг вэ? Тэд сурагчийн дэвтрийн нүүрэн дээр зураг нь хэвлэгддэг хонгор залуу 20 настай од байхаасаа, алдаж онож амьдрал туулсан 40, 50 орчим насны аавууд болохдоо ч ард түмнийхээ дунд байсан юм аа. Од гэж ордонд уригдаагүй, тод гэж илүү ямба эдлээгүй, урлагийнх гэж биеэ үнэлээгүй, уруудсан ч, өндийсөн ч Монголын залуусын туулсан зам, дуулсан дуутай хамт өнөөг хүрсэн дээ, тиймээс л хайрладаг юм. Анхны ярилцлагыг нь авч, сонинд нийтэлж байсан өдрүүд нэгэнт ард үлджээ. Шархалсан далавчтай дуулах ямар байдаг бол, шархалсан далавчаар өндөрт дүүлэх ямар бол...хүсэл мөрөөдөл мөнх оршиг, амгалан нойрсоорой, Eyes Cool, алдаатайгаа адлагдаж, оноотойгоо олзлогдож, чи чин үнэн байлаа!
Р.Эмүжин
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS