Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр: Нийслэл өмчөө мэддэг болсон

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр: Нийслэл өмчөө мэддэг болсон

НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр. Инженер, эдийн засагч, хуульч мэргэжилтэй, УИХ-ын Тамгын газрын Санхүүгийн хэлтэст мэргэжилтнээс дарга хүртэл тушаал дэвшиж, төрийн албаны карьеараа эхлүүлсэн. Улмаар ХЗДХЯ-ны Санхүүгийн албаны даргаар ажилласан. Энэ хугацаандаа тус яамны санхүүгийн бүхий л үйл ажиллагааг цахимд шилжүүлж, нийтэд ил тод болгосон, сүүлд Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга болсны дараа нийсэлийн удирдлагын багт орж ажилласан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан богино хугацаандаа нийслэлийн эзэнгүйдсэн өмчийг бүртгэлжүүлж, нэгдсэн системтэй болгосон, нийслэлийн хөрөнгө оруулалтын ажлуудыг нэгдсэн санхүүгийн программд оруулж эмхэлсэн гээд ажлыг яралзуулдаг бүсгүй. Товчхондоо Х.Нямбаатарын ажлын арыг даадаг “асаалттай танк” гэж түүнийг тодорхойлж болно. Ямартаа л эмэгтэй Нямбаатар гэх үг гарчээ. УИХ-ын сонгуулийн дараа Нийслэлийн Нийгмийн салбар ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор томлогдон ажиллаж буй Л.Хосбаяр орлогч орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөхөө мэдэгдээд буй. Түүнтэй ярилцснаа хүргэе.   

Нийгмийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст анхаарч ажиллана

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохдоо сурагчидтай  дохионы хэлээр мэндчилсэн тань содон байсан. Нийслэл хот эмэгтэй орлогчтой байхын  давуу тал гэж дүгнэсэн. Таныхаар улс төрд хүйсийн давуу болон сул тал гэж байх юм уу?

-Төрийн алба хашихад хүйсийн давуу болон сул тал гэж байдаг уу гэж асуулаа гэж ойлгож байна. Тийм тал байдаг. Эмэгтэй хүн асуудлыг өөр өнцгөөс хардаг, гярхай, чимхлүүр байж чаддаг шүү дээ. 60 жил огт гар хүрээгүй, цонхны завсраар нь салхи сийгдэг, өвлийн улиралд сурагчид нь гадуур хувцастайгаа хичээллэдэг 29 дүгээр сургуулийн их засварын ажлыг ёстой албан тушаалынхаа давуу талыг ашиглаж, нийслэлийн төсөвт суулгаж, хийлгэсэн. Намайг оюутан байхад л ямар байсан яг тэр хэвээрээ байсанд үнэхээр сэтгэл эмзэглэсэн.

Бид хүмүүнлэг, ардчилсан нийгэм гэж ярих дуртай. Үнэхээр тийм  бол тусгай хэрэгцээт боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ орхигдуулж болохгүй шүү дээ. Хотод ирснээсээ хойш энэ чиглэлд  анхаарч ажиллаж байна. Үүнийг эмэгтэй орлогчийн давуу тал гэнэ үү, сул тал гэж хүлээж авна уу, та бүхний л мэдэх хэрэг. Би хувьдаа нийгмийн цөөнх рүү чиглэсэн, нийслэлийн Засаг даргын үндсэн чиг үүрэгт ордог асуудлуудыг анхаарч шийднэ гэж зорьж байгаа. 

Хэрэв улс төрчийн хүйстэй холбож асууж байгаа бол би өөрийгөө улс төрч гэхгүй ээ. Улс төрийн албан тушаалд томилогдоод удаагүй төрийн албан хаагч гэвэл онох байх /инээв/. Улс төр, улс төрч гэдэг нь тусдаа бие даасан том шинжлэх ухаан, олон нийтэд таалагдах, тэдний хэлээр ярьдаг байх чадвар гэж ойлгодог. Төрийн албаны биднээс бол жаахан хол ойлголт.  Магадгүй энэ шинжлэх ухааныг  судлах ёстой байх.

-Үнэндээ та бол олонд танигдаагүй  шинэ дүр. ХЗДХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, удалгүй хотын хоёрдугаар орлогч болсон, инженер, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй гэдгээс өөрийг мэдэхгүй. Өөрийгөө танилцуулаач?

- Аав маань Ховд аймгийн Дарви сумын уугуул, торгууд хүн. Ээж Архангайн Өлзийтийн өөлд. Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж, Баруунхараад бага насаа өнгөрөөсөн. Ах дүү зургуулаа. Айлын хоёр дахь хүүхэд, дээрээ нэг эгч, доороо дөрвөн дүүтэй ч эмээгийнхээ гар дээр өссөн. Аав маань богинохон настай байж, ээжтэй минь 11-хэн жил ханилахдаа ойрхон зайтай бид зургааг төрүүлсэн байдаг. 

Аравдугаар ангиа дүүргэж ХААИС-ийн оюутан болсноор хотын иргэн болсон. Инженер, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй, нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, төрд ажиллаж ирсэн жирийн нэг эмэгтэй.

Эмээгийнхээ хүслийг биелүүлж,  төрийн албанд орсон

-Та гурван ч сургуулийг баклавраар дүүргэсэн юм билээ. Суралцахыг эрхэмлэдэг хүн үү?

-Анхны мэргэжил маань ХААИС-ийн инженер технологич. Дунд сургуулиа дүүргэхдээ тоо, математик суурьтай эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмшинэ гэж зорьж байсан боловч хүссэн хуваариа авч чадаагүй юм. Биднийг аравдугаар ангиа төгсөхөд нэг мэргэжлээр нэг сургуулийн нэг л хуваарь ирдэг, хүссэнийхээ зоргоор их дээд сургуульд элсэж чаддаггүй байсан үе. Сэлэнгэ газар тариалангийн бүс гээд эмээ маань дагуулж авчраад ХААИС-д оруулчихсан. Хувь заяа тэгж таарсан хэрэг. Инженерүүдийн жишгээр таван жил сурч төгсөөд, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд нягтлан бодогч, санхүүч буюу хүсэж байсан мэргэжлээрээ элсэж суралцсан. Эрх зүйчээр сурсан нь ажлын шаардлага байсан. УИХ-ын Тамгын газарт ажиллаж байхад тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга маань хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бүгд эрхзүйч болох ёстой гэдэг шаардлага тавьснаар “Шихихутаг”-т элсэж, хуульч, эрхзүйч болж байлаа.

-Төрд карьер хөөх нь таны сонголт байсан уу, эсвэл хувь төөрөг байв уу?

-Бага байхаас эмээ маань төрийн албаар явуулна гэдэг байв. Эмээгийнхээ хүслийг биелүүлсэн хэрэг. Ер нь эмээ маань миний хувь заяаг зурсан гэхэд хилсдэхгүй. Би ч эмээгийнхээ үгнээс зөрдөггүй байж. Нэгдүгээр курсдээ онц сураад, БНХАУ-д 100 хувийн тэтгэлэгтэй Ойн инженерээр суралцахаар  тэнцсэн юм. Даанч эмээ явуулаагүй. Ингээд ХААИС-ийн дараа ХҮДС-ийг дүүргэж, хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа.

Анх ажилд орж байсан үеэ эргээд бодохоор хөөрхөн санагддаг. Хөдөө аж ахуйн чиглэлээр санхүү суурьтай ажилд орно, тэгэхдээ төрийн албанд гэдэг олон болзолтой ажил хайж байгаа юм. Эцэст нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам яг болох юм байна гээд сайдад нь ажилд орох хүсэлт, өргөдлөө өглөө. Д.Тэрбишдагва гишүүн сайд нь байсан. Тэр үед төрийн үйлчилгээ иргэндээ харьцангуй ойрхон, Улаанбаатар хотын иргэдийн “проблем” ч бага байсан юм уу даа.  Сайд дуудаж “Төрийн албаны шалгалт өгч байж орох ёстой. Манай Төрийн захиргаа удирдлагын газрын даргатай уулзаарай” гэв. Тэр хүн дээр очсон чинь одоохондоо манай яаманд ажлын байр байхгүй байна, би Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дэд захирал хийдэг юм, (одоогоор бол Хоршоологчдын холбоо л доо) тэнд нягтлангаар ажилд орох боломжтой гэснээр тэнд анх ажилд орж байлаа. Тэнд хоёр жил ажиллаад, гадагшаа нэг жил хэлний бэлтгэлд явж ирээд төрийн албаны шалгалт өгч, ном журмаар нь төрийн албанд оров. Тухайн үед УИХ-ын Тамгын газрын дарга нь Ц.Шаравдорж гуай. Хуучны буурьтай, аливааг том зургаар хардаг, төлөвлөдөг байсан дарга нарын нэг. УИХ-ын Тамгын газар бол миний хувьд нягтлангаас нь авхуулаад Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга хүртэл олон жил ажиллаж, их ч юм сурсан газар. Олон ч чадалтай дарга нартай ажилласан даа.

- Таны намтрыг харахад карьерын маш сайн түүх уншигддаг. УИХ-ын Тамгын газрын нягтлан бодогчоос төрийн албаны карьераа эхлүүлсэн нь танд ямар нэгэн давуу талыг бий болгосон уу?

-УИХ  хууль тогтоох дээд байгууллага. Тэр хэрээр өндөр шалгууртай, мэдлэг шаарддаг, шандас сорьдог газар. Энэ л надад бий болсон давуу тал байх.

-Та УИХ-ын Захиргаа, санхүү, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад ХЗДХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар очсон байдаг. Төрийн албаны мерит зарчмаар бол хууль тогтоох дээд байгууллагаас гүйцэтгэх засаглал руу шилжсэн буюу тушаал буурсан гэсэн үг. Таны өөрийн сонголт байв уу?

-УИХ-ын Тамгын газарт Захиргаа, санхүү, хүний нөөцийн хэлтсийн дарга хүртэл ажилласан. Их ч туршлага хуримтлуулсан. Гүйцэтгэх засаглалд ажиллаж үзэхсэн гэдэг бодол байсан. Гэхдээ би хүсээд л, төлөвлөөд л ХЗДХЯ-нд орчихгүй. Надад тохиосон азтай үеүдийн нэг нь гэж боддог.  

2020 оны нэгдүгээр сарын 1-нд буюу дараагийн ээлжит УИХ-ын сонгууль болоход хагас жил үлдсэн  үе. Миний эрхэлж байсан ажил УИХ-ын Захиргаа, санхүү, хүний нөөцийн хэлтэс. Ажлаа цогцоор нь хийхэд надад дутагдаад, өөрөө өөрийгөө чамлаад байсан юм нь хүний нөөцийн удирдлага. Яаж төрийн албаны боловсон хүчнүүдийг чадавхижуулах вэ, Сингапур улс энэ тал дээр үлгэр дуурайл авахуйц улс гэгддэг учраас энэ чиглэлээр богино хугацаанд мэргэжил дээшлүүлэхээр Сингапурыг зорьсон. Гэтэл нэгдүгээр сарын 23-нд дэлхий нийтээрээ ковид дэгдчихсэн юм. Ингээд арга буюу буцаж ирсэн. Сингапурын нэг ч хөтөлбөр онлайн байдаггүй байсан. Хөтөлбөр цахим болох хүртэл хүлээхдээ  өмнө нь эдэлж байгаагүй амралтаа эдэлсэн дээ. Ер нь олон жил ажиллахдаа ээлжийн амралт бүү хэл жирэмсний амралт авч үзээгүй байсан юм билээ. Ер нь ч өөрийгөө зовоодог төрлийн хүн л дээ /инээв/.

Бид нийслэлийг хуулийн хүрээнд, зарчмын дагуу, эзний сэтгэлээр удирдаж байна

-Таныг  зарим нь эмэгтэй Нямбаатар гэцгээх юм билээ. Үүнийг магтаал гэх үү, шүүмжлэл гэж үзэх үү?

-Таны амнаас л анх удаа сонсож байна /инээв/. Заавал хэн нэгэнд хамаатуулж,  шошго наах нь манайхны гэм биш зан байх аа.

Яах вэ, манай дарга нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад анхан шатнаас нь авхуулаад ажилласан.  Тэр хэрээр иргэдийнхээ амьдралыг гүнээс нь ойлгож, мэдэрдэг, ажил хийвэл дуусгадаг зүтгүүр маягийн хүн. Дээр нь нас  ойролцоо гээд ижил талууд бий л дээ. Ер нь ч аливаа ажилд махруу ханддаг нь бидний үеийнхний онцлог байх шүү.

- Х.Нямбаатар даргын багийг хотыг дарангуйллаар удирдаж байна гэж шүүмжлэх нь бий. Зөвшөөрөлгүй барьсан барилга байшинг нураахаас авхуулаад Урт цагааныг чөлөөлсөн, Акуа гардены асуудал гээд үнэхээр ч захиргааны аргаар асуудлыг шийдэж байгаа кэйсүүд цөөнгүй байна л даа. Хууль хүчний байгууллагад ажиллаж байсан хүмүүсээс гарч буй удирдлагын арга барил, харизм уу эсвэл шударга сайн төрийн түшээдийн хийх ёстой ажил гэж ойлгох уу?   

-Нийслэлийн өмч хөрөнгө эзэнтэй байх ёстой биз дээ. Товчхондоо бид төрийн өмчийг бүртгэж, эзний сэтгэлээр хандсан. Энэ нь зарим эрх ашиг нь хөндөгдөж буй хүмүүст дарангуйлал мэт харагдаж байгаа байх.

- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга болоод таны хийсэн хамгийн том ажил бол нийслэлийн эзэнгүйдсэн өмчийг богино хугацаандаа бүртгэлжүүлж, нэгдсэн системтэй болгосон, нийслэлийн хөрөнгө оруулалтын ажлуудыг нэгдсэн санхүүгийн программд оруулж эмхэлсэн явдал гэдэг. Та үүнийг хэлээд байна уу?

- Нийслэл гэх их айл чамлахааргүй өмчтэй. Гэвч бүртгэл нь цаасан дээр буюу хуучны тогтолцоогоороо байсныг өөрчилж, цахим программ нэвтрүүлснээр өмнө нь хэн нэгэн хүний ширээний шургуулганд  байсан цаас ил, тодорхой,  багц болсон.  Нийслэл хот хаана ямар хөрөнгөтэй юм, хэн, хэрхэн ашигладаг, эдийн засгийн хувьд ашигтай, алдагдалтай байна уу гэдэг нь  тодорхой  болж байгаа юм л даа. Хөрөнгөө бүртгээд ирэхээр  ард нь  хэн байдаг тухай асуудал хөндөгдөж эхэлсэн гэсэн үг. Урт цагаан, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хатанбаатарын эмнэлэг, эмийн үйлдвэр гэх олон кэйсүүдийг дурдаж болно. Менежементийн хувьчлал нэрийн дор аваад хувийн мэт ашигладаг, эргээд нийслэлтэй буюу түрээслэгчтэйгээ  харилцаагүй гэх мэт эргэж харах асуудлууд цөөнгүй гарч ирсэн. Цаашилбал түрээсийн асуудал ч босож ирж байна.  

Өнгөрсөн 2023 он гэхэд нийслэлийн өмчөөс түрээсийн орлого 700 сая төгрөг бүрдүүлж байсан бол энэ онд 3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Энэ мэт нарийн нарийн асуудлууд бий. Тэр болгоныг энд тоочоод байх нь хаашаа юм. Ямартай ч нийслэлийн хөрөнгийн менежмент шинэ шатанд гарсан. Зарим эрх ашиг нь хөндөгдөж буй хүмүүст дарангуйлал мэт харагдаж байгаа биз ээ. Бид нийслэлийг дарангуйллаар биш хуулийн хүрээнд, зарчмын дагуу, шинэ менежментээр удирдаж байгаа гэж ам бардам хэлэх байна.

Ер нь Нямбаатар дарга аливаа ажлыг чадах чинээгээрээ тултал нь хийдэг, очсон газартаа өөрчлөлт, ахиц, дэвшил гаргахсан гэдэг философитой хүн. Энэ нийгмийг өөрчлөх, хөгжүүлэх хүмүүсийнх нэг хэсэг нь бид гэж ажилдаа ханддаг. Легасигээ үлдээнэ гэж ярьдаг даа. Ийм хүний удирдлагад нэг баг болж ажиллаж байгаа бид ч гэсэн ийм зарчим, хандлагатай болсон.

-Легаси үлдээнэ! Гоё сонсогдож байна. Х.Нямбаатар даргын багийнхны хууль зүйн салбарт үлдээсэн легаси юу юм бол?

Хийсэн ажлаа яривал өөрсдийгөө магтсан болно. Хууль зүйн салбарынхнаас нь асуувал хамгийн сайн хариултыг өгнө байх. Ам бардам хэлэх ажлууд бий. Хууль зүйн салбарт хийсэн цахим шилжилт, цахим гарын үсэг, гадаад паспортын шинэчлэл, E-gate гарц гэх мэт бодлогын түвшний шинэчлэлийн чанартай ажлуудаа дурдаж болно. Цаашилбал олон жил ойлгомжгүй бүтцээсээ болоод хийдээд орхигдчихсон Архивын ерөнхий газрын бүртгэлээс авхуулаад барилга байшин хүртэлх цогц шинэчлэл гээд яриад байвал нэлээн урт яриа болно.

-Таныг мэргэшсэн төрийн албан хаагч, тэр  тусмаа санхүүгээр мэргэшсэн төрийн албан хаагч гэж ойр тойрныхон чинь үнэлдэг юм билээ. Гэвч та энэ өдрүүдэд улс төрийн албан тушаал хашиж байна. Орон нутгийн сонгуульд нэр дэвшихээ ч мэдэгдчихлээ. Магадгүй Х.Нямбаатар дарга өнөөгийн улс төрд хүчирхэг байр сууринд байгаа учраас дагаад таны карьер хурдтай өсөж байна гэж дүгнэж болох уу?

-Төрийн албаны мерит зарчмаараа бол миний кэйсийг тушаал буурсан гэж үзнэ. Гэхдээ би Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга болмооргүй байсан юм.  Хотын орлогч дарга болохыг хүсээгүй байхад намайг томилсон гэж хэлэхгүй. Х.Нямбаатар даргын удирдлагад ажилласан цагаас хойш ямагт итгэл хүлээлгэж ажил даалгаж ирсэн дадлаараа өөрийнх нь багт орж ажиллахыг санал болгосон. Баг гэдэг нь УИХ-ын гишүүн П.Сайнзориг бид хоёр л доо. Төрийн албанд ажиллаж байсан хүмүүсээр багаа бүрдүүлье гэж бодсон байж болох юм. Энэ нь цаг хугацааны захиалга ч юм билүү. Нэгдүгээр орлогч Н.Мандуул ч өмнө нь төрийн албанд ажиллаж байсан.

Х.Нямбаатар дарга өнөөгийн улс төрд хүчирхэг байр сууринд байгаа учраас гэж та онцлон асууж байна. Орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр болсон нь ёстой цагийн тохироо, хувь заяа нь ингээд таарчихлаа гэдэг дээ. Ухрах, халшрах юм алга. Үзээд алдана. Дуртай, дургүй эсвэл би хүссэн, хүсээгүй гэж ямар нэг хувийн сэтгэгдэл хэлмээргүй байна. Харин Нийслэлийн Засаг даргын  Тамгын газрын даргын ажлыг аваад би яг зөв газраа ирсэн юм байна гэж бодсон шүү.

-Яагаад?

-/Бодолхийлэв/. Би нэг тийм сонин хүн. Яг нэг хүн дутаад байгаа газарт л очиж ажиллах дуртай гэх үү дээ. Хүний сэтгэл, зүтгэл дутсан газар гээд хэлчихвэл дэвэргэн сонсогдох л байх даа. Гэхдээ үнэн нь энэ...

Ер нь төрийн ажлыг хийхэд жаахан сэтгэл, зүтгэл гаргахад аливаа асуудлын шийдэл, гаргалгаа  байж байдаг. Зарим талаар ажлын ачааллаасаа болоод орхигдож, хийдэгддэг тал ч байдаг байх. Тэр бүхэнд хүрч, хүртээж ажиллахсан гэж хичээж ирлээ.

Дөрвөн хүүхдээ төрүүлэхдээ дикрит авч үзээгүй нь үнэн

-Эрхэмлэж явдаг үнэт зүйл, баримталдаг зарчим тань юу вэ? Ер нь амьдралд юу хамгийн чухал вэ?  

- Элэг бүтэн амьдрах хамгийн эрхэм, чухал нь. /уйлав/. Аав маань 37-тойдоо өөд болж ээж маань цэл залуу 29-тэйдээ олон хүүхэдтэй бэлэвсэрч хоцорсон юм. Нийгмийн шилжилтийн үе байсан. Ээж маань ч зүтгэсэн, бид ч хичээсэн. Өнчин өрөөсөн өссөн болоод ч тэр үү  амархан уйлчихдаг, өр өмөрчихсөн явдаг “хэцүү” зантай. Хаана ядарсан, ганцаардсан, зовсон хүмүүс байна тэнд хүрч ажиллахыг зорьж ирсэн маань ч үүнтэй холбоотой байх.

Чадалтай, чансаатай хүмүүс болдог юм аа. Нийгмийн цөөнх, эмзэг бүлгийнхэнд илүү анхаарч ажиллах нь, тэднийг энэрч туслах нь хүний хамгийн эрхэм чанар гэж бодож явдаг даа.

Ажилдаа баримталдаг зарчим маань төрийн ажлыг чин сэтгэлээсээ хийх, бусдад итгэл хүлээлгэж багаар ажиллахыг эрхэмлэдэг.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Илүү дэлгэрүүлж ярихыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл хүүхдүүд маань эхнээсээ өсвөр насаа туулж байна. Бие хүн болж төлөвшиж байна. Тэдэнд амьдрах орчин, орон зай гэж байх ёстой. Ээж нь улс төрч гээд бүгдийг нь дэлгэх шаардлагагүй гэж бодож байна.

-Та жирэмсний амралт ч бараг авч үзээгүй гэсэн. Хэдий завандаа дөрвөн хүүхэд төрүүлээд “Алдарт эх” болчихов оо. Төрийн ажлын ачаалал, ар гэр, үр хүүхэддээ гаргах цаг заваа хэрхэн зохицуулж байна вэ?

-Дөрвөн хүүхдээ төрүүлэхдээ дикрит авч үзээгүй нь үнэн. Маш сайн асрагч охин бий. Нөхөр маань ч халамжтай  хүн учраас нэг их түүртэхгүйгээр хүүхдүүдээ өсгөсөн. Би ажилсаг гэхээс илүү миний ажил, мэргэжлийн онцлог юм. Хэн нэгэн орлож хийнэ гэсэн ойлголт байдаггүй. Том төсөл, чухал ажил хариуцаад авчихсан үед урт хугацаагаар явчихаж үнэхээр болдоггүй. Нөгөө талаас хариуцсан ажлынхаа ард гарах гэж зүтгэдэг зан маань бас ажлын хэнхэгтэй болгосон байж болно л доо. Гэхдээ дөрвөн хүүхэддээ сайн ээж, гэрийн сайн эзэгтэй байхыг хичээдэг.

- Хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс л дикрит ч авч үзээгүй гэдгээс төрийн албаныхан бол эсрэгээрээ ханатлаа амардаг байх гэж боддог байлаа. Та үнэхээр workaholic төрлийн хэт ажил хэрэгч хүн бололтой. Хаанаас эхтэй зан чанар юм бол? 

-Хүний зан чанар, төлөвшил удмынх эсвэл бага насны төлөвшлөөс шууд хамаатай байдаг байх. Эмээ маань бусдад тустай, өрөвч, нинжин байхыг үлгэрлэсэн байх. Багадаа ааваасаа өнчирч хоцорсон нь хөдөлмөрч,  болгож төлөвшүүлсэн болов уу.

-Санхүүч хүнээс мөнгөний талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Та хэр баян хүн бэ? Мөнгөнд яаж ханддаг вэ?

-Би 400 мянган төгрөгийн цалинтай ажил хийж байхдаа ч хүргээд амьдардаг байсан. Мөнгийг хүргэж амьдарна гэж нэг юм бий. Баян бизнесмэн шиг  амьдрах шаардлагагүй, хэр хэмжээндээ сэтгэл ханаж амьдрах ёстой гэж боддог. Өөртөө бол хангалттай баян хүн.

Цаг зав гаргаж илэн далангүй ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Ярилцсан М.Уранчимэг

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр уучлал гуйхгүй бол хуулийн байгууллагад хандана

10 цаг 39 мин

Ерөнхийлөгч дахин хориг тавих эрсдэлтэй 2025 оны төсвөөс онцлох 10

16 цаг 1 мин

Гурвыг цогцоор буюу “Чайна энержи”-гийн тавьсан санал

17 цаг 0 мин

Мухар төмөр зам мухардлаас гарах уу?

Уржигдар 09 цаг 44 мин

МАН-ын томчуудын зодоон төсвийн хоригоор үргэлжилж байна

2024-11-29

Б.Баярбаатар: 2025 оны төсвийн цагалбарт өөрчлөлт оруулж байж гацаанаас гарна

2024-11-29

Мөнхийн залуу Э.Одгэрэлийн 57 насны гялбаа

2024-11-27

Бага ангийн сурагчдын амралт 12-р сарын 23-наас эхэлнэ

2024-11-27

O COUTURE брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер Д.Отгонжаргал Алтангадас одон хүртлээ

2024-11-26

Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүндлэхээс эхэлнэ

2024-11-25

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2024-11-25

Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улсын ондоошлын илэрхийлэл

2024-11-25

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан Ц.Цогзолмаа Монгол Улсын Гавьяат Багш цолоор шагнууллаа

2024-11-25

“Гоёл" наадмын отгон топ моделиор А.Хулан тодорчээ

2024-11-25

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

2024-11-22

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав

2024-11-22

Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

2024-11-22

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

2024-11-21

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

2024-11-21

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

2024-11-20

Сурталчилгаа