Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Эмч П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд шүүхээс хоёр жил зургаан сар жилийн хорих ял оноосон. Тэрээр шүүхийн энэхүү шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Давж заалдах шатны шүүх хурал 03.13-нд болсон. Шүүхээс П.Батчулуун эмчид оноосон анхан шатны шүүхийн шийдвэр буюу хоёр жил зургаан сар жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
П.Батчулуун эмчийг эд эрхтэн зөвшөөрөлгүй авсан нэрийдлээр олон нийт хүчтэй шүүмжилж, ял авсан нь зөв хэмээж буй. Харин нөгөө талд донор хүлээж, бодит байдалтай нүүр тулж үзсэн хүмүүс чадварлаг эмчээ алдлаа хэмээн халаглаж байна. Тэгвэл энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн нэгэн иргэний постыг хүргэж байна.
"Донор хүлээж үзсэн үү??
Өнгөрсөн долоо хоногт нийгмийн өлссөн хар массыг хооллосон гол сэдэв бол нэр хүндтэй мэс засалч Батчулуун гэгч нь тархины үхжилтэй кадавр донороос хамаг эрхтэнийг нь авсан гэх мэдээ байв. Энэ тухайд нийгэм ёстой л шүлсээ үсчүүлэн байж ганц тэр эмчийг буруутган муу муухай үгээр булж байхыг үзэв. Харин би энэ удаад уулзахыг өчнөөн хүсч, үүдэнд нь хүлээж урамгүй буцаж явсан 1-р эмнэлгийн эрхтэн шилжүүлэх төвийн зарим эмч нарын зургийг их л ойроос харав. Хүүгээ дурсав,нулимс унагав.Миний хүү бөөрний дутагдлын оношоор 2 жил орчим хугацаанд эмчлүүлж, гемодиализын аппаратад орж байх үедээ хүндрэл өгч эрчимт эмчилгээнд шилжин 3 хоноод, бурхан зүгт одож, түүнээс хойш 100 гаруйхан хоног өнгөрч байна. Хайран шүү, дөнгөж 30 эргэм насандаа хорвоог орхино гэдэг. Тоогоор бодвол хүү минь ердөө л 12046-хан хоног нартын амьдралын наадаан, нажидыг эдлэн туулан өнгөрүүлж дээ.
Энэ утгаараа би 1-р эмнэлгийн Бөөрний тасгийг, мөн дээр дурьдагдсан эмч нарыг үзэн ядагч баймаар байгаам.
Атал үгүй юмаа. Би тэр эмчийг буруутгахаас өмнө манайд донорын хууль нь ийм дорой гэж хэлэх гээд байгаам. Хэрэв өвчтөний ойрын төрлөөс эс эд цусны бүлэг таарахгүй буюу зарим заалт шаардлагыг хангахгүй зэрэг шалтгаанаар донор болох боломжгүй бол кадавр донор хүлээх жагсаалтад бүртгүүлдэг. Ингээд өвчтөн маш өндөр үнэтэй шинжилгээнүүдийг өгөөд ээлжээ хүлээнэ.Донор хүлээж буй тэр жагсаалт нь 1-р бүлгийн цустай зөвхөн манай хүүгийн ижил бөөрний донор хүлээгчид гэхэд 240 гаруй байв. /2023 оны 1-р сард/ Үнэндээ сэтгэлээр унамаар. Тэр олон хүн хэзээ надад аз таарах бол гээд хүлээж суудаг. Тэгээд ч нэг кадавр донор олдлоо гэхэд тэрийг аль нэг эмнэлэгт дарааллаар нь өгдөг журамтай юм билээ. Энэ удаа 1-р эмнэлэг донор авсан бол дараагийн удаа 3-р эмнэлэг, дараа нь ХСҮТ эмнэлэг ч юмуу. Зөвхөн бөөр ч биш шөрмөс судас зэрэг бүх л донорыг эмнэлэг бүр хүлээж байдаг юм байна лээ.
Бөөрний дутагдлын үед донор хүлээх зуур аргацааж байдаг эмчилгээ нь миний ойлгосноор Гемодиализын аппарат байх. Ийм төрлийн эмчилгээ өнөөдөр улсын болон хувийн бүх л эмнэлгүүдэд зэрэг зэрэг хийгддэг. Гемодиализын аппаратыг бөөр гэдэг эрхтэнг орлуулагч гэж нэрлэдэг. Бүрлээч хүү минь 1-р эмнэлэгт оношлуулж тэнд гемодиализын эмчилгээ хийлгэж байв.Тиймээс би энэ төрлийн эмчилгээг гадарлах хүний нэг нь юм. Тэд өглөө 7:00 -оос өдөр 12:30 хүртэл,, дараа нь 13:00 -оос орой 17:30 хүртэл дараа нь 18:00-оос 23:00 хүртэл 3 ээлжээр ар араасаа цувран эмчилгээнд ордог. Тэр хүмүүсийг орох гэж дараалан зогсохыг харахад ямар хүнд гэж санана. Бурхан минь. Царай нь харлаж, гарын судас нь хиймэл судсандаа тэлэгдээд энд тэндгүй гүрийсэн шаналант царайтай нас насны хүмүүс. Нэртэй загвар өмсөгч, мөн алдартай эрдэмтэд хуульч, бүр арван хэдтэй жаахан хүүхдүүд... гээд олон хүмүүс байдаг. Нэг тийм донор хүлээлттэй, чимээгүй бие биесээ чагналзсан бас далд түгшүүртэй ,,,та бидний мэдэхгүй бүр ойлгох ч үгүй танил бус ертөнц бол гемодиализийн эмчилгээний төв мөн. Тэнд бүгд ижилдүү тавилантай,5-6 цаг нэг өрөөнд зэрэгцэн хэвтэж энэ тэрийг ярилцан яаж ч ядарсан тэд, өдрийн эмчилгээнийхээ дараа ажилдаа явцгаадаг тийм л хүмүүс . Тийнхүү итгэлтэй өөдрөг байдаг нь мөнөөх л “донор” ын хүлээлт болов уу даа. Энэ бүхнийг эс өгүүлэн орхиод- “цогцосноос эд эрхтэн тонооч” гэгдэж буй эмчийг сэвсэн тэр асуудлыг өөр өнцгөөс нь ажиглая. Ер нь бол хүн өвдсөн шаналсан үедээ эхлээд эмч дуудаж эмнэлэгт ханддаг бус уу. Хамгийн арчаагүй, бүр ухаан алдчихсан, хамгийн эцэстээ тулсан үед л хүн эмнэлэгт хүргэгдэж аз таарвал амьд үлддэг гэдэгтэй маргах хүн байх уу? . Чухам ийм учраас л хүний амь насыг үхлээс аврахаар өрсөн тэмцэлддэг эмч нар, мэс засалчид “донор”ыг эрж хайж, хуваарийн дагуу донор авах ээлж дараалалаа хүлээж суудаг байх гэж би боддог. Яг л тийм ээлж нь ч юмуу нэг юм энэ удаад тохиолдож “эрхтэн тоносон” хэрэгт нэгэн эрхэм мэс засалч буруутгагдахыг бид харлаа.
Дээр дурдсан чухам тэр л хүмүүст донор нэн чухал хэрэгтэй байдгаас эрхтэн шилжүүлэх багийнхан дуудагдан ажилласан болов уу . Түүнээс биш нэг эмч хулгайч шиг хутга барин гэтэж очоод цогцос ухаагүй байх л даа.
Юутай ч монголын нэгэн мэс засалчийг “хулгайч, бүр цогцосноос эрхтэн тонооч” мэтээр нэгэн сэтгүүлч нийгэмд зарлав. Мөнөөх эмчийг байн байн ТВ гээр яриулав. Донор -гэдэг нь 2 бөөрийг аваад болдог биш, түүнийг дагалдах бүх л судас, мөн үе мөчний донор болгож шөрмөсүүдийг хүртэл авдаг тухай, нөгөө эмч тайлбар хийсэн ч тусыг эс олж нийгэмд зүхүүлсээр хэд хонов.
Төрийн соёрхол хүртэх хэмжээнд очтолоо тэр эмч мөн түүний багийнхан ажилласныг бодоход энэ тохиолдол анхных биш нь тодорхой. Амьдрах хувьтай хэн хүнд тэд тус болсон байж таарна. Харин энэ удаад “эрхэм мэс засалч болон түүний багийнхан ер нь бүх л эмч нарын урам нь хугарвал яана аа”- гэж би харамсав. Түмэнд зүхүүлэн чичүүлэн ингэж донор хөөцөлдөх хэрэг байна уу? -хэмээгээд энэлсэн шаналсан хүмүүст туслахаа больж алдаа гаргадаггүй нэгэн эмч болж хувирвал яах вэ?? гэж би л лав бодсон.
Сэдэв олмогцоо сэвдэгээ сэтгүүлчид болиосой, жаахан ч болов эрэгцүүлж байж нийтэд түгээдэг бол сайнсан.Эмнэлэг бүрийн дэргэд байдаг “диализийн төв”-өөр орж тэр хүмүүсийг харж тэдэнтэй яриа өрнүүлж үзчээд энэ асуудлыг сэвсэн байгаасай ,,гэж хүртэл бодогдох.
..Уснаас гаргамагц ам нь ангалзан амь тэмцэх загас адил гемодиализийн аппарат руу яаран сандран хүрч ирдэг, цаг мөч бүр нь үхэл амьдралын зааг дээр тарчилж яваа донор горьдсон хөөрхийлөлтэй тэр хүмүүсийн ганц нэгний ч болов амийг аварчих гээд эд эрхтэний хулгайч болтлоо цоллуулсан мэс засалчийн тэр үйлдэл бол ариун тангарагт эмчийн ухрах аргагүй алхам байсан гэж би хардаг. Ер нь бол өвдөж зовсон миний хүүд тэгтлээ мэргэжлийн өндөр түвшинд үйлчилж чадаагүй 1р эмнэлгийн бөөр судлалын тасаг, гемодиализийн төвийнхөнд би гомдмоор байдаг ч энэ удаагийн тохиолдолд тэр мэс засалчийг – Батчулуун эмчийг бол өмөөрнө.
Учир нь би хоног тоолон донор хүлээхийн шаналалыг их ойроос мэдэрсэн эх хүн билээ.
2023 оны 8-р сар
Энэ асуудал дахин яригдаж эхэллээ нийгэмд.
Монголын мэс засалчид дэлхийд гайхагддаг. Тэднийг дэлхийн улс орнууд урьж залж байдаг. Харин монголчууд бид хэзээ ч юм тэдний гар дээр" амь авраач",,, гэж очихоо мэдэхгүй мөртлөө эмч нараа зүхэж чичилж болно гэж үү?
Батчулуун эмч ээ, Тэсч даваарай. Хүчтэй байгаарай." гэжээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS