Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
-Иргэдийн үлээсэн шүгэл эрх баригчдын чихэнд хүрдэг эсэхийг одоо л харъя!
Өнөөдөр "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" ТББ-аас CU-ийн зардлаар нийслэлийн бүх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нар, улсын байцаагчид БНСУ-руу 5 хоног амарч, зугаалсан талаар мэдээлэл хийсэн юм.
Засгийн газраас хоёр жилийн өмнө зарласан 5Ш ажиллагаа гэж сүртэй кампанит ажлын хүрээнд Нүүрсний, Хөгжлийн банкны гэх мэт том хэргүүдэд Ерөнхий сайд нь өөрөө шүгэл үлээж, олонд ил болголоо гэдэг пиар битүү явсан. Тэгвэл иргэдийн үлээсэн шүгэл эрх баригчдын чихэнд хэр хүрдэг вэ. Энэ талаар мэдээлэл алга. Нэг бол шүгэл үлээгээд ч сонсохгүй дүлий төр, засаг болсон уу?
Тэгвэл яг одоо иргэд маш чанга, тодоор шүгэл үлээлээ. Баримт, нотолгоотой, дүрс бичлэг, тодруулга ярилцлагатай нь шүгэл үлээжээ. Иргэдийн үлээсэн шүгэл хууль, хяналтын байгууллагынхны сонорт хүрч чадвал төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчил, авлига, албан тушаалын гэмт хэргийн ноцтой бөгөөд том жишээ болохоор аж. Шүгэлийн агуулга нь ийм:
-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон есөн дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, ахлах байцаагч нараас бүрдсэн 15 хүнтэй баг CU-ийн зардлаар БНСУ-д тав хоног аялж, амарчээ. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааг нь хянаж шалгах ёстой албаны дарга нар нь СU-гийн урилга, зардлаар CU-гийн захиралтай Солонгост 5 хоног аялаад ирсэн гэсэн үг.
Төрийн албан хаагчид хувийн байгууллага, компанийн зардлаар гадаадад аялж зугаална гэдэг ёс зүйн зөрчил төдийгүй авлигын гэмт хэрэг. Зардлаа даалгаж гадаадад гахай, тахианы мах идэж ирчихээд эргээд CU-гийнхэнд шударга шаардлага тавьж чадах уу?
Сүүлийн үед CU-гийн үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанартай холбоотой зөрчил, гомдол ч олон гарах болсон. Ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж чадаагүйгээс халдлагад удаа дараа өртсөн. Олон улсад танигдсан конвиниенс буюу ая тухтай дэлгүүрийн сүлжээ атлаа цэвэрлэгээ хийгддэггүй, иргэдэд үйлчлэх орчин нь бохир заваан, зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнс голцуу, Солонгосын CU-тэй харьцуулахад худалдаалж байгаа бүтээгдэхүүнүүд нь чанарын баталгаагүй, ихэвчлэн хятад бараа зардаг гэх мэт шүүмжлэлүүд ар араасаа хөвөрдөг.
Монголын хууль гурав хоног гэдэг шиг энэхүү сүлжээ дэлгүүр анх орж ирэхдээ яах аргагүй цоо шинэ, ая тухтай үйлчилгээг нэвтрүүлсэн. Харин яваандаа хэнэггүй монгол стандартдаа уусав уу гэлтэй, нэг тийм бохир заваан, хариуцлагагүй, назгай газар болж хувирсан. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг цагийн хязгааргүй архи, согтууруулах ундаа зардаг болсон нь архидалтыг хавтгайруулахад бодитой “хувь нэмэр” оруулж ч буй.
Энэ байдалдаа дүгнэлт хийж, засаж сайжруулахын оронд төрийн хяналтын байгууллага, мэргэжилтнүүдийг хахуульдан, гадаадад аялуулж амраан, өөрсдийн бизнесийн нэр хүндийг хамгаалах гэсэн юм биш биз гэдэг хардлага өөрийн эрхгүй төрж байгаа юм.
Хэрвээ хүнс, хөдөө аж ахуйн байцаагч, мэргэжилтэн, дарга нарыг Солонгост өөрсдийн зардлаар аялуулсан нь үнэн бол алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй монгол этикээр яаж ч байсан CU-гээ цээжээрээ хамгаална. Иргэд CU-гийн талаар ямар ч гомдол гаргаад нэмэргүй болно гэсэн үг.
"ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-ныхны өгсөн мэдээллээр CU-гийн зардлаар, CU-гийн захирал Нямбаярын хамт ажлын өдрүүдээр БНСУ-д аялсан төрийн албан хаагчидтай танилцъя:
ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчид энэ сарын 16 буюу өнгөрсөн Ням гарагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд очиж дээрх хүмүүсийг БНСУ-аас ирэхэд нь баримтжуулж авсан байна. Тэд энэ асуудлаар тодруулга, тайлбар авахаар Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон бусад холбогдох албан тушаалтнуудтай уулзахад манай хотын удирдлагууд дээрх 15 төрийн албан хаагчийг БНСУ-д аялж зугаалахаар явсныг мэдээгүй гэдэг тайлбарыг өгчээ.
Төрийн нэрийн өмнөөс хүнс, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих ёстой албан хаагчдын дээрх үйлдэл Авлигын эсрэг хуулийн 7-р зүйлийн дараах заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Уг хуульд,
7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;
7.1.5.албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах;
7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;
7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглосон байдаг.
Жич: CU, GS25 зэрэг конвиниенс дэлгүүрүүд Монголд худалдаа, үйлчилгээний шинэ стандарт, чиг хандлага, соёл оруулж ирсэн нь сайшаалтай. Гэвч жил ирэх тусам үйлчилгээний чанар, стандарт нь алдагдаж байгаа нь бодит үнэн. Тэгсэн атлаа зах зээлд монопольчлон ноёрхох гэсэн хандлагатай, үүнийгээ хэрэгжүүлэхдээ чөлөөт өрсөлдөөнөөр биш төрийн алба, төрийн албан хаагчдыг худалдан авч, өөрсдийн эрх ашигт үйлчлүүлэх, авлигадах замаар хамгаалалт, бамбай болгохыг оролдож байгаа бол эмгэнэлтэй.
Монголын конвиниенс дэлгүүрүүдийн цаадах толгой компаниуд нь улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдтэй холбоотой, уул уурхай болон шатахууны салбарт зонхилдог монополь, олигополь компани, группүүд байдгийг ч мартаж болохгүй. Тэд ууц, өвчүү чанахаас эхлээд ТҮЦ, контейнер, нийтийн бие засах газар гээд тамхи ширхэглэн зарахаас бусад бүх бизнес рүү дайран орж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг зах зээлээс шахан гаргадаг өлөн ховдог зантай. Тийм ч учраас олон улсад түгэн дэлгэрсэн конвиниенс дэлгүүрийг гудамжны ТҮЦ-нээс долоон дор болгож чадсан бодит үнэнийг бид өнөөдөр үзэв.
Г.Ууганбаатар
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS