МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Луугийн тэврэлт зөөлөн ч савар нь хатуу
Дэжидмаагийн Галсансүхэд илгээх ил захидал
“Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ” гэж бичээд “Болор цом” хүртсэн модернист яруу найрагч Д.Галсансүх хаачив гэхнээ Германд очоод Гётегийн хэлээр мэндлээд явж байгаа сурагтай. Их Нацагдоржийн “хээрийн галуу нисэн үл хүрэх газраас, хүний хүү эрдэм өвөртөлж ирнэ” хэмээн бахдан бичиж, бядан очиж амьдарч, суралцаж байсан тэр л Германд суугаа ажээ. Гэтэл ар хударгаар нь түүнийг “цааш харуулах” шалтгаан Монголд бүрдчихээд байдаг. Монголын радио хятадаар мэндчилэхээс өмнө монгол зохиолчид хятадаар “яриад” эхэлчихлээ. Энэ чинь боож үхэх хангалттай шалтгаан мөн биз. Яруу найргийн хаан, модернист фронт командлагч маань Монголдоо ирж сэлмээ эргүүлэх цаг болсон бус уу гэсэн санаа. Эсвэл шүлэгтээ бичсэн шигээ зүгээр л үхээд өгье гэж бодож байгаа юм болов уу? Уг нь тэр “Надад үхэх долоон шалтгаан хэрэгтэй” гэсэн л дээ. Тэр долоогийн хамгийн ноцтой шалтгааныг тоочин ил захидал илгээхээс өөр аргагүй болов.
Эхлээд эрхэм найрагчийн ердөө хоёрхон жилийн өмнө бичсэн Д.Нацагдоржид зориулсан бүлэг шүлгээс эш татъя.
...Нохойн жогорхой шиг нэг хоёрхон, нүүдэлчдийн аман мэдээгээр
“Ногоорсон архичин” байсан гэдэг амин ярианууд аль хэдийнэ
үеэ өнгөрөөж өчигдөр, уржигдар, уржинан шиг үнэр ч үгүйгээр
үтэр мартагдахад ҮЛЭМЖИЙН ЧАНАРТАЙ шүлэг нь үнэт дарс...
Та ингэж бичжээ. Таалагдаж байна. Энэ мөртүүд тань. Гэтэл яг энэ шадуудын эсрэг их Нацагдоржийг шат дараатай гутаасан, амьдралынх нь эмзэг мөчлөг, уналт бүдрэлтийг нь хар хятад, хар архитай холбон мушгиж гуйвуулсан утга санаатай киног монгол биш монгол хүмүүс хийгээд Монголоор нэг тарааж байгааг танд дуулгахад таагүй байна аа.
Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч /энэ алдар гуншин нь байхгүй байсан ч тэр агуу/, суут зохиолч, сод билэгт найрагч, эзэн Богд Чингис хааны удмын цагаан ястан, тайж язгуурт /энэ өндөр дээд гарал үүсэл нь түүнийг харлуулан гутаагчдад олз, бай болсон байж мэднэ, харийнхан монголчуудын хамгийн эрхэм дээд шүтээнийг л шороонд хутгахыг хичээнэ шүү дээ/ бичгийн их хүмүүнийг “Пагмадулам” хэмээх уран сайхны киногоор аймшиггүйгээр гутаан доромжилж, гудамжны архичин болгон үзүүлж, ирээдүй хойчийн хүүхэд багачууд, өсвөр залуу үеийнхний тархийг угааж байгааг та эрхбиш дуулсан биз ээ.
Яруу найрагч Р.Эмүжин Нацагдоржийгоо өмөөрч хатуухан шүүмжлэл бичсэнээс өөрөөр Монголын зохиолчид, Зохиолчдын эвлэл огт дуугарахгүй байгааг ч та анзаарч буй болов уу. Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал нь харин “Пагмадулам” киног өмөөрч, зохиолчдын төв хэвлэлээрээ бүтэн нүүр уянгын халил туусан байсныг үзээд дотор харласан даа. Д.Нацагдоржийг маань жаахан муухай гаргачихаж, гэхдээ “ничего”, энэ кино лаг, мундаг, бараг л Монголын кино урлагт үзэгдэл боллоо гэх маягийн билбүүр үг дүүрэн тэр бичвэрээс киног бүтээгчдэд /захиалагчдад гэсэн ч болно/ халуун дотно бөгөөд элэг нэгтэй нь харагдсан. Түүнээс ч болсон уу, даргынхаа чиглэлээр ч гэх үү, таны үзэг нэгт нөхөд, зохиолчид Д.Нацагдоржийгоо өмөөрч ганхийсэнгүй ээ. Таны нэг шүлэгтээ бичсэнчлэн тэд цайны цагаараа тайчицюаны дасгалаа хийцгээгээд тайван сайхан амьдарцгааж байгаа бололтой. Тиймээс ч би энэ захидлаа “Монголын радиогоос түрүүлж Монголын зохиолчид хятадаар “мэндэлдэг” боллоо” гэж зориуд олон тоон дээр гарчигласан юм аа.
Монголын, монголчуудын бахархал болсон найрагчийг гутаан харлуулах хэнд ашигтай вэ. Хэний санаа зорилго вэ. Тэр кинонд нь Нацагдоржийг хэрхэн дүрсэлдэг вэ. Ил захидал маань өдөр тутмын сонины “Кино ярьж өгье” булан биш учир үйл явдлыг нь тоочихгүй, гол агуулга, санааг нь л тойрч бичье. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан, санхүүжилт гаргасан гэх /үүнд би Эмүжин найрагчтай адил эргэлзэж, хардаж буй/ “Пагмадулам” хэмээх кино эхнээсээ дуустал их зохиолч Д.Нацагдорж гэдэг хүнийг гудамжны найгүй архичин, өнөөгийн хэлээр бол бөбөөчин, нус нулимсандаа холилдсон, тасарч унаад, шартаж босоод, шороо тоосонд хутгалдаад, унжийж норойгоод явж байдаг, цаг үе, нийгмийнхээ адгийн шаар шавхруу байсан гэж ойлгуулахад л гагцхүү чиглэжээ. Дээр нь Нацагдорж ямар ч боловсролгүй этгээд байсан гэдгийг зориудаар харуулах гэсэн үү, хачин сцен кинонд гарна. Тэнд үзүүлснээр бол Д.Нацагдорж Хятадын уран зохиолыг огт мэдэхгүй, “Тансан лам баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийг огт уншаагүй. Тиймээс Сүн Ү Күний тухай ший жүжиг үзээд гарч ирэхэд нь Пагмадулам түүнд Хятадын уран зохиолын талаар лекц шахуу юм ярьж өгч “нүдийг нь нээж” өгнө. Өдөр шөнөгүй архи ууж, тасарч унаж, шартаж яваа хүнд ямар боловсрол, мэдлэг, бүтээл туурвих цаг, авьяас чадвар, чадал чансаа байх вэ гэж л уг кинонд харуулах гэсэн бололтой.
Арван тавхан настайдаа Ардын хувьсгалын үйл хэрэгт үзгээ барин оролцож, их жанжин Сүхбаатарын дэргэд шадарлаж, Монголын зарим тогтмол хэвлэл хийгээд хүүхдийн байгууллагыг үүсгэн байгуулалцаж, уран зохиолын бараг бүх төрлөөр туурвиж, сонгодог гэж бардам хэлж болох шүлэг, найраглал, өгүүллэг, жүжиг хэдэн арвыг туурвисан, дэлхийн уран зохиолоос Эдгар Аллан По, А.С.Пушкинаас эхлээд орчуулж, түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж, үзэг тавилгүй бичиж явсан их Нацагдоржийг танай буриадуудын хэлц үгээр бол “тэнгэрийн нартай өдөр бүхэн хар ус гударчээ л явдаг” адгийн архичин болгон харуулж, харлуулжээ.
Нацагдоржийг ийн харлуулахын тулд Пагмадулам бас үл бүтэх гар байх ёстой. Тэр сценарийг кинонд хангалттай үзүүлнэ. Пагмадулам Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга, Орос, Германд сурсан оюунлаг сэхээтэн, нэрт монголч эрдэмтэн Э.Хэйнишийн туслахаар хүртэл ажиллаж байсан өндөр боловсролтой эмэгтэй. Харин “Пагмадулам” кинонд бол нэвт шувт хятад соёлтой, сүүлдээ хятад өвгөнтэй суучихдаг хөнгөн явдалтай, завхай зайдандуу л хүүхэн гэж харуулна.
Кинонд муу муухай үйл явдал дүүрнээс гадна ад дон, ёр билгийн өгүүлэмжийг зориуд шигтгэж өгсөн нь хар сэр төрүүлнэ. Кино эхлэхээс дуустал охиноо дагуулсан хамаргүй гуйлгачин авгай гарна. Тэмбүү тусаад хамаргүй болсон, ухаан санаа орон гаран ядуу гуйлгачин тэр авгай Нацагдорж, Пагмадулам хоёртой яаж холбогдоод байгаа ч юм, бүү мэд. Монголчуудыг тийм адгийн муухай байсан гэж л ёрлон харуулах гэснийх юм болов уу даа. Их зохиолч Нацагдоржид үзэг, цаас бариулсан ганц ч сценигүй атлаа хятадуудын оршуулгын зан үйл, авс, хүүрний талаар бараг бүтэн номлол сургаал гаргана. Энэ юуны ёр вэ. Ямар бэлгэдэл, утга санаа вэ?!
Гэтэл “Пагмадулам” киног өмөөрсөн нэгэн залуу зохиолч “Ямартаа ч өнгөрсөн онд гарсан онцлох монгол киноны нэг бол “Пагмадулам” УСК мөн. Уран бүтээлчийн эхнэр, боловсролын зэрэг гэхээс илүүтэй Д.Пагмадуламын туулж өнгөрүүлсэн амьдралыг хураангуйлахдаа түүхэн эх сурвалжуудыг ашигласнаас гадна дүрийн сэтгэл зүйд түлхүү анхаарч үйл явдлыг амьдралын үнэнтэй хослуулан байгаа чигээр нь илэн далангуй нээсэн нь уг киноны онцлог мөн. Бид үнэнийг, зовсон шаналсан тэр бодитой үнэнтэй л учрах ёстой. Үүнээс бус хий хоосон бахархах, гоё сайхан, хосгүй уран бүтээлчийн дүрийг хүлээх хэрэггүй. Тиймээс ч тус кино зорилгоо биелүүлсэн” хэмээн омогджээ. Зөвхөн энэ хэдэн өгүүлбэрээс ч их юмны сэжүүр харагдана. Нацагдорж, Пагмадулам хоёрыг хуучин нийгэмд хэт гоёчилж, гоодож харуулсаар амьдралынх нь бодит үнэнээс холдуулсан нь үнэн. Тэглээ гээд, бодит үнэнд нь ойртууллаа гээд ингэж адгийн муу муухайн үүр болгож болохгүй билээ.
Дээрх залуу зохиолч эгээ Нацагдорж, Пагмадулам хоёртой хамт амьдарч байсан юм шиг л тэдний тухай бодит үнэнийг байгаа чигээр нь “Пагмадулам” кинонд гаргасан гэж сүрхий дүгнэлт хийсэн нь гайхмаар. Туйлын үнэн гэж байдаггүй. Түүхэн хүмүүсийн амьдралын ээдрээ, бүдэг бүрхэг намтрыг ийм амархан тайлчихдаг киночид байтугай түүхчид ч байхгүй. Нацагдорж, Пагмадулам нарын амьдралын үнэн ч тийм л байгаа. Одоо ч маргаантай, тодорхойгүй зүйл их бий. Гэтэл нэг залуу зохиолч тэдний намтрыг, амьдралыг нэвт шувт мэдээд, түүнийгээ туйлын үнэн болгоод үзэгчдэд тулган шаардаж байна гэдэг харамсалтайн дээр үүний цаана ямар утга санаа агуулагдана вэ? “Тус кино зорилгоо биелүүлсэн” гэдгийг ухаад бодоход социалист уралдааны үүрэг, амлалт шиг давуулан биелүүлсэн тэр зорилго нь юу байв аа. Хэн тэрийг нь дүгнэсэн болоод зохиолч залуу бардамнан омогдов. Ганц хэлэх юм нь Нацагдоржийг харлуулах зорилгоо бол энэ кино давуулан биелүүлсэн.
“Пагмадулам” киноны цаана Хятадын зөөлөн хүчний бодлого байна, санхүүжилт байна гэж Р.Эмүжин зохиолч хардсан байна лээ. Үндэслэлээ ч гаргаж тавьж, Тагнуулынхан үүнийг шалгаач гэж шаардсан байна лээ. Миний бие ч санал нийлж байна. Би хардаж байна. Хардах эрхээ эдэлмээр байна.
Хятадын зөөлөн хүчний бодлого гэгч угаасаа дэлхий дахинд хүчээ авч байгаа. Тэр тусмаа урлаг, соёлоор нь уусган зөөлрүүлж, урхидан тэврэх бодлого нь үнэхээр төгсөрсөн. Өрнийн судлаачид Хятадын зөөлөн хүчний бодлогыг судалсаар байдаг нь ч ийм учиртай. Манайд тийм судалгаа байдаг эсэхийг мэдэхгүй. Харин уран бүтээлчид нь урагшаа очиж зөөлөн хүчний бодлогод нь уусан найрссаар эцэстээ улаан цагаандаа гарсныг “Пагмадулам” кино бидэнд харууллаа. Хашгирлаа.
2007 онд болсон Хятадын Коммунист Намын XVII их хурал дээр Ху Жинтао дарга нь зөөлөн хүчийг үндэсний засгийн бодлогод анх удаа тодорхой дурдсан байдаг юм билээ. Дараа нь 2014 онд Ши Жиньпин “Хятадын зөөлөн хүчийг нэмэгдүүлж, Хятадын тухай сайн яриа өрнүүлж, Хятад улсын захиасыг дэлхий дахинд илүү сайн хүргэх ёстой” гэж тунхаглажээ.
Зөөлөн хүч гэдэг нэр томъёог бол 1990 онд Харвардын их сургуулийн эрдэмтэн Жозеф С.Нэй гэж хүн анх гаргасан гэдэг юм билээ. Ши Жиньпиний удирдлага дор Хятад улс “Хятадын мөрөөдөл” болон “Хятадын загвар” гэсэн бодлогыг сүүлийн 10 жил хэрэгжүүлж байгааг эрхэм найрагч та андахгүй мэдэх буй за. Хятадад суралцаж ирсэн зохиолч Монголд олон болж, тэд эхнээсээ “Пагмадулам”-даж байгаа нь луугийн тэврэлт чангарч байгаагийнх биш гэж үү.
“Хүчтэй, социалист соёлтой улс орныг байгуулах. Хятадын гадаад уран зохиолын тогтолцоог бий болгох стратеги” гэсэншүү агуулгатай судлаачдын илтгэлийг интернэтээс олж харахад “Хятадын уран зохиолын бүтээлийг тасралтгүй сурталчилж, дотоодын уран зохиолын шилдэг бүтээлүүдийг орчуулан хэвлүүлэхэд анхаарч, Хятадын уран зохиолын шилдэг бүтээлүүдийг олон хэлээр орчуулах явдлыг ахиулж, олон улсын тавцанд хэвлэн нийтэлж, сурталчлах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Олон улсын хэвлэлийн газруудыг Хятадын уран зохиолыг хэвлүүлэхийг дэмжиж, олон улсын зах зээлд Хятадын уран зохиолын нэр хүндийг нэмэгдүүлнэ. Хятадын утга зохиолын бүтээлийн үзэсгэлэн, явуулын үзэсгэлэнг идэвхтэй зохион байгуулж, үүгээр дамжуулан Хятадын уран зохиолын олон талт, баялаг байдлыг дэлхий нийтэд харуулна. Хятадын уран зохиолыг олон улсын тавцанд тайзны жүжиг, хөгжимт жүжиг, жүжиг болон бусад хэлбэрээр тоглохыг дэмжин, Хятадын уран зохиолыг уран сайхны илэрхийлэл, ойлголтын тусламжтайгаар олон улсын үзэгчдэд түгээх боломжийг олгоно. Хятадын уран зохиолын талаарх олон улсын хамтын нийгэмлэгийн танин мэдэхүйг нэмэгдүүлэх боломжтой. Мөн олон улсын утга зохиолын наадам, арга хэмжээ зохион байгуулах, олон улсын утга зохиолын шагнал гардуулах, олон улсын зохиолч, шүүмжлэгч, судлаачдыг урьж оролцуулах, олон улсын солилцооны платформ байгуулах, Хятад, гадаадын уран зохиолын уран зохиолын яриа хэлцэл, солилцоог ахиулж, уран зохиолын найрсаг харилцааг нэмэгдүүлэх боломжтой. Олон улсын уран зохиолчдын солилцооны хөтөлбөрүүдийг бий болгож, тэднийг Хятадад урьж, уран бүтээл туурвихын зэрэгцээ Хятадын зохиолчдыг гадаадын улс орнуудад бүтээлч солилцоо хийхийг дэмжих боломжтой” гэх мэт өгүүлбэр дүүрэн.
Монголд сүүлийн жилүүдэд хятад уран зохиол, хятад киноны давлагаа асар хүчтэй байгааг найрагч та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Нэг жишээ, Хятадын үгүйрч, өлбөрч байсан хүнд үеийг үзүүлсэн Үй Хуагийн “Амьдрахуй” романыг орчуулсан “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, зохиолч Мө.Батбаяр “Пагмадулам” киноны зохиолыг бичжээ. Урд хөршид сургууль төгссөн энэ хархүү Р.Эмүжин найрагчийг агсарсны дараа сошиал ертөнцөөс ум хумгүй арилж одсон. Бодвол гэмт хүн гэлбэлзэнэ гэгч нь болсон байх. Харин хардаж бичснийх нь төлөө тус “Тагтаа” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч Б.Баясгалан Ж.Эмүжин найрагчийг шүүхэд өгч буйгаа сүржин гэгч нь мэдэгдсэн. Аргумент нь Мө.Батбаяр хэдий манайд данстай уран бүтээлч ч гэлээ манай хэвлэлийн газрын нэрийн өмнөөс “Пагмадулам” киноны зохиолыг бичээгүй, хувь уран бүтээлчийнх нь “халтуур” байсан, гэтэл манай хэвлэлийн газрыг Хятадын зөөлөн хүчний бодлогод үйлчилсэн мэтээр олон нийтийн сүлжээнд бичлээ, үүнийгээ батал, үгүй бол залруулга гарга, уучлалт гуй гэсэн утгатай нэхэмжлэх шүүхэд гаргаж буйгаа мэдэгдсэн.
“Тагтаа” хэвлэлийн газар нь “Амьдрахуй”-гаас авахуулаад Хятадын нэлээдгүй зохиол бүтээлийг орчуулсанаас гадна уг романы зохиолч Үй Хуаг Монголд урин авчирч, номын баярын өдрүүдэд Төв талбайн хойморт залж, болоогүй СТӨ-нд Үй Хуагийн нэрэмжит зохиолч, уншигчдын уулзалтыг зохион байгуулж мөн энэ үеэр Үй Хуа томоохон телевизийн ихээхэн хүндтэй зочны ярилцлагад уригдаж нэг хэсэг Улаанбаатарын сэхээтнүүд Үй Хуа болоод Хятадын аж соёл, амьдрахуйгаар амьсгалсан билээ.
Лавлах нь ээ “Нэпко” хэвлэлийн газар болон “Тагтаа” хэвлэлийн газар хамтран “Дэлхийн шилдэг зохиолчид Монголд” төслийг эхлүүлсэн, тус төслийн анхны зочноор “Амьдрахуй”, “Вэн хот” зэрэг зохиолуудаараа Монголын уншигчдад хэдийнэ танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуаг урьсан нь ийм хэрэг явдалд хөтөлжээ. Төсөл юм чинь мөнгөтэй байж таарна. Тэр мөнгө нь харин хаанаас гарсныг хэн ч мэдээгүй. Мэдүүлэх ч үгүй биз ээ. Гэхдээ сонирхолтой дараагийн дэлхийн шилдэг зохиолч одоогоор Монголд ирээгүй л байна.
Хятадын уран зохиолоос орчуулж болно оо. Болно. Дорнын гайхалтай шигтгээ мөн үү гэвэл мөн. Гэхдээ Монголынхоо уран зохиолыг зөрүүлээд юу ч биш болгоно гэдэг чинь хийрхэл, урвалт биш гэж үү. Мө.Батбаяраас онцгойлон асуумаар байна.
Киноны продюсер Б.Оюунгэрэл гэгч эмэгтэй угаас утга зохиолын хүн биш, мөнгө л байвал, албан тушаалтайгаа л үлдэж байвал өөр бусад нь хамаагүй хөөрхий өрөвдөлт нэгэн байдаг юм гэнэ лээ. Түүнийг орхъё. Киноны найруулагч “гитлер” Ганболд хэмээн өөрийгөө өргөмжилсөн, зөвхөн үүнээс нь харахад Монголын утга зохиол, утга зохиолыг үндэслэгчийн тухай яриад ч ойлгохгүй байж мэдэх этгээд гэж үзээд бас орхъё. Монголын уран зохиолоор угжуулж өссөн байлтай, тэгж байж зохиолч, зохиогч болдог, Мө.Батбаяр та их зохиолчийнхоо тухай бийр үзэг нийлүүлж суухдаа түүнийг жаахан ч атугай хайрласангүй юу. За дүүрч, Д.Нацагдоржийг болъё гэхэд Монголынхоо утга зохиол, уран сайхныг хайрласангүй юу л гэж асуумаар байна!
Харийн чинээлэг гүрний зөөлөн хүчний бодлого гэдэг нь зөвхөн өөрсдийн урлаг, утга зохиолыг сурталчлах биш. Тухайн улс үндэстний соёл, урлаг, уран зохиолын үнэт өвийг үнэгүйдүүлэх, харлуулах, эсвэл өөрсдөдөө аваачиж нааж хамаатуулах гэдэг далдын шуналт бодлого тээж эхэлсэн үү гэж хардахад хүрч байгаа юм. “Пагмадулам” кино үүний тод жишээ ч болов. Харанга ч дэлдэв.
Цахим орчинд лайв хийхдээ хараал урсгалаа гэж нэг залууг 30 хоног баривчлах шийдвэр гаргаж, үүндээ ШУА, Хэл зохиолын хүрээлэнгээр дүгнэлт гаргуулчихаж байгаа атлаа үндэстнийх нь бахархал болсон их зохиолчийг бүхэл бүтэн киногоор гутаан доромжилж, хараал зүхлээс дороор харлуулж байхад Д.Нацагдоржийн үүсгэн байгуулсан Монголын зохиолчдын эвлэл /Сая нэгдүгээр сарын 09-нд тохиосон 96 жилийн ойгоороо МЗЭ-ийнхэн таг чиг гүлдийгээд өнгөрсөн нь гэмт хүн гэлбэлзэнэ гэгч болов уу, бахархал, үнэт зүйлээ бусадтай нийлж баллуурдаад сүлд хийморь нь доройтсоных уу ч гэж бодогдох/, ШУА-ийнхан, Хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн хэмээгдэгч бэртэгчин голдуу өвгөд нь ч дуугарахгүй байгаад бухимдан, бачуурч үзэг шүүрлээ. Монголын зохиолчид хятадаар “мэндчилж” эхэлсэнд монгол биш хүмүүс инээд алдан алгаа таших шиг муухай мэдрэмж төрснөө тантай хуваалцлаа.
М.Саян
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS