МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
УИХ-ын ээлжит /хаврын/ чуулган 2025 оны 3-р сарын 17-ны өдөр нээнэ. Хуулийн дагуу Хаврын чуулган нээснээр УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх асуудлууд хүлээгдэж байгаа.
Юуны өмнө УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарын бүрэн эрхийг дуусгавар болгох тухай мөн УИХ-ын гишүүн Э.Болормаа УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал сөхөгдөх юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн санаачилсан Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулах үйл явц идэвхжих нь тодорхой. Үүнтэй зэрэгцээд Баялгийн сангийн хуулийн дагуу Стратегийн орд газруудын 34-50 хүртэлх хувийг төр мэдэлдээ авах асуудал цааш үргэлжилнэ.
Шүд сугална
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллах үедээ албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал олгосон нь нотлогдсон тул Улсын Дээд шүүхээс түүнийг гэмт буруутай гэж үзсэн Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингэснээр УИХ-ын гишүүн Дав. Цогтбаатарын бүрэн эрх дуусгавар болох хууль, эрх зүйн үндэслэл бүрдсэн.
Тэрээр УИХ-ын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд УДШ-ийн тогтоолыг өөрийн биеэр гардан авсан учир Үндсэн хуульд заасны дагуу УДШ-ийн тогтоолыг биелүүлэх үүрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл УДШ-ийн тогтоолыг УИХ хэлэлцэхгүй зөвхөн биелүүлэх ёстой болж байгаа тул УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болсон тогтоолыг батлан гаргах процессын ажиллагаа л үлдээд байна.
Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудал хөндөгдөнө. Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Болормаа нь УИХ-ын сонгуулийн үеэр Их Британи, Умард Ирладын Нэгдсэн Вант улсын хөрөнгө оруулалттай "Ханбогд Эксплорэйшн" ХХК-с 30 сая төгрөгийн хандив авсан нь Төрийн аудитад өгсөн тайлангаар нотлогдсон. Энэ үйлдэл нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн “ 56.1.1. Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага хандив өгөхийг хориглоно" гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Тиймээс УИХ-ын гишүүн Э.Болормаагийн тухайд энэ үйлдэлдээ хариуцлага хүлээн ёстой болж байгаа юм. Магадгүй түүний бүрэн эрхийн асуудал ч хөндөгдөх дээрээ тулаад буй.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүрэлдсэн 126 гишүүн бүхий анхны парламент ийнхүү анх удаагаа дотроосоо “шүд сугалах” ажиллагааг эхлүүлэхээс өөр сонголтгүй болж байна.
УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийн асуудал нэг талдаа гарсны дараа хуулийн дагуу Хангайн болон Баруун бүсэд дахин сонгууль зохион байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргана. Тэр хүртэл УИХ 124 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжүүлэх нь ээ.
Засаг огцрох уу?
2025.02.07-ны өдөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн албан бланкан дээр Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Чуулган завсарлачихсан байсан учир одоогийн байдлаар ердөө 3 гишүүн гарын үсгээ зурсан. Харин гарын үсгээ зурна гэдгээ илэрхийлсэн 5 гишүүн байгаа хэмээн Ч.Лодойсамбуу гишүүн мэдэгдсэн.
Хуулиар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 32 гишүүн Засгийн газрыг огцруулах албан бичигт гарын үсэг зурвал УИХ Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Харин 32 гишүүн гарын үсэг зурахгүй бол энэ “улс төр” тэгсгээд намжих биз ээ.
Гэхдээ энд нэг чухал зангилаа явсаар ирсэн гэдгийг өнгөрсөн хугацаанд болж өрнөсөн үйл явдлууд бидэнд хэлж байгаа юм.
Засгийн газар Баялгийн сангийн хуулийг боловсруулан УИХ-аар батлуулсан. Ингэснээр Стратегийн орд газруудын 34-50 хувийг төр эзэмшиж эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл Стратегийн орд газруудад “эзэн” суусаар ирсэн улс төр бизнесийн бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж эхэлсэн нь Засгийн хувь заяаг богиносох шалтгаан болсон. Тиймээс сүүлийн үед яригдах болсон Ухаахудагийн ТУЗ-аар орсон буюу “Эм Си Эс” группээс сонгуулийн хандив авсан УИХ-ын гишүүд магадгүй гарын үсэг зурахаас татгалзана.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын насжилт бусдаасаа харьцангуй урт байсны хамгийн том шалтгаан нь Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авсаар ирсэнтэй холбоотой гэж болно. Хэрэв нэгдүгээр хүн “нүүр буруулбал” Засаг унах нь цаг хугацааны асуудал.
Ингэж хэлэхийн учир нь өмнөх Засгийн газруудын унасан түүх бэлхэн жишээ болж өгнө. Өөрөөр хэлбэл үе үеийн Засгийн газрууд “унахад” үргэлж Ерөнхийлөгчийн тал дэмжлэг үзүүлж ирсэн билээ.
Хил дамнасан төмөр зам ба Стратегийн орд газруудын хэлцэл
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт “алга таших” цөөнгүй шалтгаан бий. Олон жилийн турш нарийн, бүдүүн царигаас болж маргаа болоод алдагдал хүлээсээр ирсэн төмөр замын асуудлыг нэг талд нь гаргаж хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээг баталгаажуулсан. Гэхдээ дээрх гэрээг УИХ соёрхон батлах ёстой. Энд л асуудал яригдах болж байгаа юм. Магадгүй энэ хаврын улс төрийн галыг өрдөх сэдэв хил дамнасан төмөр замын холболтоос гадна Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг стратегийн орд газруудын 34-50 хүртэлх хувийг төрд эргүүлэн авах хэлцэл байх болов уу.
Баялагийн сангийн хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын хэлцлийг Ж.Батзандангаар хийлгэж байгаа нь олон нийтээс “хасах” оноо авахад хүргэснийг дурдахгүй өнгөрч болохгүй.
БЭТ Ж.Батзандангийн үг үйлдэл хэрээс хэтэрсэн тул аргагүйн эрхэнд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн биеэр тайлбар өгч “жолоо цулбуургүй” аашилсан нөхрийн “ханд” жаахан ч гэсэн дарагдаад байгаа.
Өнгөрсөн 7 хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн бүлэг орд газрын нэг хэсэг болох Ухаахудагийн 34-50 орчим хувийг төр мэдэлдээ авахын тулд хэлэлцээрийн ширээний ард суухаар болж УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдэгдсэн. Ингэснээр Засаг, “Ухаахудагийн “ТУЗ”-тай “нүүр тулах”-аас өөр гарцгүй болж байна.
Ийн хаврын улс төр халалт өндөртэй эхлэх нь тодорхой болж байгаа юм. Яв явсаар чуулганы төгсгөлөөр засгаа хөнтөрчихгүй бол хавар болдгоороо болж, улс төр бужигнадагаар бужигнана даа.
Х.Бумаа
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS