Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
-Алтайн өвөр говь мазаалай, хавтгайтайгаа хамт цаазын тавцанд гарлаа, Ерөнхийлөгч өө-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Азербайжаны Баку хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн удирдагчдын чуулга уулзалтад оролцон том том мэдэгдэл хийчихээд ирсэн. Гэтэл ар хударгаар нь Төрийн тэргүүнийхээ хэлсэн ярьсны яг эсрэгээр Алтайн өвөр говь, Говийн их дархан цаазат газрыг орвонгоор нь эргүүлж, хосгүй ховор ан амьтад мазаалай, хавтгайн энэ дэлхий дээрх сүүлчийн голомт нутгийг самран устгах төлөвлөгөөг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар шуурхай хэрэгжүүлэхээр улайран дайрч эхлэв.
Говь-Алтай аймгийн Засаг даргаар найман жил ажиллахдаа “Хууль бусаар газар олгосон, “нэг сая төгрөгөөр Ландкрузейр машин зарсан”, “Төрийн алба хаагчдыг хоморголон халсан” гэх мэт “наян мянган” хууль бус, ёс бус асуудалд гар дүрж, нэр холбогдож байсан О.Амгаланбаатар үхэн хатан зүтгэж УИХ-ын гишүүний суудалд тухалсны туйлын ганц зорилго нь ийн тодорхой болов. Тэр нь Наран Сэвстэйн боомтыг нээх, тус боомт руу хатуу хучилттай зам тавиулах явдал байж гэж олон нийт хардаж байна. О.Амгаланбаатар гишүүн олон жилийн турш амь, амьдралынх нь ганц утга учир мэт Наран Сэвстэйн боомтыг нээлгэх гэж идэвхтэй хөөцөлдөж байгаа нь ийнхүү хардахад хүргэж буй. Үйл явдлыг эргэн сануулъя.
2021 оны долдугаар сарын 01. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Ш.Адьшаа, Ш.Раднаасэд нар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Зарим хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” асуудлыг оруулж ирэхдээ “Говь-Алтай аймгийн Наран Сэвстэй Мазуншань боомтын үйл ажиллагааг дахин сэргээн нээж, Ази-Европыг холбосон эдийн засгийн коридор болгох асуудлыг судалж шийдвэрлэх зэргийг Засгийн газарт чиглэл болгох”-оор тусгасан ч холбогдох мэргэжлийн байгууллагуудын санал, судалгааг тусгах хэрэгтэй гэдэг үндэслэлээр гишүүдийн олонхийн дэмжлэгийг авалгүй унасан юм.
2022 оны нэгдүгээр сар. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Наран Сэвстэйн боомтыг нээлгэх асуудлыг ахин дахин шаргуу хөөцөлдөж, Говь-Алтай аймагт уул уурхайн бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзахдаа “Наран Сэвстэй боомтыг нээж, та бүхний олборлосон эрдэс баялгийг гадаад зах зээлд гаргах хамгийн дөт зам босгохоор хөөцөлдөж байна” хэмээн тал засаж байжээ.
2022 оны гуравдугаар сар. О.Амгаланбаатар иргэд хөдөлмөрчидтэй уулзах үеэрээ “Наран Сэвстэйн боомтыг нээхээр бид бүгдийн эдэлж хэрэглэж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурна, шатахуун түлш гээд бүхий л зүйлийн үнэ буурч Алтай төдийгүй баруун бүс тэр чигтээ хөгжинө” хэмээн ярив.
2022 оны дөрөвдүгээр сарын 11. Говь-Алтай аймагт “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын тамгын газартаа зохион байгуулахдаа Засаг дарга О.Амгаланбаатар “Говь-Алтай аймгийн Наран Сэвстэйн боомтыг нээснээр Наран Сэвстэй-Алтай чиглэлд 500 километр хатуу хучилттай зам тавьж, Монгол Улс Ази-Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгоно” хэмээн албаны хүний байр сууринаас сүрхий сүржин мэдэгдэв.
2022 оны тавдугаар сар. Засаг дарга О.Амгаланбаатар Улаанбаатар хотоос сэтгүүлчдийн багийг (нэг автобус) хөлслөн Алтайд аваачиж, боомтын маршрут дагуу явж танилцуулахдаа “Хятадууд хилийн дагуу Алтай хот хүртэл хатуу хучилттай зам тавьж өгнө гэсэн, тэгэхээр хилийн шугам дагуу зурвас чөлөөлж, 500 километр зам тавьчихаар байгальд халгүй асуудлыг шийднэ. Бид өрсөхгүй бол хятадууд цаанаас нь газар доогуур ухаж байна” хэмээн ахиад нэг сүржин мэдэгдэл хийв.
2022 оны зургадугаар сарын 13. Говь-Алтай аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдаанаар Наран Сэвстэйн боомтын үйл ажиллагааг сэргээн нээлгүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ. Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Говь-Алтай аймгийн Наран Сэвстэйн боомтыг нээснээр Наран Сэвстэй-Алтай чиглэлд 500 км хатуу хучилттай зам тавьж, Монгол Улс Ази - Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгоно. Боомтыг эргэн сэргээхэд амьтны бэлчээрт нөлөөлөхгүй байдлаар манай улс болон БНХАУ-ын хилийн зурвас дундуур авто зам хийж коридор гарган ан амьтны нүүдлийг хамгаалах тусгайлсан бүс хийх юм. Боомтоос Өргөстэйн застав хүртэл 250 км авто замыг дархан цаазат газрын баруун урд хэсгээр улсын хилээс 500 метр өргөнтэй коридорыг тусгай хамгаалалтаас гаргаж засмал зам тавьснаар дээрх асуудлыг шийдэх боломжтой. Наран Сэвстэй боомтын давуу тал нь Халхын баруун өмнөдийн овооноос хойшоо Орос, Хятадын хил хүртэл Шинжаань Уйгарын өөртөө засах оронтой, зүүн тийш 60 км-т Ганьсу мужтай буюу төв Хятадтай хиллэдэг ганц боомт юм” гэж ярьжээ.
Ерөөс Наран Сэвстэй хэмээх төслийн удирдагч шиг, бие төлөөлөгч шиг ажиллаж ирсэн нь дээрх баримтуудаас харагдаж байгаа юм.
Говь-Алтайнхан баяжиж, сайхан амьдарч болохгүй юу хэмээх популизм
Улмаар О.Амгаланбаатар УИХ-ын гишүүн болмогцоо Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Наран Сэвстэйн боомтыг нээнэ гэсэн заалтыг шургуулж амжжээ. Боомтын сэргэлтийн далбаан дор эртний санаагаа хавчуулж чадсан хэрэг. Тиймээс одоо тэрбээр “Наран Сэвстэйн боомтыг нээж Говь-Алтайнхныг баяжуулах гээд байна. Говь-Алтайнхан баяжиж, сайхан амьдарч болохгүй юм уу” гэх мэтээр том дуугаар зандарч, улайрсан популизм хийж байна. Гэвч даравч далдайж, булавч бултайгаад байгаа холын шунал, ойрын ашиг сонирхол нь Говь-Алтайчуудыг сайхан амьдруулах гээд байгаадаа биш, гол эрх ашиг нь Наран Сэвстэйн боомтын ойролцоо байдаг Талын мэлтэсийн алтны орд.
Талын мэлтэсийн алтыг ухах санаархал 1996 онд М.Энхсайханы Засгийн газрын үед эхэлсэн. 2007-2009 онд С.Баярын Засгийн газарт Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт, Н.Алтанхуягийн Засгийн газарт Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар ажиллаж асан Д.Оюунхорол нар Талын мэлтэсийг ухах далд санааг ил гаргаж, ажил хэрэг болгохоор ямхын аргаар ягуухан дөтөлж, хичээн чармайж байсан ч парламентаас дэмжлэг авч чадалгүй засагтайгаа цуг онхолдоцгоосон түүхтэй. Дээрх сайдуудаас хойш энэ чөтгөрийн санааг хэрэгжүүлэхээр О.Амгаланбаатар л хамгийн тууштай зүтгэсээр өдий хүрч ирлээ.
Наран Сэвстэйн боомтыг нээчих юм бол тус боомттой шууд холбогдох нь Ганьсу мужийн Мазуншань боомт. Ердөө 1000 гаруйхан хүнтэй, хилийн зурвасаас 115 километр зайтай, алслагдсан бөглүү тосгон манай улсад эдийн засгийн ямар ч дэм болохгүй. Ойр орчимд ямар нэгэн үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр ложистикийн байгууламж байхгүй. Мазуншань боомтоос хамгийн ойр Үймэн хот гэхэд боомтоос 320 километр, Ганьсу мужийн төв Ланжу хот 1000 гаруй километр зайтай. Товчхондоо дэд бүтэц сул, хөгжил дэвшил бүү хэл ахуй хөдөлгөөн байхгүй шахам боомттой холбогдсноор Ази Европыг холбоно гэдэг нь мянгуужингийн үлгэр.
Харин Мазуншаны наймаачид, цаашилбал эх газрын хятадууд Монгол Улстай шууд холбогдох боомттой болох гэсэн ашиг сонирхолтой, тэр нь Наран Сэвстэйн боомт байж мэднэ. Тийм бол О.Амгаланбаатар гишүүн Говь-Алтайг хөгжүүлэх биш Ганьсуг хөгжүүлэх гэж зүтгээд байгаа хэрэг үү, Монголын парламентад харь улсын эрх ашгийг хамгаалахаар орж ирсэн юм биш биз гэж хардахад хүрнэ.
Тиймээс Наран Сэвстэйн боомт руу зам тавиулчихаад Талын мэлтэсийн орд газарт эзэн суух санаархал, шунал оволзож байгаа нь илүү үнэний ортой бөгөөд бодитой таамаг. О.Амгаланбаатарын ард Талын мэлтэсийн ордыг анаж, говийн дархан цаазат газрыг “занаж” суудаг улс төр, бизнесийн бүлэглэл байдаг гэх. Тэд сиймхий л гарвал Наран Сэвстэйн боомтыг сэргээх асуудлыг сөхөж тавьсаар ирсэн. Сэтгүүлчдийг аваачиж харуулаад “Тээр харж байна уу, ямар ч амьтан, хүнгүй цөл байгаа биз. Энүүгээр зам тавиад, боомт нээчих юм бол жинхэнэ хөгжлийн оргил, цэнгэлийн манлайд хүрнэ” гэж тархийг нь мөлчийтөл угаадаг. Саяын амралтын өдрүүдэд гэхэд О.Амгаланбаатар гишүүн 30-аад сэтгүүлчдийн бүрэлдэхүүнтэй багийг Говь-Алтайд аваачиж, ээлжит суртал ухуулгаа хийсэн мэдээлэл байна.
Амиараа дэнчин тавьж авч үлдсэн нутаг ашиг хонжоо хайсан улстөрчдийн улан дор ёолж байна!
Харамсалтай нь Алтайн өвөр говь бол дэлхийн өөр хаана ч байхгүй эмзэг бөгөөд өвөрмөц ховор экс систем. Олон жил Алтайн өвөр говьд очиж судалгаа хийсэн эрдэмтдийн ярьж байгаагаар хөрс нь л гэхэд асар эмзэг. Найман жилийн өмнө очсон судлаачдын хөлийн мөр сая очиход арилаагүй хэвээрээ байсан гэх. Хөрс нь сэргэхдээ тийм удаан байх нь. Машин техникээр нэг давхиад өнгөрсөн зам нь хэдэн арван жил хэвээрээ дурайж үлддэг аж. Ийм эмзэг хөрсийг хайрлахдаа нутгийн иргэд мотоциклээр ч хамаагүй давхидаггүй. Нэг гаргасан зам, жимээсээ өөр газраар гажиж далийх юм бол дургүйцдэг байна. Ингэж нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, бүр амиараа дэнчин тавьж авч үлдсэн нутаг яг одоо ашиг хонжоо хайсан улстөрчдийн улан дор ёолж байна.
Дөчөөд жилийн тэртээ Алтай нутгийн хүү, нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж “Далай ээж цаазын тавцанд” хэмээх алдарт нийтлэлээ бичиж, Хөвсгөл далайг уул уурхайн аюулаас хамгаалж үлдэж байсан. Гэтэл одоо Алтайн өвөр говь ан амьтад, ховор ургамалтайгаа хамт цаазын тавцанд гарах гэж байна.
Алтайн өвөр говь бол дэлхийн болон Монголын Улаан номонд данстай хавтгай, тахь, цоохор ирвэс, аргаль хонь, мазаалай зэрэг ховор амьтад нутагладаг, нэн ховордсон ургамалтай газар. Иймээс нэн ховордсон амьтан, ургамлыг амьдрах орчинтой нь хамгаалах зорилгоор 1975 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад авч, Их говийн дархан цаазат газар болгожээ. Мөн унаган төрхөө хадгалж үлдсэн, амьтан, ургамал хосолсон говийн экосистемийн бүрдэл нь дэлхийн онцгой бүс гэж үзэн ЮНЕСКО-гоос 1991 онд Олон улсын хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулсан байна.
СГЗ Б.Галаарид: Наран сэвстэйн цаана зарим улстөрчийн “асар их” гэж тодотгоод байгаа ашигт малтмалыг бага зардлаар бартаа саадгүй зөөх сонирхол байгаа юм биш биз?
Төгсгөлд нь Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галааридын хоёр жилийн өмнө бичсэн “Өндөр Алтайн минь өврийг хоослох шуналын түймэр дэгдэх нь үү дээ!!!” нийтлэлээс хэсэгчлэн хүргэе.
...Өнгөрөгч долдугаар сарын 1-нд УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр нэр бүхий 3 гишүүн Говь-Алтайн Наран Сэвстэй, Ховдын Байтаг зэрэг гурван боомтыг нээх асуудлыг оруулж ирсэн байдаг. Ковидтой холбоотойгоор улс орны эдийн засаг хүндэрсэн учраас БНХАУ руу гаргах ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай тул эдгээр боомтыг нээе гэсэн санал оруулж иржээ.
Байтагийн боомтын 120 км хатуу хучилттай замыг Хятадын тал барьж өгөхөөр 2016 онд Хятадын Цонж аймгийн удирдлагатай гэрээ хийсэн, Ховдын Хөшөөтийн уурхайн нүүрс, тус уурхайн дагалдах ордуудын ашигт малтмал, Увсын Наранбулаг сумаас төмрийн хүдэр экспортлох тухай энд яригдсанаас гадна Наран Сэвстэйн боомтыг нээснээр Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт байгаа маш их хэмжээний ашигт малтмалыг экспортлох боломжтой гэдгийг онцолжээ.
Нэр бүхий 3 гишүүн хуулийн төсөл санаачлахдаа Засгийн газар, Гадаад харилцааны яам, Хил хамгаалах газар зэрэг зайлшгүй зөвшилцөх ёстой газруудаас санал аваагүй, судалгаа үндэслэл муутай асуудал оруулж ирлээ гэж Б.Энх-Амгалан, Н.Энхболд нарын УИХ-ын гишүүд шүүмжилснээр уг санал дэмжлэг аваагүй байна. Энэ бол асуудал цэглэгдсэн гэсэн үг биш учраас дараа ямар ч хэлбэр дүрээр эргэн хөндөгдөх магадлалтай.
Наран Сэвстэйн боомтын тухайд БНХАУ-ын Ганьсу мужтай Говь-Алтай аймгийн Засаг дарга мөн л Ховдтой төстэй нөхцлөөр хатуу хучилттай зам тавиулах тохироо хийсэн бололтой. Энэ бол шинэ асуудал биш. Өмнө нь тэрээр тус аймгийн Засаг дарга байхдаа 2016 онд БНХАУ-ын Ганьсу мужтай 500 км зам тавиулах тохиролцоонд хүрч байсан удаатай. Саяхан болж өнгөрсөн Сутай хайрханы тахилгын үеэр Говь-Алтай аймгийг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар ярихдаа Хил орчмын бүсийг хөгжүүлнэ гэж онцлоод байсан нь учиртай болж таарч байна. Хятадын мөнгөөр Монголын хилийн зурвас дагуу Наран Сэвстэйгээс Эрдэнэ, Цогт, Алтай, Бугат сумдын нутгаар хатуу хучилттай зам тавьчихаад зарим улстөрчийн “асар их” гэж тодотгоод байгаа ашигт малтмалыг эдгээр сумд болон, хил залгаа сумдын нутгаас бага зардлаар бартаа саадгүй зөөх сонирхол байгаа юм биш биз? Түүнээс биш Алтайн өвөр говийн хилийн бүс дагуух газар нутгийн дийлэнх нь хүн амьдрах нь бүү хэл, шувуу ч бараг нисдэггүй цөлөрхөг нутаг. Дахиад жаахан ахиулчихвал Ховдын хилийн замтай холбочихно. Ийм л дүр зураг харагдаж эхэллээ. Хил дагуу хатуу хучилттай зам тавибал Эрдэнэ хайрхан, Идрэнгийн нуруу, Ээж хайрхан, Аж богдын нуруу, Хөвчийн нуруу, Алаг хайрхан гээд ариун дагшин уул хайрхадаа ухаж төнхөөд эхэлнэ. Ээж хайрханыхаа өврийг л айхгүй сандааччихаж байгаа хүмүүст хайрлах дээдлэх юм байхгүй дээ гэхээс гуниг төрнө.
Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааг Бижийн ам буюу Тахийн талаас Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлж байгаа, Тахийн талын сууринг хөгжлийн гадна орхиод олон жил болж байгаагийн цаана ч урт гарын бодлого байх магадлалтай. Говийн их дархан цаазат газрын “Б” бүсийг хамгаалалтаас гаргах тухай асуудлыг нэг өдөр хэн нь гаргаад ирэхийг үгүйсгэхгүй. Тандалт, хайгуул судалгаа хийгээд л байгаа сурагтай. Хүнгүй, хамгаалалтгүй болгож байгаад баялгийг нь ухан зөөвөл яана!
СГЗ, сэтгүүлч Б.Галаарид. 2022 он.
Г.Ууганбаатар
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS