Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Монгол Улс дотооддоо бензин үйлдвэрлэдэг. Тэр нь импортоор оруулж ирж буй шатахууны 50-60 хувьтай тэнцэнэ. Бага тоо биш байгаа биз. Харамсалтай нь энэхүү “үндэсний үйлдвэрлэл” тэр чигээрээ хууль бус. 150 тонн бензин тутмын 50-60 тонн нь стандарт бус, чанаргүй, хуурамч байна гэсэн үг. Уг далд эдийн засгаас жилд 100 тэрбум төгрөгийн ашиг олдог байна. Эдгээр тоо баримт, тооцоо судалгаа бүгд аудитын болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалт, судалгаагаар тогтоогдсон юм. Тодруулбал, 2018 онд 48, 2019 онд 19, 2020 онд 66 хувиар тус тус импортоор авсан шатахуунаас борлуулсан шатахууны хэмжээ давсан гэдгийг аудитын тайланд дурдсан байдаг. Энэ нь керосин, нафтаг татваргүй оруулж ирээд чанар муутай шатахуун хийж борлуулж байгаа гэсэн үг.
Хуурамч шатахууны энэ том зах зээлийн гол тоглогч нь “Трафигура”. Хуурамч шатахуун үйлдвэрлэж, зах зээлд хууль бусаар нийлүүлсээр байгааг нь салбарынх нь мэргэжлийн холбоод мэдээлж, шүгэл үлээн, төрийн хяналтын болон мэргэжлийн байгууллагууд баталж, нотлочихоод байхад “Трафигура” уснаас хуурай гарсаар ирсэн нь гайхалтай! Үүний шалтгаан нь тус компани хилийн чанадад үндэстэн дамнасан корпорацын сүлжээтэй шигээ Монголд нам дамнасан бизнесийн бүлэглэл, далд эдийн засгийн схемтэй, хууль бус мөнгөний урсгалаас тэжээгддэг хүчирхэг сүлжээтэйнх.
Уг сүлжээний гишүүн улстөрчдийг өмнөх нийтлэлдээ зах зухаас нь дурдсан. Тэдгээр нэрс бол зөвхөн зах зух нь шүү. Уншигчдадаа хэлэхэд, тайван хүлээж байгаарай. Удахгүй “Трафигура”-гийн “Пентхаус”-аар зочлуулах болно. Тэнд та олны танил улстөрч, бизнесмэн, магадгүй зарим урлаг, соёлын алдартнуудтай ч нүүр тулах байх.
Харин одоо өмнөх нийтлэлд цухас дурдсан хуурамч шатахууны талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэе. Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
“Трафигура Монгол”, татваргүй керосин, нафтагийн давхцал
Авто бензин, дизелийн онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр онцгой албан татваргүй нефть-химийн бүтээгдэхүүний импорт нэмэгддэг зүй тогтол Монголд бий болоод уджээ. Тодруулбал, арван жилийн өмнөөс гэж хэлж болно. 2015 оны арваннэгдүгээр сараас Засгийн газраас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар импортолж буй автобензинд тонн тутамд 400,000 төгрөг, дизель түлшинд 520,000 төгрөг, Эрээнцав боомтоор импортолж буй автобензинд 270,000 төгрөг, дизель түлшинд 290,000 төгрөгт хүргэн тус тус нэмэгдүүлсэн. Онцгой албан татвар нэмэгдсэн үеэс буюу 2016 оноос эхлэн онцгой албан татваргүй нефть-химийн бүтээгдэхүүний импорт нэмэгдсэн байдаг. Тухайн онд импортоор орж ирсэн нефть-химийн бүтээгдэхүүнийг өмнөх онтой нь харьцуулахад керосины импорт 13.2 дахин, нафта 2.3 дахин өссөн байна. Хуурамч шатахуун хийхэд хамгийн ихээр хэрэглэгддэг түүхий эд нь керосин. Учир нь керосиныг дизель түлш хийхэд ашигладаг. Онцгой албан татваргүй керосиныг дотоодын хэрэглээнээс давсан хэмжээгээр импортолдгийн шалтгаан нь энэ . Онцлоход керосин, нафта зэрэг бүтээгдэхүүнийг онцгой албан татваргүй болгож, дотоодын хэрэглээнээс давсан хэмжээгээр импортолж эхэлсэн он цаг “Трафигура Монгол” компани байгуулагдсан үетэй давхцаж байгаа нь санамсаргүй хэрэг биш.
Агаарын бохирдол дахь авлигын хувь хэмжээ
Үйлдвэрлэлийн бус аргаар боловсруулсан шатахуун хүхрийн агууламж маш их байдаг учир байгаль орчин болоод хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг бөгөөд агаарын бохирдолд 20 хүртэл хувийг эзэлдэг байна. Шахмал түлшийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлснээр 2020 онд Улаанбаатарын агаар дахь тоосонцор, угаарын хий, азотын хийн хэмжээ буурсан атал хүхэрлэг хийн хэмжээ хоёр дахин өссөн үзүүлэлт гарчээ. Үүний шалтгааныг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал “Хүхэрлэг хийн агууламж өссөн нь Улаанбаатар хотын замаар явж байгаа автомашинуудын хэрэглэдэг шатахуунаас болсон. Учир нь зах зээлд борлуулагдаж буй шатахуун түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ стандартаас өндөр байгаа нь тогтоогдсон” хэмээн тайлбарлаж байв.
Энэ бол агаарын бохирдол дахь авлигын хувь хэмжээ гэсэн үг! Сүүлийн дөрөв, таван жил Улаанбаатарын агаар дахь хүхэрлэг хий эрс нэмэгдэж, зарим үед эвгүй үнэр нь хамар сэтлэх шахдаг болсон. Энэ нь муу нэртэй гэр хорооллын яндангаас биш авто машин, автобус унааны яндангаас гарч байсан байх нь. Хуурамч бензин, дизель түлшний утаа, хор уршгийг бид уушгиараа сорсоор, хордсоор яваа гэсэн үг. Нөгөө талд хуурамч шатахуун хэрэглэснээр авто машин, техник хэрэгсэл эвдэрч, эдэлгээ нь муудаж байгаа жишээ олон. Дөрвөн жилийн өмнө Багануурын уурхайн 40 машин хуурамч түлш, шатахуун хэрэглэсний улмаар эвдэрчээ. Тус уурхайн том экскаваторын форсунк нь эвдэрлээ гэхэд 15 мянган ам.доллараар засдаг. Иргэдийн хувийн авто машин хуурамч шатахууны улмаас эвдэрсэн тохиолдол энэ мэт хэдэн мянгаар тоологдоно. Ийнхүү иргэд, аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгө, машин техник, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсаар байхад хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хориглож чаддаггүй төртэй байна гэдэг гутамшиг гэхээс өөр юу гэх билээ!
Баригдсан хулгайчийн балмагдал
2018 оны зургадугаар сард хуурамч шатахуун зах зээлд нийлүүлэгдэж байгаа мэдээлэл олон нийтэд хүрч байв. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан болон салбарын төрийн бус байгууллагууд хамтран хоёр ч удаа ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийж, “Магнай трейд”, “М-Ойл”, “Зам зуур” зэрэг компаниудыг хуурамч шатахуун зардаг гэж зарласан юм. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас “Хуурамч шатахуун үйлвэрлэлийг зогсооно” гэж мэдэгдэж байв. Мөн Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооныхон Багахангай дүүрэгт байрладаг “Трафигура” компани хуурамч шатахуун үйлдвэрлэж байгааг зарлаж ч байсан юм. Тухайн үед шатахуунд шинжилгээ хийсэн лабораторийн ажилтнуудыг “Ажилгүй болгоно” гэж дарамталсан тохиолдол ч гарч байжээ. Энэ бол баригдсан хулгайчийн балмагдлаас өөр юу ч биш. Товчхондоо хуурамч шатахуун үйлдвэрлэж, зах зээл дээр борлуулж байгааг төрийн байгууллагууд ч, мэргэжлийн байгууллага, судлаачид ч тэртээ 10 жилийн өмнө хүлээн зөвшөөрсөн юм.
АМГТГ-ын дарга Б.Хэрлэн:
-Дотоодод хуурамч шатахууны үйлдвэрлэж байгаа эсэх асуудлаар тусгай ажлын хэсэг байгуулан ажилласан. Энд хоёр асуудал яригддаг. Хилийн гадна боловсруулсан хуурамч шатахуун орж ирдэг гэсэн яриа бий. Шалгалтаар ийм төрлийн зөрчил илрээгүй. Харин дагалдах бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд, энд холилт хийх замаар шатахуун хийсэн асуудал гарсан. Дээж авч шинжлэхэд стандартын бус байдал илэрсэн нь үнэн. Бид ажлын хэсгийн дүгнэлтээ УУХҮЯ-нд хүргүүлсэн.
2018 оны аравдугаар сарын 18. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр хийсэн тайлбар.
“Эко Ази” байгаль орчин, менежментийн сургуулийн багш, судлаач Ц.Мөнхбат:
-Газрын тосны импорт хийж буй аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах зорилгоор нефтийн анхан шатны бүтээгдэхүүнийг татваргүйгээр хилээр оруулж ирээд, мөн хольц буюу чанар сайжруулагч хэмээх октан өсгөгч бодисыг нэмэлтээр ашиглаж байгаа нь ажиглагдсан. Яагаад гэхээр, гаалиар орж ирж буй газрын тосны бүтээгдэхүүн, түүнийг орлох, чанарыг сайжруулах нэмэлт бүтээгдэхүүний импортын мэдээллийг нэгтгэж харахад, газрын тосны импортын хэмжээнээс борлуулалтын хэмжээ их байгаа юм. Үүний зөрүүнд хольц бүтээгдэхүүн ашиглаж байна гэж дүгнэж байгаа юм.
2018 оны наймдугаар сарын 22. www.news.mn сайтад өгсөн ярилцлагаас.
УИХ 2021 оны долдугаар сард Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн буюу нафта, алкипат болон керосинд онцгой албан татвар ногдуулахаар болсон. Гэвч уг заалтыг Үндсэн хуулийн Цэц 2023 оны зургадугаар сард түдгэлзүүлснийг УИХ хүлээн авсан юм. Ингэснээр хуурамч шатахууны түүхий эд нафта, керосин дахин онцгой албан татваргүйгээр хилээр нэвтрэх болоод байгаа билээ. Цэцийн энэ шийдвэрт “Трафигура Монгол” компани нөлөөлсөн гэж зарим хэвлэлд бичиж байв. Тийм байж болох уу?! Дараагийн нийтлэлээрээ танилцуулах “Трафигура”-гийн пентхауст энэ асуултын хариу бий.
Г.Ууганбаатар
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS