2024 оны онцлох 10 үйл явдал

2024 оны онцлох 10 үйл явдал

Болоо шдээ гэж бодсон ч арай ч дээ гэмээр цочирдуулж, больё оо гэж хашгирмаар бухимдалтай жил

  • 1. 126 гишүүнтэй анхны парламент: Болоо ш дээ

      2023 онд Үндсэн Хуульд өөрчлөлт оруулж, “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн өөрчлөлтийг оруулсан. Энэ дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж, Монголын парламентын  түүхэнд анхны 126 гишүүнтэй танхим бүрдэв.

Ингэхдээ мажоритараар тойргоос сонгох 78 гишүүнийг томсгосон 13 тойргоос сонгосон нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх эхлэл гэж үзэж буй. Шинэ УИХ-д нийгмийн бүх давхаргын төлөөллийг багтаахыг зорьсон. Мөн хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсоноороо энэ парламент онцлог. Энэхүү түүхэн парламентын спикерээр Д.Амарбаясгалан сонгогдон ажиллаж байна.      

  • 2. Стандарт бус хамтарсан Засгийн газар- Больё оо  

Сонгуулийн үр дүнгээр УИХ-д авсан суудлын  тоогоороо бол МАН дангаар Засгийн газраа байгуулах боломж байсан. Гэвч Л.Оюун-Эрдэнэ өөр сонголт хийв. Тэрбээр өөрийнх нь тэргүүлсэн өмнөх Засгийн газрын дэвшүүлсэн шударга ёсны төлөөх тэмцэл, шинэ сэргэлтийн бодлого зэргийг дэмжиж, хамтран ажиллана гэвэл АН, ХҮН  намуудыг засагт оруулъя гэж мэдэгдсэн. Нөгөө хоёр нь ч саналыг нь хүлээн авч уухайн тас.

Ийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Ерөнхий сайдаасаа гадна 22 сайдтайгаараа түүхэн дэх хамгийн нүсэр танхимыг бүрдүүлээд буй. Түүнчлэн 100 хувь давхар дээлтэй сайд нартай гэдгээрээ бас нэг рекорд тогтоож байгаа. Ийнхүү 16 жилийн өмнө Санжийн Баярын "авторлосон" шиг стандарт бус Засгийн газар бүрдэж, үйл ажиллагааны хөтөлбөрөө “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээн нэрлэж, улс төрийн өрсөлдөгч хүчнүүд нэгэн хөнжилд ороод байна.

  • 3. Улсын төсөвт Ерөнхийлөгч анх удаа хориг тавьж, хоёр дахиа хэлэлцүүлэв – Арай ч дээ

     Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэн баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг алдагдал ихтэй, үр ашиггүй зардал өндөр гэж үзэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан. 1992 оноос хойших үе үеийн УИХ-д төсөвт есөн удаа хориг тавьж байсны зургаа нь бүхэлд нь тавьсан хориг байжээ. Энэ зургаан удаагийн хоригийг УИХ хүлээж авч байгаагүй. Харин энэ удаа хоригийг УИХ хүлээж авсан нь анхны тохиолдол болсон юм. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг арванхоёрдугаар сарын 04-ний өдөр дахин өргөн барьж, 12-ны өдөр эцэслэн баталсан. Төсвийн орлогыг өмнө нь 35.8 их наяд төгрөгөөр тооцсоныг 33.7 их наяд болгон, төсвийн зардлыг 2.3 их наяд төгрөгөөр, орлогыг 393 тэрбум төгрөгөөр бууруулж, УИХ анх удаа алдагдалгүй төсөв баталсан.
  • 4. Шинэ дархан аваргатай боллоо – Болоо ш дээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосноос Увс аймгийн Ховд сумын уугуул Даян аварга Н.Батсуурь ес даван түрүүлж, дархан аварга цолны болзол хангасан юм. Тэрбээр есийн даваанд улсын арслан Б.Орхонбаяртай барилдсан бөгөөд хөлийн Цэцийн шийдвэрээр даян аваргыг түрүүлсэнд тооцсон билээ.

Монгол Улсын 10 дахь дархан аварга Н.Батсуурь 2014 онд анх түрүүлж арслан, 2018 онд хоёр дахиа түрүүлэн улсын аварга, 2019 онд гурав дахь удаагаа түрүүлэн даян аварга цолд хүрсэн.

  • 5. Дүйнхорын ван 29 жилийн дараа Монголд - Болоо ш дээ

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд 2024 оны наймдугаар сарын 9-22-нд Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдний их авшиг номыг айлдсан. Дүйнхорын ван авшиг ном нь бурхны шашинд ихээхэн чухалд тооцогддог. Бурхны шашны тарнийн номлол дотор хамгийн дээд нь Дүйнхорын ном гэгддэг.

Тус номыг олон түмэнд заах, дэлгэрүүлэхэд хамгийн эхэнд авшиг хүртээдэг. Далай лам 34 удаа Дүйнхорын авшгийг хайрласан байдгаас 22 дахь удаагийн Дүйнхорын их авшиг 1995 онд Гандантэгчэнлин хийдэд болж байсан түүхтэй. Ийнхүү Монгол Улсад 29 жилийн дараа айлдсан Дүйнхорын ванг Жадо Ринбүүчи айлдсан юм.

Орос, англи, хятад, япон, солонгос, монгол гэсэн зургаан орны хэлээр Дүйнхорын авшгийг орчуулж, сүсэгтэн олонд хүргэсэн бөгөөд гадаадын 15 орноос 600 гаруй сүсэгтэн ирж, номын дуу сонсчээ.

  • 6. Паралимпын тамирчдын түүхэн амжилт - Болоо ш дээ

Зуны XXXIII олимпын наадамд Монгол Улс нэг мөнгөн медальтайгаар дэлхийн 204 улсаас 74 дүгээр байрт жагслаа. Эмэгтэйчүүдийн жудо бөхийн 48 кг-ийн төрөлд Ази тив, дэлхийн отгон аварга Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэж монголчуудын баяр бахархлыг төрүүлсэн.

Тэрбээр Монгол Улсын түүхэнд жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга, Олимпын мөнгөн медаль хүртсэн 13 дахь тамирчин болсон юм. Энэ жил манай паралимпийн тамирчид илүү одтой байж, нүүр тахалсан “Парис 2024” зуны паралимпын 17 дугаар наадамд манай улс 12 тамирчинтай оролцож нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэнээр нийт тамирчдын 33 хувь нь медальт байранд шалгарсан амжилттайгаар 57 дугаар байрт эрэмбэлэгдэн, улсынхаа хэмжээнд түүхэн амжилтуудыг үзүүлсэн. Тухайлбал таэквондогийн тамирчин У.Сүрэнжав паралимпын наадамд түрүүлж улсынхаа анхны олимпын эмэгтэй аварга болсон бол тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медалийн эзэн болж, таеквондогийн төрөлд Монголын хамгийн өндөр амжилт гаргасан эрэгтэй тамирчнаар шалгарсан.

Харин Пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ паралимпын наадмаас гурван медаль хүртсэн анхны Монгол тамирчин болсон юм. Мөн хөнгөн атлетикийн төрлөөр ОУХМ Ц.Баттулга улсдаа хамгийн анхны медалийг авчирсан.

  • 7. В.Путин Монголд айлчлав – Больё оо  

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин есдүгээр сарын 03-нд манай улсад айлчлав. Түүний энэ удаагийн айлчлал Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 85, Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болсон.

Албан ёсны тодотгол нь ийм ч В.Путин энэ удаа Монголд хэд хэдэн мессэж өгөхөөр ирсэн ажээ. Тэрбээр,

  • Байгалийн хийн салбарын хамтын ажиллагааны төлөв өөдрөг харагдаж байна,  Орос, Монгол, Хятад гурван улсыг холбох мянга орчим километр урт “Союз Восток” байгалийн хий дамжуулах хоолойн зураг төслийн баримт бичгийг боловсруулсан. Чингэхдээ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар зөвхөн дамжуулан өнгөрүүлээд зогсохгүй Монголын хэрэглэгчдэд нийлүүлэх боломжийг судалж байна,
  • Оросын “Газпром” компани Монгол Улсыг ахуйн хийгээр хангахтай холбогдох асуудалд шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн.
  • Мөн эрчим хүчний салбар дахь хоёр талын хамтын ажиллагаа нүүрс устөрөгчийн экспортоор хязгаарлагдахгүй. ОХУ цаашид ч Монголын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр үргэлжлүүлэн хангах болно. Оросын хамгийн орчин үеийн, аюулгүй технологид түшиглэн цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтарсан төсөл, тухайлбал бага оврын реактор барих төслийг хэрэгжүүлэхэд нээлттэй байна хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Товчхондоо бол оросууд монголчуудыг гуравдагч хөрштэйгөө цөмийн эрчим хүч болон байгалийн хийн төсөл хэрэгжүүлэхэд дургүй байгаагаа илэрхийлсэн. Харин монголчуудын хувьд В.Путиныг ирэхэд нь баривчилж, олон улсын шүүхэд тушаа гэх мэтээр дургүйцлээ илэрхийлж угтсан.

  • 8. 16 жил гацсан Гашуунсухайтын төмөр зам гацаанаас гарав – Болоо ш дээ

Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтын гэрээ байгуулахад баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улс, Франц улс хамтран “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг хамтад нь өргөн бариад буй.

  Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болно. Энэ төсөл хэрэгжсэнээр Замын-Үүд-Эрээн хилийн боомт төмөр замаар холбогдсоноос хойш 70 орчим жилийн дараа өмнөд хөрштэй төмөр замаар холбогдох хилийн хоёр дахь боомт ашиглалтад орох бөгөөд Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд холбогдож, эрчим хүчний экспорт, нүүрс гүн боловсруулах үйлдвэрийн ажил эхлэнэ гэж тооцжээ.

Энэхүү төсөл 2003 оноос эхлэн харилцан санал солилцож, 2008 оноос албан ёсоор яригдаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 16-20 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр зөвлөмж, УИХ-ын таван тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарч, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалсан байдаг. Өнгөрсөн 16 жилийн турш Женко Х.Баттулга тэргүүтэй улс төр, бизнесийн бүлэглэл нарийн царигтай төмөр замаар танк орж ирнэ гэж үлгэр ярьж гацаасаар ирсэн Гашуунсухайтын төмөр зам мухардлаас гарч хөрөнгө оруулалтын хэлэлцээр нь ийнхүү анх удаа УИХ-ын түвшинд шийдэгдэх гэж байгаа нь оны онцлох үйл явдал яах аргагүй мөн. 

  • 9. Хөгжлийн банкны хэрэгтнүүд УИХ-аас ачигдахаар болов – Арай ч дээ  

Хамгийн олон гишүүнтэй танхим бүрдүүлсэн УИХ оны босгон дээр 123-уулаа болж магадгүй нөхцөл үүсэв. Тодруулбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан арванхоёрдугаар сарын 11-нд болж Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хэлэлцсэн. Улсын дээд шүүх УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Найдалаа, Д.Цогтбаатар нарыг гэм буруутай гэж үзсэн.

Лайвчин Д.Мөнх-Эрдэнийн төрсөн дүү Д.Цогтбаатар 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долдугаар сард түүний энэ үйлдэлд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон байдаг. Хяналтын шатны шүүхийн тогтоолд "Д.Цогтбаатарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, "Мон дулаан", "Газ импорт", "Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээв” гэжээ. Хяналтын шатны шүүх ийнхүү шийдвэрлэснээр Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах нөхцөл бүрдэж буй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1.5 дахь хэсэгт "Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болно" хэмээн заасан байдаг.

Н.Алтанхуяг гишүүний хувьд анхан болон давж заалдах шатны шүүхээр цагаадсан. Гэвч Дээд шүүх тус шийдвэрийг буцааж, хүчингүй болгосноор бүрэн эрх нь ганхаж, бүтэн суудалд нь цав суув.

Н.Алтанхуягийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д зээл олгосон гэх хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн 22.1-ийн 3 буюу “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” зүйл ангиар яллагдагчаар татаад байв. Харин дээр дурдсанчлан, түүнийг анхан болон давж заалдах шатны шүүх хоёулаа цагаатгаж шийдвэрлээд байсан юм.

УИХ-ын гишүүн Д.Найдалаагийн хувьд Н.Алтанхуягтай яг адилхан. Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол үзүүлсэн хэргээр яллагдагчаар татагдан, шүүгдсэн. Анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүнд Б.Найдалаа ч хамрагдсан. Харин Давж заалдах шатанд эсрэгээр шийдээд байв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Д.Найдалаа гишүүн эргээд яллагдагчаар татагдах нөхцөл үүсээд байгаа юм.

Хуулийн дагуу гэмт хэрэгт холбогдсон болон гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэвээр үлдээх эсэхийг Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцээд дараа нь холбогдох байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан санал хураалтаар шийднэ.

  • 10. “Дүнжингарав”-ын дэлбэрэлт - Арай ч дээ  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө “Дашванжил” компанийн шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, дэлбэрэлт болсон. Тус ослын улмаас “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” олон улсын дунд сургууль, “Санни таун” хотхоны 830 дугаар байр гал түймэрт өртсөн юм.

Дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барснаас гадна есөн хүн хөнгөн, хүнд гэмтсэн юм. Мөн 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн ажээ. Үүнээс гадна 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ. Эл хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба хамтарсан Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор 6 төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ. Хамгийн сүүлийн мэдээллээр уг хэрэгт холбогдуулан хоёр хүнийг яллагдагчаар татаад байгаа билээ.

2024 оныг 29 оноогоор үнэллээ

Сайнтай муутайгаа сав дүүрнэ гэж үг бий. Улиран одож буй нэгэн жил тийм л байлаа. Сайн нь олон юм шиг атлаа саар нь илүү жин дарсан, уулга алдан баярлаж, уухайлан бахархсан агшнуудтай, уурлаж бухимдах, айн цочирдох, цөхөрч шаналсан мөчүүдтэй, хүний амьдралын жаргал, зовлон ээлжилж, улс орны хувьд ололт, амжилт, алдаа оноо аль аль нь сүлэлдлээ.

Манай редакцын зүгээс “Болоо шдээ” +10, “Больё оо” -3, “Арай ч дээ” -5 оноо гэж тооцсон бөгөөд онцолж сонгосон таван үйл явдал “Болоо шдээ”, гурван үйл явдал “Арай ч дээ”, хоёр үйл явдал “Больё оо” гэсэн эможитой байна. Эможи бүрийн оноог тооцож үзэхэд 50-21 буюу 2024 онд бид 29 оноо өглөө. Уншигч та бидэнтэй санал нийлэхгүй байж болно. 2024 оныг 100 хүртэлх оноогоор дүгнэ гэвэл уншигч та хэдийг өгөх вэ?

Г.Ууганбаатар

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлах ажиллагааг зогсоов

Өчигдөр 14 цаг 20 мин

Э.Амартүвшин 2025 оны тоглолтоо Италийн алдарт "Ла Скала" театраас эхэлнэ

Өчигдөр 14 цаг 14 мин

Парисын “Их дуулга”-д Монголын 10 жүдоч барилдана

Өчигдөр 14 цаг 10 мин

УИХ-ын Намрын ээлжит чуулган энэ сарын 16-ны өдөр завсарлана

Өчигдөр 13 цаг 37 мин

21 аймгийн баяр наадам, Цэргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд допингийн шинжилгээ өгнө

Өчигдөр 13 цаг 21 мин

Бөөрөлжүүтийн ДЦС эрчим хүч нийлүүлж эхэлснээс хойш чадлын дутагдалын хязгаарлалт хийгээгүй

Өчигдөр 13 цаг 15 мин

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг Гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж байна

Өчигдөр 13 цаг 03 мин

Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг хүлээн авч эхэллээ

Өчигдөр 11 цаг 38 мин

Автомашины торгуулиа төлөөгүй жолоочийн эрхийг 3-24 сараар хасах хуультай.

Өчигдөр 11 цаг 06 мин

Төрийн өмчийн 122 үйлдвэрийн 5 үйлдвэр л ашигтай ажиллажээ

Өчигдөр 10 цаг 58 мин

УДШ-ээс Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг хэлэлцэхээс татгалзжээ

Өчигдөр 10 цаг 23 мин

УИХ Энэ долоо хоногт

Өчигдөр 09 цаг 32 мин

Баялагтаа эзэн Монгол гэж хошгируулдаг ч баялаг бүтээгчдэдээ өс хонзонтой төр 

Өчигдөр 09 цаг 30 мин

Нэгдүгээр сарын 3-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

Өчигдөр 09 цаг 29 мин

Халиа тошин үүссэн гурван байршлаас 10 мянган шоо метр мөс гаргалаа

Уржигдар 16 цаг 22 мин

720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо

Уржигдар 16 цаг 04 мин

Авто машины албан татварт жилд 100-250 мянган төгрөг төлнө

Уржигдар 13 цаг 38 мин

Энэ сард 1,6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлнө

Уржигдар 13 цаг 15 мин

Гэрээт байлдагч нар нэгнийгээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 12 цаг 07 мин

Аялал жуулчлалын зорилгоор Солонгос улсын иргэд визгүй зорчино

Уржигдар 11 цаг 50 мин

Баялагтаа эзэн Монгол гэж хошгируулдаг ч баялаг бүтээгчдэдээ өс хонзонтой төр 

Өчигдөр 09 цаг 30 мин

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг Гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж байна

Өчигдөр 13 цаг 03 мин

Парисын “Их дуулга”-д Монголын 10 жүдоч барилдана

Өчигдөр 14 цаг 10 мин

Арванхоёрдугаар сарын 31-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм

2024-12-31

Энэ сард 1,6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлнө

Уржигдар 13 цаг 15 мин

С.Баярын стандарт бус стандартыг Л.Оюун-Эрдэнэ давтах уу?

2024-12-30

Арванхоёрдугаар сарын 30-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

2024-12-30

Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг хүлээн авч эхэллээ

Өчигдөр 11 цаг 38 мин

Автомашины торгуулиа төлөөгүй жолоочийн эрхийг 3-24 сараар хасах хуультай.

Өчигдөр 11 цаг 06 мин

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ маргааш өдрөөс 792 мянга төгрөг болно

2024-12-31

Сантаг шоконд оруулсан Монголын попууд-2024

2024-12-30

УИХ Энэ долоо хоногт

2024-12-31

Хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

Уржигдар 10 цаг 12 мин

Бариа тавианы жил - 2024 он

2024-12-30

УИХ Энэ долоо хоногт

2024-12-30

УИХ Энэ долоо хоногт

Өчигдөр 09 цаг 32 мин

21 аймгийн баяр наадам, Цэргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд допингийн шинжилгээ өгнө

Өчигдөр 13 цаг 21 мин

Нэгдүгээр сарын 3-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

Өчигдөр 09 цаг 29 мин

 Нэгдүгээр сарын 2-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

Уржигдар 09 цаг 19 мин

Шинэ жилийн баяраар 00:30 цагт нийтийн тээврийн 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ

2024-12-30

Сурталчилгаа