Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Танилц! Дарханы Дашуудын угсаа залгамжлагч парламентад тухалжээ
Шууд ниссэн карьер. Сонгуулийн холимог тогтолцооны үр дагавар нөгөө талаар 76-аас шууд 126 болтлоо өнөр өтгөн болсон энэ парламент бидэнд олон дүр төрхийг үзүүлж буй. Мянга, мянган ардын багш нарын төлөөлөл Ц.Мөнхтуяа гишүүнээс авахуулаад лайвдсаар байгаад амьдралаа ч, өөрийгөө ч, бүр улс төрийн карьераа ч тодорхойлоод амжсан М.Нарантуяа-Нара гишүүн хүртэл чухамдаа ард түмний төлөөлөл гэж энэ л байх гэмээр есөн шидийн түшээдээ бид төрийн ордноос тольдон суугаа. Тэдэн дунд тоон доторх үсэг, ийм гишүүн байдаг юм уу гэж зогтусмаар гишүүд ч мэр сэр бий. Тэдний нэг нь УИХ-ын шинэхэн гишүүн М.Сарнай. Н.Номтойбаярын Үндэсний эвсэлийн жагсаалтын 4-т бичигдэж, торох юмгүй гишүүн болсон энэ бүсгүй одоохондоо бол байгаа, үгүй нь мэдэгдэхгүй ус балгасан Короля. Улс төр бүү хэл жагсаал тэмцлийн ч намтар үгүй, УИХ-ын гишүүнээр сонгогдоод 10 гаруй сар өнгөрч байхад хувийн мэдээлэл нь бүдэг бадаг, өөрөө ч чуулганы танхимд ганц үг ганхийдэггүй зэргээс үзвэл түүнд өөрийгөө нууцлах шалтаг, шалтгаан байж болох юм. Эсвээс юу ярьж, хэрхэн яаж гишүүн байх учраа олохгүй байж ч мэдэх юм.
Өв залгамжлагч. Иргэдээ төлөөлж үг хэлж, үзэл бодлоо хуваалцах нь бүү хэл гүүглд ч мөргүй шахам үлгэ салган яваа М.Сарнай гишүүн гэхдээ хэн ч биш нэгэн бас биш аж. Нэгэн үе “Бурхан халдун”-ы Н.Мөнхдаш хэмээн дуулиан шуугиантай явсан, улс төрд хөл тавих гэж тал, талаар үзээд бараагүй бизнесмэн эрийн төрсөн ах Н.Мягмардашийн охин. Тодруулбал, “Мөнх Халдун” ХХК-ийн захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Мягмардаш буюу Мөнхдаш, Цэвээндаш, Пүрэвдаш гээд Дарханы олон Дашуудын нэг. Гэхдээ зүгээр ч нэг бизнесмэн биш, “Дархан нутаг” ТББ-ын УЗ-ийн дарга, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын Дүрмийн хорооны дарга зэрэг сонгуульт албан тушаал хашиж явсан, бизнест ч, улс төрд ч дуулиан, шуугиантай, нударга зөрүүлбэл ч зөрүүлчихдэг, цацаа цалгиатай нэгэн. 2021 онд Ардчилсан нам хоёр хуваагдаж, тамга тэмдгийн хэрүүл хийж байх үед Б.Мягмардаш Дүрмийн хорооны даргын хувьд Ц.Тувааныг дэмжиж, түүнийг намын албан ёсны дарга гэж мэдэгдэж байсан билээ. Энэ угшлаар нь бол М.Сарнай гишүүн АН-аас нэр дэвших учиртай. Гэхдээ гишүүн л болж байвал аль ч нам, ямар ч үзэл бодол хамаагүй болсон цаг. Тэрээр чив чимээгүйхэн Үндэсний эвсэлийн жагсаалтад бичигдэж, чив чимээгүйхэн гишүүн болж чив чимээгүйхэн амьдарч явна. Мөнгөтэй, бэлтэй, бас амбицтай аавын нөлөө биз ээ.
Хувийн амьдрал: М.Сарнай гишүүний намтарт бас нэг сонирхол татах өнцөг бий. Хэдийнэ Алдарт эх болсон түүний нөхөр сонгуулийн өмнөх жил буюу 2023 онд тэнгэрт хальжээ. 2017-2019 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Т.Баясах дарга гэвэл улс төрийн хүрээнийхэн андахгүй болов уу.
Талийгаач нөхрийнх нь өмнө Баянзүрх дүүргийн Засаг даргаар эдүгээ М.Сарнай гишүүнтэй хамт Үндэсний эвслээс жагсаалтаар УИХ-д сонгогдоод буй Д.Пүрэвдаваа ажиллаж байсан. Магад энэ холбоо сэжмээрээ улс төрд бүү хэл ажил бизнесийн талбарт ч цагаан цаас шиг бүсгүй гэнэтхэн УИХ-ын эрхэм гишүүн болсон биз ээ.
Албан ёсны намтар түүх гэвэл тэрээр 2002 онд “Монгени” бүрэн дунд сургууль, 2016 онд ШУТИС-ийн ҮТДС-ийн Хувцасны дизайнерын ангийг төгсөж бакалаврын боловсрол эзэмшсэн. Дараа жил нь буюу 2017 онд ХУИС-ийн Бизнесийн удирлага, магистрыг дүүргэсэн. Тэр жилээ “Мөнх Эс Эс” ХХК-ийг төрсөн дүү М.Анужинтайгаа хамтран байгуулж, менежерээр нь ажиллаж байгаад 2023 оноос гүйцэтгэх захирал нь болсон.
Харин УИХ-ын гишүүн болсныхоо дараа буюу 2024 оны долдугаар сард өөрийн охин Б.Есүйлэнг компанийнхаа гүйцэтгэх захирал болгожээ. Тус компани нь уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуй, бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн нээлттэй мэдээллийн санд бүртгэгджээ.
2023 онд “Алдарт эх”-ийн одон хүртсэн бөгөөд тухайн жилээ “Алдарт эх тэнгэр ээж холбоо” ТББ-ыг байгуулж тэргүүнээр нь ажилласан хэмээх товч намтартай.
ХОМ. Тэрээр 3 тэрбумын хөрөнгөтэй. Жилийн нийт орлого нь 79,6 сая төгрөг. Нэг тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй. Малгүй, үнэт эдлэлгүй. Хадгаламжиндаа 32,5 сая төгрөгтэй. Бусдаас 394 сая төгрөгийн авлагатай. 152 сая төгрөгийн зээлтэй гэжээ.
Ийм нэгэн гишүүн та биднийг төрд төлөөлөн 126-ын нэг болжээ. Залуу хүн магад нэг л өдөр хэлд орж, эмэгтэйчүүдийн төлөөллийн хувьд гоё карьер үзүүлж болно. Амжилт хүсье!
Г.Ууганбаатар
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS