Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Монголын баялгийг бүхэлд нь “баздаг” төрийн өмчит “Эрдэнэс Монгол” гэж компани бий. Стратегийн ордуудыг эзэмшин, баялгийн сан босгож, ард олноо гар газар, хөл хөсөр амирлуулах зорилго бүхий энэ компани 2007 онд байгуулагдсанаасаа хойш статусаа тогтоох гэж мөн ч олон хуулийн нүүр үзэж, ажлын хэсгийг ардаа хийж, бүтэц бүрэлдүүлж ирэв. Захирал даргын тоо ч замаа алдсан. Одооноос харин овоо тогтворшин, зорилго стратеги нь тогтож, Үндэсний баялгийн сангийн дор алсын хараа нь хараачлагдах болсон. Бүтэц бүрэлдэхүүн ч нүсэр. 31 охинтой. Цаашид стратегийн 39 орд хамаарваас тэр хэрээр өргөжин тэлнэ.
Эрдэнэс Монгол уул уурхайн төрийн өмчит компаниудыг баздаг. Тэгвэл уул уурхайгаас бусад бүр тодруулбал эрчим хүчний төрийн өмчит компаниудыг базах бүтэц бас хэрэгтэй гэж манай төр үзжээ. “Эрчист Монгол” хэмээх төрийн өмчит компани дөнгөж төрөөд байна.
ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Н.Учралын автораар төрж буй тус нэгдэл эгнээндээ 44 компанийг нэгтгэж буй.
Хэрэг эрхлэхийн дарга болгон айхтар том төслүүдийн автор болох амбиц, “моод” дэлгэрч байна уу даа гэж харж болохоор. Өмнөх ЗГХЭГ-ын дарга, одоогийн спикер Д.Амарбаясгалан Хөдөөгийн сэргэлт-Шинэ хоршоо хөдөлгөөнөөр мөрөө үлдээсэн. Гарах үр дүн, эдийн засгийн өгөөж, эзнээ олсон бодлого болсон эсэхийн зөв мэргэн удахгүй ялгарч, тодрох биз ээ. Н.Учралын Эрчист ч тэр.
Нэгдлийг УИХ-ын гишүүн асан “шарк” Г.Амартүвшин удирдана. ТУЗ-өө ч батлаад авсан.
ТУЗ-ийг Н.Учрал сайдын гарын хүн, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Батцэцэг даргалах бол ТУЗ-ийн гишүүдээр Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий, Эдийн засаг хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны нэгдсэн бодлогын газрын дарга П.Чандмань, Зам тээврийн яам, ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага, зохицууулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нар томилогджээ. Эдэн дээр Засгийн газрын хараат бус гурван гишүүн мөн нэмэгдэнэ.
Нэгдэлд бүх станцууд, уурхайнууд, орон нутгийн төрийн өмчит компаниуд багтана. Хамгийн сонирхолтой нь мөнөөх “Эрдэнэс Монгол ” ХХК-д багтдаг компаниуд мөн бас орж байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл Эрчистийн статус тодорхойгүй байна. Дээр өгүүлсэнчлэн төрийн өмчит толгой компани хэлбэршин тогттолоо хэдий хугацаа шаардахыг таашгүй.
“Эрчист Монгол” хэрхэн санхүүжих вэ. Хөндөгдөх ёстой гол асуудал энэ. Засгийн зүгээс дээрх охин компаниудынхаа орлогын НЭГ хувиар санхүүжнэ гэсэн мэдээллийг өгч буй. Гэтэл жишээ нь эдний бүрэлдэхүүнд багтах “ Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэг жилийн орлого гэхэд толгой эргэм тоо гарна. Энэ өнцгөөр бодвол улсаасаа баян компани төрж байж ч болох.
Зарим УИХ-ын гишүүд болон мэргэжилтнүүдийн зүгээс эрчим хүчний реформынхоо эсрэг явчихлаа гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Харин Н.Учрал сайд эсрэгээрээ улам бүр төрийн өмчийг хэмнэж, хямгадаж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Либералчилж хэмнэх юм уу, томруулж хэмнэх юм уу, тодорхойгүй өнөө цагийн өнгө юм уу даа. Хэнийх нь зөв байсныг ирэх өдрүүд харуулна.
Сэтгүүлч О.Зөөлөн
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS