Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын менежментийг Оросуудтай хамтарсан компани байгуулан 20 жилийн хугацаанд авч явах Засгийнгазрын тогтоолын төсөл өчигдрөөс шуугиан дэгдээлээ. Өдөр болгон шахуу гэнэтийн бэлэг барьж байдаг төр засагтай болсон энэ үед тэрхүүсенсаацийн утга учир, ул мөрийг ойлгох хурд хүч тэнцээгүй байж байтал сэвээд, сийгээд, шийдээд явчихдаг боллоо. Энэ ч сайн зүйл биш шүү.
Япончууд нь яасан юм гэсэн асуултад, аль хоёр жилийн өмнөөс Япон тал гарахыг хүссэн гэж Ц.Туваан сайд ярилцлагад дурджээ. Тэд хүссэн үү, бид шахсан уу мэдэхгүй.
Засгийн газраас оруулж ирж буй тэрхүү гэрээний төсөл илт нэг талд давуу байдал олгохоор байна гэж олон түмэн шүүмжилжээ. Тухайлбал, “Чингис хаан” цогцолборын дэд бүтцийг удирдаж ашиглана гэж байгаа юм. Энэ ч ерөөсөө бүхэлд нь хариуцна гэсэн үг биздээ. Алив маргаан гарвал ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын шүүх шийднэ. Өөрөөр хэлбэл олон улсын эрх зүйн зохицуулалтаас ангид байх нь. Манайхны дарга нарын тайлбар ОХУ-тай ийнхүү хамтарснаар одоо авч буй түлшний үнэ бууж, нислэгийн зардал зад хямдарч, ард түмэн төсөр сайхан нисэн буудаг болно гэж. Гэтэл ямар зардлаар бид Газрын тосны боловсруулах үйлдвэр барьж байгуулж буй билээ. Төрийн нэгдсэн, залгамж бодлого хаана байна. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэг дээ. Ирээдүйд ямар үр дагавар авчрах вэ гэдгийг гол нь бодох ёстой. Болхи атлаа амьдралд ойр жишээ төсөөлье. Нэг айлын аав заавал хөршийн Дорж ахынхтай л хамтарсан компани байгуулна гэв. Гадаад, дотоодод сурч, сайн боловсрол эзэмшсэн хүүхдүүд нь орчин үеийн арга барил санал болгоод цөхрөнө. Аав нь, миний аав, өвөө, өвөөгийн өвөөгийн үеэс ч найзалж нөхөрлөж, татах тамхиа хуваалцаж, дарийн утаан дунд туучиж явсан гэж зүтгээд болохгүй. За ингээд, аавынхаа сэтгэлийг бодоод хамтарлаа. Байхгүй, Дорж ах зөвхөн өөрийнхөөрөө байхыг шаардана. Гэр оронд нь орж ирээд суучлаа. Өнөөдөр ямар хоол идэх, ер нь хоолтой байх эсэхийг мэдэж эхэллээ. Хүүхдүүдийг найз нөхдөөс нь салгаж, гадаад дотоод явуулахгүй. Тэр байтугай ач зээ нарынх нь сургууль боловсролыг зааж эхлэв. Энэ айлд хүүхдүүдийн санал бодол, хүсэл зориг ч гэж байхгүй болов. Үг сөрвөл нударга.
Нисэхийн зурвасаа нэг улстай давуу эрх үүсгэсэн гэрээгээр хуваалцан ажиллуулах бол шинжлэх ухаанч, дипломат, амьдралын хар гээд бүх ухаанаар бодсон зөв зүйл биш. Бүр гуравдагч биш хоёрдогч хөрштэй шүү. Олон нийт маш олон янзаар их шүүмжилж, бага дэмжиж байна. Элдэв дайн майн гэж сүржигнэхээ больё. Гэхдээ ирээдүй бол мэдээллийн дайн. Одоо ч өрнөж буй. Ийм үед үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой салбар, олон улсын агаарын тээвэртэй холбоотой талбараа нэг улсад найр тавин эрх мэдлийг атгуулах гэж байна. Энд бүх төрлийн технологийн шийдэл, автоматжуулалт явагдана. Нутаг дэвсгэр дээгүүр хэзээ хаанахын ямар онгоц дайран өнгөрөх, буух суух. Манайд хэн ирэх, буух, буугаад мордох бараг юу ярих, яаж аашлах, бүгд ил болно. Юу идэж уухыг ч хянах боломжтой. Тагнуул, гааль цагдаа, шалганы бүх мэдээлэл холбогдоно. Цааш нь дурдах уу, яах уу. Ёстой л тусгаар улс гэхэд хэцүү болох биш үү. Аажмаар алдагдах бус уу. Энэ бүхнийг сүржигнэж, хэнээрхлээ гэхгүй гэж найдъя.
Хүн төрөлхтөн энэ хүртэл амьд үлдэхийн амьдрахуйн, оршин тогтнохын, эзлэн түрэмгийлэх, баялгийн, газар нутгийн, эрх мэдлийн, мэдээллийн, сансар огторгуйн төлөөх гээд бүх дайныг хийж ирсэн. Одоо ч үргэлжилж байна. Дэлхийн ямар ч улс, ялангуяа том гүрнүүд хөршүүддээ, бусаддаа төрөл бүрийн бодлого тулгадаг. Түүнд нэрвэгдэх үү, аялдан дагалдах уу, мэргэдийн мэргэн ухаанаар мултрах уу, төрийн зөв бодлогоор жолоодох уу, зальдах уу, хавсрах уу энэ бол тухайн цаг үеийн улс орны удирдагчдын ухаан цэлмэгээс түмэнтээ шалтгаалдаг. Хувь заяаг эргүүлдэг.
1990 оноос хойшхи ардчилал, зах зээлийн замд хөршүүд янз бүрийн л бодлого тулгасан. Таван толгой болон стратегийн ордууд, түлш шатахуун, эрчим хүчний чиглэлд олон янзын бодлогыг ОХУ бидэнд тулгаж ирсэн. Улс төр, дипломатын уран арга, харилцааны байдал, соёл тэр бүрийд шаардагдаж ирсэн. Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 27 дахь Ерөнхий сайд С. Баяр бүгд л энэ замыг туулж, тэр зовлонтой учирсан. Тэд өөрсдөө ч сайн боловсролтой. Ялангуяа Оросуудаасаа илүү шахуу орос сэтгэхүйтэй, соёл, хэлтэй удирдагчид байв. Тэд Михайлаасаа хэд илүү Михайлын бодол бодож ирснийг үгүйсгэх аргагүй. Хэтрүүлэг ч болохгүй биз.
Монгол парламентийн засаглалтай орон. Нийт ард түмнээс сонгогдсон төлөөллийн энэ танхим Монголын ардчиллыг олонтаа хамгаалж ирсэн. Одоо ч тэр үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэж найдаж байна. Л.Оюун-Эрдэнэ асуудлаа оруулж хэлэлцүүлнэ. Итгэл найдвар энэ танхимд үлдлээ. Одоогийн ҮАБ-ын Зөвлөлийн гурван гишүүн хэр нэгдмэл буй, Монгол төрийн ямар хар хайрцагны бодлого хадгалагдан яваа гээд олон зүйл уншигдахаар байна. Тэд түүхэнд хэрхэн бичигдэн үлдэх гээд их л олон сорилт цаашид ч тулгарна. Магадгүй парламентийн шинэ дарга Д.Амарбаясгалангийн хамгийн эхний том даваа, танхимаа хэрхэн удирдаж гарах ур ухаан харагдана.
Сэтгүүлч Бибишийн Оюун-Эрдэнэ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS