О.Цогтгэрэл “шал арчиж”, АН дахь МАН-ын БЭТ-үүд үүргээ гүйцэтгэж эхлэх үү

О.Цогтгэрэл “шал арчиж”, АН дахь МАН-ын БЭТ-үүд үүргээ гүйцэтгэж эхлэх үү

“Б.Түвшин ялбал Засгийн газартай  хамтарна, Х.Тэмүүжин ялбал Засгийн газрыг “бойкот”-лоно” гэдэг анализийг бид хүргэсэн.

Ардчилсан намын бүлгийн даргын сонгууль бол зүгээр нэг албан тушаалын төлөөх өрсөлдөөн биш байлаа. Тэдний өрсөлдөөний цаана одоо намын дотоод хүчний харьцаа, хэний улс төрийн нөлөө хүчтэй байх, АН Засгийн газартай ямар байр сууринаас харилцах, сөрөг хүчний бүлэг бие даасан шийдвэр гаргаж чадах эсэх, парламент дахь хүчний харьцаа өөрчлөгдөх зэрэг маш чухал асуудлууд үүсэх юм.

Иймд, АН дахь улс төрийн дараагийн өрнөлүүд ихээхэн чухал.

Нэгдүгээрт, АН-ын дотоод хуваагдал бодлогын зөрүү болон илрэх үү?

АН-ын хувьд одоо тулгарч буй сорилт нь Бүлгийн даргын сонголтын дараах саналын зөрүүг намын нэгдсэн бодлого болгон зангидаж чадах эсэх юм. Учир нь, АН-ын бүлгийн даргын сонгууль дууссан ч улс төрийн дотоод тэмцэл, хүчний харьцааны асуудал эцэслэгдчихээгүй. Б.Түвшин бүлгийн даргаар сонгогдсоноор түүнд бүлгийн гишүүдийг нэг бодлогоор зангидах, сөрөг хүчний хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, намын дотоод зөрүүг зохицуулах хариуцлага ирж байна.

●     АН Засгийн газрын бодлогыг асуудал бүрээр нь үнэлж, үндэслэлтэй шүүмжлэл тавьж чадах уу

●     Нам доторх саналын зөрүү нь бүлгийн үйл ажиллагаанд үргэлжлэн нөлөөлөх үү

●     О.Цогтгэрэл, Б.Түвшин нар гар нийлж, улстөрийн нэгдсэн чиглэл баримтлах уу

Хоёр хуваагдсан бүлгийн гишүүдийн байр суурь бодлогын асуудал бүрээр зөрвөл парламент дахь сөрөг хүчний үйл ажиллагаа нэгдмэл байх эсэх нь өөрөө эргэлзээнд орно.

Хоёрдугаарт, Н.Учралын Засгийн газарт ямар өөрчлөлт гарах вэ?

Засгийн газрыг огцруулах асуудал бодитоор яригдах эсэх нь зөвхөн АН-ын дотоод шийдвэрээр бус, парламент дахь бусад хүчний байр суурь, холбогдох хууль, журмаас хамаарна.

Х.Тэмүүжинг Засгийн газрыг бойкотлох, улстөрийн шахалт үзүүлэх О.Цогтгэрэл нарын гишүүд дэмжсэн. Б.Түвшинг Засгийн газартай нэг хөнжилд орж ч мэдэх АН дахь Ерөнхийлөгчийн жигүүрийнхэн дэмжсэн. Өөрөөр хэлбэл, тэдний зам дотроо хоёр салчихсан.

Институцийн түвшинд авч үзвэл, сөрөг хүчний бүлэг өөрийн байр суурийг бие даан тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих нь парламентын ардчиллын чухал зарчим юм. Энэ зарчим бодит амьдрал дээр хэр хэрэгжиж байгааг АН-ын дараагийн санал хураалт, улс төрийн шийдвэрүүд харуулна.

Гуравдугаарт, О.Цогтгэрэл “шал арчиж”, нөгөө хоёр нь  ерөнхийлөгчийн  сонгуулиар МАН-ын БЭТ-ийн үүрэг гүйцэтгэх үү?

АН өөрийн бодлогоор ажиллах уу, эсвэл улс төрийн бусад хүчний нөлөөний талбар болох уу. Бүр тодруулбал, АН-ын дарга О.Цогтгэрэл, АН-ын ЕНБД С.Баярцогт, Бүлгийн дарга Б.Түвшин нар бодлоо нэгтгэж, бодлогоо зангидаж дорвитойхон үзэж чадах уу. Энэ хоёр асуудал ээдрээтэй болчихлоо. Учир нь, О.Цогтгэрэл Х.Тэмүүжинг Бүлгийн дарга болгохын тулд С.Баярцогтын генсек болох хүслийг гүйцээх барьцаанд орж байсан. Бүлгийн даргаа бас алдчихлаа. Намдаа хүчгүй гэдгээ хоёронтоо мэдрэв.

Жингийн зөрүүтэй эл хамтрал Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл дээр л дүнгээ тавиулах юм. Одоогоор Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Ганбат гэсэн горилогчид дотоод сунгаандаа үзэхээр өөрсдийгөө зарласан. Хувьдаа тоглолтуудаа хийж буй. Ерөнхийлөгчийн сонгуульд ч нэгдсэн байр суурь, нэг зорилготой орно гэдэг өөрөө асар чухал цаг үе ирээд байна. 

Дүгнэлт

АН-ын бүлгийн даргын сонгуулийг шууд Засгийн газрын хувь заяаг шийдсэн үйл явдал гэж үзэхэд эрт. Одоо бодит өрнөл гурван түвшинд үргэлжилнэ. АН дотоод нэгдлээ хэрхэн хангах, Н.Учралын Засгийн газар парламент дахь дэмжлэгээ хэрхэн хадгалах, улс төрийн хүчнүүд хоорондын харилцаанд институцийн зарчим хэрхэн үйлчлэх вэ гэдэг асуудлууд. Эцсийн дүндээ бүлгийн даргын сонгуульд хэн ялсан нь дангаараа бус, тэрхүү сонгуулийн дараа ямар шийдвэр гаргаж, ямар байр суурь баримталж, ямар үр дүн үзүүлэх нь улс төрийн бодит нөхцөл байдлыг тодорхойлно.

П.БААТАР

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.