Хил дамнасан төмөр замын холболт: “Хараал идсэн” Таван Толгой ба бүлэглэл хоорондын зодоон

Хил дамнасан төмөр замын холболт: “Хараал идсэн” Таван Толгой ба бүлэглэл хоорондын зодоон

Засгийн захиалж бичүүлсэн нийтлэлд Тавантолгойг хараал идсэн хэмээн тодорхойлсон байна билээ. Харин бид энэ үгийг хашилтад авав. Угтаа бол уул уурхайгаас өөр эдийн засаггүй шахуу манайх шиг улс орны тухайд хөгжил дэвшил, төсөв мөнгөний гол хөшүүрэг болж буй таван толгойгоо хараал идсэн гэж харааж болохгүй юм. Гэхдээ нөгөө талдаа чухам энэ таван толгой түүний дор орших нүүрс л одоогоор манайд байгаа үндсэн баялаг учир хараал идмэр болтол нь томчууд зодолдож буй нь үнэн. Тиймээс манай редакци Тавантолгойн бүлэг орд гэж юу юм, үүх түүх, эхлэл цэг нь хаанаас эхлээд өдгөө хамгийн том зодооны бай болчихож байгаа талаар задалж бичих гэж оролдлоо.

Тавантолгойн бүлэг орд газартай холбоотой асуудал 20 гаруй жилийн өмнөөс улс төрийн болон бизнесийн хүрээний анхаарлын төвд орж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл Тавантолгойтой холбоотой асуудал сөхөгдөх бүрд тал талын эрх ашгийг хамгаалсан хар пиар, бүлэглэл хоорондын зодоон эрчээ авдаг болсон гэсэн үг. Тийм ч учраас жирийн иргэдийн тухайд энэ асуудал үргэлж эргэлзээ дагуулж иржээ.

Тавантолгойн бүлэг ордын хайгуул судалгаа

Тавантолгой нүүрсний орд нь Өмнөговийн аймгийн нутаг дэвсгэрт Монгол-Хятадын хилээс 250 км-ийн зайд байрлах стратегийн ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний чулуун нүүрсний орд бөгөөд Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрдэнэ. Хэсэг тус бүрт харилцан адилгүй хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэсэн бөгөөд өнөөдрийн байгаа мэдээллээр бол Цанхи, Ухаахудагийн талбайд нарийвчилсан хайгуул, Бортээг, Оорцогийн талбайд нарийвчилсан болон урьдчилсан хайгуул, Ончхараат, Бортолгойн талбайд эрэл үнэлгээний ажил гүйцэтгээд байгаа аж.

2020 онд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 8 талбайд хамаарах нүүрсний нөөцийн хөндлөнгийн үнэлгээг АНУ-ын “Стантек” компани хийж ордын нүүрсний нийт нөөцийг 7.075 тэрбум тонн сайн чанарын коксжих болон эрчим хүчний нөөцтэй болохыг тогтоосон байдаг.  

Тавантолгойн бүлэг ордын түүх

Түүх сөхвөл Тавантолгойн орд газрын талаарх анхны бичмэл баримт 1900 онтой хамааралтай байдаг. Энэхүү баримтыг Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга Г.Чагдаржав захидал хэлбэрээр үлдээсэн байдаг.

1966 он: Харин сүүлд 1936 онд орон нутгийн хяналтад шилжиж улмаар 1966 онд төрийн мэдэлд авсан байдаг. Тэр үеэс хойш ЗХУ-аас геологи хайгуулын баг 3 удаа ирж судалгаа шинжилгээ хийгээд “маш сайн чанарын коксжих нүүрс байж болох юм гэсэн” энэхүү хайгуул бүтэн 25 жилийн турш үргэлжилсэн байдаг.

1974-1975 он: Ингээд 1974-1975 оны хооронд Болгар улстай хамтран хийсэн судалгаа шинжилгээний дүнд олон улсад танилцуулах боломжтой болсон байна.

1992 он хүртэл 10 орчим улсад санал болгосон ч амжилт олоогүй байна.

1978-1990 он: Тиймээс 1978-1990 оны хооронд Геологи хайгуулын 3-р анги Таван толгойн бүлэг ордыг ашиглалтад бэлдсэн нь амжилттай болжээ.

1997 он: Улмаар 1997 онд орд газрыг ашиглах олон улсын тендер зарлаж Англи, Америк, Канад, Австралийн компаниуд санал ирүүлж, Америк-Канадын “Норвест” компани шалгарч нарийвчилсан судалгаа хийж, “жорк” стандартаар 7.4 тэрбум тонн геологийн нөөцтэй болох нь тогтоогджээ. Гэвч олборлолт эхэлэхэд дэд бүтэц хангалтгүй, дэд бүтэцийг барьж байгуулахад 1.5 тэрбум ам доллар шаардлагатай гэсэн тооцоог гаргаж байсан байна.

1998 он: Үүний дараа 1998 онд анхны гадаад сонирхогч “BHB Billiton” компани Тавантолгойн лицензийг авч ажлаа эхлүүлсэн хэдий ч нэг жилийн дараа дэд бүтэц хөгжөөгүй, дэлхийд нүүрсний ханш унасан гэх шалтгаанаар лицензээ буцааж тушаагаад Монголыг орхисон байдаг. Энэ бол Тавантолгойн бүлэг орд газрын хайгуул анх эхлүүлсэн болон нөөц тогтоодсон, ашиглах гэж оролдсон анхны алхам юм.

Сү.Батболд ба Тавантолгойн бүлэг орд

Харин хэрхэн яаж яваад энэ бүлэг орд ганцхан хүн буюу Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд гэж хүний хувийн өмч болсон? Яагаад төрд лицензээ өгөх болсон, лицензийг буцаах үед ямар тохироо хийгдэж бүлэг орд газраас Ухаахудагийн орд буюу хамгийн сайн чанарын коксжих нүүрстэй хэсэг нь “Энержи ресурс” ХХК-ийн мэдэлд очсон нь зөөлрүүлж хэлбэл тун нууцлаг, хардах өнцгөөр бол нэлээн маапаантай энэ хэрээрээ үргэлж анхаарал татсаар ирсэн билээ.

Баримт сөхөж гаргалгаа гаргах гээд үзье. 1998 онд “BHB Billiton” компани Тавантолгойг орхиж гарсны дараа 2007 онд энэ асуудал гэнэт төр засгийн түвшинд сөхөгдөж гарч ирсэн байдаг. Тодруулбал, С.Баяр Ерөн­хий сайдаар томилогдсоны дараа  Тавантолгойн бүлэг орд газрыг 100 хувь  төрд хурааж авах шийдвэрийг гаргав. Энэ үед тус орд газ­рын 86 хувийг төр, 14 хувийг нь “Энержи ресурс” консерциум эзэмшиж бай­сан байдаг. Яг энэ үед “Энержи Ресурс” консер­циумын 15 хувийг УИХ-ын гишүүн Сү.Батболд­ эзэмшиж байсан бөгөөд Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар  2007 оны 12-р сард өгсөн ярилцлагадаа тэрээр:

Нөхцөл байдлыг хүмүүс ойлгох ёстой л доо. Нэгдү­гээрт, яагаад ийм асуудал гарах болов гэдгийг бодох хэрэгтэй. Хэрвээ Таван тол­гойн орд газрыг гадныхан эзэмшээд үйл ажиллагаа эрхэлж байсан бол өнөөдөр ямар нөхцөл байдал үүсэх байсан бол гэдгийг бодож үзэх ёстой. Үүнийг одоо хэлэхэд хэцүү л дээ. Мөн сүүлийн үед ард түмэн, эх орон гэж ярих дуртай, ард түмний нэр барь­сан эх орончийн дүр эсгэсэн хүмүүс олшрох болж. Тэд Тавантолойг “Энержи ре­сурс”-ээс хураан авах хэрэг­тэй хэмээн баахан шоудсан. Гэтэл муу хэлүүлээд байгаа тэр “Энержи ресурс” нь Та­ван­толгойн лицензийг өнөөд­рийг хүртэл хадгалсаар, гадныхны зууш болохоос хам­гаалсаар ирсэн байгаа юм. Тэгэхээр аль нь эх оронч байна вэ гэдгийг цаг хугацаа, нөхцөл байдал харуулаад өгч байгаа юм биш үү”  гэж ярьж байжээ.

Тавантолгойн ордын улс төрийн ашиг сонирхол

Тэгвэл “Энержи ресурс” консерциумын тухайн үеийн эзэмшигчид нь Сү.Батболдоос гадна “Эм Си Эс”, “Петровис”, “Моннис” зэрэг компаниуд бүрдүүлж байсан байна. Харин сүүлд буюу 2005 онд “Энержи Ресурс” ХХК болон өөрчлөн байгуулагдахдаа “М-Си-Эс” групп, “Петровис” ХХК, “Шунхлай” группын хөрөнгө оруулалттай болж “Моннис” групп хамтралаас гарчээ.

Энд бас нэг сонирхолтой нюанс байдаг нь төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” ХК Сү.Батболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд байгуулагдсан байдаг. Тодруулбал, 2010 онд Засгийн газрын 272-р тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулав. Нэг үгээр хэлбэл Тавантолгойн бүлэг ордын төр болон хувийн хэвшлийн хувь заяа бүхэлдээ Сү.Батболд гэдэг улс төрчтэй салшгүй холбоотой явсаар иржээ.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд Монголын улс төрд өрнөж буй үйл явдлууд хэний, ямар эрх ашгийг хөндөж байна вэ, Ерөнхий сайд буюу Засгийн зүгээс гаргаж тавиад буй бүлэглэл, бүлэглэлүүд гэдэг нь хэн, хэн бэ, тэдний чухам ямар эрх ашиг хөндөгдөж байна вэ гэдэг асуудал яах аргагүй анхаарал татаж байгаа юм.

Цаг хугацааны дараалал, логикоор хөөж үзвэл 2011 оны зун “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний анхны экспортоо хийсэн байдаг. Харамсалтай нь, 2012 оны сонгуулийн өмнөх үе таарч, улс төрчид иргэдэд бэлэн мөнгө тараах зорилгоор алдарт Чалкогийн гэрээ хийгдэж, гэрээний урьдчилгаанд авсан 350 сая ам.долларыг ард иргэдэд  “Эх орны хишиг”  нэрийн дор тараагаад дуусгасан юм. Ингээд “Чалкод төлөх их өр” эхэлсэн түүхтэй. Энэ бол одоо ч яригддаг гашуун туршлага. Энэхүү өрийг 2017 онд Монгол Улс бүрэн төлж барагдуулсан билээ.

Төмөр замын холболт ба бүлэглэл хоорондын зодоон

Маргааш үзэглэгдэх Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын гэрээ гэдэг нь үнэндээ Тавантолгойн бүлэг орд, нүүрс тээвэртэй шууд холбоотой гэрээ. Бүлэглэлүүдийн зодоон гэдэг нь эндээс эхтэй байж болно.

2008 оноос эхлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулах тухай  яригдаж эхэлсэн боловч энэ асуудал  улс төрийн эргэж буцсан олон шийдвэрээр ажил хэрэг болж чадалгүй 2020 онтой золгосон байдаг. Энэ хугацаанд  нийгэмд “төмөр замын өргөн нарийн цариг” гэх маргаан домог болтлоо яригдсан ч үнэн нарийн учрыг мэдэх, ойлгож тунгаах нэгэн цөөхөн болов уу. Тийм их толгой эргэсэн тархи угаалт явагддаг гэсэн үг. Энэ дунд “Энержи Ресурс”, концессын гэрээ, энэхүү гэрээ болоод царигийн талаарх шийдвэр гурван ч удаа эргэж буцаж, өөрчлөгдсөн гээд ярьвал жонхуурсан бантан. Эцэст нь 2022 онд нэг юм өргөн царигийн төмөр зам баригдаж дууссан боловч үндсэн зорилгоо биелүүлж чадахгүй мухар төмөр зам, овоолсон шороо болон төгссөн. Өнөөдөр тэрхүү мухар төмөр замыг урд хөршийн нарийн царигийн төмөр замтай холбохын тулд БНХАУ-ын зүгээс тавьсан “Чайна Энержи”-гийн тавьсан санал буюу гурвалсан гэрээг Монгол Улсын Засгийн газар маргааш үзэглэнэ. Гэрээний гол агуулга нь:

  • 1. Төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг хоёр улс хамтарч хийнэ. Үүнд манай талын бүтээн байгуулаллтай холбоотой зардал болох 979 тэрбум төгрөгийг Эрдэнэс Тавантолгой ХХК гаргах бөгөөд ТЭЗҮ, бүтээн байгуулалтыг Хятадын тал хийнэ.
  • 2. Нүүрсийг Хятадын тал буюу “Чайна Энержи” тогтвортой үнээр авна.  
  • 3. Уурхайн олборлолтыг нэмэгдүүлнэ буюу Таван толгойн бүлэг ордоос хоёрт нь буюу Ончхараат, Бортолгойн ордын олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Өөрөөр хэлбэл БНХАУ-ын Засгийн газар төмөр замын хил холболтоо хийе, гэхдээ нүүрсээ 16 жилийн турш гэрээний үнээр авна, 2 уурхайн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн нөхцөл тавьсан гэсэн үг. Үүнийг уг гэрээг эсэргүүцэгчид нь тайлбарлахдаа Монгол Улс хоёрын хоёр уурхайгаа Хятадуудад өгчихлөө, зарчихлаа гэдэг нь цаанаа ийм учиртай. Тиймээс хардаж болох өнцөг мөн л дөө. Гэхдээ ачир дээрээ энэ гэрээ манайд ашигтай байна уу, ашиггүй байна уу, үзэглэхээс өөр аргагүй гарцгүй байдалд манай улс, манай Засгийн газар орчихсон байгаа нь бас үнэн юм.

Тэгвэл одоо энэ гэрээ буюу төмөр замын хил холболт яагаад тийм чухал, чухам юугаараа бүлэглэлүүдийн эрх ашгийг хөндөөд байна вэ гэдгийг ойлгох гээд үзье.  

Нүүрс тээвэр дэх зодоон

Маш бүдүүн болхиор хэлэхэд нүүрс, тээвэр хоёр нэг зоосны хоёр тал. Өөрөөр хэлбэл нүүрс экспортын гол зардал хийгээд ашиг нь тээвэртэй шууд холбоотой байдаг бөгөөд “Энержи ресурс” буюу “Эм Си Эс”-ийн гол эрх ашиг чухамхүү төмөр зам, тээвэр дээр хөндөгдөж буй болов уу. Хэдийгээр “Энержи Ресурс” Тавантолгойн бүлэг ордоос хамгийн өндөр чанар бүхий коксжих нүүрсний орд Ухаахудагийг эзэмшдэг ч гэлээ олборлосон нүүрсээ авто тээврээр хил гаргана. Нөгөө талд Эрдэнэс Тавантолгой төмөр замаар нүүрсээ тээвэрлэнэ. Авто тээврээр нүүрс тээвэрлэх зардал төмөр замаар тээвэрлэх зардлыг дабльддаг буюу нэг км тутамд 1 тонн нүүрсийг төмөр замаар 7 төгрөгөөр тээвэрлэдэг бол автотээврийн ханш нь 14 төгрөг болдог гэсэн үг. Яг үүн дээр “Энержи Ресурс” алдагдал хүлээнэ. Чухам энэ нюансаар төмөр замын холболтын гэрээг “бойкотолж” байгаа болов уу. Хардах эрхийнхээ хүрээнд ингэж таамаглаж буй хэрэг.

Хэрвээ 2015 оны гэрээ үзэглэгдсэн бол, хэрвээ төмөр замыг нарийн царигаар барьсан бол, хэрвээ уг төмөр замын бүтээн байгуулалтыг “Энержи Ресурс” хийж гүйцэтгэсэн бол өнөөдөр нөхцөл байдал ямар байхыг хэлэхэд бэрх. Магадгүй Монгол Улсын Засгийн газар буюу Эрдэнэс Тавантолгойн нүүрс урагшаа төмөр замаар экспортод гарахын тулд “Энержи Ресурс”-т тээврийн хөлс төлөх байсан ч юм билүү. Алга болчихсон гэгдээд буй гэрээний нөхцөл, зүйл заалтын тухайд бидэнд олдохгүй учир ийм, тийм гэж хэлэхэд хэцүү ч маш илэрхий, тодорхой зүйл нь нүүрс тээвэрлэлтийн энэ нөхцөл юм.

Засгийн газрын илэрхийлээд буй байр сууринаас үзвэл энэхүү гэрээг бойкотолж буй нь бүлэглэл нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр, Сү.Батболд, С.Баярцогт “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргал буюу “Энержи Ресурс”, АПУ тэргүүтэй бүлэглэл хэмээн тов тодорхой илэрхийлсэн. Харин тэднийг өнөөдрийн парламентад төлөөлж буй гишүүд нь Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу тэргүүтэй улс төрчид юм байх.

Д.Энхтүвшингийн тухайд маш тодорхой. Эм Си Эс-ийн толгой хувьцаа эзэмшигчдийн нэг. Хэдийгээр, би Эм Си Эс-ээс хувьцаагаа аваад гарсан, тэгж ярьвал хувьцааныхаа асуудлаар шүүхдэж буй хэмээн мэдэгдэж байгаа боловч Д.Энхтүвшинг Эм Си Эс-ээс салгаж ойлгох ямар ч боломжгүй буюу “хувьцааны асуудал нь “тавилттай жүжиг” байж ч болно. Тэрээр 2025 оны төсвийн хэлэлцүүлгийг эсэргүүцэж улс төр дэх анхны шоугаа үзүүлсэн. Зүүн жигүүрээс түүнд хүч нэмсэн гишүүн нь Ж.Баярмаа байв.

Ж.Баярмаа гишүүний тухайд Эм Си Эс-т нарийн бичгээр ажиллаж байсан гэдэг нэг улбаа, АН-ын жагсаалтын 6-д С.Баярцогтын квотоор бичигдсэн гэдэг факт хоёр нь мөн л хардах хангалттай үндэслэл мөн.

Ч.Лодойсамбуу гишүүний тухайд энэ өдрүүдэд Засгийг бойкотолж буй. Үүнийг нь “Чайна Энержи”-гийн гэрээг эсэргүүцэж, бүлэглэл хүүгээ тавилаа хэмээн Засаг үзэж буй. Энэхүү хардлагаа нотлох гэж түүнийг Эм Си Эс-ийн эзэмшил, манай хотын хамгийн үнэтэй орон сууц “Велла Виста” хотхоны сарын 7 саяын түрээстэй орон сууцанд амьдарч буйг гаргаж тавьсан.

Ч.Лодойсамбууд зүүн жигүүрээс хүч өгөн босож ирсэн хүн нь мөн л Жудагийн Баярмаа гишүүн. Товчхондоо хардаж болох бүх нөхцөл нь байна гэсэн үг.   

Ямартай ч бүлэглэлүүдийн зодоон хаврын чуулганаар “Чайна Энержи”-гийн гэрээг УИХ-аар соёрхон батлах хүртэл үргэлжлэх болов уу. Гэхдээ бүлэглэлүүд тохироогоо хийж чадвал зодоон арай эрт дуусах ч магадлалтай.

М.Саян

Дээдсийн хүүхнүүдийн гоо сайхныг Desi-гийн Le beautique хауз клиник “баздаг”

5 цаг 13 мин

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээнээс хойш хийгдэх хил холболтын хоёр дахь төмөр зам Гашуунсухайт-Ганцмод болно

21 цаг 0 мин

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ЧЯНТАЙ УУЛЗЛАА

21 цаг 4 мин

"Шүүхийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн байна" гэж дүгнэлээ

22 цаг 47 мин

Монгол түмний биет бус соёлын өвийг сурталчлан таниулах “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 16-нд эхэлнэ

Өчигдөр 14 цаг 43 мин

Соёлынхноос соёл хүлээгээд хэрэггүй!

Өчигдөр 14 цаг 09 мин

УИХ Үндсэн хууль зөрчсөн үү?

Өчигдөр 12 цаг 52 мин

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчдыг тодрууллаа

Өчигдөр 12 цаг 34 мин

БОР ОЙМСНООС ДОР НАМУУДЫН ЖАГСААЛТ

Өчигдөр 12 цаг 22 мин

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна

Өчигдөр 11 цаг 27 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцид нэгдсэнээр худалдаа үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох боломжтой

Өчигдөр 11 цаг 25 мин

Өнөөдөр болох үйл явдал: 

Өчигдөр 09 цаг 21 мин

Хил дамнасан төмөр замын холболт: “Хараал идсэн” Таван Толгой ба бүлэглэл хоорондын зодоон

Уржигдар 18 цаг 33 мин

"Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийн оролцоо" уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Уржигдар 17 цаг 46 мин

“Google”-ийн хэрэглэгчдийн насыг тодорхойлоход хиймэл оюун ухаан ашиглана

Уржигдар 12 цаг 51 мин

“Мазаалай-2025” олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээний шилдэг бүтээлүүдийг үзүүлнэ

Уржигдар 12 цаг 00 мин

Эмэгтэй хүний үнэн

Уржигдар 11 цаг 21 мин

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Уржигдар 09 цаг 51 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Уржигдар 09 цаг 32 мин

Лу.Гантөмөр дарга намынхаа тэрслүү гишүүдийг “намнаж”, чих зөөлөн гишүүдээ хамгаална

2025-02-12

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийг 2 жил хорих ялаар шийтгэжээ

2025-02-11

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сарын 7 саяын түрээстэй “Bella Vista” хотхонд 2022 оноос хойш амьдарч байгаа гэв

2025-02-10

Хил дамнасан төмөр замын холболт: “Хараал идсэн” Таван Толгой ба бүлэглэл хоорондын зодоон

Уржигдар 18 цаг 33 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

Уржигдар 09 цаг 32 мин

Who is who? 126:1 Жудагийн Баярмаа “Дүлий цэрэг”

2025-02-12

Соёлынхноос соёл хүлээгээд хэрэггүй!

Өчигдөр 14 цаг 09 мин

"Голомт” банкны жинхэнэ боссууд

2025-02-11

Эмэгтэй хүний үнэн

Уржигдар 11 цаг 21 мин

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа өнчин хүүхдүүдийн нэр барьж “хутгасан бантан”

2025-02-10

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

2025-02-12

ЗӨВШӨӨРӨЛ ДАВСАН БҮРТГЭЛ ЖУРМУУД ЦУЦЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

2025-02-11

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

2025-02-10

БОР ОЙМСНООС ДОР НАМУУДЫН ЖАГСААЛТ

Өчигдөр 12 цаг 22 мин

ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ

2025-02-12

Лу.Гантөмөр дарга намынхаа тэрслүү гишүүдийг “намнаж”, чих зөөлөн гишүүдээ хамгаална

2025-02-12

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг бүрэн эрх дуусгавар болох УДШ-ийн шийдвэр гараад 60 хонолоо

2025-02-12

Рекламны мангас П.Бүрэнтөгс аварга хамгийн өндөр ханш тогтоох уу?

2025-02-11

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

2025-02-12

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ

2025-02-12

Халиа тошин үүссэн 46 байршилаас 2500 тонн мөсийг гаргасан байна

2025-02-12

Сурталчилгаа