Томуугаар өвдсөн хүүхэд 100 мянган төгрөгийн эмчилгээг үнэгүй хийлгэнэ
Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдүүд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө эмчийн заалтаар өдрийн эмчилгээ хийлгэж, шаардлагатай тусламж, үйлчилгээгээ эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй авах боломжтой.
Эрүүл мэндийн яамнаас томуугийн улирлын бэлэн байдлыг хангах чиглэл ирүүлсний дагуу 2026 оны аравдугаар сарын 1-нээс өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэн ажиллаж байна
Тодруулбал, нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцын санхүүжилт 100 мянган төгрөг бөгөөд зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцна. Уг багцад эмчийн үзлэг, хяналт, шаардлагатай оношилгоо, эмчийн заалтын дагуу хийх эмийн болон физик эмчилгээ, утлага эмчилгээ зэрэг тусламж, үйлчилгээ багтах аж.
Ингэснээр эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн эмчилгээнд шаардлагатай эмийг өөрсдийн мөнгөөр худалдан авахгүйгээр, тухайн эрүүл мэндийн байгууллагад даатгалын санхүүжилтээр эмчлүүлэх боломж бүрдэж байгааг онцоллоо.
Өдрийн эмчилгээ шаардлагатай эсэхийг эмч үзлэгийн үндсэн дээр шийдвэрлэх бөгөөд хүүхэд харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө эмчийн хяналтад эмчлүүлнэ. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхэд нь халуурах, ханиалгах зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчийн үзлэг, зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.