Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
“Хорвоод тэр угаас өвгөн төрсөн хүн” гэдэг шиг хорвоод тэр угаасаа дарга төржээ. Хорь, гучин жилийн өмнө дарга байсан, арван жилийн өмнө дарга байсан. Хоёр, гурван жилийн өмнө дарга л байсан. Одоо ч гэсэн дарга хэвээрээ. Дарга гэдэг нь овог нь ч юм шиг, нэр нь ч юм шиг. Гэтэл дарга маань даргын ажлаа даргын ажлаар солих гэж байгаа тухай баттай, баараггүй мэдээ дуулдлаа. Том дарга учир бүр том дарга болох нь тодорхой. Дарга маань дарга болохоороо бүр л дарга болох байх даа.
Хэний тухай яриад байгааг бараг таачихав уу? Тийм ээ тэр бол Болдын Цэнгэл дарга.
Тодруулбал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг “Эрдэнэс Монгол” компанийн даргаар томилох нь гэсэн “бор шувуу” шаргал ордон дотор босон суун жиргэж эхэлжээ. Олны яриа ортой, ордны “бор шувуу” зөнтэй. Б.Цэнгэл дарга тэгэхээр удахгүй буйр сэлгэж магадгүй бололтой.
Аливаа томилгоонд шалтаг, шалтгаан заавал байдаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын өндөр сэнтийнээс төрийн өмчит уул уурхайн компаниудын нэгдлийг бодлого, чиглэлээр хангадаг толгой, том компанийн захирлын шавдан руу шамдан зүтгэх шалтгаан Б.Цэнгэлд байгаа ажээ. Түүнээс биш аль нэг байгууллагын даргын ажлыг удаа-н хийхээр уйдаад дараагийн даргын ажил руугаа очиж байгаа гэж хэн ч хэлэхгүй байх.
Эхээс төрөхдөө дарга төрсөн шахуу Б.Цэнгэлийг хэний хэн бэ гэдгийг улс төр, бизнесийнхэн төдийгүй олон нийт аль хэдийнэ мэддэг болсон. Зарим хэл амтай нэг нь түүнийг Хүүкийн “Жунай” гэх нь ч бий.
Ерөөс төрөөс төрсөн тэрбумтан, төрийн албан дахь ураг төрлийн хэлхээг улам нэмж, тулам дүүргэж яваа ашиг хонжооч, цүнх баригчаас мөнгө баригч болтлоо дэвшиж ирсэн ийм төрлийн чимээгүй “паразитүүд” Монголын төрөөр дүүрэн. Тэдний нэг “мөнхийн дарга” маань олны нүдэнд тэр бүр өртөж, овойж оцойтол дуулиан тариад байхгүй ч төрийн алба хийгээд төрийн өмчит компаниудын дарга, захирлын суудал бүхэнд шахуу бөгсөө тавьж үзсэн нэгэн. Түмнийг түүчээлж манлайлахгүй хэрнээ хаа нэгтээ очиж хувалз шиг шигдээд, түрийвчээ дүүргэж, халаасаа түнтийлгэдэг шимэгч гээд хэлчихвэл нэг их хэтрүүлсэн болохгүй.
Б.Цэнгэлийн эдүгээ хашиж байгаа албан тушаал нь хуучнаар бол Төрийн өмчийн хорооны дарга гэсэн үг. Төрийн өмчит 80 гаруй компани, аж ахуйн нэгжийг атгаж суудаг, том эрх мэдэлтэн албан тушаалаа голж, чамлана гэж байх уу.
Харин түүний очих гээд байгаа “Эрдэнэс Монгол” бол стратегийн ач холбогдол бүхий орд газруудад үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит, уул уурхайн 31 компанийн нэгдлийг толгойлдог. Тэгэхээр асар их мөнгө, эрх мэдэл тэнд төвлөрдөг гэсэн үг. Эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хүчин чадлаараа төрийн өмчит ная, ерэн компаниас мэдээж илүү. Даргын суудалд дадлагажиж, мэргэшсэн Б.Цэнгэл үүнийг олж харсан нь тодорхой. Бас түүний ард мөнгө, хөрөнгө, ашиг сонирхлоороо нэгдсэн, улс төр, эдийн засгийн томоохон бүлэглэл байгаа. Төрийн өндөр дээд албан тушаалтан ч бий. Тэд нар нь Б.Цэнгэл гэдэг цодгор хүүгээ эрх мэдлийн шатрын хөлөг дээрх ашигтай байрлал руу түлхэж, цодолж буй болов уу.
Авлигын чимээгүй сүлжээний эзнийг АТГ шалгах болоогүй юу?
Шударга зарчим, хууль ёс засагладаг улс оронд бол Б.Цэнгэл ингэж даргын сэнтийд он удаан шигдэж суух хүн биш гэдэг. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт байнга нэр холбогддог атлаа албан тушаалын марафонд шатаар биш лифтээр өгссөнийх нь нууц гэвэл тэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн. Хүүкийг Зүүний хүчний холбоог байгуулахад Б.Цэнгэл Удирдах зөвлөлд нь багтаж, МАСЗХ-ны Ерөнхийлөгч болоход нь нийслэлийн МАСЗХ-ны даргаар ажиллаж байв. Улмаар У.Хүрэлсүхийг МАН-ын генсек байхад Авто тээврийн үндэсний төвийн дарга, Зам тээврийн хөгжлийн дэд сайд, Шадар сайд байхад нь Гаалийн ерөнхий газрын дарга, Ерөнхий сайд болоход нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлаар тус тус томилогдож байх жишээтэй.
Түүний намтрыг сөхвөл:
АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэг:
Б.Цэнгэлийн эхнэр С.Янжинсүрэн нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын даргаар ажилладаг эр нөхрөө бодвол эрдэм боловсролтой доктор бүсгүй бий. Түүнийг УИХ-ын гишүүн асан Р.Рашийн ойрын хамаатан гэдгээрээ улс төр дэх ургийн бичгийг баяжуулсан нэгэн гэх нь ч бий. Нөхөр нь насаараа дарга хийж байгаа шиг С.Янжинсүрэн доктор насаараа зөвлөхөөр ажиллаж ирсэн. Тухайлбал, Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөх, Шадар сайдын зөвлөх, Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар тус тус ажиллаж иржээ.
Цаашилбал, эхнэр, нөхөр хоёр төрийн албанд ах дүү, хамаатан садан, найз нөхдийн сүлжээ, ашиг сонирхлын бүлэглэлтэй. Ганц жишээ хэлэхэд УБТЗ-ийн Тээвэр зохион байгуулалтын алба хоёр орлогч даргатай бөгөөд нэг нь гэртээ 10 тэрбум төгрөг хадгалж байгаад баригдсан С.Батдөл. Нөгөө орлогч нь Б.Цэнгэлийн эхнэр С.Янжинсүрэнгийн төрсөн дүү С.Цэвээндорж.
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга С.Цэвээндорж
С.Цэвээндорж нь ХОМ-тээ мэдүүлснээр бол 1.8 тэрбумын орон сууцтай, 600 сая төгрөгийн Benz G-500, Land 200 автомашинтай, 2.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай чинээлэг нэгэн аж.
Б.Цэнгэл 2021 онд, ковидын ид үед Төрийн ордны чанх ард, хотын А зэрэглэлийн бүсэд 1 метр кв нь 1000 ам.доллараар үнэлэгдэх байрлалд хувьдаа оффис худалдан авч, тансаглан тарвалзаж ахуйдаа өөрийн хамаарал бүхий компанид чингэлэг тээврийн үйлчилгээ эрхлэх монополь эрх олгосон байдаг. Ингээд нэг чингэлэг ачааны үнийг 90 сая төгрөг болгон хөөрөгдөж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн зовлон дээр зоолж, хөлс, нулимсан дээр хөлжжээ. Хилээр хяналтгүй оруулж ирсэн метилийн спиртэнд 15 хүн хордож амь насаа алдчихаад байхад Замын-Үүдийн гаалийн газрын даргын албан тушаалтайгаа амь тэмцэн, үхэлдэн зууралдаж суусан хүнд дэлхий нийтийг хамарсан цар тахлыг ашиглан халаасаа зузаалж суух нь юу ч биш байсан биз ээ.
Дашрамд тэмдэглэхэд уг оффисыг Б.Цэнгэл дарга гэргийдээ “бичгийн өргөө” болгон тохижуулж өгсөн гэдэг. Уг байшингийн тухайд “Женко” Х.Баттулгыг улсын Ерөнхийлөгч байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан С.Шижир тэргүүтэй гар хөлүүд нь авилга, албан тушаалаар түрий барьж байгаад долоон давхар байшин сүндэрлүүлчихсэн нь тухайн үедээ л хэл ам таталж байв. Өдгөө нэг бөөрөнд нь zarig.mn сайтынхан байдаг тус оффист баахан Ардчилсан намынхан дунд Б.Цэнгэл даргын гэргийн “бичгийн өргөө” л тоон доторх үсэг мэт торойж байдаг аа.
Төрийн албанд 20, 30 жил дарга хийсэн ч гялайж, гялтайх юмгүй, харин ч хар түүх арвинтай ийм хүн илүү ашигтай, эрх мэдэлтэй албан тушаал руу зүтгэж байгаа гэхээр Цэнгэл гэдэг нэр нь шунал, гунил, харуусал шиг сонсогдоно.
Г.Ууганбаатар
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS