Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Засгийн газраас Стратегийн орд газрыг эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэлцэл хийх БЭТ-ээр УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг томилоод удаагүй байгаа. БЭТ-ийн хувиар тэрээр өнгөрсөн 7 хоногт сүржин мэдэгдэл хийж, стратегийн ордуудаа төрд буцаан авна, орд эзэмшигчид хэлцлийн ширээний ард суухгүй бол 5 сарын 1 гэхэд ард иргэдтэйгээ гудамжинд гарч жагсана, тэмцэнэ хэмээн мэдэгдсэн.
Тэрээр компани тус бүртэй хэлцэл хийнэ гэж мэдэгдсэн бөгөөд Ж.Батзандангийн онилоод буй стратегийн орд газрууд гэх категорит Эрдэнэт үйлдвэрийн балансын бус овоолгоноос ашиг хүртэж буй 3 компани ч батгаж байгаа юм.
“Эрдмин” ХХК
“Эрдмин” ХХК нь 1997 онд Монголын анхны катодын зэсийн үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан.
Эдийн засгийн хувьд бага өртгөөр байгаль орчинд ээлтэй гидрометаллургийн аргыг ашиглан 99.999%-ийн цэвэршилттэй, олон улсын “А” зэрэглэлийн чанарын шаардлагыг хангасан катодын цэвэр зэсийг гарган авч, экспортод гаргадаг.
АНУ-ын хөрөнгө оруулалттай бөгөөд Монгол Америкийн хамтарсан “Эрдмин” үйлдвэр гэж нэрлэгддэг.
2005 онд үйлдвэрээ өргөтгөн цахилгаан монтажны утасны үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь Монголдоо анхных. Ингэснээр дан ганц катодын зэс боловсруулахаас гадна 50 гаруй нэр төрлийн кабель, цахилгаан монтажны утас үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэх болсон.
Анх байгуулагдахдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 40 жилийн турш зэсийн агууламж бүхий овоолгыг ашиглах гэрээ хийсэн. Энэхүү гэрээний дагуу тус компани улсын болон орон нутгийн төсөвт 8 төрлийн татварыг төлдөг байна.
Улсын бүртгэлийн opendata.mn мэдээллийн санд компанийн хувь эзэмшигч хийгээд эцсийн өмчлөгчийн мэдээлэл байхгүй, зөвхөн үйл ажиллагааны талаарх ганцхан өгүүлбэр байгаа нь хачирхалтай бөгөөд 2021 оны 1-р сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан цахилгааны утас нийлүүлэх тендерт шалгарсан нь нээлттэй мэдээллийн санд бүртгэгджээ. Өөрөөр тус компанитай холбоотой, эзэмшигч, үүсгэн байгуулагчийн мэдээлэл байхгүй байна.
БЭТ Ж.Батзандан “Эрдмин” ХХК-ийн талаар ярихдаа “Гадны хөрөнгө оруулалтай гэж ярьдаг. Гэхдээ энэ үйлдвэрийн ард тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал болон тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийн үр хүүхэд эзэмшдэг” гэсэн юм.
Энэхүү мэдээллийг хөөж үзвэл “Эрдмин” ХХК байгуулагдах үед Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар Ш.Отгонбилэг агсан, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Н.Багабанди нар ажиллаж байжээ. Тэгэхээр “Эрдмин” ХХК нь Ш.Отгонбилэг, Н.Багабанди нарын хүүхдүүдтэй холбоотой болж таарч байгаа юм.
“Ачит ихт” ХХК
“Ачит ихт” ХХК нь 2009 онд байгуулагдсан.
2013 онд катодын зэс боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулсан.
Орхон аймагт байгуулагдсан зэс болосвруулах 2 дахь үйлдвэр. Боловсруулсан А ангиллын зэсээ Лондонгийн металлын бирж дээр арилжаалдаг.
Тус компанийн тухай нээлттэй мэдээллийн санд мэдээлснээр “Степпкупер”, “Цаглавар” гэсэн хоёр компани хувь эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Д.Номин гэж хүн ажилладаг. Эцсийн өмчлөгч нь Д.Эрдэнэцэцэг, үйл ажиллагааны нь гадаад худалдаа, ашигт малтмалын үүсмэл орд ашиглах гэсэн хоёр чиглэлд бүртгэлтэй байна.
Тэгвэл Засгийн газрын зүгээс тус компанийн эздээр ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг нэрлэдэг. П.Цагааны тухайд эзмшигч, үүсгэн байгуулагч гэдгээ анхнаасаа ил мэдээлж ирсэн. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухайд энэ талаар ямар нэг тайлбар мэдээлэл өгөөгүй өнөөг хүрсэн.
Тус компанийн тухайд Засгийн газрын БЭТ-д албан ёсоор хэлцэл хийх хүсэлтээ өгсөн байна. Тиймээс “Ачит ихт” ХХК-ийн тухайд Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу 34 хувиа төрд өгөх нь тодорхой болж байгаа юм.
Засгийн газар 34 хувиа авснаар “Ачит Ихт” ХХК-тай холбоотой дэл сул, дам яриа үндсэндээ намжих биз ээ.
Харин ашиггүй төсөл гэсэн дүгнэлт гаргасан тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн заавал хариуцлага хүлээх ёстой юм. Харамсалтай нь Ц.Даваацэрэн дарга өнөөдрийн байдлаар хариуцлага хүлээх нь бүү хэл “гавьяаныхаа амралтад” гарсан шигээ налайж суугаа. Ер нь түүнтэй холбоотой хууль бус баримт ганц үүгээр зогсохгүй сүүлд томилогдсон “Таван толгой түлш” ХХК-тай холбоотой “мапаантай” баримтууд ч нэг биш гэдгийг энд сануулъя.
“Зэс Эрдэнийн хувь” ХХК
Катодын зэс боловсруулах хамгийн отгон үйлдвэр. 2010 онд байгуулагдсан.
Дээрх хоёр компаниас ялгаатай нь Орхон аймгийн иргэд тус компанид хувьцаа эзэмшдэг.
Анх байгуулагдсан үеэсээ “Эрдэнт үйлдвэр”-ийн ашгаас Орхончууд хувь хүртэх ёстой гэсэн байр суурийг баримталж байсан бөгөөд тухайн үедээ Орхон аймгийн иргэдэд компанийнхаа хувьцааг худалдсан байдаг. Тухайн үедээ иргэдэд зүгээр хэвлэсэн цаас тарааж байсан бол өнөөдөр 22.584 иргэн хувьцаа эзэмшдэг болох нь opendata.mn мэдээллийн санд бүртгэгджээ.
Харин аж ахуйн нэгжийн тухайд авч үзвэл хувьцаа эзэмшигч нь “Бльюмон Металс” ХХК, гүйцэтгэх удирдлагаар Б.Мөнхбаатар гэж хүн бүртгэлтэй байдаг байна. Үйл ажиллагааны чиглэл нь төлбөр, гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэжээ. Өөрөөр хэлбэл зэс болосвруулах үйлдвэрийн чиглэлд ямар нэгэн бүртгэл байхгүй байна.
“Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийг анх одоогийн АН-ын гишүүн Д.Алтанхуяг байгуулан “Эрдэнэт үйлдвэр”-ээс балансын бус овоолгоос авах гэрээ хийх хүсэлтийг удаа дараа тавьсан ч “Эрдэнт үйлдвэр”-ийн удирдлага хүлээн зөвшөөрөхгүй байсаар эцэстээ 2012 онд Орхон аймагт тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажиллах үеэрээ тус компанийн жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзснаар тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд үүрэг өгч гэрээ байгуулж байжээ.
Үүнээс хойш ямар аргаар хөрөнгө босгож тус үйлдвэр баригдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн талаарх мэдээлэл хомс.
Нэрэн дээрээ АН-ын гишүүн Д.Алтанхуягийнх боловч нэдэр дээрээ тус компанийн хувьцаа эзэмшигч болох “Бльюмон Металс” ХХК нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаярын компани аж. Тэгэхээр тус компанийн улс төрийн төлөөлөл нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болж таарч байгаа юм.
Х.Бумаа
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS