Хуульч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа: “Кофе” Ариунзаяад хэн ч итгэхгүй гэж тооцсон байх, Монголд очвол би шууд шоронд орно
ТҮЦ голдоггүй “Таван Богд” “Трафигура Монголия”-г авахаар санаархаж байгаа юу?
Н.Номтойбаяр ҮАБЗ-ийн дарга асан Ц.Энхтүвшингийн хүргэн болох уу?
Төслийн олборлолтын хугацааны нийт хөрөнгө оруулалт 1,6 тэрбум ам.доллар, төсөл хэрэгжих хугацаа 30 жил, төслийн үндсэн олборлолтын хугацааны шууд өгөөж /татвар+ногдол ашиг+АМНАТ/ 3-4 тэрбум ам.доллар гэсэн тооцоо, төлөвлөгөөг албажуулжээ…
УРАН БОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Уран бол шинэ зууны эрчим хүчний үндсэн эх үүсвэр, хамгийн “sexy” ашигт малтмал төдийгүй хоёр том гүрний дунд оршиж буй манайх шиг жижиг /жийргэвч-буфер бүс/ улсын тухайд ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, гарт байгаа хөзөр юм. Учир нь уг төслийг хэрэгжүүлэх Францын “Орано” групп нь уран олборлолт болон баяжуулалтаараа дэлхийд тэргүүлэгч гурван компанийн нэг. Франц бол “Их тав” буюу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 5 гишүүний нэг. Энгийнээр хэлэхэд, тэдний хөрөнгө оруулалт орж ирэх нь бидний хувьд аюулгүй байдлын баталгаа болно гэсэн үг. Эдийн засгийн үр өгөөжийн тухайд ашигтай нь ойлгомжтой. Шинэ зууны хүн төрөлхтний эрчим хүчний гол эх үүсвэр, түүхий эдээр нэрлэгдчихсэн ураныг хэн, ямар улс “эзэмшиж” байна, тэр улс дэлхийн зах зээл дээрх гол тоглогч болно гэдгийг салбарын шинжээчид дуу нэгтэй хэлж буй. Үүнийг Казакстаны жишээнээс харж болно. Тус улс манайхтай ижил гараанаас буюу 90-ээд оны сүүл үеэс ураны салбартаа Орос, Хятад, Франц, Канад зэрэг хөрөнгө оруулагчдыг татаж, 2005 оноос олборлож эхэлснээр ердөө 18-хан жилийн дотор уран олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч улс, эдийн засгийн үзүүлэлтээрээ НҮБ-д бүртгэлтэй 193 орноос 40-д буюу манай улсаас даруй 100 байрын урд давхиж явна. Монгол Улсын ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ нь 5000 гаруй ам.доллар бол Казакстаных 11 мянга орчим буюу нэг дахин илүү гэсэн статистик ч бий. Товчхондоо, уран бол эрчим хүчний ирээдүй, улс орнуудын тухайд цул алт, боломж, давуу тал. Ийм ч учраас ураны төслийг хэрэгжүүлэхгүй байх эрх ашиг геополитикийн төвшинд хөндөгддөг, үй олон троллууд сошиал орчинд язганаж, ураны хор хөнөөл, хоёр толгойтой тугалын тухай үлгэр зохиож сэвдэг. Баахан эх орончид төвшин, төвшинд гарч ирж төслийг эсэргүүцдэг. Ямартаа л “Орано” групп тэртээ 1997 онд Монголд орж ирснээс хойш бүхэл бүтэн 27 жил, 250 гаруй сая долларыг уг төслийн зөвхөн хайгуул, туршилтын шатанд зарцуулсан ч өнөөдрийн байдлаар тэд уранаа албан ёсоор олборлож эхлээгүй байна.
УРАН ОЛБОРЛОЖ ЭХЭЛСНЭЭР ЭДИЙН ЗАСАГ 3-4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР ТЭЛНЭ
1997 онд “Кожеговь” нэрээр орж ирснээс хойш “Орано” групп зөвхөн хайгуул, туршилтын олборлолт хийсэн. Албан ёсоор олборлолт эхлээгүй гэсэн үг. Хажуугаар нь уран гэж юу болохыг Монгол Улсын Засгийн газар болон олон нийтэд ойлгуулахын тулд бүхэл бүтэн 27 жил, 250 гаруй сая ам.доллар зарцуулжээ. Төслийн хувь хувьцаа, оролцооны тухайд эхэндээ манай улс “Мон-Атом” төрийн өмчит ХХК-иар дамжуулан 34 хувийг, Францын тал 66 хувийг эзэмших тохироотой байсан. Гэвч манай талаас ямар нэг хөрөнгө оруулалт хийгээгүй. Улмаар 2018 онд “Бадрах Энержи” ХХК болж өөрчлөгдснөөр манай улсын зүгээс төсөлд ямар нэг хөрөнгө оруулалт хийхгүй, харин төслийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлснээр буюу ураныг олборлож, экспортод гаргаж эхэлсэн үеэс АМНАТ хэлбэрээр ашиг хүртэнэ гэж тохирчээ. Алдарт Оюутолгойн төсөлд манай тал 34 хувийг эзэмшинэ гэж гэрээлснээр олсон ашгаа, оруулсан 34 хувийнхаа төлбөр, зээлийн хүүд төлсөөр байгаад Монгол Улс уг төслөөс ямар ч ашиг үзэхгүй байгаа гэдэг хоёр талт маргаан, товчхондоо Оюутолгойн гэрээний “алдааг” давтахгүйн тулд дээрх тохиролцоонд хүрсэн байна. Тодруулбал, Монгол Улсын зүгээс уг төсөлд сохор зоос зарцуулахгүй, бүх хөрөнгө оруулалтыг Францын тал буюу “Орано” групп гаргана. Гэхдээ манай улс уран олборлож, экспортод гаргаж эхэлсэн цагаас Францын тал ашигтай байх эсэхээс үл хамааран /татвар хэлбэрээр/ ашгаа хүртэнэ.
Үүнд:
1. Суурь АМНАТ- 5%
2. Тусгай АМНАТ 5%
3. Өсөн нэмэгдэх АМНАТ 9%, нийт 19 хувийн АМНАТ. Олон улсын жишигт бараг байхгүй ашигтай хувилбар гэж үзэж буй.
Тодруулбал, өсөн нэмэгдэх АМНАТ-ын 9 хувиас нэлээн их ашиг үзнэ гэж тооцоолж буй. Учир нь:
Ийм учраас 34 хувиа өсөн нэмэгдэх АМНАТ-аар сольсон бөгөөд эндээс чамгүй ашиг үзнэ гэж төсөөлж буй. Үүн дээр нэмээд “Бадрах Энержи” ХХК орон нутгийн хөгжлийн санд жил бүр 1 тэрбум төгрөг өгсөөр ирсэн бөгөөд уранаа олборлож эхэлснээр энэ дүн 1 сая ам.доллар болж өснө гэдгийг төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс амлаж буй.
Монгол Улсын хүртэх ашиг үүгээр хязгаарлагдахгүй. Тухайлбал, “Бадрах Энержи” ХХК тусгай зөвшөөрлийн төлбөрт жилд 1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, Дорноговь аймагт газар ашигласны төлбөрт 2022 оны байдлаар 3.5 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн төслүүдэд 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Цаашилбал, өнөөдрийн байдлаар тус компани 100 гаруй ажилтантайгаас 96 хувь нь Монгол Улсын иргэд. Төсөл албан ёсоор эхэлснээр шинээр бий болох ажлын байр 1600 /шууд болон шууд бус/, тус компанид бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчдийн 97 хувийг Монгол Улсад бүртгэлтэй компаниуд эзэлдэг гэх мэт тоочоод байвал олон хэлбэрээр шууд болон дам ашиг хүртэх аж. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс гэрээний төслийг эцсийн байдлаар боловсруулж Монгол Улсын Засгийн газарт өгсөн бөгөөд 2025 оны эхээр гэрээ үзэглэгдэх байх гэсэн хүлээлттэй байгаа аж. Гэрээг үзэглэснээс хойш барилга, байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтад 3-4 жилийг зарцуулах бөгөөд 2028 оноос төслийн үндсэн олборлолт хийгдэж эхэлнэ гэж төлөвлөж буй. Төслийн олборлолтын хугацааны нийт хөрөнгө оруулалт 1,6 тэрбум ам.доллар, төсөл хэрэгжих хугацаа 30 жил, төслийн үндсэн олборлолтын хугацааны шууд өгөөж /татвар+ногдол ашиг+АМНАТ/ 3-4 тэрбум ам.доллар гэсэн тооцоо, төлөвлөгөөг албажуулжээ.
“Бадрах энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард: Төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улс 51-ээс дээш хувийн ашиг хүртэнэ
-Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн тухайд гурван зүйлийг хэлэхийг хүсэж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын төр ямар нэг санхүүжилтэд хөрөнгө оруулах шаардлагагүй. Францын тал дангаараа үүнийг хийнэ. Хоёрдугаарт, Монгол Улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс ихээхэн ашиг авна. Учир нь үйлдвэрлэл эхлээд борлуулалт хийгдсэн даруйд Монгол Улс АМНАТ-ын хэлбэрээр ашгаа хүртээд эхэлнэ. Түүнчлэн төсөл хэрэгжсэнээр 51-ээс дээш хувийн ашгийг Монгол Улс хүртэнэ. Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгээс тус гэрээний эцсийн хувилбарыг хүлээж байна. Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар орно гэж бодож байна. Бидний хувьд хөрөнгө оруулалтын гэрээний хамгийн сүүлийн хувилбарт хүрэхэд ойрхон байна. Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэний дараа барилга бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Сайншандаас өндөр хүчдэлийн шугам татах, зам барих, ажилчдын кемп барихаар төлөвлөж байна. Ингээд 2028 оны сүүлээр үйлдвэрлэлээ эхэлнэ. Монгол Улсын Засгийн газар болон Орано групп нь тус гэрээг түргэн хугацаанд баталж, төслийг эхлүүлэхээр болсон. Тус гэрээ баталгаажуулснаар Монгол Улсад уул уурхайн хөрөнгө оруулалт хийх шинэ сэргэлтийн дохиог дэлхий нийтэд өгнө.
УРАН ХОРТОЙ ЮУ?
Ураныг дагаж явдаг мөнхийн асуулт бол энэ. Уул уурхайг улдан эсэргүүцэгч эрхэм гишүүн С.Ганбаатар хамгийн сүүлд гэхэд "Ураныг аюулгүйгэж пиардсаар байгаад аюулгүй мэт болгож байхшиг байна. Энэ нь цацраг идэвхт ашигт малтмал юм. Жилд 215 мянган тонн хүхрийн хүчлийг газар ээжийн хэвлий рүү шахна. Энэ нь өдөрт 15 вагоныг шахаж байж уран олборлоно гэсэн үг" хэмээсэн нь шинжлэх ухааны тавцангаас харахад туйлын мунхаг популизм юм. Гаж төлийн тухай сенсаци ч ийм замаар бий болсон үлгэр бөгөөд үүний хамгийн энгийн нотолгоо нь ураныг олборлож эхлээгүй байхад дээрх үлгэрүүд гарсан байдаг. Тодруулбал, “Уранд идэгдсэн Улаанбадрахын үнэн төрх” хэмээх сүржин гарчигтай, уран олборлосноос болж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хоёр толгойтой хурга, эрүүгүй ишиг, сохор ботго, явж чаддаггүй төл гарчээ гэдэг агуулга бүхий мэдээлэл манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 2013 онд гарч байсан байдаг. Гэтэл “Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо уурхайн төслийн ураны олборлолт /туршилтын/ 2020, 2021 онуудад хийгджээ. Өөрөөр хэлбэл огт олборлоогүй уранд гажиг төлийн хэргийг “тохсон” гэсэн үг. Ямар ч ор үндэсгүй, баримт нотолгоогүй ийм мэдээлэл түгээж байсан хэвлэлүүд одоо ичдэг болов уу гэж бодно. Уранаас айж, жийрхдэг өөр нэг шалтгаан нь цөмийн хог хаягдлын асуудал. Популистүүдэд бэлэн зэхээний өгөөш, бэлэн хоол болдог энэ сэдэв бодит хөрсөн дээрээ хоёр талтай. Зөөвч-Овоо төслийн тухайд буюу уран олборлож байгаа тохиолдолд хатуу хог хаягдал гарна. Хатуу хог хаягдал гэдэг нь цацрагийн идэвхтэй бүсэд орохдоо өмссөн бээлий, хувцас бөгөөд үүнийг БЦИ /Бага цацраг идэвхт/ хог хаягдал гэж нэрийддэг байна. Сүүлийн үед эрдэмтэн судлаачдын зүгээс БЦИ хэмээх нэршлийг өөрчлөх нь зүйтэй хэмээх саналыг дэвшүүлж эхлээд байгаа аж. Жинхэнэ цөмийн хаягдал цөмийн эрчим хүчний реактороос гардаг бөгөөд энэ тохиолдолд харин аюул, эрсдлийн асуудал “серёзный” түвшинд хөндөгддөг байна.
“Бадрах Энержи” ХХК-ийн Байгал орчин, ХАБ, Цацрагийн аюулгүй ажиллагаа, орон нутаг хариуцсан захирал Ц.Энхжаргал: Уранаас болж малчны худаг, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн тохиолдол ямар ч судалгаагаар нотлогдоогүй
-Зөөвч-Овоо төслийн олборлолт-үйлдвэрийн туршилтын үед байгаль орчны хяналтыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө болон үйл ажиллагааны явцад, дараа нь гэсэн үндсэн 3 үе шаттай хийж байна. Яг одоо бол дараагийн хяналтын ажил хийгдэж байна. Мөн байгаль орчны бүх бүрдэл хэсгүүд болох агаар ус, хөрс, ургамлын судалгааг тогтмол хийдэг. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн томоохон судалгааг хийсэн байдаг. Тухайлбал, 2016, 2018 онуудад малын эрүүл мэндийн чиглэлээр нэлээн нухацтай судалгааг хийсэн бол хамгийн сүүлд 2023 онд 3 сумын буюу төсөл хэрэгжиж буй Улаанбадрах, Айраг, зэргэлдээ Хөвсгөл сумдыг хамруулж малын эрүүл мэндийн байдлын харьцуулсан судалгааг хийсэн. Сум бүрээс 20, 20 айлыг сонгож аван цусны шинжилгээ авах, үзлэг хийх, паразитын судалгаа гэх мэт олон чиглэлээр хийхэд манайхаас болж ямар нэгэн малчны худаг бохирдсон, хордсон тохиолдол тогтоогдоогүй. Хэрэв цацраг идэвхт бодисын нөлөө нүдэнд үзэгдэхгүй ч хор нөлөө нь өндөр бол зэрлэг амьтад үүгээр нутаглахгүй, дайжчихдаг.
Ураныг ГДУО аргаар олборлоно
Ураны ордын бүтцээс хамаараад янз бүрийн аргаар олборлодог бөгөөд хамгийн аюулгүй арга нь Газар доор уусган олборлох /ГДУО/ аргыг 70 жилийн өмнө нээж олсон. “Зөөвч-Овоо” ордын тухайд энэхүү аргаар олборлолт хийх боломжтой учраас нэг том давуу тал аж. ГДУО технологи гэдэг нь энгийнээр тайлбарлахад 1 хувийн хүхрийн хүчил+99 хувийн ус буюу сулруулсан хүчлийн тусламжтайгаар элсний ширхэгт наалдсан ураны хүдрийг уусган авах технологи аж. Ингэхдээ нэмэлт ус хэрэглэхгүй, газрын гүний буюу өөрийнх нь усыг ашиглана. Бүр бүдүүлгээр тайлбарлахад савтай усан дахь сахарыг уснаас нь салгаж, ялгаж авахтай ижил үйл явц болохыг “Бадрах Энержи” ХХК-ийн Байгал орчин, ХАБ, Цацрагийн аюулгүй ажиллгаа, орон нутаг хариуцсан захирал Ц.Энхжаргал тайлбарласан.
“Зөөвч-Овоо” төслийн Үйл ажиллагаа хариуцсан менежер Г.Ганхуяг: Ураныг байгаль орчинд ээлтэй ГДУО технологиор олборлоно
-Газар доор уусган олборлох технологи гэдэг нь товчхондоо ураныг цооногоор олборлоно гэсэн үг. Цооногийн гүн нь тухайн ураны хүдрийн бүтцээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. “Зөөвч-Овоо” ордын тухайд 140-200 метрийн гүнд агуулагддаг. Хүдрийн эрдэсжсэн бүс дээрээ цооног өрөмдөөд PVC хоолой яваад, уран дээрээ шүүр суулгаад өгнө. Дунд нь нэг цооног, шахалт буюу эргэн тойрон 6 цооног байдаг. Энэ цооногууд нь 2,5 метрийн гүнд шугам хоолойгоор үйлдвэртэйгээ холбогдоод эхлээд хүдэр агуулж буй хэсгээсээ соруулах буюу олборлох цооногоосоо урантай хэмгээсээ усыг нь соруулж авна. Энэ ус үйлдвэрт очоод буцахад нь хүхрийн хүчлийн сулруулсан уусмал нэмж өгнө. Энэ нь 99 хувь нь ус, 1 хувь нь хүхрийн хүчил байх бөгөөд энэ ус газрын гүнд очиж тархаад элсэн чулуунд наалдсан ураныг шингэн хэлбэрт шилжүүлж аажмаар өөртөө уусган авна. Тодорхой хугацааны дараа ураныг өөртөө уусгаж авсан усаа үйлдвэр лүүгээ буцааж татаж авна. Эндээсээ уранаа ялгаж авна. Урангүй болсон ус буцаад газрын гүн рүүгээ орно. Энэхүү битүү циклээр эргэлдэж буй процесийг Газар доор уусган олборлох технологи ГДУО/ гэж нэрлээд байгаа юм. “Зөөвч-Овоо” төслийн олборлолт энэ аргаар хийгдэнэ. Давуу тал нь ямар нэгэн хөрс хуулалтын ажил явагдахгүй. Овоолго шороо үүсэхгүй. Тоосжилт үүсэхгүй. Гүний усыг ашиглахгүй. Байгаль орчин хүн малд ээлтэй технологи юм. Дэлхийн уран олборлолтын 60 гаруй хувийг энэ аргаар олборлож байна.
ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭ
Ураны хайгуулыг хийж эхэлснээр “Зөөвч-Овоо” төслийн он цаг тоологддог. Бүхэл бүтэн 27 жилийн түүх сөхвөл:
Төгсгөлд нь хэлэхэд манай улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний 10-т бичигддэг байна. Үүнийгээ зөв ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал нүүрс, зэсээр л хязгаарлагддаг манай улсын эдийн засаг, уул уурхайд нэн шинэ хуудас нээгдэж, Монгол Улс дэлхийн эдийн засаг дахь хүчирхэг тоглогч болох үүд хаалга нээгдэх нь ээ.
М.Уранчимэг
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS