МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Манай редакци стратегийн орд газрууд ба тэдгээр орд газрууд хэний эзэмшилд байдаг, хэн, хэн гэдэг эрхмүүдийн ашиг сонирхол эдгээр оруудад байдаг талаар хөндөж буй. Өмнөх нийлэлдээ стратегийн эхний 7 орд газрын мэдээлллийг хүргэсэн бол энэ удаад үлдсэн 8 орд газрын талаарх мэдээллийг хүргэе. Дашрамд дуулгахад Монгол Улсад стратегийн гэж нэрлэгдсэн 15, стратегийн орд гэж нэрлэх ёстой 38 орд газар байдаг байна.
Өмнөх нийтлэлийг энд дарж уншина уу. https://www.reelnews.mn/a/1905
8. Төмөртэйн орд газар
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах төмрийн хүдрийн Төмөртэйн орд газрыг стратегийн орд газарт бүртгэж авах үед тус орд газрын тусгай зөвшөөрлийг “БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан бөгөөд нөөц тооцсон талбайг хамааруулна гэсэн тэмдэглэл үлдсэн байдаг байна. Уг орд нь 250 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй аж.
Тухайн үед тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан “БЛТ” ХХК-ийн талаарх нээлттэй мэдээллийг харвал 2006 онд байгуулагдсан иргэн Луузандамбын Баярцогтын өмч бөгөөд гүйцэтгэх удирдлагаар Л.Баярцогт өөрөө ажилладаг бөгөөд эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл байхгүй байна.
Харин Л.Баярцогтын холбоо хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг хайж үзвэл “Төмөртэйн хүдэр” ХХК-ийн Ерөнхий захирал, “БЛТ”, “Хустай-Ерөө” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.
Тэгвэл “Төмөртэйн хүдэр” ХХК нь Хятад- Монголын хамтарсан хөрөнгө оруулалтай компани бөгөөд Төмөртэйн орд газрын тусгай зөвшөөрлөөс болж манай улсын Засгийн газрыг олон улсын Арбитрын шүүхэд БНХАУ-ын хөрөнгө оруулагч тал өгч байсан байх юм.
Улмаар бүтэн 7 жилийн турш үргэлжилсэн Арбитрын шүүх хурлын шийдвэрээр манай Засгийн газар ялалт байгуулан, Төмөртэйн орд газрыг авч үлдсэн ч “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” компанитай дахин холбогддог.
Тодруулбал, тус компани Засгийн газраас тогтвортой байдлын гэрээгээр ашиглалтын лицензийг авчихсан байдаг. Улмаар концессын гэрээгээр /өөрсдийн хөрөнгөөр/ Төмөртэйн уурхайн хүртэлх 36.7 км төмөр замыг 112 сая ам долларын өртгөөр, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу чиглэсэн 95 км хатуу хучилттай авто зам, 50 км үргэлжилсэн агаарын цахилгааны шугам зэрэг дэд бүтцийн ажлыг хийсэн. Гэвч 2022 онд Засгийн газраас “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
9. Оюутолгойн орд газар
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах зэс, алт, мөнгө, молибдений Оюутолгойн орд газрыг 2007 онд стратегийн орд газарт авах үед ордын нөөцийн тооцоо бүхий тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхэд бэлтгэж байжээ. Үүнээс хойш 2 жилийн дараа буюу 2009 оны 10-р сард Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулсан байдаг.
Тодруулбал, 2009.10.06-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Канадын Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотод бүртгэлтэй "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компани, Монгол Улсад үүсгэн байгуулагдсан "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК, Канадын Юкон мужид бүртгэлтэй “Айвенхоу Майнз Лимитед” нар 30 жилийн хугацаатай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар манай улсын анхны гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн “Оюутолгой” төсөл эхэлсэн түүхтэй.
Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монголын Засгийн газар “Оюутолгой” ХХК-ийн (хуучин "Айвенхоу Майнз Монголия Инк")-ийн энгийн хувьцааны 34 хувийг өмчлөх ба гэрээний хугацааг дахин сунгаснаас хойш 1 жилийн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 хүртэл хувийг нэмж өмчлөх сонголт хийх эрхтэй" гэж заасан байдаг.
Анхны барууны хөрөнгө оруулалттай гэрээ, анхны уул уурхайн том төсөл учраас алдаж оносон зүйл цөөнгүй. Энэ хэрээрээ маргаан ч дагуулсаар ирсэн. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд Оюутолгойг тойрсон гэрээний маргаан, улс төрчдийн талаар энд бичих нь илүүц. Ямартай ч уг компанид 14,5 мянган монгол иргэн ажиллаж байгаа бөгөөд тус компанийн туслан гүйцэтгэгчээр төв, орон нутгийн 1000 гаруй аж ахуйн нэгж байгууллага ажиллаж үүгээрээ улсын эдийн засагт жинтэй хувь нэмээр оруулсаар байгаа нь үнэн юм.
10. Цагаан суваргын орд газар
Дорноговь аймгийн Мандах суманд байрлах Цагаан суваргын орд газрыг стратегийн орд газарт авах үед улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн, нэмэлтээр хувийн хөрөнгө оруулалтаар хайгуулж хийж байгаа гэж тэмдэглэжээ.
Лицензийг нь МАК групп эзэмшдэг гэдэг утгаараа, зэсийн нөөцөөрөө Эрдэнэтээс их гэдэг утгаараа ч тэр, нэлээн улс төр, маргаан дагуулдаг тус орд Дорноговь аймгийн Мандах сумын төвөөс урагш 75 км-т, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 км газарт орших зэс молибдений орд юм.
Анх 1952 онд В.И. Данилов, Ю.А. Шипков нараар удирдуулсан ангиуд 1:200000 масштабын зураглалыг тус ордод явуулсан бол 1964-1982 онд улсын төсвөөр Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын ангиуд эрэл, хайгуул, нарийвчилсан хайгуул, геофизик, гидрогеологийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Улмаар 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Геологи, уул уурхайн яамны шинжлэх ухаан техникийн зөвлөл Цагаан суварга ордын нөөцийг тогтоох асуудлыг хэлэлцэн, улсын нөөцийн комисст оруулж батлахыг зөвшөөрсөн байдаг аж.
- 1997.08.14-ний өдөр хайгуулын лицензээ шинэчлэн бүртгүүлсэн,
- 1998.06.03-нд Австралийн “Меторд” ХХК-д уг талбайг шилжүүлсэн.
- 1999.12.02-ны өдөр лицензийг эзэмшигч “Меторд” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ залгамжлан биелүүлээгүй гэдэг үндэслэлээр лицензийг цуцалсан.
- 1999.12.10-нд “МАК” ХХК 19736 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын Х-1978 тоот лицензийг авсан. Авсных нь дараа "Молопо" компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр “МАК” ХХК-ийн талд гарч байжээ.
- 2005.04.15-нд тус орд газарт "Хөх тэнгэр тур" компани 7287 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 9626Х тоот лиценз авсан байдаг. Мөн энэ өдөр "Хөх тэнгэр тур" компани 132 га талбай бүхий ашигт малтмал ашиглах 9630А тоот лиценз авсан ч дараа нь лицензээ МАК-д шилжүүлсэн.
- 2014.07-р сард УИХ-ын 54 дүгээр тогтоол гарсан. Уг тогтоолд:
“Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" Улсын Их Хурлын 2007.02.06-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-т заасан "Цагаан суварга"-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй” гэжээ.
Ийнхүү асар их зэс, молибдений нөөц бүхий, стратегийн гэх Цагаан суваргын орд газар “МАК” ХХК-ийн бүрэн мэдэлд шилжсэн түүхтэй. Мэдээж шилжих болсон шалтгаан Б.Нямтайшир түүний хүү Н.Номтойбаярын улс төр дэх нөлөөтэй салшгүй холбоотой биз ээ.
11. Эрдэнэтийн зэс, молибдений орд газар
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах Эрдэнэтийн зэс, молибдений орд газрыг 1974 оноос эхлэн ашиглаж ирсэн бөгөөд уул уурхайн орд газрын ашиглалтын хамгийн оновчтой хувилбар гэгддэг. Тус орд газрыг 2007 онд Стратегийн орд газарт авах үед Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагдаж байгаа гэсэн байна.
Үүнээс хойш 9 жилийн дараа буюу 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ОХУ-ын мэдлийн “Ростех” ХХК-ийн эзэмшиж байсан 49 хувийг ”Монголын зэс” ХХК худалдан авсан байдаг. Энэхүү “Монголын зэс” ХХК нь “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК-тай холбогддог.
Ийнхүү 3 жилийн турш “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувь нь “Монголын зэс” ХХК-ийн мэдэлд байхад Засгийн газар шийдвэр гаргаж 2019 оны 3-р сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онц дэглэм тогтоосоноор төрийн мэдэлд 100 хувь очсон.
12. Бүрэнхаан фосфоритын орд газар
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт байрлах Бүрэнхаан фосфоритын орд газар Стратегийн орд газрын бүртгэлд авахад Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох 3 нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэсэн байна.
Бүрэнхааны ордыг хуучнаар ЗХУ, манай талаас Хөвсгөлийн геологийн экспедици хамтран хайгуул хийж, 1987 онд 200 сая тонн фосфоритын хүдрийн нөөцтэйг тогтоосон байдаг. Мөн ордын нийт хүдрийн нөөц 192.2 сая.тн, фосфоритийн нөөц 40.52 сая.тн гэсэн тооцоолол байдаг.
Бүрэнхааны фосфоритын ордыг 1980-аад оны дундуур оросуудтай хамтарч ашиглахаар баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл хийж байсан. Ажил бараг дуусах шатандаа орж байхад нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны Бүрэнханы ордыг ашиглавал Хөвсгөл нуурын ус бохирдож экологийн тэнцвэрт байдал алдагдана гэсэн агуулгатай "Далай ээж цаазын тавцанд" өгүүлэл "Үнэн" сонинд нийтлэгдсэнээр тус ордыг ашиглах ажил бүрмөсөн зогссон түүхтэй.
Тус орд газрын тусгай зөвшөөрлийг УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүү Б.Батхишигийн “Талст маргад” ХХК, БНХАУ-ын хөрөнгө оруулалт бүхий “Топроу Хэнцо” ХХК, “Тефас майнинг” ХХК, “Сутайхэнцо” ХХК гэсэн компаниуд тус тус эзэмшдэг байна.
Ийнхүү Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт байрлах Бүрэнхааны фосфоритын орд газрыг ашиглаж чадалгүй өдийг хүрсэн байна.
13. Бороогийн алтны орд
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах Бороогийн алтны орд газрыг Стратегийн орд газрын бүртгэлд авах үед /2007 онд/ Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан гэж тэмдэглэсэн байна. /Энэхүү гэрээг маш муу гэрээ гэж үздэг/.
Олон нийтийн мэддэгчлэн УИХ-ын гишүүн Сү.Батболдын хамаарал бүхий компани Бороогийн алтны ордын лиценз эзэмшдэг төдийгүй олборлож, ашиглаад дууссан. Гэвч нээлттэй мэдээллийн санд энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа нь сонирхолтой.
Албан ёсны мэдээлэл гэвэл Канадын хєрєнгє оруулалттай “Бороо гоулд” компанитай Монгол Улсын Засгийн газар тогтвортой байдлын гэрээ байгуулж, тус ордыг 30 жилийн хугацаанд ашиглахаар тохиролцсон. Уг тогтвортой байдлын гэрээнд зааснаар бол “Бороо гоулд” ХХК жилд 1,5-2 тонн алт олборлох хvчин чадалтай vйлдвэр барихаар тусгасан. Ингээд эхний гурван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувь татвараас чєлєєлєгдєж, vлдсэн 15 жилд нь Монгол Улсын тєсєвт татвар тєлєхєєр заасан. Гэвч “Бороо гоулд” компани татваргvй, хєнгєлєлт эдлэх хугацаанд амжуулж бvх алтаа олборлоод дууссан байдаг.
Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын “Алт” хєтєлбєрийг эрчимжvvлэх зорилгоор тухайн vеийн Эрчим хvч, уул уурхайн vйлдвэрийн яам 1996.01-р сард Бороогийн алтны vндсэн ордод ашиглалт явуулах эрх олгох нээлттэй тендер зарлаж “Алтай трейдинг” ХХК шалгарсан байдаг. “Алтай трейдинг” ХХК нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын компани.
Үүнээс хойш 1997 онд Их Британийн “Азиа майнинг инвэстмент корпорац”-тай хамтран “Бороо гоулд” ХХК-ийг vvсгэн байгуулж лицензийг нь шилжvvлэн єгчээ. Гэвч тухайн vед дэлхийн зах зээл дээр алтны vнэ унасан байна.
Тухайн vед “Бороо гоулд” ХХК-ийн хувь нийлvvлэгчид шинээр хєрєнгє оруулагч хайж эхэлсэн байдаг. Ингээд Канадын “Сентерра гоулд” ХХК-тай хамтран ажиллахаар болжээ.
Бороогийн алтны vндсэн ордын хайгуулд тухайн vеийн ханшаар 12,970,000 шилжих рубль зарцуулсан тооцоо бий. Хєрєнгє оруулагч тал энэ мєнгийг Засгийн газрын 1997 оны 234 тоот тогтоолд заасан аргачлалаар 2,557,000 ам.долларын хайгуулын зардлын нєхєн тєлбєрийг улсын тєсєвт буцаан тєлєхєєр тогтсон байдаг.
14. Төмөртэйн овооны цайр, хар тугалгын орд газар
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт байрлах Төмөртэйн овооны цайр, хар тугалгын орд газрыг Стратегийн орд газарт авах үед Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан гэсэн байдаг. Тус ордын балансын нөөц нь 7689,4 мянган тонн хүдэр буюу 885,3 мянган тонн металл цайраар тогтоогдсон байдаг.
Орд газрыг тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа “Цайрт минерал” ХХК нь 2006 онд байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалтай компани. Тус компанийн “Металл Импэкс” ХХК, БНХАУ-ын иргэн Жан Ши Ли нар эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх удирдлагаар нь С.Батхүү ажилладаг бол эцсийн өмчлөгч нь Д.Ганбат хэмээн нээлттэй мэдээллийн санд бүртгэжээ.
Тухайн үед тусгай зөвшөөрөл нь зөвхөн хайгуулынх. Ордын техник эдийн засгийн үндэслэл ч хийгдсэн байжээ. Ингээд Жан Ши Ли Хятадын Өнгөт төмөрлөгийн гадаад барилга, зураг төслийн компани (NFC)-тай хамтрах болсон байна 1997 оны 11 дүгээр сард гэрээгээ хийж, хоёр орны хамтарсан “Цайрт минерал” ХХК-ийг 100 мянган ам.долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулсан байна. Тухайн үед Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулахад Сангийн сайдаар нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр ажиллаж байжээ.
Анх тус компани нь Засгийн газартай 1998 онд тогтвортой байдлын гэрээг байгуулан 2015 онд гэрээний хугацаа дууссан ч Сангийн сайд Ч.Улааны үед дахин сунгаж байж.
2022 оны байдлаар “Цайрт минерал” ХХК нь гүний буюу далд уурхайн ажлаа эхлүүлсэн байсан бөгөөд 2030 он хүртэл ашиглах нөөцтэй гэж мэдэгдсэн байжээ.
15. Асгатын мөнгөний орд газар
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрладаг бөгөөд Стратегийн орд газрын бүртгэлд авах үед Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан “Монголросцветмет” нэгдэл тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байжээ.
Асгатын мөнгөний ордыг 1976 онд Зөвлөлтийн геологчид нээн илрүүлж, 1976-1993 онуудад хайгуулын ажлуудыг гүйцэтгэсэн ба Монгол Улсын Засгийн газар 1993 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хамтарсан үйлдвэрийн хэлбэрээр ашиглахаар “Монголросцветмет” нэгдлийн харьяанд оруулжээ.
Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд 26.9 сая.тн хүдэр, 7370 тн мөнгөний нөөц тогтоосон ба үүнээс үйлдвэрлэлийн аргаар ашиглах 2566 тн мөнгө агуулсан 8.2 сая тонн хүдрийн нөөц ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.
Асгатын мөнгөний ордыг түшиглэн үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн тооцоог Турк улсын “ЭТИ” банк, Канадын “Дентония”, АНУ-ын “Апекс”, ОХУ-ын “Гип- роцветмет” институт, Новосибирскийн судалгаа шинжилгээ, төслийн “Сибгипрозолото” институт хийлгэжээ.
Ордыг зөвхөн далд уурхайн аргаар ашиглах бөгөөд техникийн нөхцөл болон хүдэр агуулагч чулуулгийн физик-механикийн шинж чанараас хамаарч хэсэгчлэн олборлох боломжтой.
Тус ордыг ашиглалтад оруулахад баяжуулалт, боловсруулалтын нарийн технологи, алслагдсан, өндөр уулын бүсэд байдаг ордын дэд бүтцийн зэрэг асуудлууд шийдвэрлэх шаардлагатай байгаа гэсэн мэргэжлийн дүгнэлтийг гаргасан байна.
Мөн Засгийн газрын 2019 оны 28 дугаар тогтоолд үндэслэн Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д олгосон байдаг. Ингэснээр тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж эхэлсэн байна.
Ордын нөөцийг өнөөгийн Монгол Улсад ашиглаж байгаа Ашигт малтмалын нөөцийг үнэлэх журам стандарт болон олон улсын жишигт нийцүүлэн тооцох, шаардлагатай тохиолдолд нэмэлт геологи хайгуулын ажлыг гүйцэтгэх, технологийн схемийг эцэслэн тогтоох, хоёр улсын хилийн зурвасыг нэвтрэхгүйгээр ордыг ашиглалтад бэлтгэх нөхцөл бүрдүүлэх зэрэг нэмэлт судалгааны ажил эхлээд байгаа аж.
Тус орд газрыг ашиглаагүй хэд хэдэн шалтгаан байдаг бөгөөд тус орд газар нь хоёр улсын хилийн зурвас дагуу байрладаг учир хилийн зурвас зөрчихгүй ашиглах асуудал хамгийн их бэрхшээлийг дагуулдаг байна. Мөн автозам, төмөр зам зэрэг дэд бүтцийн хувьд хүндрэлтэй, алслагдмал, төвийн эрчим хүчний шугамд холбогдоогүй, үйлдвэрлэлийн усан хангамж шийдэгдээгүй, баяжуулалтын технологи сонгогдоогүй зэрэг шалгааны улмаас стратегийн орд газруудаас ашиглаж, олборлоход хүндрэлтэй орд газар аж.
Бэлтгэсэн Х.Бумаа
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS