Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Урин дулаан цаг хаяанд ирсэн энэ жилийн зун дэлхий дахинаа зогсохгүй Монгол улсад олон чухал үйл явдал тохиож байна. Тухайлбал 126 гишүүнтэй болох УИХ-ын сонгуулийн санал өгөх өдөр зургаадугаар сарын 28-нд болох юм. Үүнийг тохиолдуулан сонгуулийн сурталчилгаа эхлээд 9 хоног өнгөрч байна. Дэлхий дахинд ч мөн адил олон улс орны сонгууль болж буй. Тэгвэл үүний хажуугаар хөл бөмбөгийн хорхойтнуудын шимтэн үздэг, Евро-2024 энэ сарын 14-нд эхэлсэн. Ийнхүү олон үйл явдал, уйдах завгүй өнгөрүүлэх зун ямар, ямар үйл явдал болж буйг хүргэе.
Европ тивийн эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Герман улсын Мюнхен хотноо болж буй тус тэмцээн долоодугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ. Нийт 24 орны шигшээ баг өрсөлдөж буй уг тэмцээний нээлт зохион байгуулагч Германы шигшээ баг болон Шотланд улсын шигшээ багуудын тоглолтоор эхэлсэн бол финалын тоглолт долоодугаар сарын 14-ний өдөр Берлин хотын Olympiastadion цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Сонирхуулахад хөлмбөмбөгийн дэлхийн од, алдарт Криштиано Роналдогийн тоглож буй Португал шигшээ баг Евро-2024 тэмцээний анхны тоглолтоо Чехийн эсрэг тоглож, 2:1-ээр ялалт байгуулав. Тэрбээр Роналдо энэ тэмцээнд гоол оруулбал 2004 оны Европын АШТ-ээс хойших бүх Еврод гоол оруулсан анхны тоглогч болох аж.
Өнгөрсөн 2023 оны тавдугаар сарын 1-нд шинэчлэн баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Их Хурлын гишүүнийг 126 байхаар тогтоосон. Тиймдээ ч энэ удаад 21 аймаг, 9 дүүргийг томосгосон тойрог болгож, УИХ-ын 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. Тэгвэл нэг тойргийг 2-10 гишүүн төлөөлөн парламентад суух энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа эхлээд 9 хонож байна. Харин сонгуулийн санал авах өдөр 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр 07:00-22:00 цагийн хооронд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдах юм. Энэ удаагийн сонгуульд 19 нам болон эвслээс 1,970 нэр дэвшигч өрсөлдөж буй.
Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг Зуны олимпын наадам энэ удаад Франц улсын Парис хотноо зохион байгуулагдах юм. Энэ жилийн олимпын наадам 2024 оны долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд зохион байгуулагдахаар болжээ. Нийт 16 хоногийн турш үргэлжлэх "Парис-2024" зуны олимпын наадмаар дэлхийн шилдэг 10 мянга гаруй тамирчин 32 спортын төрөлд өрсөлдөнө. Харин манай улсын хувьд буудлага, байт харваа, бокс, дугуйн спорт, чөлөөт бөх, марафон, жүдо зэрэг төрлүүдэд өрсөлдөх эрхээ аваад байгаа юм.
Сонирхуулахад олимпыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй Францчууд олимпын нээлтийн түүхэнд анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус Парис хотын дундуур урсах Сена мөрөн дээр зохион байгуулах юм. Тухайлбал Олимпод оролцох 200 орчим орны төлөөллүүд тус бүр өөрсдийн завиар Сена мөрөн дээгүүр нийт зургаан километрийн турш явж үзэгчидтэй мэндлэх аж.
33 дахь удаагийн Зуны олимпын наадам дууссанаас 17 хоногийн дараа буюу наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд Парис-2024 паралимпын наадам эхэлнэ. Энэхүү наадамд дэлхийн өнцөг булан бүрээс 4,000 гаруй тамирчин 549 медалийн төлөө хурд, хүчээ сорих юм. Пара спортын тамирчид ширээний теннис, гар бөмбөг, усан сэлэлт, жүдо зэрэг ганцаарчилсан болон багийн спортын 22 төрлөөр 12 өдрийн турш өрсөлдөх бөгөөд энэ жилийн паралимпын наадмыг Монгол улсад анх удаа шууд дамжуулах болсноороо онцлог болж байна.
Орон нутгийн сонгууль
Их хурал гээд сүржин, нүсэр болдог парламентын сонгуулийн дараа орон нутгийн сонгууль болдог жамтай. Мөн л дөрвөн жилд нэг удаа болдог уг сонгууль УИХ-ын сонгуулийн тоосонд дарагдаж, иргэд төдийлөн анхаарлаа хандуулдаггүй байх нь бий. Гэвч ард түмний амьдралд хамгийн ойр, амьдрах орчин нөхцлийг таатай болгоход нөлөөлөхүйц хүмүүсийг сонгох тоолгүй өнгөрч болохгүй сонгууль. УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы /2024.03.15/ нэгдсэн хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлсэн. Ингэхдээ аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар болсон юм.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS