Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Эрдэнэт ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонтой ярилцлаа.
-Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр 46 жилийнхээ төрсөн өдрийг бүтээн байгуулалт дүүрэн угтсан. Хамгийн чухал нь баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн бүтээн байгуулалт гэж ойлгосон?
-Манай үйлдвэр 46 насны төрсөн өдрөөрөө Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлөө ашиглалтад оруулахаас гадна өндөр хүчин чадалтай “Комацү” брэндийн 10 авто машин хүлээн авч, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Цаашдаа ч төсөл, хөтөлбөрүүд маань үргэлжилнэ. 1978 онд үйлдвэр маань анх ашиглалтад орж байхдаа жилд 4 сая тонн хүдэр баяжуулдаг байсан бол 46 жилийн дараа хүчин чадал маань 10 дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн зэсийн баяжмал гаргах дээд хүчин чадалдаа хүрч байна.
Дараагийн том төсөл маань хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамаа шинэчилж байна. Мөн хаягдал өтгөрүүлэх шинэ технологийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Уурхайн нөөц, зэсийн агуулга, баяжуулах үйлдвэрийн хүчин чадал гээд Эрдэнэт үйлдвэрийн үндсэн барометрүүд хэр байгаа бол?
-Олон жил ашиглаж байгаа геологи уул уурхайн нөхцөл маань хүндэрч байгаа. Үүнийг дагаад агуулга тогтмол буурч байна. Анх Эрдэнэтийн овоо ордыг ашиглаж эхэлж байх үед агуулга 0.84-тэй байсан бол энэ жил 0.38 болж агуулга буурсан. Хоёр аравны хэд дахин буурч байна гэсэн үг. Мөн бондын индексээр хэмждэг хүдрийн хатуулаг жил бүр нэмэгдэж байгаа. Тээвэрлэлтийн зай уртасч байна. Ийм нөхцөл байдалд Эрдэнэт үйлдвэрийн хамт олны хийж байгаа хөрөнгө оруулалт бол сая хүлээн авсан Баяжуулах фабрикийн өргөтгөлийн төсөл.
Энэ төсөл бол үйлдвэрийн хүчин чадлыг 25 хувиар нэмэгдүүлж зэсийн баяжмалын хэмээг жилд 40 сая тоннд хүргэх зорилготой эхэлсэн төсөл. 2020 оны дөрөвдүгээр сард эхэлсэн ажил маань 2022 оны наймдугаар сард дууссан. Бид дуусангуут нь шууд тууз хайчилсангүй. Ихээхэн технологи шингэсэн ажил буюу 136 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Иймээс хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг найдвартай болгоё, технологио баталгаажуулъя гэсэн үүднээс хоёр жилийн хугацаанд 11.4 сая тонн хүдрийг нэмэлтээр боловсруулсны дараа, 338 сая ам.долларын борлуулалтын орлогыг нэмэлтээр бий болгосны дараа өнөөдөр нээлтээ албан ёсоор хийж, тууз хайчиллаа.
-Эрдэнэт үйлдвэр дангаараа улсын төсвийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг "саалийн үнээ". Энэ жил жишээ нь хэдэн төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн бэ?
-Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 2 их наяд төгрөг төвлөрүүлж рекорд тогтоосон. 2022 онд 813 тэрбум, 2023 онд 803 тэрбум, нийт 200 гаруй сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан. Жилдээ 1.2 их наядын хөрөнгө оруулалт хийдэг. Цэвэр ашгаасаа ногдол ашиг өгдөг. Өмнө нь цэвэр ашгийнхаа 50 хувийг ногдол ашигт өгч байсан бол энэ жил Баялгийн сангийн тухай хууль гарснаар 34 хувь буюу 273 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд байршуулсан. Ингээд тооцоод үзэхээр бид жилд 800 гаруй тэрбумын ашигтай ажиллаж байна гэж болно. Үүнээс гадна дээрх бүх төсөл хөтөлбөрүүдийг цэвэр өөрсдийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Зэс хайлуулах үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 124.000 тонн катодын зэс үйлдвэрлэнэ
-Зэс хайлуулах үйлдвэр барих төсөл мөн хэрэгжүүлэхээр зэхэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Зэсийн баяжмал боловсруулах буюу хайлуулах үйлдвэрийн бүх туршилт, судалгаа, ТЭЗҮ хийгдэж дууссан. Өнгөрөгч 9-р сарын 30-нд БНХАУ-ын Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Оронд хийгдэж байсан элементийн хүхрийн үйлдвэрлэлийн туршилтын ажил амжилттай болсон. Энэ бол дэлхийд анх удаа хүхрийн давхар ислийг нүүрсний хийгээр саармагжуулах төсөл. Одоо Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд Зэсийн баяжмалын үйлдвэрийг барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
-Эдийн засгийн үр өгөөж, хүлээлтийн тухайд мэдээлэл өгөөч?
-Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ 2022 онд хийгдэж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан. ТЭЗҮ-ээрээ бол үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 36 сарын хугацаанд хийгдэнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэрийн олон жилийн хугацаанд тогтвортой гаргах баяжмалын тоо хэмжээнд нийцсэн буюу 560 мянган тонн зэсийн баяжмалыг хайлуулж 124.000 тонн цэвэр катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн хүлээлттэй, 7.7 жилд анх оруулсан хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн тооцоотой байна.
Хайлуулах үйлдвэр дангаараа өгөөжийн дотоод норм өндөртэй байдаггүй. Оюутолгойд зэс хайлуулах үйлдвэр баригдлаа гэхэд алт, мөнгө зэрэг агуулга өндөр тул Эрдэнэтээс арай өгөөжтэй. Бидний хийж байгаа Үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлын хамгийн гол үр өгөөж нь дагалдах үйдвэрүүд буюу эцсийн бүтээгдэхүүн, технологийн бүтээгдэхүүн, үнэлэмж өндөр бүтээгдэхүүн үйлдвэрлэснээрээ эдийн засагт оруулах үр өгөөж нэмэгдэнэ гэсэн тооцоотой байгаа.
-Эрдэнэт үйлдвэр шинээр Оюутын ордыг олборлож эхэлнэ гэсэн сайхан мэдээ бий. Энэ ордын агуулга, нөөцийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Оюутын ордод 2023 оноос эхэлж хайгуул хийсэн. ТЭЗҮ хийж, нөөц тодорхойлоход 55 жил ашиглах тооцоолол гарсан. ТЭЗҮ-гээ баталгаажуулахаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн. Албан ёсны хариу ирснээр нөөцөө зарлана. Тодорхой болсон нэг зүйл бол Оюутын ордын агуулга, нөөц одоо бидний ашиглаж байгаа "Северный западный" болон "Центральный" хоёр хэсгийнхээс илүү гэдэг нь тодорхой болсон. Нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажсаны дараа албан ёсоор зарлана.
2025 онд дахин өрөмдлөгийн ажил хийснээр одоо баталгаажсан нөөц дахин өснө гэсэн хүлээлттэй байна. Магадгүй дахиад 10 гаруй жилийн насжилтыг уурхайдаа авчирна гэж итгэж байна. Улмаар 2026 онд Оюутын ордыг ашиглалтад бэлдэнэ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн маань насжилт багадаа 55 жилээр уртасч байна.
-Эрдэнэт үйлдвэр арилжааны банкуудаас 150 сая долларын зээл авахаар Сангийн сайд Б.Жавхланд хүсэлт гаргасан гэдэг мэдээлэл бий. Энэ зээлийг авах зайлшгүй шаардлага байгаа юм уу?
-”Самсунг”-аас 2023 оны арванхоёрдугаар сард 100 сая ам.долларын зээл авсан. Энэ бол урт хугацааны зээл биш. Аваад хэрэглээд, ирэх оны гуравдугаар сард төлж дуусна. Энэ жил 150 сая ам.долларын зээл авна гээд зөвшөөрлөө авчихсан байгаа.
Төсөвт мөнгө төлөх ёстой байтал зээл авах нь гээд шүүмжилдэг. Бид яагаад дотоодоос зээл авах гээд байгаа вэ гэвэл трейдэрүүдээс авдаг зээл дээр сервис хийнэ, хуулийн зардал гарна. Энэ мэт нэмэгдэхээр хүү нь 13 хувь хүрээд байдаг. Гэтэл дотоодын банкнуудаас зээл авахаар сервис хийхэд их, бага хамаагүй ердөө 1500 ам.доллар л авдаг юм байна. Дээрээс нь нэг онцлог нь татварын хуулиар трэйдэрүүдээс зээл авахад тухайн компанийн улсдаа төлөх татварыг бид энд төлдөг. Тэр нь 13 хувь болдог. Бид трейдэрүүдээс зээл авбал ийм өртөгтэй. Гэтэл дотоодын банкуудаасаа авбал хүү нь 8.9 хувь буюу хамаагүй хэмнэлттэй нөхцөлөөр зээл авах нь. Тиймээс бид Хаан, Голомт, Капитрон зэрэг гурван банкнаас нийт 150 сая ам.долларын зээл авах эрхээ авсан. Гэхдээ хараахан зээлээ аваагүй байна.
Дашрамд хэлэхэд энэ зээлийг бид зөвхөн хөрөнгө оруулалтад зарцуулдаг. Жишээ нь сая бид “Комацү”-гаас өндөр хүчин чадалтай 10 машин худалдан авахдаа төлбөр болох 57.9 тэрбум төгрөгийг шилжүүлэхийн тулд “Голомт” банкнаас зээл авсан. Өөрөөр хэлбэл яг хөрөнө оруулах зорилгоор ийм богино хугацааны зээлийг авдаг гэж ойлгож болно. Цэвэр ашгийнхаа талыг ногдол ашигт өгчихдөг учир хөрөнгө оруулалтын зардал талд дутагдал гарахаар ингэж зээл авах маягаар нөхөөд явдаг.
Зэсээ дан ганц биржээр борлуулах нь өндөр эрсдэлтэй
-Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын гэрээний талаар сонирхмоор байна. Ямар журмаар явагддаг вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын гэрээний тодорхой журамтай. Худалдан авагч компаниудын олон улсын зах зээл дээрх туршлага, нэр хүнд, санхүүжилтийн чадавх, манай үйлдвэрийн нөхцөлийг хүлээж авах эсэх гэх мэтийг харж үзэж, тусгай шалгуурын дагуу гэрээ байгуулдаг. Өнөөдрийн байдлаар зэсийн баяжмал дээр долоон компани, молибдений баяжмалд дөрвөн компанитай урт хугацааны гэрээтэй ажиллаж байна.
2019 оноос бүх нөхцөлөө сайжруулж эхэлснээр хуучин ажиллаж байсан нэр бүхий олон улсын зарим компаниуд гарсан тал бий. Уламжлалын хувьд Эрдэнэт үйлдвэртэй найдвартай хамтран ажиллаж байгаа компаниуд шүүгдэж үлдээд явж байна. Цаашдаа компаниа ил тод болгох зорилгын хүрээнд бүтээгдэхүүнээ биржээр худалдаалж эхлээд байна.
Бүтээгдэхүүнээ 100 хувь биржээр борлуулж ч болно. Салбарын сайдаас урт хугацааны гэрээ битгий байгуул, биржээр л борлуулалт хий гэсэн чиглэл ч ирчихсэн байгаа. Гэтэл дан биржээр худалдаалахад зэсийн үнэ буурч байгаа нөхцөлд компаниуд орж ирдэггүй юм байна. Сая гэхэд өнгөрсөн зургадугаар сараас хойш зургаан сарын хугацаанд нэг ч компани орж ирсэнгүй. Урт хугацааны гэрээгүй бол бид эрсдэл хүлээхээр юм байна гэдгийг энэ нөхцөл байдлаас харж болохоор байгаа юм.Тиймээс цаашид урт хугацааны гэрээ болон биржийн борлуулалтыг хослуулж явах нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.
-Ган бөмбөлгийн тендерийн талаар тодруулахгүй юу?
-Ган бөмбөлгийн хувьд Эрдэнэт үйлдвэр 40, 80, 100, 120, 125 гэсэн таван янзын ган бөмбөлөг авдаг. Үүнээс 40, 80-ын ган бөмбөлгийг бид өөрсдөө үйлдвэрлэж байна.
Ган бөмбөлгийг дотор нь чанараар нь цутгамал, цувимал, давтмал гэж гурав хуваадаг. Цутгамал ган бөмбөлөг Монголд олон бий. Цутгамлаас арай сайныг нь цувимал гэдэг. Монголд ганцхан манай үйлдвэр цувмал ган бөмбөлгийг үйлдвэрлэж байна Хамгийн сайн нь давтмал ган бөмбөлөг. Энэ технологи Дарханы төмөрлөгийн үйлдвэрт бий. Гэхдээ үйлдвэрлэхгүй байгаа. Саяхан “Да бат өргөө” гэж нэг компани 120, 125-ын давтмал ган бөмбөлөг үйлдвэрлэж эхэлсэн. Үйлдвэр маань 40, 80-ын ган бөмбөлгөө өөрсдөө үйлдвэрлэж хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна 100,125-ынхыг ч өөрсдөө хийж үйлдвэрээ өргөтгөе гэж манай ган бөмбөлгийн цехийнхэн хүсдэг.
Нөгөө талаар хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж байхад заавал бүх юм руу орох хэрэггүй гэсэн зарчим ч бас бий. Өмнө нь Хятадаас авдаг байсан цувимал ган бөмбөлгийг Монгол компани үйлдвэрлээд эхэлсэн тул урдаас авахаа зогсоож үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ахиухан авахаар төлөвлөж байна. Ган бөмбөлөг худалдан авах зарчмын тухайд компаниудаас бүгдээс нь үнийн санал аваад, хамгийн бага үнийн саналыг нь буцаагаад бүх компаниуд руу явуулаад, танайх энэ үнээр нийлүүлж чадах уу гэж асуудаг. Зарим нь чадахгүй гэнэ. Чадна гэсэн компанид нь тоог нь хуваагаад гүйлгээ хийчихдэг байсан.
Харин энэ жилээс шууд нээлттэй тендер зарласан. Үүний хүчинд энэ жил ган бөмбөлгийн үнэ өмнөх жилүүдээс буурсан. Өмнө нь үйлдвэрлэгч гээд ордог байсан компаниуд нээлттэй тендер зарласан компаниуд руу бага үнэ өгөөд дийлж чадаагүй. Тэдний зүгээс гомдол гаргаад байгаа тал байгаа юм билээ. Эрдэнэт үйлдвэрийг нээлттэй компани болгох тал дээр анхаарч ажиллаж байна
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа юм билээ. Энэ дээр таны хувийн байр суурийг сонирхож болох уу?
-Эрдэнэт үйлдвэр 2019 онд 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Энэ статус цаашдаа үргэлжлээд явна гэдэгт би хувьдаа итгэлтэй байгаа. Мэдээж "процессуальный" гэж ярьдаг хууль эрх зүйн асуудлууд эцэслэн шийдэгдэх ёстой.
Эрдэнэт үйлдвэр бол улсын үйлдвэрийн газар. Цаашдаа нээлттэй, "паблик" компани болгох тал дээр бүхий л талаар анхааран ажиллаж байна. Үүнийг Засгийн газраас өгч байгаа үүрэг чиглэл гэж ойлгож болно.
-Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр ямар байгаа вэ. Цаашид өсөх үү, буурах уу?
-Зэсийн үнэ өнөөдрийн хувьд жаахан уналттай, таагүй байна, 9000-аас доош орчихоод байгаа. Гэхдээ 2024 оны санхүүгийн жилийн эцэст 9000 гаруй буюу төсөвт суулгаснаас арай дээгүүр хэмжээтэй гарах төлөвтэй байна.
“Эрдэнэт" үйлдвэр олон улсын шинжээчидтэй хамтарч ажилладаг. Тэдний тооцоо, судалгаа, зөвлөгөө, прогнозыг байнга авдаг. 2025 оны эхний хагаст зэсийн үнэд төдийлөн өсөлт байхгүй, харин хоёрдугаар хагаст тодорхой хэмжээгээр өснө гэсэн прогнозтой байгаа.
Эрчим хүчний шилжилт, ногоон эдийн засаг, ногоон хөгжил гэж ихээхэн ярьж буй энэ цаг үед цахилгаан машин дээрээс нь хиймэл оюун ухаан зэргийн өсөх хэрэглээнээс хамаарч зэсийн хэрэглээ одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ гэсэн прогноз бий. Яг ийм нөхцөлд буюу зэсийн үнэ өсөх хандлагатай цаг үед хөрөнгө оруулалт хийх тусам үр өгөөж нь үржиж нэмэгддэг зүй тогтолтой. Тийм учраас хөрөнгө оруулалт талдаа нэлээн анхаарч ажиллаж байна.
М.Уранчимэг
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS