Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
ЖДҮ-ээс хэвлэлүүдтэй гэрээ хийж том мөнгө тараасан гэх дуулиан сошиалыг хэсэгтээ хөдөлгөх шинжтэй. Гэхдээ мөнгө мөртэй. Явсаар эзэн нь эхнээсээ тодорчихов бололтой. Шулуухан хэлэхэд “ах” намын сонгуулийн мөнгө босгох схем явсаар нэг хэсэг нь хэвлэлүүдийн дансаар гаргаж авсан гэх хардлага байсан. Хардлага ч батлагдчихлаа.
Ер нь бол аль ч цаг үед төрийн эрх барьж буй нам, улс төрийн хүчин сонгууль дөхүүлж байгаад нэг иймэрхүү байдлаар зардлаа босгодог бичигдээгүй хуультай. Чухам олонд ил тод болж байсан түүх бараг үгүй. Жиг жуг гарсан ч тэгсхийгээд намжчихдаг. Намууд ч, улстөрчид ч эрх ашиг, сонирхол, элдэв изм-ээрээ нэгдчихдэг болохоор тэр биз.
Энэ удаа мэдээллийг гаргаж шидсэн нь ч, чанга дуугарч сэвсэн нь ч шат дараатай, зохион байгуулалттай улс төрийн захиалгат “жүжиг” гэдэг нь анхнаасаа тодорхой байсан. Эхлээд шударга дүртэй нэг дарга гарч ирж ингэсэн, тэгсэн байна гээд ихэд жигшиж буй маягтай ярвайж ирээд хэд хэдэн хэвлэлийг нэр цохсон. Тэрийг нь бас нэг нөхөр өлгөж аваад шилэн данс ухтал ийм, тийм байна гэхчлэн тараагаад л...Бусад нь ч ичээсэй, шившиг гээд л давалгаалах жишээтэй. Яс юман дээр өнөөх шилэнг нь ухаад үзэхээр бүгд их, бага ямар нэгэн хэмжээгээр мөнгөний сүлжээнд “гинжлэгдчихсэн” байх жишээтэй. Бусдаасаа хамгийн чанга орилж байгаа нь бүр ч том мөнгөтэй холбогдчихсон ч байх шиг.
Хоёр хувилбар байж болно.
Хувилбар нэг: Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын зодоон. Угаас Л.Оюун-Эрдэнийн засаг ихдээ цагаан сарын дараа унана гэсэн прогноз орон нутгийн сонгуулийн өмнөөс дуулдаж эхэлсэн. Угаас анх бүрдэж байхад нь цэцгэн настай гэж байв. Манай Ерөнхий сайд засгийг нь оролдох бүрт ямар нэг бичиг цаас бүхий баримт гаргаж шиддэг зуршилтай. Амиа авч үлдэхийн тулд өөр яах ч юм. Энэ удаад намынх нь сонгуулийн төсвийг бүрдүүлсэн ЖДҮ сангийн гэрээг гаргаж шидэж байх жишээний. Нөгөө талд “шилэн” хэмээх Б.Цогтгэрэл Соёлын сайд Ч.Номинг “ухаж”, улалзуулсан нь санамсаргүй хэрэг яавч биш. Тэгэх тусмаа “шилэн” Цогоо хэзээ ч захиалга, төлөөсгүй пост хийдэггүй билээ. Өөрөөр хэлбэл Соёлын сайдаараа туг тахиж, шүд сугалах маягаар засгаа авч үлдэх “барбарис” төлөвлөгөөг Л.Оюун-Эрдэнэ цээжиндээ зурж яваа аж.
Л.Оюун-Эрдэнийн тулах хүч нь улс төрийн хүрээндээ хотын дарга Х.Нямбаатар. Х.Нямбаатарын гарт Нийслэлийн нам бий. Нийслэлийн нам, нийслэлийн сонгуулиа алдчих юм бол Л.Оюун-Эрдэнэ бүхнээ алдана гэсэн үг. Тийм ч учраас эцсийн хүчээ шавхаж орон нутгийн сонгуулиар Улаанбаатар хотыг МАНдуулж чадсан. Ханцуйн дотроо экс Ерөнхийлөгч “Женко” Х.Баттулгатай наймаалцсан гэсэн үг. Хэрэв Ардчилсан нам саяын орон нутгийн сонгуулиар хаа газрын лайвчин, шантаажчидыг нэр дэвшүүлээгүй бол хотыг цэнхэртүүлчих боломж бүрэн дүүрэн байсан. Гэвч Ардчилсан нам буюу “Женко” Х.Баттулга сайн дураар унаж өгсний цаана ямар наймаа, хэлцэл болсныг бид таашгүй. Мэдэж байгаа ганц зүйл гэвэл экс Ерөнхийлөгч хэзээ ч ашиггүй наймаа, хэлцэлд найр тавих нэгэн биш билээ.
Товчхондоо Л.Оюун-Эрдэнэ хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой болчихож байгаа юм. Нохойноосоо эртхэн шиг зам салсан нь ч МАН-д цаашилбал Монголын ард түмэнд ээлтэй байж болно.
Энэ агуулгаар рингний нөгөө тал дахь мөнхийн өрсөлдөгч Д.Амарбаясгалан номер нэгтэй хавсайдан засаг унагах зодоонд ханцуй шамалсан байж болох талтай. Энэ тохиолдолд Засаг цэцгэн байтугай ялааны настай болно. Эсрэг авах арга хэмжээ нь энэ мэт гэрээ сэлтийг намынхаа нэрийг дэнчинд тавиад олон нийтэд шидэж өгөх.
Хувилбар хоёр: Хоёр найзын талцал, зодооныг ашиглаж, мөрийг нь мөшгиж, мөнчгөрийг тоншиж, мөнгөний мөрөөр барьцаалж хүссэнээрээ байлгахыг хэн санаархах вэ. Мань хоёр бол Монголын номер хоёр, гурав нь. Тэднийг гаднаас, харийн орноос, хилийн чанадаас ингэх боломжгүй. “Зөвхөн Монголдоо” гэдэг улс төрийн энэ тоглолт бол манай улс төрийн тогооноос халихгүй.
Навч модноосоо хол унахгүй гэгчээр дээр нь сууж байгаа номер нэгийн санаа байхаас зайлахгүй гэх гаргалгаа.
Яагаад гэж үү. Яагаад гэвэл, Ерөнхийлөгч болохын тулд Ерөнхий сайдын албаа Л.Оюун-Эрдэнэд шилжүүлж байсан У.Хүрэлсүх нэгэн цагт “Том Ах”, “Сайн Ах” байсан бол одоо зүгээр нэг Улсын Ерөнхийлөгч буюу хатуухан хэлэхэд “шалдан ноён”.
Дүү нар нь улс төрийн цээнд хүрэх чинээгээр өрсөлдөгч нь болж өсөж томорсон. Гэтэл ах нь эрх мэдлээ үргэлжлүүлмээр байдаг. Хөрш орнуудыг харахаар В.Путин, Ши Жиньпин нар суудалдаа улирч болоод байдаг. Манайх болохоор ганц удаа зургаан жил суугаад баяртай гэдэг хуультай. Энэ л үүднээс өнгөрсөн УИХ-ын сонгуулиар У.Хүрэлсүх парламентад өөрийн фракцийг бүрдүүлэхийн тулд төрсөн дүүгээсээ эхлээд зөвлөх, туслах, ойрын шадруудаа хүртэл хуйгаар нь сонгуульд илгээсэн. Гарсан нь ч бий, унасан нь ч бий.
Үндсэн Хуулийн Цэц хүртэл “хөдлөөд” эхэлсэн. Цэцийнхэн өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр экспертүүдээс судалгаа авахдаа “Давхар дээл” байх хэрэгтэй юу, үгүй юу гэсэн” утгатай асуумж явуулсан нь үүний нэг нотолгоо. Цэц “Давхар дээл”-ийг дахин оролдоно гэдэг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн хувь заяа хэврэг тийшээ хэлтийнэ гэсэн үг.
Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль ч гэсэн үндсэндээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн угтал, бэлтгэлийг хангах ийм л сонгууль болсон. Жишээ нь, У.Хүрэлсүхийн, “Женко” Х.Баттулгын гээд фракцууд “зодолдсон”. Зохих бэлтгэлээ ч хангасан. Хөрсөө ч бэлдсэн. Гэхдээ одоо эрх мэдэлтэй байгаа давуу байдлаа ашиглаад үндэсний аюулгүй байдал, хурдтай өөрчлөгдөж буй дэлхийн геополитикоор шалтаглан үүнээс цааш явах газаргүй гэх утгатай мессэж өгөөд Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой өөрчлөлт оруулчих юм бол У.Хүрэлсүх 2027 онд Ерөнхийлөгчөөр улирахад гайхах юмгүй.
Угаас МАН-д түүнээс өөр сонголт байхгүй биз. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын нас бага, цус шингэн тул босго давахгүй. У.Хүрэлсүх харин тэднээр “шатрын хүү” шиг наадаж, хүслээ гүйцээхийн тулд шалтаг хэрэгтэй. Сонгуульд тараасан мөнгөний үнэрээр “мөшгиж”, мөндөл шиг нам цохих гэсэн нь энэ биз.
Нэг чулуу хөдлөхөд дагаад олон чулуу хөдөлдөг. Энэ ташрамд шат шатанд бие биеэ нухах гэсэн МАН-ынхан идэвхжиж, том, жижиг “зодоон” энд тэндгүй өрнөж буй бололтой. ЖДҮХС-ийн дарга Я.Эрдэнэсайханыг зайлуулаад оронд нь очих хүсэлтэй нөхдүүд ч том мөнгөний наад, цаадах зодоонд ханцуй шамлаж “зодолдоод” эхэлсэн маягтай. Сиймхийгээр нь энд тэнд шургах хүсэлтэй, албан тушаалын донтой нөхдүүд ч тэрийг нь өөртөө ашигтайгаар сэвээд эхэлсэн харагдана.
Үүнээс өөр гурав дахь, дөрөв дэх хувилбар ч бас гарч ирэхийг таашгүй. Ямартай энэхүү сэвэлт улс төрийн захиалгат “зодоон” бөгөөд хатгаас хийж, хонжоо хайж суугаа нь номер нэг болж таарч байгаа юм.
Ч.Ганга
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS