Хуульч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа: “Кофе” Ариунзаяад хэн ч итгэхгүй гэж тооцсон байх, Монголд очвол би шууд шоронд орно
ТҮЦ голдоггүй “Таван Богд” “Трафигура Монголия”-г авахаар санаархаж байгаа юу?
Н.Номтойбаяр ҮАБЗ-ийн дарга асан Ц.Энхтүвшингийн хүргэн болох уу?
Араанд зуугдсан гэсний шалтгаан нь одоогоос жил гаруйн өмнө УИХ Нүүрсний сонсгол хийсэн. Уг сонсголын үеэр тухайн үеийн МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд “нус наах” ажиллагааг Б.Энхбаяр эхлүүлсэн байдаг. Д.Амарбаясгаланд наах нус бол нүүрсчин тодотгол буюу ах намын гал тогоог олон жилийн турш барьсан, үеийнхэн дундаа чадварлаг стратегич гэж улс төрийн хүрээнд үздэг Д.Амарбаясгаланд “Админерал”-аас өөрөөр нэр холбочих факт байдаггүй. Тийм ч учраас нүүрсний гэх хэрэгт МАН-ын томчуудаас ганцхан Д.Амарбаясгалан нэр холбогдсон билээ. Хариуд нь манай генсек УИХ-ын ээлжит сонгуульд Б.Энхбаярын нэрийг дэвшүүлэхгүй гэж гэдийсэн нь угийн өсөрхүү хуульчийг улам галзуурахад хүргэсэн байдаг. Гэхдээ цаасан дээр “Админерал”-ыг Д.Амарбаясгалантай холбох цэг байтугай таслал ч олддоггүй. Хөшигний ард ч энэ домог мэт яриаг нотлох факт олддоггүй юм гэсэн.
Нус наах ажиллагааны эхлэл Д.Амарбаясгалангийн савраас намаа салгаж авах гэсэн МАН-ын дарга, түүний мөнхийн өрсөлдөгч Л.Оюун-Эрдэнийн алсын бодлоос улбаатай. Магад үүний цаана Ерөнхийлөгчийн тоглолт явсныг үгүйсгэх аргагүй. Угийн ажил ихтэй байдаг ЗГХЭГ-ын даргын ширээнээс Д.Амарбаясгаланг хөндийрч чадахгүй гэж Ерөнхий сайд тооцсон нь хол андуурсан хэрэг болсон. Гэвч төрөлхөөсөө гүйлгээ ухаантай, хумсаа нуусан муур мэт Д.Амарбаясгалан төрийн ордноос нам төрийн ажлыг түүртэх юмгүй хослон барьж, Л.Оюун-Эрдэнийн “барбарис” төлөвлөгөөг нураасан байдаг.
Буруу томилгоо хийсэн гэдгээ ухаарсан даруй Л.Оюун-Эрдэнэ ээлжит сонгуулийн өмнө тойргийн цэвэрлэгээ хийх зорилгоор Б.Энхбаярт Нүүрсний сонсгол хийхийг үүрэгдэж, нэр бүхий улс төрчдийг нүүрсчин хэмээн цоллох үүрэг өгсөн байдаг.
Энэхүү тойргийн цэвэрлэгээ Л.Оюун-Эрдэнэд ашигтай мэт байсан боловчиг эсрэгээрээ Д.Амарбаясгаланг Ерөнхийлөгчийг түшихээс өөр сонголтгүй болгож, улмаар Л.Оюун-Эрдэнэ угаас бүрэн олж авч чадаагүй байсан намын эрх мэдлээ Хүүк ахдаа алдах анхны алхам болсон түүхтэй.
Д.Амарбаясгалангийн хувьд Ерөнхийлөгчийн хүсэлтийг биелүүлэхээс өөр сонголтгүй болж, намаа УИХ-ын гурван удаагийн сонгуульд дараалан ялуулсан баатрын дүртэйгээр генсекийн албан тушаалаа Ерөнхийлөгчийн “шивнэгч” Я.Содбаатарт хүлээлгэн өгсөн. Улс төрийн энэхүү наймаа Ерөнхийлөгчийн МАН дахь сарнисан эрх мэдэл эргэн сэргэх том алхам болсон. Тиймдээ ч өнөөдөр УИХ хийгээд Засгийн газарт Ерөнхийлөгчийн баг хүчтэй тоглосон хэвээр байна.
Сү.Батболдын буян
Б.Энхбаяр үеийн үед “ах” нам дотор хамгийн хүчтэй фракц байж ирсэн Сү.Батболдын фракцид харьяалагддаг. Үүний шалтгаан нь тэрээр оюутан ахуй цагаасаа эхлэн Сү.Батболдын туслахын албан тушаалыг хашиж байсныг улс төрийн цөөн хүрээнд мэддэг. Цаашилбал, Б.Энхбаярыг УИХ-д нэр дэвшүүлэхээс татгалзсан Д.Амарбаясгалангийн “отказ”-ын хариуд Сү өөрийнхөө халдашгүй дархан эрхээр наймаалцаж, Б.Энхбаярыг отож байсан улс төр бизнесийн бүлэглэлийнхнээс хамгаалсан. Өөрөөр хэлбэл Нүүрсний сонголоор Б.Энхбаярын хорхойтой араанд зуугдаж, нүүрсчин гэгдэх хэзээ ч арилшгүй шошготой болсон улс төр, бизнесийн хүрээнийхэн хийгээд хэвлэлийнхэн хүртэл /нүүрсний машинтай 40 сэтгүүлч байна гэж мэдэгдсэн/ эгзэгтэй цагийг хүлээн Б.Энхбаярыг отож байсан нь нууц биш. Эцэст нь улс төрд анх хөтөлж оруулсан сайн ах Сүгийнхээ буянаар УИХ-ын эрхэм гишүүн болж, аюулаас аврагдаад буй.
Ер нь Сү.Батболдын Б.Энхбаярт үйлдсэн буян үүгээр дуусахгүй. Тэрээр чухам Сү ахынхаа татаасаар Хууль зүй дотоод хэргийн сайд болж, хааны сэнтийд заларч үзсэн гээд улс төрчийнхөө хувьд богино хугацаанд өндөр карьерт хүрэх шат гишгүүр нь ямагт Сү-тэй холбоотой явж ирсэн.
Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр үргэлж өрсөлдөж ирсэн хэдий ч ганц л зүйл дээр санал нэгдсэн нь ах нарыг улс төрөөс явуулах зарчим дээр гар барьсан. Ах нарынх нь нэг Сү.Батболд. Бизнесээс улс төрд уригдан орж ирсэн Сү.Батболдын тухайд бизнесмэн хүний нарийн арга залиар үеийн үед намын дарга, генсекүүдтэй тохирч, аятайхан томилгоо бүхнийг хүртэж ирсэн. Нөгөө талаасаа улс төр бол Сү.Батболдын хувьд бизнесийнхээ цар хүрээг тэлж, хуулиас гадуур “хуульчлан” цэцэглүүлэх таатай орчин байсныг “Бороо гоулд”-аас авахуулаад “Энержи ресурс” хүртэлх түүний эрх ашиг нотлон харуулдаг билээ.
Гэхдээ эцсийн бүлэгт Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилуулж чадсан нь Сү.Батболдын маш сайн хэлэлцээр хийх чадвар нөгөө талаас МАН-ын фракци хоорондын наймааны нэг хэсэг байсан. Цаашилбал Б.Энхбаярт үүлэн чөлөөний нарнаар аз тохиосон нь тухайн үед одоогийн МАН-ын Бүлгийн дарга Л.Мөнхбаатарт Хууль зүйн сайдын суудал оногдсон боловч цаадах нь хоёрын хооронд 6 сар сайд хиймээргүй байна, дараагийн Засагт сайд больё гэдэг тохироогоор нэрээ татаж, оронд нь Б.Энхбаяр сайд болсон гэх яриа нэг хэсэг саарал ордноор хийссэн. Тийм ч биз, үгүй ч биз ээ.
Мөнгөтэй улс төрчидтэй л түншилнэ
2020 онд Д.Сумъяабазар нийслэлийн орон нутгийн сонгуульд Д.Амарбаясгалангийн фракцийг тас цохиж, өөрийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлсэн цагаас Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар хоёрын зодоон эхэлсэн байдаг.
Д.Амарбаясгалангийн өнөөг хүртэл биелүүлж чадаагүй нэг хүсэл бол нийслэлийн МАН. Нийслэлийн улс төр гэдэг угаасаа МАН-ын тал гэдэг утгаараа бүхий л улс төрчдийн шунал, хүслийг асаасаар ирсэн гол цэг. Учир нь нийслэл гэдэг том айлд асар их мөнгө, эрх мэдэл эргэлдэж байдаг.
Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар хоёрын зөрчил “ногоон автобус”-ны хэрэг дээр цээлдээ тулж, өнөөг хүртэл үргэлжилсээр буй. Хэдийгээр ногоон автобусны хэргээр улс төрийн “үхдэл” болж, карьер нь дууссан ч Д.Сумъяабазараар хөтлүүлж /тэтгүүлж/ улс төрд хөл тавьсан 15 залуу саяын орон нутгийн сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон нь могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдгийн үлгэр. Энэ бүхэн Д.Сумъяабазар нүүрэн дээрээ улс төрийн карьер нь дууссан мэт боловч үнэн хэрэгтээ улс төрөөс явах бодолгүй байгааг илтгэнэ.
Д.Сумъяабазараар тэтгүүлж улс төрд хөл тавьсан залуусын нэг нь Б.Энхбаяр. Тодруулбал, Б.Энхбаярын УИХ-ын сонгуулийн анхны мөнгийг “Сумт” гаргаж байсан гэдэг.
Энэ бүхнээс дүгнэн үзэхэд Б.Энхбаяр гэдэг хүн бол өөрийн гэсэн үзэл бодол, улс төрчийн байр суурь гэхээсээ илүү мөнгө, эрх мэдэлтэй улс төрчид, олигархи эздийн дохио зангаа, захиалга даалгавраар дайсагнагч этгээдийг нь намнадаг “анчин” гэж тодорхойлж болох юм. Түүнд байдаг ганц зүйл бол шударга үнэнч төрийн түшээ, сайн хуульч гэсэн хуурамч баг. Энэ нь ч мөнгөтэй олигархиудад олз болдог биз ээ.
Х.Бумаа
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS