Анхны хурлаа “бойкотлуулсан” Б.Түвшин суудалдаа тогтож үлдэх үү
Арван сарын турш дуншсан АН-ын Бүлгийн дарга өнгөрсөн долоо хоногт /2026.10.12/ дуулиан шуугиантай томилогдсон. Бүлгийн даргад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдсөнөөс 24 хүний саналаар Б.Түвшин саналын тоогоор илүүрхэж сонгогдсон билээ.
Тэгвэл өчигдөр АН-ын бүлгийн хуралдаан 10 цагт товлогдсон хэдий ч ирц бүрдээгүйн улмаас хойшилсон байна. Тэрбээр энэ долоо хоногт Бүлгийн анхны хурлаа хийх гэсэн боловч хурлынх нь ирц бүрдэхгүй, зарим фракц нь шинэ даргаа хүлээн зөвшөөрөхгүй, бойкотлож эхэлжээ. Ийн хэрүүл, талцал дундаас Бүлгийн даргаар томилогдсон Б.Түвшин “бүлгээ ч хуралдуулах чадамжгүй” гэх шүүмжлэл, “шуум” яриа ордны тамхины цэгээс авахуулаад өрөө, өрөөнд яригдах болов.
Бүлгийн даргын сонгуулиас эхлэн тэрээр эрх баригч намын буюу бүр тодруулбал Ерөнхийлөгчийн талын “сүүдрийн” хүн гэгдэх болсон. Учир нь түүний дэмжигчдийн дийлэнхи нь Ерөнхийлөгчийн талынхан. Өөрөөр хэлбэл, АПУ угшилтай Б.Түвшинг С.Баярцогтын “Монде” нэгдэл болон “Ардчилсан сэргэлт холбоо”-ныхон түүний дэмжигчид. Эл холбоонд АПУ-гийн П.Батчимэг, “Бидон” Д.Ганбат, Дав.Цогтбаатар, О.Амгаланбаатар, Д.Жаргалсайхан, Ц.Жаргалсайхан, Д.Энхтуяа, Ц.Баатархүү, А.Ганбаатар, Х.Болормаа тэргүүтэй гишүүд байгаа юм. Товчхондоо, “АН дахь Ерөнхийлөгчийн жигүүрийнхэн”, “Элсний 13” гэхчлэн нэршил үүссэн нь нууц биш.
Харин түүнийг бойкотлож байгаа фракцынхан мэдээж Женкогийн талынхан. Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрыг татан унагах чин хүсэлтэй нөхдүүд. Хүслээ гүйцээхийн тулд фракцаасаа Х.Тэмүүжинг нэр дэвшүүлсэн хэдий ч Бүлгийн гишүүдийн дэмжлэг авч чадалгүй унасан. Улмаар Б.Түвшинг бойкотлож бүлгийн хуралдаандаа оролцохгүй байгаа нь энэ.
Хөрөнгөтэй л болохоос биш нам дотроо нэр хүнд тааруу, улс төрийн харизмгүй Б.Түвшин дарга бүлгийн гишүүдээ хэрхэн нэгтгэж, суудалдаа удаан тогтож чадах уу гэдэг асуулт анхаарал татаж эхэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.