Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Л.Оюун-Эрдэнийн суудал ганхаж эхлэв. Хамтарсан Засгийн газрынх нь анхны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьж, дахин хэлэлцүүлсэн нь эхний том сануулга байсан бол дараа нь Хүүк ах утаагаар далимдуулан зүүн гарын шулуун цохилтоо хийв.
Салан задгай, найзан дундаа, найрааны Засгийн газар, эмээл хазаарынхаа бүтэн дээр хазаараа татацгаа хэмээн загнасны цаана том агуулга бий. Энэ нь гэхдээ Ерөнхий сайд шууд огцорно, Засаг задарна гэсэн үг биш. Ухамсрын шанаа юм.
Харин засаг унаасай, завсар зай гараасай, “хоолондоо орох” юмсан гээд шүдээ хавирч, шүлсээ савируулж байгаа хоёрдугаар ээлжийнхэн толгойгоо өндийлгөж эхэлжээ. Сүүлийн хэдэн өдөр Ерөнхий сайдын суудал мөрөөдөж, сэрүүн зүүдэлж яваа хэд хэдэн хүн байна. Насаараа л сайд, гишүүн хийж, төр, засагт өртэй юм шиг идэж ууж, өстэй юм шиг самарч, сандаачиж амьдарч ирсэн тэдгээр нөхөд сиймхий гарсан дээр дүлзэндэж, сэхээ өгвөл түгжилдчих санаатай “хутга” ханцуйлан гүйлдэж эхэлснийг олон түмэн харж байна.
Шууд нэрлэе. Дараагийн Ерөнхий сайдад санаархаж буй улстөрчдийн жагсаалтад Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарын нэрс бичигдэж байна. Ордны тайганууд, олз ашгийн шантаажчид, ар хударгаар хутгагчид, ар нуруунаас хутгалагчид гэж нэрийдсэн ч болно. Чингисийн үедсэн бол аль хэдийнэ нуруугаа хугалуулчихсан хэвтэж байх хүмүүс энэ цагт сайдын суудалд бөгсөө хавтайтал сууж байгаа нь хоржоонтой.
Утааны асуудлаар Ерөнхийлөгч "намейк" өгсний дараа Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Энэ бол Эрүүл мэндийн сайд батлан хамгаалахын сэдвээр ярилцлага өгсөнтэй адил юм. С.Бямбацогтын хувьд бол цээжиндаа шатаж яваа галын утааг хамраараа гаргасан нь энэ байв. Танхимынх нь тэргүүн нэгт эзгүй, хоёрт эчнээ хатуухан сануулга авсны дараа ар хударгаар нь нэмж өшиглөсний цаана мань эр Ерөнхий сайд болох урт холын бодолд дараатай яваагаа ил шулуухан илэрхийлсэн хэрэг.
Нөгөө талаар С.Бямбацогт бол улс төрд хөл тавьснаасаа хойш үе үеийн Ерөнхийлөгч нарын cash нь болж ирсэн өөрийн гэсэн өвөрмөц тактиктай улс төрч. Түүнийхээ хүчинд сайдын суудал сэлгэн тухалсаар ирсэн ч гэж болно.
Цагтаа Ц.Элбэгдоржийн хуурай хүү шиг нь орон гэрээр нь орж гардаг, үгэнд нь ч сайн ордог байсан гэдэг. Одоо харин У.Хүрэлсүхийн сайн дүү болчихсон тууж яваа. Түүний буянаар ах дүүдээ гавьяа шагнал хүртээсэн чиг л дуулддаг. Нэг ёсондоо Хүүкийн цагаан хоолой юмдаг уу даа.
Өмнөх засагт Зам, тээврийн сайд байсан С.Бямбацогтыг саяын Засгийн газарт Батлан хамгаалахын сайд болсон нь бараг л шийтгэл болчихоод, хорсол заналаа зангидаж яваа гэх. Энэ нь ч үг үйлдэл, биеийн хэлэмж гээд юм бүхнээс нь үнэртэж харагддаг аа.
Дараагийн горилогч Ц.Даваасүрэн. Байтлаа Ц.Аваадсурсан гэдэг албан бус нэртэй болсон түүнээс лав энэ насандаа “10 хувийн” гэдэг алдар шошгыг хэзээ ч салгах аргагүй болсон. Албан тушаалын шантаажчин, тендерийн хувьчин тэрээр ядаж байхад Төсвийн байнгын хорооны дарга "гэжуга". Төсөв хэлэлцэх үеэр Хөвсгөлдөө бяслагны үйлдвэр байгуулж Хятадыг хангахаа ичиж нэрэлхэх зүйлгүй хэлсэн энэ хүнийг ямархан популист, хэр түвшний авлигач, хонжооч гэдгийг тодорхойлоход ч бэрх болсон. Хошин нь хэвлэлийнхэн очоод үзтэл өнөө Бяслагны үйлдвэр гээд хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн төсөл нь хог новш хадгалдаг хоосон хэдэн сэндвичэн амбаар байсан гэдээг.
Ийм худалч, хулгайч нөхөр Ерөнхий сайд болох ариун гэгээн мөрөөдөлтэй алхаж явна гээд бод. Яам бүхнийг дамжиж, сайдын суудалд бөгсөө тавьж үзсэн. Очсон яам, тамгын газраа самарч, төрийн албыг төрлийн алба болгодгоороо С.Бямбацогтоос нэг их дээрдээд байх юмгүй этгээд.
Гурав дахь горилогч Сангийн сайд Б.Жавхлан хоёр ахтайгаа адилхан зүүд зүүдлэн үнэгчилж яваа гэх. Ордны бослого гарвал оролцоход бэлэн. Залуу хүн атлаа зориггүй нэг дутагдалтай. Ар хударга ажиллагааг харин ч нэг сайн бөгөөд хорон хийчих хэмжээний потенциал түүнд бий гэдэг.
Ийнхүү Ерөнхий сайдын суудал нь бусдын зүүдэнд орж, нойрыг нь хульжааж байгаа энэ цаг дор Л.Оюун-Эрдэнэ яаран сандран ирж, Засгийн газраа хуралдуулан Ерөнхийлөгчийн загнасны дагуу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог гялс байгуулж, “Яндангүй бүс” байгуулна гээд амалчихлаа. Айсан хүнд аргал хөдөлнө гэгч болж байгаа биз ээ.
Г.Ууганбаатар
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS