Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Улиран одож буй 2024 он УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгууль, хүн төрөлхтний эв найрамдлын их наадам олимп болсон өндөр жил байв. Бас баривчилгааны жил байв. Хэн нэгэн албан тушаалтныг саатуулсан, олны танил эрхмийг баривчилсан гэдэг мэдээ хэвлэлийн хуудаснаас салсангүй.
Хууль хүчний байгууллагууд аливаа этгээдийг шүүхийн шийдвэргүйгээр 48 цаг саатуулах боломжтой. Энэ боломжоо тэд тултал ашигласан жил байлаа. Мэдээж тэд хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн. Гэхдээ хүний эрхийг хязгаарлах аливаа шийдвэр хуулийн дагуу байх ёстой. Бусдыг хэлмэгдүүлж, хохироож болохгүй. Тиймээс шүүхийн шийдвэрт олон нийт соргог ханддаг. Энэ өнцгөөс харж бид дараах мэдээллийг бэлтгэлээ.
2024.05.01. Худалч Хөдөлмөрийн баатар
Хэрэг явдал 2023 онд эхэлсэн. Тодруулбал, “Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбат 2023.06.15-ны өдөр “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ” гэсэн сүрхий тайлбар бүхий сүрэг адууг машинаараа хөөж дайрч буй бичлэгээ өөрийн Chinbat Lhagva нэртэй цахим хуудаст нийтэлж, “Хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргасан” гэж тодотгохоо ч мартсангүй.
Чухам эл пост нь иргэн Л.Чинбатыг буруутгах үндэслэл болсон байдаг. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн баатар маань Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинтайгаа хөөж, дайрахаар завдсан гэх бичлэг сошиал орчинд битүү түгсэн нь хэрэг дээрээ иргэн Л.Чинбат Дорнод аймгаас 200 орчим тооны, гарал үүслийн гэрчилгээгүй адууг тууж, Цагааннуур суманд оруулахыг завдсан. Харин нутгийн малчид малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс, гарал үүслийн гэрчилгээ шаардан, байхгүй байсанд сумын ЗДТГ-ын ажилтнуудын хамт адууг саатуулснаас дээрх хэрэг явдал болсон байдаг. Бичлэгээс харахад Л.Чинбат жийп машинаараа хөөж, хоёр ч малчныг дайрсан нь баталгаажсан
Ингээд Хөдөлмөрийн баатарыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд 2024.05.01-ний өдөр шүүгдэгч Л.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр сарын хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.
2024.05.27. "Сахал" Д.Эрдэнэбилэгийн ажиллагаа
2024.05.28-ны өдөр Авлигатай тэмцэх газраас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай баривчилсан. АТГ-ынхан тус үйлдвэрийн удирдлагуудын өрөөнд нэгжлэг шалгалт хийсний дараа гүйцэтгэх захирлыг нь ийнхүү саатуулсан. Шалтгаан нь түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, компаниудад төмрийн баяжмалыг хууль бусаар өгч, татваргүй хилээр гаргасан байж болзошгүй хэмээн буруутгасан гэдэг.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь төрийн өмчит үйлдвэрийн газар. Гэтэл нэг л өдөр “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийн гарт орчихсон байдаг. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс гадна Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр хүртэл нэгэн цагт энэ ноёнтны хяналтанд байсан билээ.
Гэвч эзэн нь юмаа мэдэж, эрэг усаа шахдагийн үлгэрийг үзүүлж Монголын төр түүнээс төрийн өмчит үйлдвэрүүдээ “булаан” авсан.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг гэхэд Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сард гаргасан шийдвэрээр “Кью Эс Си” ХХК-ийн эзэмшлээс концессын гэрээг цуцалж, төрийн эзэмшилд авсан бөгөөд Г.Дугаржав 2022 оны аравдугаар сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар томилогдсон.
Эндээс үзвэл Г.Дугажавыг гэнэт баривчилсан шалтгаан нь “Кью Эс Си” компани буюу "сахал" Д.Эрдэнэбилэгийн захиалгат ажиллагаа байсан гэж дүгнэж болохоор байдаг юм.
2024.05.29. Хөгжлийн банкны хэрэг ба “Монполимет”-ын Ц.Гарамжав
2024.05.29-ний өдөр АТГ-аас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг мөн л хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай баривчлав. Түүнийг хамаарал бүхий компани нь Хөгжлийн банкнаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан, хууль бусаар гадаад улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэх үндэслэлээр баривчилсан гэж хэвлэлд мэдээлж байв.
Түүнийг баривчилан саатуулсны дараа шүүхээс түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Баривчилгааны талаар Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан “Нийт санхүүжилтийн 20 хувь Хөгжлийн банкнаас нээлттэй ил тод олон шалгуураар дамжиж авсан ба 126.6 тэрбум төгрөг авснаас нийт 260.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийж бүрэн хаасан. Уг зээлийн эргэн төлөлтийг авсан даруй буюу 2015 оны нэгдүгээр сараас эхлэн 100 гаруй тэрбум төгрөгийн ханшийн алдагдлын хамт 40 гаруй удаагийн эргэн төлөлтөөр бүрэн төлж дууссан. Төсөл нь ч 100 хувь амжилттай хэрэгжиж улс орны бүтээн байгуулалт, барилгын салбарт чухал нөлөө үзүүлж олон мянган ажлын байр алслагдсан хөдөө орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан. 2014 онд миний ээж албан тушаалтан байгаагүй ба албан тушаалаа урвуулан ашигласан, зориулалтын бус зарцуулсан гэх мэт гэмт хэрэгт удаа дараа зохион байгуулалттай сэрдэгдэж байгаа нь хүний эрхээс хэтэрсэн зүйл болж байна!” хэмээн цахим хуудсандаа бичсэн.
Ерөөс Ц.Гарамжаваар Монголын төр янз бүрээр оролдож ирсэн нь үнэн. Шалтгаан нь түүний зээ хүү 10-р Богдтой холбоотой юу эсвэл түүний эзэмшдэг орд, лицентэй холбоотой юу гэдгийг хэлэхэд бэрх юм.
2024.07.16. Захиалгат аллагын эзэн Б...
2024 оны дуулиант баривчилгаануудын нэгд интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Б-г Австрали улсаас тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн явдал яах аргагүй багтана. Хамгийн гайхалтай нь иргэн Б гэж хэн болох нь одоо болтол тодорхойгүй байгаа.
Ямартай ч түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчооноос Австрали Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран зохион байгуулжээ. Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2015 онд бусдыг захиалгаар алуулсан гэх гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан байна.
Харин түүний захиалгаар бусдыг алсан А нь 2016 онд ОХУ руу оргон зайлж, улмаар тэндээсээ БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх үед нь Монгол Улсын цагдаагийн байгууллагаас БНХАУ-ын талтай Интерполын шугамаар хамтран ажилласны дүнд уг этгээдийг саатуулан баривчилж, улмаар 2017 онд Монгол Улсад шилжүүлэн авчирснаар үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээж, хорих ял эдэлж байгаа аж.
2024.07.19. “Зариг”-ийн Н.Өнөрцэцэг
2024 оны дуулиант баривчилгаануудын жагсаалтын бараг нэгд энэ хэрэг бичигдэх болов уу.
“Зариг мн” сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг “Нэр бүхий 4 иргэн, 1 хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”, “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь түүнд ахиад боломж байхгүй гэсэн үг.
2024.09.03. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монголд ирмэгц нь баривчилж олон улсын шүүхэд тушаах ёстой гэсэн байр суурийг олон иргэн сошиал орчинд илэрхийлж байв. Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн оны гуравдугаар сард Путиныг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргасан. Уг тушаалын дагуу шүүхийн гишүүн 124 улс Путиныг өөрийн нутаг дэвсгэрт хөл тавьсан тохиолдолд баривчлах ёстой. Монгол Улс Ромын дүрэмд нэгдэн орсон улсын хувьд Путиныг хүрэлцэн ирэхэд нь баривчлах үүрэг хүлээсэн гэсэн үг.
В.Путины Монголд хийсэн айлчлал нь баривчлах тушаалаас хойш Ромын дүрмийг соёрхон баталсан улсад хийсэн анхны айлчлал байсан учраас ийнхүү олон улсын анхаарлыг татсан. Олон улсын эрүүгийн шүүх манай улсыг энэхүү хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан, шүүхтэй хамтарч ажиллаагүй гэж үзэн дүгнэлт гаргаж, арга хэмжээ авахуулахаар оролцогч улсуудын Ассамблейд мэдээлсэн. Хариуд нь манай улс Олон улсын эрүүгийн шүүхээс энэ асуудлаар томилсон гурван шүүгчийн хоёроос нь татгалзах давж заалдах гомдол гаргасан ч Гаагийн шүүх хүлээж аваагүй.
2024.10.16. Сүхбаатар дүүргийн Н.Одончимэг
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг Авлигатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатай саатуулсан бөгөөд шүүхээс үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлэсэн. Түүнийг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орсон Сүхбаатар дүүргийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлгийн барилгын тендертэй холбоотойгоор авлига авч гэртээ хадгалсан байхад нь нэр бүхий албан хаагчийн хамтаар саатуулсан байдаг.
Түүний гэрээс 400 сая төгрөг хураажээ. Н.Одончимэг одоогийн албан тушаалаасаа өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргаар 2017 оноос 2024 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа тус барилгын тендерийг “Ванхүү” ХХК-д өгч байсан аж.
2024.11.15. Сангийн яамны Б.Доржсэмбэ
Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Доржсэмбийг АТГ-аас мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх асуудлаар шалгаж, хамаарал бүхий газруудад нь нэгжлэг хийжээ. Улмаар түүнтэй хамт нэг хүнийг 48 цагийн хугацаанд саатуулсан бөгөөд цагдан хорионы шүүх хурал болж, үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан.
2024.11.27. МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн
Оны сүүлийн дуулиант баривчилгааны нэг.
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг танхимынх нь сонгуулийн өмнөх өдөр буюу Ерөнхийлөгчөө сунгах XXII их хурал болохын өмнөх өдөр баривчилж, 30 хоног баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээг авсан.
Тэрбээр баривчлагдахаасаа өмнө “Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна” хэмээн цахим хуудастаа бичсэн.
Таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 12-р сарын 27-нд дууссан боловч ахин нэг сараар сунгасан.
2024.12.11. Хөгжлийн банкны хэрэгээр 3 гишүүн дээлээ нөмрөх үү?
УИХ-ын гурван гишүүн баривчлагддагийн даваан дээр ирчихээд буй. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдаан арванхоёрдугаар сарын 11-нд болж Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хэлэлцэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Найдалаа, Д.Цогтбаатар нарыг гэм буруутай гэж үзсэн. Ийнхүү эрхэм гишүүд яллагдагчаар татагдах нөхцөлөө хангасан гэсэн үг. Тэд бүгдээрээ эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг зүйл, ангитай.
2024.12.24. А.Отгонбаатарын өндөгний хэрэг
“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар үндэслэлгүй хөрөнгөжсөнөө өөрөө баталж, үнэтэй жийптэйгээ лайв хийж баярхсаныхаа дараахан баривчлагдсан. Түүнийг 2024 оны есдүгээр сарын 16-ны өдөр Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр түүний бие рүү өндөг шидэж, хэрүүл маргаан үүсгэн бусдыг өдөөн хатгаж, олон нийтийг үл хүндэтгэн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан зөрчил гаргасан гэж ийнхүү 15 цагийн албадан сургалтад хамруулж, долоо хоногийн хугацаатай баривчлах шийтгэл ногдуулаад байна. “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар долоо хоног сахилгад суугаад, маргааш буюу он солигдохын өмнөхөн гэртээ харихаар болж байна. Түүнд холбогдох зөрчлийн хэргийг нь үргэлжлүүлэн шалгах аж.
Г.Ууганбаатар
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS