МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
ӨНӨӨДӨР буюу хугацаа сунгасан карьер. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар анх томилогдсоноос хойш яг дөрвөн жил болж байна. Энэ бол тэмдэглэлт ой огт биш. “Нас бол зүгээр л тоо” гэдэг шиг дөрвөн жил гэдэг зүгээр л тоо. Огцом, сонин эргэлтээр У.Хүрэлсүхээс тамга гардаж авснаар эхэлсэн гурван жил хагас, ээлжит сонгуулийн үр дүнд суудалдаа улиран үлдсэнээс хойших зургаан сар. Яав ийв, юу хийв, юу болов гэдгийг нь тоочих шаардлагагүй шахам. Мань эр пиар, пропоганда нь маш хүчтэй, зарим талаар хэрээс хэтэрсэн Ерөнхий сайд. Сошиалын хордлогондоо тамирдсан иргэдэд Засгийн суртал ухуулгын хүнд нүсэр торгон хөшгийг сөхөн харах бяр тэнхэл дутаж буй.
Тиймээс Л.Оюун-Эрдэнийг эхлээд Ерөнхий сайд гэдгээр нь биш УИХ-ын жирийн нэг гишүүнийх нь хувьд томруулдаг шилээр харъя. Хоёр дахь танхимаа удирдаж буй Засгийн газрын тэргүүн тэрбээр гурав дахиа сонгогдоод байгаа парламентч. УИХ-ын гишүүн гэдэг хууль тогтоох өндөр албан тушаал нь Засагт эрхэлж буй ажлынх нь хавсарга болчиж гээд байдаг талтай. УИХ-ын гишүүний хувьд тэр “муу сурлагатан”. Хичээлээс байнга чөлөө авдаг зэсрэгч. Сард 8-10 удаа болдог УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны нэг, хоёрт нь л суудаг гэсэн ирцийн мэдээлэлтэй. Ихэнхэд нь хөдөө орон нутаг болон гадаад томилолттой байдаг аж. Давхар дээлний зовлон л доо.
Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний хувьд тэр өнөөдөр карьерынхаа нэг оргил дээр ирчихээд байгаа. Нам, засгийг хослон барьж буйн хувьд одоогоор хамгийн хүчирхэг улстөрч. Сөрөг хүчнүүдээ халаасандаа хийчихсэн, сорих шалгууруудаа давчихсан, одоо түүнд өөр юу хэрэгтэй юм бэ л гэмээр. Гэвч олон нийтэд, иргэний нийгмийнхэнд байнга “нүдүүлж” буй нь нэг талаас ардчилсан оронд байдаг эрүүл үзэгдэл, нөгөө талаас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар олны хүлээлтэд тэр бүр хүрэхгүй байгаагийнх. Хоёр дахь бүрэн эрхээ бүтэн эдэлж, карьерын хугацаагаа сунгах эсэх түүний өнөөдрөөс ихээхэн шалтгаална. Хувь хүнийх нь зүгээс хэлэх юм бол тэр тайзан дээр байгаа нүцгэн ноён. Хашиж буй өндөр албан тушаал нь ийм юм. Нуувчинд шургаж үлдэх ямар ч боломжгүй. Нууж хаах гэж хичээгээд ч нэмэргүй. Нөгөө талаар тэр улс төрийн шатрын хөлөг дээр ч өнчин хүүд цодлуулсан шалдан ноён шиг харагдах нь бий.
ӨЧИГДӨР буюу уурхайн тосгоноос эхэлсэн улс төрийн замнал. Л.Оюун-Эрдэнийн олон нийтэд нээлттэй албан ёсны намтар нь УИХ-ын сайтад нээлттэй бий. Албан бус намтрын хувьд түүний улс төрд хөл тавьсан замнал нь Ухнаагийн Хүрэлсүх гэдэг хүнтэй зайлшгүй холбогддог. Л.Оюун-Эрдэнийг “Бэрс” дээд сургуулийг төгсөөд Бэрх тосгонд ажиллаж байхад нь У.Хүрэлсүх анзаарч, анхаарч, өөд татсан гэдэг. Улс төрд уруу татсан гэсэн үг. Юутай ч тэрбээр амбицтай карьерист. Албан тушаалын шатаар амжилттай, хурдтай өгсөхөд нь нутгийн ахынх нь дэмжлэг их байв. 2009 онд МАН-ын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд очсоноор намдаа нөлөөтэй болж эхэлсэн. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан. Улмаар түүнээс Ерөнхий сайдын суудлыг нь “өвлөж” авсан. Хэрэг эрхлэхийн даргаар ажиллаж байхдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т БЭТ-ээр очиж ажилласан, М.Энхболд, Т.Бадамжунай тэргүүтэй хотын фракц гэгддэг улс төр, эдийн засгийн бүлэглэлийг түлхэн унагахад “шударга тав”-ыг манлайлан явсан түүх ч түүнд бий. Том зургаараа улс төрөөс 60,70 оныхныг шахаж, 80-аад оныхны үеийг эхлүүлсэн, үүнийгээ ч ихээхэн ухуулж сурталдах дуртай.
ИРЭЭДҮЙ буюу шинэ 30 жилийн легаси. Л.Оюун-Эрдэнэ сүүлийн 20 жилд хамгийн удаан хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Ерөнхий сайд болоод буй. Н.Энхбаяраас хойш дөрвөн жил бүрэн эрхээ бүтэн эдэлсэн Ерөнхий сайд гараагүй байсан гэсэн үг. Энэ өнцгөөсөө бол яах аргагүй сайн үзүүлэлт. Нөгөө талаасаа бол таавчигтай огцролтын дараа шууд Ерөнхий сайд болгож орхисон том ахынх нь хайр хишиг биз ээ. У.Хүрэлсүхийн тухайд нам, төрийг тогтвортой байлгах том амбицдаа хөтлөгдөж сайн дүүгийнхээ суудал сэнтийгээр оролддоггүй байх. Товчхондоо ах сэлмээ суйлбал толгой бөндгөсхийх нь энүүхэнд гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Засгийн газар тогтвортой ажиллаж байж хөгжлийн бодлого тогтвортой байна. Тэр хэрээр улс орныг урагш чирэх мега төслүүд хөдөлдөг гэдгийг харж болно. Цаашид Л.Оюун-Эрдэнэ улс төрд урт удаан хугацаанд өөрийн өндөрлөгөө хадгалахыг хүсэж байгаа нь мэдээж. Үүнд өөрөөс нь шалтгаалах юм ч бий, шалтгаалахгүй давагдашгүй хүчин зүйл ч бий. Шууд өөрөөс нь шалтгаалах нэг зүйл бол нэн тэргүүнд том ахынхаа үгэнд ордог байх.
Хоёр бүрэн эрхийн хугацаанд гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн Ерөнхий сайд болж өөрийн легасигаа үлдээх, цаашид улс төрд илүү урт замыг туулж, өөрийнхөө хэлдгээр дараагийн 30 жилийг амжилттай эхлүүлж, зөв хөрс суурийг нь тавилцаж, манлайлагчийн түүхээ бүтээх нөөц, боломж, ирээдүй Л.Оюун-Эрдэнэд бий.
САЙН & МУУ буюу судалт тахийн тавилан. Л.Оюун-Эрдэнэ хоёр жилийн өмнөөс хэлж ярьсан тогтолцооны өөрчлөлт, реформоо парламентын түвшинд хийж чадсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын сонгуулийг холимог системээр, бүсчилсэн том тойрогт явуулж, УИХ-ын 126 гишүүн болгох өөрчлөлтийг хийхэд тэр улс төрийн манлайлал үзүүлж, парламентад суудалтай намуудтай зөвшилцөн хамтарч хэрэгжүүлж чадсан. Энэ бол Монголын парламентын түүхэн реформ зайлшгүй мөн. Баялгийн сангийн тухай хуулийг батлуулж, мөнгөжүүлж, ногдол ашиг олгож эхэлсэн нь ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын том ажил. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлуудаас нь Шинэ сэргэлтийн бодлого, ковидын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, авлигатай хийсэн тэмцэл /Нүүрсний, Хөгжлийн банкны хэргүүдийг илчилсэн/, цахим шилжилт зэрэг нь түүнд нэмэх оноо авчирсан.
Боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын бүтээн байгуулалтуудыг эрчимтэй өрнүүлж, экспортын олон гарцтай болох зорилго тавьж боомтуудын хил холболтын төмөр замыг барих асуудлаар өмнөд хөрштэй тохироонд хүрч чадсан. Хамтарсан Засгийн газраа байгуулмагц зарласан 14 мега төслийнхөө гурвыг нь гараанаас гаргачихаад байгаа. Тухайлбал, 20-30 жил яригдсан Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замыг хөдөлгөж, мөн Францын “Орано майнинг”-тай уран олборлох төсөл хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байна. Аль аль нь эдийн засаг, геополитикийн асар өндөр ач холбогдолтой мега төслүүд. Дараагийн 30 жилд эдгээр төслийн өгөөжийг монголчууд хүртэнэ.
Оюутолгойн гэрээг байгуулснаараа С.Баярын Засгийн газар, “Орано майнинг”-тай ураны гэрээ байгуулснаараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түүхэнд бичигдэж үлдэх болно. Уул уурхайн том төслүүдийг дагадаг шүүмжлэл, эсэргүүцэл ч түүнийг адилхан дагаж буй.
Харин шинэ 30 жил гэж тунхаглаж байгаа ч өмнөх 30 жилийн өвгөн ах нарынхаа нөлөөнөөс гарч чадахгүй яваа том дутагдал бий. УИХ-ын сонгуулийн нэр дэвшүүлэлт, Засгийн газрын сайд нарын суудал хуваарилалт, төрийн албаны томилгоо гээд олон юманд энэ нь харагддаг. Мөн авлигачидтай нам харгалзахгүй тэмцэнэ гэж мэдэгдсэн ч УИХ-д нэр дэвшүүлэхдээ ч, төрийн албанд томилгоо хийхдээ ч өнөө л муу нэртэй, луу данстай, авлигач, 10 хувийнхнаасаа татгалзаж чадахгүй байгаа нь нэрийг нь баасдаж буй.
Дараагийн муу жишиг нь Женко, Хийроо /уг нь Херо л доо/ хоёрын сценариар пропаганда буюу суртал ухуулгын нэвтрүүлэг бэлтгэн цацуулж, хэн нэгэн улстөрчийн эсрэг хэт харлуулсан дайралт хийж байгаа нь түүнд хамгийн том хасах оноо авчирч буй. Хамтарсан Засгийн газраа хөгийн “мояа” суртал ухуулга бус хөгжлийн мега төслүүдийн бүтээн байгуулалтаар сурталчилж чадвал ирэх гурван жил их юм хийх боломжтой.
Хамгийн хүнд хэцүү үед ажилласан Ерөнхий сайд гэж түүнийг тодорхойлсон нь бий. Гэхдээ байсгээд л УИХ-ын индэр дээрээс “амаргүй”-н зовлон тоочдог, эсвэл шүүх засаглал руу сав л хийвэл хуцаж, дайрч байдаг нь түүнийг муухай харагдуулдаг.
Энэ мэтээр тоочих юм бол Л.Оюун-Эрдэнэд сайн, муу чанар, зөв, буруу алхам, алдсан, оносон ажил аль аль нь бий. Ёстой л нөгөө зебра буюу судалт тахийг хар дээр цагаан, эсвэл цагаан дээр хар судалтай гэдгийг шинжлэх ухаан өнөө хүртэл тогтоож чадаагүй гэдэг шиг түүний сайн нь илүү юу, муу нь их үү гэдгийг одоо тодорхойлоход эрт байна.
Г.Ууганбаатар
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS