Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Карьер. УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ням-Осорын Учрал. Залуу жанжин гэдэг шиг “Залуу сайд” гэдэг үг түүнд илүү зохино. Хоёр жил дөрвөн сар ... хоногийн өмнө тэр 35 настайдаа Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар томилогдож байв. Харин яг хагас жилийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон. Ийнхүү тэрбээр Л.Оюун-Эрдэнийн эмхлэн байгуулсан хоёр дахь танхим болох хамтарсан Засгийн газрын гал тогоог барьж байна. Эрх мэдэл, зангаргаараа бол сайд нарын сайд гэсэн үг.
Парламентчийн хувьд Н.Учрал 2016 онд 29 настайдаа УИХ-ын гишүүн болсноос хойш гурав дахиа сонгогдоод байна. УИХ-ын гишүүнээр анх сонгогдмогцоо инновац, цахим бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулан ажиллаж, улмаар 2018-2020 онд УИХ-ын Цахим бодлогын түр хорооны дарга, 2020 оноос УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажилласан. Монголын парламентад цахим бодлогын байнгын хороо байгуулагдахад анхны даргаар нь ажилласан, Цахим хөгжлийн яамны анхны сайдаар томилогдсон гэдэг тодотгол түүний намтарт тод, томруунаар бичигдэж үлдэх нь тодорхой.
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороотой хамтран салбарын хөгжлийг урагшлуулах Цахим гарын үсгийн тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон Виртуал хөрөнгийн тухай гэсэн гол таван хуулийг батлуулсан.
Замнал. Урлагийн замналаа хөөсөн бол тэр өдийд гялалзсан амжилттай, супер од болох байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хип хоп урсгалаар уран бүтээл туурвиж, “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны баатар Тимоны дүрээр олонд танигдсан нь түүний уран бүтээлчийн мэдрэмж, супер менежмент байв. 2000-аад оны эхэн үеийн залуус түүний “That is it” цомгийг сураглаж, “Чиний төлөө”, “Чиний л өмнө”, “Би хартай залуу”, “Байртай юу”, “Хайр аа, үнсээч” гэх мэт хит дуунуудыг нь амны уншлага болгож явсан.
Н.Учралын аав нь Хөдөлмөрийн баатар, Ардын багш, “Их Засаг” их сургуулийн ректор, яруу найрагч Н.Ням-Осор. Аавынхаа нөлөөгөөр багаасаа шүлэг бичсэн гэдэг.
Дуучин С.Бичүүгийн “Ахиж би дурламааргүй байна, “Нууцхан гуниг”, “Сүүлчийн зогсоол”, дуучин Мөнхбат, Лхагва нарын “Сайн уу, найз минь” зэрэг дууны шүлгийг Н.Учрал сайд бичиж байсан гэвэл та итгэх үү. Үүгээр ч зогсохгүй дөрөвдүгээр ангид байхдаа “Аадар бороо” шүлгийн түүврээ гаргаж, дараа нь “Тэнгэрийн нуур”, “Учралын ертөнцөд аялсан минь” нийтлэлийн ном, “Супер студэнт” (гарын авлага), “Супер спикер” зэрэг хувь хүний хөгжлийн цувралууд, бизнес эрхлэгчдэд зориулж эдийн засгийн болон эрх зүйн “Франчайзинг” хэмээх Монголын анхны франчайзинг судлалын ном бичиж байсан нь түүх болон үлджээ.
Баян айлын эрх хүү гэхэд хүмүүжил, боловсрол сайтай. Гадаадад сурах боломж хангалттай байсан ч эх орондоо, “Их Засаг” их сургуульдаа суралцахыг чухалчилсан гэдэг. “Аавынхаа үүсгэн байгуулсан сургуульд сурахгүй бол хүний хүүхдэд яаж сургалтын чанар ярих юм” гэсэн бодол түүнд байв. Ингээд “Их Засаг” их сургуулийн оюутан болжээ. Сургуулийнхаа нэр, нүүрийг гаргадаг шилдэг оюутан байж. Төгсөөд “Рояал” академийг байгуулж, нэг хэсэг удирдсан.
Харин Британийн Лимкоквин их сургуульд Бизнесийн удирдлагын магистр, мөн Британийн Глоустершер их сургуульд Олон улсын менежмэнтийн магистр, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Түвд, Будда судлалын институтэд Түүхийн ухааны доктор /PhD/ зэрэг хамгаалсан гэж намтарт нь бий.
Н.Учрал урлаг, уран бүтээлийн замаасаа гэнэт гарч, улс төр, олон нийтийн ажил руу хөл тавьсан нь 2012 он. Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Улс төрийн хэлтсийн дарга болж, тэр жилийнхээ намар орон нутгийн сонгуульд нэр дэвшин Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болжээ. 2015 онд Шадар сайд У.Хүрэлсүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөхийн албанд томилогдов. Дараа жил нь УИХ-ын гишүүн болсон. Ийнхүү аавынхаа хоёр гурван удаа нэр дэвшиж, нам байгуулж зүтгээд ч хүрээгүй давааг тун амархан давж, парламентын босгоор алхсан юм.
Ирээдүй. Өнгөрсөн 12 жилд тэр жинхэнэ гэрлийн хурдаар урагшилж, карьерын шатаар сүнгэнэтэл крандуулсан. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрд хөтөлж оруулсан. Одоо ч Хүүкийн фракц гэгдэнэ. У.Хүрэлсүхийг аав аа гэдэг инээдтэй, явган яриа ч үүнээс үүдэлтэй.
Энэ бүхнээс илүү тэр бол хунтайж. Амандаа алтан халбага зууж төрсөн хунтайж нарын нэг. Энэ нь ч түүнд олон талаар боломж, давуу тал болдог. Чухам эцэг эхийн хайр, хөрөнгө бэл байсан учраас тэрээр хүнд өвчин тусаж, үхэл амьдралын зааг дээр очсон ч эргэж ирсэн гэж болно. Түүн шиг залуу ноёнтонд энэ нь амьдралынх нь том сорилт гэгдэж үлдэх болов уу.
Өвчтэй хэвтэж байхдаа хүртэл албан тушаалын карьер нь зогсолтгүй өссөөр байсан нь түүнд намынхан нь ихээхэн итгэл тээдгийнх гэж уншиж болмоор байдаг. Цаашид ч түүний карьер өснө. Дор хаяж 20 жилийн замнал, хол явах потенциал түүнд бий. Хэрхэхийг тэнгэр мэднэ гэдэг билүү, нам мэднэ гэдэг билүү.
Яг одоо Ням-Осорын Учралын зогсож байгаа улаан шугам бол хүссэн хүн бүхэнд олдоод байдаг боломж биш. УИХ-ын гишүүний хувьд тэр 126 гишүүнтэй анхны парламентад нас залуу ч туршлага зузаан нэгэнд тооцогдоно. Гурав дахиа сонгогдсон гишүүнтэй хэн, юу ярих юм!
Сайдын суудалд хоёр дахь удаагаа сууж, цахим хөгжил, цахим шилжилтийг эхлүүлж, гардан хэрэгжүүлж буй. Хүссэн хүсээгүй энэ Засгийн газрын гол ажлууд болох боомтын төмөр замын холболт, уран олборлох гэрээ зэрэг мега төслүүд, төрийн өмчит компаниудад хийж буй хууль, эрх зүйн шинэчлэл буюу реформ, цаашид хийхээр төлөвлөж байгаа төрийн албаны шинэчлэл зэргийнхээ ард амжилттай гарч чадваас тэдгээр нь Н.Учралын легаси буюу улс төрийн тавцан дахь өв болж үлдэнэ.
Г.Ууганбаатар
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS