Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Уг нь би чамайг дампуурсан төр засгийнхаа өөдөөс чаг чаг гээд дуугарчихдаг овоо шийртэй эр гэж боддог байлаа. Тэгтэл хоёрхон хоног паартай байшинд саатуулагдаад хогийн муу төр засагтаа зусардаж хамаг нүглээ наминчлаад хоёр гараа өргөөд бууж өгч байгааг чинь хараад гутрах сэтгэл төрөв.
Өөрийгөө тэгээд бас "Бурханы хүү" гэж солиорохыг яана. Чам шиг ийм бурханы хүү байдаггүй юм. Бурханы хүү Исус гэхэд л дөрвөн мөчөө цовдлуулж байхдаа яасан байдаг билээ. Яс янгинам эрүү шүүлтийг огтхон ч тоолгүйгээр өөрийг нь цовдолж буй Понти Плат хэмээх харгис эрийг өрөвдөөд нулимс унагаж байсан гэдэг биз. Түүний хажууд чи бол өчүүхэн муу ялаа байж шүү. Тиймээс чамд "Бурханы хүү" гэдэг нэр алдар чинь үнэхээр хүнддэж байна!!!
Харин өнөө цагийн жинхэнэ сайн эр бол гянданд таван жил, чангын шоронд арван жил суугаад гарч ирсэн Хонхэрэйдийн Энхбат юм. Үйлдсэн хэрэг нь чухал биш, хамгийн гол нь мань хүн үзэл бодлоосоо хэзээ ч ухарч байгаагүй юм.
Намайг ингэж бичлээ гээд манийг доромжлох хоёрхон шалтгаан чамд бий. Нэгд нь чи намайг хөгшин хонины насгүй "Хөгшин төгцөг" гэж доромжлох нь зүй ёсны үзэгдэл юм. Цаг хугацааны энэ асуудлыг хэн ч тойрч гарахын аргагүй. Чи ч бас энэ замыг үйлийн үргүй туулна. Чи муу байтугай Чингис хаан хүртэл хөгширч үхсэн хорвоо шүү!
Хоёрдугаарт нь чи намайг юу гэж доромжлох нь ойлгомжтой. Би нэг муу ном бичдэг ухаантай юм. Тиймээс чи миний номыг унших нь байтугай барааг нь ч олж хараагүй байж "Чиний зохиол гэж юу байсан юм бэ" гэж доромжлох нь гарцаагүй. Энэ бол ямар ч хүний хэлж чаддаг хамгийн амархан хараал юм. Тийм хэдий ч би тэднийг нохой хуцсан чинээ тоодоггүй. Одоо чам шиг муу нохойн гөлөгт зориулаад ийм нэгэн бичлэг илгээе...
ЯС ЯНГИНАМ ЭРҮҮ ШҮҮЛТИЙГ
ЯЛААД ГАРСАН ЦУУТ ЭРЧҮҮД
Манжийн үеийн “Есөн эрүү”-нд туйвандах, сараалждах, туйпуу сугалах, хөшүүрдэх, хавчуурагдах, булах, тэлүүрдэх, хүлэх, ширлэх, шаахайдах, төөнүүрдэх, хулс шаах, гинжлэх гэх мэт тамлагаанууд байжээ. Гэвч үүнд туниа муутай хэрэгтэн сэтгэл санаагаар унаж гүйцээд далан таваар бууж өгдөг, харин жинхэнэ шилийн сайн эрчүүд бол биеийн тамлагаа, сэтгэлийн тамлагаа хоёрыг шүд зуун давж гардаг байж. Монголчууд “Жаргалын удаан, зовлонгийн түргэн” гэдэг зарчмыг баримталдаг бол манж, хятадууд эсрэгээрээ “Зовлонгийн удаан”-ыг хэрэглэнэ. Жишээ нь “Хулс шаах” хэмээх тамлалтыг манай сайн эрчүүд хурдан давж гарахын тулд өөрсдөө шууд хулсыг шүүрч аваад арван хурууныхаа хумсны завсраар шаагаад оруулж байсан тохиолдол олон байх юм. Харин манж нар хулсыг нэг нэгээр нь хумс руу нь маш удаан шааж тарчлаах сонирхолтой байж. Эрт цагийн шилийн сайн эрчүүдийн домог түүхийг шимтэн судалдаг байсан Ардын хувьсгалын партизан, зохиолч Жүгдэрийн Дамдин агсан энэхүү “Хулс шаах” тамлагаанд зориулж,
Дайсан хэдий соёлтой ч
Дайсан хэвээрээ байдаг
Дайсан хичнээн зэрлэг бол
Дарлал төчнөөн зэрлэг
Дарлаж яваа дайсны
Хувцас нь хүртэл хатуу санагддаг Дарлуулж яваа хүний
Хумс нь хүртэл зөөлөн санагддаг” гэсэн шүлэг тэрлэж байжээ. Нээрээ л дарлуулж яваа хүний хумс нь хүртэл зөөлөн санагддаг байсан тулдаа л манай сайн эрчүүд манж нарын бэлдэж тавьсан хулсыг өөрсдөө шүүрч аваад хумс руугаа шааж орхидог байсан болов уу.
***
Ер нь дээр үеийн сайн эрчүүд харгис тамлалтыг тэсч гарах элдэв янзын аргатай байжээ. Зүгээр л шүд зуугаад хэвтэх биш сэтгэл санааны төвлөрөлийг түвшин сайхнаар барьж чаддаг, ухаандаа тахаруудыг тамлаж байхад өөр зүйл рүү сэтгэл санаагаа урвуулж чаддаг, тэгээд баргийн тамлалтыг тэсээд гардаг байж. Жишээ нь Манжийн есөн эрүү шүүлтэнд гурван ч удаа ороод даваад гарч байсан гэх Түшээт ханы сайн эр “Цул” Жамсранг тахарууд хараад “За за, Цулыг шүүснээс чулуу шүүсэн нь дээр” гэж хэлдэг байж. Хожим “Цул” Жамсрангаас нутгийнхан нь “Есөн эрүү шүүлт хэцүү юу” гэж асуухад “Амар юм гэж юу байхав дээ. Шахаан доогуур орох л их эвгүй байдаг юм. Бусад нь ч байдаг л нэг шүүлт” гэсэн гэдэг. “Арван хуруунд хулс шаах төвөгтэй юу?” гэж асуухад “Гайгүй ээ. Бүх хулсны үзүүрийг хумсныхаа завсраар суулгаж байгаад л шалан дээр цохьчихдог юм. Хулсны үзүүр хурууны хоёр үений хавиар гараад ирэхээр нь тамгын газрын тахарт “Одоо болсон уу? гэж харуулаад л шүдээрээ суга суга татаад хаячихдаг юм” гэдэг байж.
***
Нэрт гүүш Г.Аким багшийн хүүрнэсэн “Барим” Хайдав хэмээх сайн эрд мөн л иймэрхүү юм тохиолдож байжээ. “Барим” Хайдав нэг удаа есөн эрүү тулгуулжээ. Ингээд түүнийг банздах болж. Эхний өдрийн цохиог нь зөөллөх хэрэгтэй гэж бодоод доошоо хараад хэвтэж байхдаа цаасанд чулуу боогоод банздах хуягт өгчээ. Нөгөө хүн ч түүнийг аваад зөөлөн банзадлаа гэнэ. Тэгэхдээ л банзаар балбаж байгаа юм чинь ямар олиг байх вэ дээ, мэдээ алдчихаж. Энэ нь түүнд хэрэгтэй байдаг байжээ. Учир нь нэгэнт мэдээ алдчихаар өвдөхийг бараг мэдрэхээ байна. Маргааш нь маллуулсанаа мэдсэн хуяг нар ёстой нэг балбаж гарчээ. Хайдав нэг цохиход нь “За үүнийг өнгөрөөе” гээд бас нэг чулуу нясалдаг, тэгтэл хонго нь зад үсрээд ирдэг, шороо хийж байгаад дахиад банзаддаг, “За үүнийг өнгөрөөе” гээд дахиад чулуу нясалдаг. Тиймээс хуягууд аргаа барахдаа “Хайдавыг балбаснаас хад балбасан нь дээр” гэж хэлдэг байж. Хайдав банздуулж дуусаад гуяныхаа салбархайг хурц хутгаар өөлж аваад банздаж байсан тахаруудад “За банзадсаны чинь шан энэ дээ” гээд сарвайж байсан гэдэг. “Та тэр айхтар эрүү шүүлтийг улайчихгүй яаж давдаг байсан юм бэ?” гэж нутгийнхаа нэг хүнийг гайхан асуухад “Өлслөө гэж аваад өвдлөө гэж хэлээд байх юм бол сайн эр болохын хэрэг юу билээ дээ” гэсэн гэдэг.
***
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт бригадын уугуул Даваагийн Авирмэд гуай сайн эр Дарьсүрэнгийн домог түүхийг хар багаасаа дуулж сонсож өссөн нэгэн бөгөөд тэр өгүүлэхдээ: “Дарьсүрэн гуайг банздуулж байгаад хонгоны махгүй болсон хүн гэдэг байлаа. Энэ хүн банздуулж байхдаа ойролцоо байгаа чулууг хараад хэвтчихдэг байж. Чулуу хагарахгүй бол хэзээ ч хүлээхгүй” гээд шүд зуугаад хэвтчихдэг байсан гэдэг. Тэгэхээр хэзээ ч хэргээ хүлээхгүй л гэсэн үг. Яагаад гэвэл чулуу аяндаа хагарна гэж байхгүй. Ингэж сэтгэлээ чангалдаг байсан байна. Зүгээр л нүдээ аниад хэвтээд байвал тэгэж айхтар тамлуулж байхад өвдөж зовох юм мэдрэгдэнэ шүү дээ. Дарьсүрэн гэж ийм мундаг хүн байсан юм билээ...” гэж хүүрнэв. Дайчин бэйсийн Дарьсүрэн, “Барим” Хайдав хоёрын дээрхи үйлдэл тун төстэй юм. Нэг нь тамлалтыг тэсч гарахын тулд чулуу нясалдаг, нөгөө нь “Энэ чулууг хагарсан үед л хэргээ хүлээнэ” гэж гүрийгээд цаана нь гардаг сэтгэл зүйн аргууд аж. Айдас болоод тамлалтыг сөрөөд гарах сэтгэл зүйн дайралтуудыг шилийн эрчүүд мөн ч сайн хэрэгжүүлдэг байжээ. Зарим нь бас хөөрхөн заль хэрэглэдэг байж. Жишээ нь Дарьгангын сайн эр “Ухаа” Балжир “Хонгор азарга” хэмээх тамлагаанд орох үедээ яг л адуу шиг хангинатал янцгаагаад толгойгоо хаялаад сүйд болжээ. Тиймээс тахарууд “Хөөрхий энэ галзуурчихаж” гээд суллаж тавьсан байдаг.
***
Илдэн бэйлийн хошууны сайн эр “Хадан” Дэндэв гэхээр Өвөрхангайн хөгшчүүд андахгүй. Дэндэвийн ач хүү, зураач Пүлжийн Энхтөр өгүүлэхдээ: “Өвөө маань “Хадан” гэдэг хочийг хэрхэн авсан нь цаанаа бас учиртай. Нэг удаа банздуулж байгаад оргомоор санагдаж гэнэ. Хавар болоод ичигсэд хөдлөөд, өт хорхой гараад ирэхээр банздуулсан хонго өтдөг гэж байгаа. Тэгээд шархны халуунаар үхдэг. Харин өвөл банздуулсан хүн тэсээд гардаг байж. Тиймээс өвөө маань хавар болохоос өмнө оргохоор болж. Ингээд хэдэн нөхдийн хамт гав гинжтэйгээ оргон босч болзоот газраа очоод гинжээ хөрөөдөж салгасан байна. Өвөө маань гав гинжнээсээ салаад “Толигор хад олоорой” гэж гэнэ. Нөхөд нь толигор хад хайгаад оллоо гэнэ. Банздуулчихсан болохоор хонго нь цул шарх, идээ бээр болчихсон байж. Тиймээс өвөө маань өмдөө ганцхан шувтлаад нөгөө толигор хадан дээр суунгуутаа ухасхийгээд босонгуут өвлийн хүйтэнд царцсан хад нөгөө идээ бээр, салбархай махыг нь ховх татаад үлдэж байсан гэдэг. Тэгээд өмдөө татангуутаа “Энэ хад миний хамаг өвчнийг аваад үлдлээ, Сайхан боллоо” гэхэд нөхөд нь “Үгүй ээ, мөн хад шиг хүн юмаа” гэж биширчээ. Ингээд л “Хадан” Дэндэв гэж дуудуулах болжээ...” гэж дурсав.
***
Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын дарга, яруу найрагч Милийн Батаа: “Манай нутагт “Хундан” Бадамжав гэж сайн эр байсан. Хийсэн хэргээ хэзээ ч улайж байгаагүй гэдэг. Хуруу заагаад нуруунд нь цог тавьж түлээд байхад л түлэхийн тоолонгоор амандаа тоо тоолж, юу ч болоогүй юм шиг сууж байдаг байж. Түүнчлэн Мөөгийн Онгорхой гэж шилийн сайн эр байлаа. Мань эр Сайн ноён хан аймгийн шоронд сууж гуяныхаа махыг салбартал банздуулж тамлуулаад гарахдаа сэглэгдсэн хонгоныхоо махыг хутгаараа огтолж аваад гутлынхаа түрийнд хийчихэж. Тэгээд мориндоо мордож хөндүүр хонгоороо хөндөлсхийн суугаад “Эр бор харцага”-ыг аялаад давхиж одсон гэдэг. Эцэст нь нутагтаа ирээд “Харь нутгийн нохой идэхээр өөрийн нутгийн нохой идэг гээд аваад ирлээ” гээд огтолж авсан хонгоныхоо махыг гутлынхаа түрийнээс гаргаж ирээд нохойдоо өгч байжээ...” гэж өгүүлэв.
***
Ардын язгуур урлагийн нэрт төлөөлөгч, ахмад зохиолч Шаравын Гончиг гуай Булган нутгийн цуутай эр Найманы Авирын тухай өгүүлэхдээ: “Нэг удаа Авир тамгын газрынханд баригдаж 40 гаруй банздуулаад босчээ. Тэгтэл банздаж байсан хүн нь түүнийг тавлаж “Хэд банздуулав даа” гэж асуухад Авир нэгэнт даваагаа давчихсан юм чинь гэж бодоод “Дөчхөн нэг муу чогдов” гэж гэнэ. Гэтэл шүүж байсан тахар нь “Яасан яс зуудаг овоо эр вэ. Дахиад 40 банзад” гэж гэнэ. Ингээд Авирыг хэвтүүлээд дахиад 40 банзаджээ. Нэг дор 80 банздуулсан хонгоны хоёр бөндгөр мах нь үгүй болж, тэр нь чононд уруулсан унаганы хонго шиг умайгаад эдгэрчээ...” хэмээсэн юм.
***
Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Нямжавын Сүхдорж гуай: “Ховдын сайн эр “Саахуу” Дамба Мянгадын хошууны тамгыг хадгалж байсан Цэнджав захирагчийн гэрийг гурван өдөр нууцаар тагнан харуулджээ. Харин сүүлд нь төрийн тамга булааж авахаар зэхэж байсан хэргээр баривчлагдаж хошууны чуулганы хурлаар тэдний хэргийг хэлэлцээд Чойбалданг банздах, Дамбыг чигжих шийдвэр гаргажээ. Чигжих гэдэг нь угтаа газарт булж алахын нэр юм. Гэвч нөгөө нөхөд дахин эсэргүүцсэн тул чуулган арга буюу шийдвэрээ өөрчилж “Саахуу” Дамбыг дөнгөлөн банзаджээ. Сүүлдээ Дамбыг гавлаж, гадаслаж аргамжчихаад өргөстэй улаан харганаар бөгсөн дээр нь ороолгоход ээж нь уйлсаар очиж биед нь шигдсэн өргөсийг түүж өгдөг байсан гэдэг. Ээж нь очихдоо цэхэр хярамтай очдог, тэр нь сайн архин дээр сүү хийж хярамласан тул хүү нь түүнийг нь уугаад өвчнөө бага ч атугай намдаадаг, тэгээд хангинатал дуулаад гавтайгаа дэлж зоригоо чангалдаг байжээ...” гэж хуучилсан юм.
***
Өргөн Сэлэнгийн “Гулбаа” Лувсандорж Оросоос 500 тоомсог хөөсөн хэргээр баригдаж Хиагтын монгол, орос заргачийн яаманд шүүгджээ. Энэхүү шүүхэд Монголын талаас түүхч Ш.Нацагдоржийн өвөг эцэг Балдан гүн очсон бөгөөд Оросын талаас тусгай төлөөний сайд оролцсон байна. Лувсандоржид есөн эрүү хэмээх шүүлт тулгаж банзадсан тул гуяны мах нь шалбарч урагджээ. Тэгтэл Лувсандорж тэр салбарсан махаа хутгаар огтлоод Оросын цагаан хааны байцаагч түшмэдийн өөдөөс хаяж “Миний түүхий махнаас иднэ үү? Та нарт үүнээс өөр өгөх бэлэг надад байхгүй” гэж тавлаж байсан тухай Ардын хувьсгалын партизан, зохиолч Ж.Дамдин бичиж үлдээжээ.
***
“Монголын их хөгжлийн холбоо”-ны ерөнхийлөгч, улс төрч Цэрэндамбын Баярхүү: “Цэцэн Чин вангийн хошууны сайн эр Манагийн Ягааныг банздахын урд өдөр гуяан дээр нь тулганаас нэлээд том оч үсэрчээ. Тэгтэл Ягаан мөнөөх цогийг гуян дээрээсээ авч шидсэнгүй. Мах нь түлэгдээд хярвас үнэртээд ирэхээр нь тахарууд “Гуяан дээр чинь цог унаад түлэгдээд байна” гэхэд Ягаан “Маргааш бүр илүү түлэгдэх юм чинь өнөөдрийн энэ жижиг түлэгдэлт юу байхав дээ” гэж хэл үгээрээ давч гарчээ. Тэгээд маргааш нь яах аргагүй банздуулж, хонгоны мах нь салбарсан ч сайн эр Ягаан хэргээ хүлээхгүйгээр давж гарчээ...” гэж хуучлав.
***
Өмнийн говийн цуутай шилийн эр “Ширмэн” Хоовон гурван ч удаа хошуу тамгын газрын тахаруудад баригдаж, тэр болгонд Манжийн “Есөн эрүү”-г давж гарч байсан гэдэг билээ. Наад захын жишээ гэхэд л арван хурууны нь хумс руу шаах гээд бэлдсэн хулсыг өөрөө шүүрч аваад хумс руугаа шааж оруулах, эрхий хуруугаараа дүүжлэгдэн байх үедээ дороо тавьсан тоосгыг хөлөөрөө түлхэж унагаах зэргээр эсэн бусын эрүү шүүлтийг өөрийнхөө тэсвэр тэвчээр, эр зоригоор хурдавчлуулж чаддаг байжээ. Тиймээс түүнийг яргалж тамлахаар ирсэн зарим тахар “Энэ чинь жинхэнэ сайн эр байна. Яаж ийж байгаад есөн эрүү давуулчих юмсан” гэх зэргээр дотроо өмгөөлж хамгаалдаг байжээ. Шанзавын яаманд зуун удаа банздуулсан хүн бол ганц “Ширмэн” Хоовон гэлцдэг. Ер нь зуун банзанд ямар ч хүний хонгоны мах дэлбэрдэг, тэгээд дэлбэрч урагдсанаас хойш тэрхэн үед дахин банз хүргэдэггүй байж. Хоовон зуу банздуулчихаад хулсан хутгаар хонгоныхоо урагдсан махыг огтолж Батгүн гяндангийн өлсгөлөн нохдод хаяж өгч байсан гэдэг. Тэрбээр хожим нас ахисан хойноо хууч хөөрч суухдаа “Манж нар Халхын шилийн сайн эрчүүдэд есөн эрүүг тохоон томилоод, харин өөдөөс нь тэмцсэн баатар зоригтнуудыг урагш нь аваачаад зоосны нүхээр тамлаж алдаг байсан юм. Үүний хажууд есөн эрүү бол гайгүй. Гэхдээ л хэр баргийн эр хүн давж гарахад бас хэцүү шүү. Тахарууд багц хүж асаагаад гуяны махан дээр тавьдаг байлаа. Энэ л их айхтар тамлалт байсан. Нөгөө хүжнүүд төөнөсөөр байгаад гуяны махыг арьстай нь цуг төмбийлгээд ирнэ. Тэгээд пис хийтэл хагарахад час хийтэл өвдөнө. Бас нэг айхтар тамлалт бий. Шээсний сүвээр адууны хялгас явуулж зовооно. Гол тасартал өвдөнө. Тамлалтууд дотроос хамгийн хэцүү нь энэ байлаа” гэж ярьдаг байжээ.
***
Угсаатан судлаач Лувсанчойндонгийн өгүүлсэнээр бол Монголын уламжлалт ёсонд гэмт хэрэгтэн болох нь лавтай нотлогдсон ялтныг ташуур, шаахайн ул, бэрээ, модон дөнгө, гарын гав, үхрийн түүхий шир, гинж, чавчрага, нум сум, буу зэрэг арван зүйлийн хэрэгсэлээр залхаан цээрлүүлдэг байсан байна. Манжийн үед зарим нэг дийлдэшгүй ялтныг хорьж цагдахдаа хүзүүнээс нь ерэн лангийн гинжит дөнгө зүүдэг байсан бөгөөд соц нийгмийн үеийн түүхийн сурах бичигт “Цэцэг нуурын дугуйлан”-гийн толгойлогч “Ард” Аюушийн хүзүүнээс ланжгар бүдүүн, урт гинж зүүсэн зурмал зураг байдаг байж билээ. Одоо бодоход тэр нь ерэн лангийн гинж байжээ. Цааз ял сонссон ялтаныг илд (сэлэм)-ээр цавчих, хөвчдөх буюу дүүжлэх зэргээр хороодог байжээ. Зарим нэг занаанд орсон ялтныг ихээхэн тамлаж хороодог байсан бөгөөд жишээ нь бүх биеийг нь үхрийн нойтон ширэнд нугалж оёод толгойг нь ил гарган хээр хаядаг, олон хоногийн дараа мөнөөх ялтан өлсөж, цангаад амь тавьдаг байж. “Цахиур” Төмөр ширэнд боодолтой чигээрээ уулын уруу руу өнхрөөд Тамирын голд унадаг нь ийм учиртай.
***
Манж нар “Есөн эрүү” гээчийнхээ зарим нэг тамлалтыг эртний Хятадын хүн тамлах арга барилаас хуулбарласан болох нь түүхийн шарласан хуудаснаас анзаарагддаг. Жишээ нь есөн эрүүний хамгийн сүүлд хэрэглэдэг байсан дүүжин буюу тоосго сугалах тамлагаа байна. Энэ нь эртний Хятадын “Торх” хэмээх тамлагааны шууд хуулбар ажээ. “Торх” хэмээх тамлагааны гол зарчим нь хоёр гараа хүлүүлсэн хүнийг торхонд хийж толгойг нь цухуйлган хөл дор нь хэдэн тоосго тавьж торх руу түүхий шохой хийнэ. Ингээд хөдлөх ямар ч боломжгүй болсон хоригдол хэдэн өдрийн турш шохойн дунд байх бөгөөд энэ бол гэсгээлтийн дөнгөж оршил хэсэг болдог байна. Дараачийн өдрүүдэд хоригдолын хөл доорхи тоосгоноос нэг нэгээр нь суглахад хоригдол торхны нүхэнд хүзүүгээрээ дүүжигнэн тарчилж эхэлнэ. Энэ үед торхонд ус хийхэд шохой буцалж хорт бодисууд хоригдолын хамаг биеэр тархдаг ажээ. Ингэж хэд хоног тамласны дараа хоригдлын хөлнөөс эхэлж шохойнд идэгдэж галд түлсэнээс өөрцгүйгээр тарчлан зовдог байна. Удалгүй хоригдолын биеийн жингээр хүзүү нь боогдож нөгөө ертөнц рүү одно. Хожим нь торхны энэхүү тамлалтыг жаахан боловсронгуй болгож хулсан торх ашиглаж ирсэн бөгөөд энэ нь дээрээсээ зүсэгдсэн цац хэлбэртэй, цацын орой болон ёроол хэсгийг самбараар хийж хооронд нь хүний биеийн өндрийн хэмжээтэй зузаан хулс суулгаад толгой багтах нүх гаргаж, үл ялих хөдөлгөөнд хүзүү нь боогдохоор болгож сайжруулжээ. Гэхдээ үхлийг удаашруулахын тулд ялтаны хөл доор тоосго тавьдаг уламжлал бол хэвээрээ. Ялтан тийм ч амархан үхэхгүйн тулд бас өлмий дээрээ зогсоод бүх булчингаа чангалж таарна гэдгийг тооцоолжээ. Хамаг хүч чадал нь шавхагдах тэр л агшинд хоригдол арга буюу амьсгал хураана. Энэхүү тамлалтыг хятадууд “Тэнгэр тэтгэсэн их гүрний иргэдийг хатуу захиргаанд хумиж байх төрийн бодлого” гэж тайлбарласаар иржээ.
***
Манжийн дүүжин буюу тоосго сугалах тамалгаа, эртний Хятадын “Торх” хоёрын ялгаатай тал нь гэвэл тоосго сугалах тамалгаа нь хүнийг үхүүлэх бус, үйлдсэн хэргийг нь хүлээлгэхэд зориулагдсан, харин “Торх” нь алах ял заагдсан ялтаныг удаан хугацаагаар тарчлаан зовоож үхүүлдэгт оршино. Түүнчлэн манж нар “Хөшүүрдэх” буюу “Хонгор азарга” хэмээх тамлагааныхаа аргыг эртний Хятадын хүн тамлах аргаас шууд хуулбарласан байх аж. Хүний хоёр хөлийг модон хайрцаганд хүлж нуруугаар нь бөхийлгөөд хоёр гарыг нь бас давхар хүлдэг “Хонгор азарга” хэмээх тамлагааг 2000 гаруй жилийн тэртээх Цин Ши Хуанди хааны үед хэрэглэдэг байжээ. Дашрамд хэлэхэд домогт Ши Хуанди хаан олзлогдогсдын мэдрэлийн зангилаа руу хатган зугаацдаг байсан түүхтэй. Хаантан өөрийн ажиглалтуудаа хулсан самбарт бичиж үлдээсэн бөгөөд тэр бүхэн нь “Чи” хэмээн нэрлэгддэг хүний дотоод эрчим хүч, эд эсийн хөдөлгөөний талаарх анагаах ухааны сонгодог бүтээл болж өнөө үед өвлөгдөж ирсэн байна. Түүний судалбар бүтээл ямархуу үнэ цэнээр, хичнээн хүний амиар бүтсэнийг харин тодорхой бичиж үлдээсэнгүй. Ер нь эртний хятадууд болон манж нар хүнийг удаан хугацаагаар тамлаж, зүрх сэтгэлээр үхүүлэх тамлагааг голлон хэрэглэсээр ирсэн байдаг. Жишээ нь “Есөн эрүү”-ний туйвандах, сараалждах, туйпуу сугалах, хөшүүрдэх, хавчуурагдах, булах, тэлүүрдэх, хүлэх, ширлэх, шаахайдах, төөнүүрдэх, хулс шаах, гинжлэх гэх мэтийн тамлагааны аргууд маш олон хоногоор үргэлжилдэг, энэ хугацаанд туниа муутай ялтан сэтгэл санаагаар унаж гүйцээд далан таваар бууж өгдөг, харин жинхэнэ шилийн сайн эрчүүд бол биеийн тамлагаа, сэтгэлийн тамлагаа хоёрыг шүд зуун давж гардаг байжээ.
***
Шилийн сайн эрчүүдийн дотроос Далай ханы “Архаг Жума хамгийн хүнд хэцүү тамлалтыг давж гарсан гэдгээрээ алдартай. Түүнийг Ховдын амбаны шүүх яаманд “Зэрлэг ямаа” хочоороо алдаршсан Мадраа хэмээх зандалчин түшмэл эрүүдэн шүүжээ. Эхний удаад хонгон дээр нь 100 удаа банздан тамлажээ. Уг эрүү шүүлт дуусахад Жумагийн хонгоны мах язран урагдаж яс нь цухуйсан боловч тэрбээр ганц ч удаа “Ёо” гэж хэлэлгүй давстай усаар шархаа шавшин эдгээгээд гурав дахь эрүү шүүлт болох шаахайн тулгалтанд оржээ. Түүнийг гурван өдөр дараалан хоёр хацар дээр нь жаран удаа ээлжлэн шаахайдахад нүүрний арьс нь сүүлдээ хуураад унах дөхсөн байна. Жумаг ийнхүү шаахайдуулж байхыг хөндлөнгөөс харсан Дүрвэдийн Тамгат хэмээх хулгайч эрүү шүүлтэнд ороогүй байхдаа л өмдөндөө шээс алдах дөхөж тэр даруйдаа хэргээ хүлээж байсан гэхээр Жумагийн нүүр хүн харахын эцэсгүй болсон нь тодорхой. Шаахай тулгалтын шарх нь эдгэрээгүй байтал түүнийг дөрөв дэх эрүү болох хээр хөдөө аваачаад дөрвөн мөчөөр нь тэлэн халуун наранд шарж тарчлаадаг тамлалтанд оруулжээ. Энэхүү тамлалтын үеэр шоронгийн хуягууд тэлэгдсэн хүний хажууд майхан сав барьж байрлаад дээр нь хэрээ шувуу сууж нүдийг нь тоншихоос сэргийлдэг байсан гэж байгаа. Хэрвээ хэрэгтэн хэргээ хүлээлгүй үхчихвэл хилс хэрэг хүлээлгэсэн болох тул халуун наранд тэлүүлсэн этгээдийг үхүүлэхгүйн тулд дээрээс нь домботой ус асгаж ундаалдаг байжээ. Жума долоо хоног ийнхүү хөдөө хээр тэлэгдэн хэвтэхдээ ч хэргээ хүлээсэнгүй. Үүний дараа ”Тоосго сугалах“ буюу эрхий хуруунаас нь дүүжлэн зовоодог эрүү шүүлтэнд оруулжээ. Уг тамлал нь хүнийг эхлээд арван хоёр тоосгон дээр зогсоож хоёр гарынх нь эрхий хуруунаас нарийн сураар чивчиртэл хүлэн дүүжлээд хөл доорхи тоосгыг нь нэг нэгээр нь сугалдаг бөгөөд уг тамлалт нь бүтэн өдрийн турш үргэлжилдэг байж. Ийнхүү тамлуулсан хүний гарын эрхий хуруу давхарласан тоосгоны хэмжээгээр сунадаг байсан гэдэг яриа ч байдаг. Гэхдээ “Дүүжин” буюу тоосго сугалах энэхүү эрүү шүүлт нь Монголын зүүн хязгаарт есөн эрүүний хамгийн сүүлчийнх болж байсан баримт бий.
***
Жишээ нь зохиолч Д.Маамын “Газар шороо” романд Дарьгангын шилийн сайн эр “Хангай” Базар есөн эрүү давж буй гардаг бөгөөд мань эр хамгийн сүүлд “Дүүжин” гээчид гурав хоног тарчилдаг билээ. “Архаг” Жумаг долоо дахь эрүү шүүлтээ давж байх үед Ховдын амбаны шоронгоор “Дүрвэд Далай ханы Жума гэгч сайн эр есөн эрүүг бараг даваад гарах шинжтэй. Хэр баргийн юманд сөхрөх эр хүн биш байна. Баруун хязгаарт нэг сайн эр гарч ирэх нь дээ” гэсэн яриа амнаас ам дамжин тархаж байжээ. “Зэрлэг ямаа” хочит Мадраа түшмэл улам шазуураа зууж, “Архаг” Жумаг долоо хоногийн турш өдөрт 40 ташуур ялаар шийтгэсэн нь одоогийнхоор бол хуулиа зөрчиж эрхээ хэтрүүлсэн явдал байжээ. Учир нь тэр үед есөн эрүү тулгуулж байгаа хүнд ташуурдах ялыг огт хэрэглэдэггүй байж л дээ. Ийнхүү долоо хоног ар нуруугаа улаан эрээн болтолоо ташуурдуулсан Жумаг өмнө нь Ховдын амбаны шоронд Цэцэг нуурын дугуйлангийн “Ард” Аюушаас өөр хэн ч давж байгаагүй “Өргөс хатгах” нэртэй эрүү шүүлтэнд оруулсан байна. Энэхүү эрүү шүүлт нь арван хурууных нь хумсан завсараар нялх хулсыг нэг бүрчлэн шааж тамладаг арга байв. Зарим нутаг хошуунд уг тамлалтыг есөн эрүүний эхэнд хэрэглэж байсан байдаг. “Архаг” Жума гарынхаа хуруунаас садран урсах цусыг огт тоомсорлосон шинжгүй, харин ч бүр хулс шаалгасан хуруугаараа шилэн хүзүүгээ маажиж зандалчин эрийн янзыг үзэж суусан гэдэг. Түүнийг ийнхүү есөн эрүү шүүлтийг цусан зам татуулсаар туулан гарч ирэхэд Дүрвэд Далай хан Нэмэхжаргал “Энэ ясны сайн эр хэрэг хийгээгүй гэдгээ махан биеэрээ нотолж чадлаа. Хийсэн байлаа ч есөн эрүүг давчихав. Одоо түүнийг дариухан суллаад дархал” хэмээн Ховдын амбаны заргачид тушааж байсан гэдэг.
***
Дайчин бэйсийн Дарьсүрэнг бага залуу байхад хоёр ч удаа есөн эрүү давсан янхигар өвгөн “Та нар миний хоёр хацрыг харж байгаа биз. Эрүү шүүлтэнд орж хэргээ хүлээхгүй гэж гүрийж байж шаахайдуулсны мөр. Яс нь бяцарч, мах нь няцарсаар эцсийн эцэст ингэж хүмүүсийн том нь сэжиглэж, бага нь аймаар болсон юм” гэж ярьдаг байжээ. Хорин жил цулбуур гүйлгэсэн энэ өвгөний элдэв яриа Дарьсүрэнг сайн эр болоход их нөлөөлсөн гэдэг. Мөн үүнтэй төстэй яриаг Дундговь аймгийн уугуул, Ардын жүжигчин Г.Хайдав гуай хүүрнэсэн юм. Сийрүүлвээс: “...Миний аав Гонгор нэг үе “Хагархай” Сэд, их говийн “Ширмэн” Хоовон нартай хамт шилийн сайн эрийн замаар замнаж, говь цөлийг бол туулж байсан хүн. “Хагархай” Сэд гэж хүн Манжийн есөн эрүүг олон удаа давж байсан юм билээ. Өрөөсөн нүдгүй, өрөөсөн чихгүй, өрөөсөн хөлгүй, ийм хачин эрэмдэг хүн байлаа. Тэгээд өрөөсөн хөлгүй мөртлөө морин дээр муур шиг үсрээд гарчихдаг. Манжийн есөн эрүү чинь айхтар харгис байсан юм биш үү? “Хагархай” Сэд гэхэд л есөн эрүүнд хэд хэд ороод ингэж эрэмдэг зэрэмдэг болсон гэж байгаа юм. Манж нар түүний нүдийг сохолж, чихийг огтолсон болж таарах гээд байгаа юм. Ингэж айхтар тамлуулсан хүн ховор гэж байгаа юм шүү. Энэ хүн намайг бага залуу байхад хааяа манайд ирж хонодог байсан юм. Бид нар эхэндээ түүнийг хараад “Яадаг билээ” гээд ухаан алдталаа айдаг байсан. Өрөөсөн нүдгүй, чихгүй, хөлгүй тийм аймаар хүнийг хараад хүүхдүүд айна шүү дээ. Ямар олиг байхав дээ. Хамгийн гоё нь тэр “Хагархай” Сэд чинь үлгэр ярина гэж жигтэйхэн. Одоо ч манай гавъяатууд түүн шиг ярьж чадахгүй. “Хагархай” Сэдийг үлгэр яриад эхэлмэгц бид шөнөжин амаа ангайгаад сонсдог байсан. Маш олон үлгэр мэднэ. Тэгээд нэг үлгэрээ давтаж ярихгүй. Тэр хүн зовож зүдрэхийн ихийг үзсэн. Зарим найзынхаа өмнөөс шийтгүүлдэг байсан гэсэн. “Өө, миний найз яахав, би хэргийг чинь хүлээнэ. Тэртэй тэргүй би эрэмдэг болсон хүн. Манж нар намайг дахиад л эрэмдэг болгоно биз” гээд л нөхдийнхөө хэргийг ганцаараа даагаад Манжийн шоронд орчихдог байсан гэж байгаа. Хүний өмнөөс өөрийгөө ингэж эрэмдэг болгож байдаг. Мөн ч айхтар хүн байгаа биз...” гэж өгүүлсэн юм.
***
Үүнийг батлах гэсэн мэт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, эдүгээ ерэн нас дөхөж яваа ахмад зохиолч Д.Лувсандэлэг гуай “Нэг үе Дундговь нутагт “Галзуу” Сэд гэж шилийн эр байлаа. Түүнийг бас “Хагархай” Сэд гэнэ. Энэ хүн хамаргүй, өрөөсөн нүд нь сохор, өрөөсөн чихгүй, өрөөсөн хөлгүй хүн байсан. Тэгсэн мөртлөө адуу маланд эрэмгий. Морь мал уургалахдаа гаргууд. Өрөөсөн хөлөн дээрээ дэгэнцэж байгаад л уургалсан морио ногтлоод авна. Айхтар хүн байж билээ...” гэж хүүрнэв. Хэргээ ганцаараа даахаас гадна бусдынхаа хэргийг дааж, “Есөн эрүү”-нд тэднийхээ өмнөөс тамлуулж эрэмдэг зэрэмдэг болно гэдгийг одоо юу гэж ойлголтой нь билээ. Ийм хүн өнөөдөр төрөх болов уу? Төрөх нь байтугай албан тушаалын хэргээр тансаг мөрдөнд хэд хоносон өнөөгийн манай томчууд шууд л бие нь муудаад, эмнэлэг барааддаг болж дээ.
Сэтгүүлч: Б.ОЙДОВ
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS