Хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын хороог авбал хотын улс төрд юу өөрчлөгдөх вэ?
МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох СДМЗХ-ны Ерөнхийлөгч бөгөөд Хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын хорооны дарга болохоор албан ёсоор нэрээ дэвшүүлж буйгаа мэдэгдээд буй. 2026 оны 11 дүгээр сарын 7-нд товлогдсон Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар тэрээр сонгогдвол хотын гүйцэтгэх засаглал Улаанбаатар хотын Захирагч болон намын улс төрийн эрх мэдэл Нийслэлийн МАН-ын нэг хүний гарт бүрэн төвлөрөх үр дагавартай.
Энэхүү улс төрийн томоохон шилжилт нь МАН болон нийслэлийн удирдлагын түвшинд дараах 4 гол өөрчлөлтийг авчрах хүлээлт үүсгэлээ.
1. Хотын "давхар засаглал" эцэс болно
МАН-ын үндсэн дүрмийн дагуу тухайн шатны Засаг дарга нь орон нутгийнхаа намын хорооны дарга байх нь зохимжтой гэсэн уламжлалт зарчим үйлчилдэг. Өдгөө Нийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагва ажиллаж байгаа ч, намын хороог Хотын дарга асан Х.Нямбаатар толгойлж буй нь хотын захиргаа, намын бүтэц хоёр өөр удирдлагатай байх нөхцөлийг үүсгээд байгаа.
Б.Пүрэвдагва ч 10 дугаар сарын 23-нд өгсөн мэдээлэлдээ "МАН-ын дүрмээр Засаг дарга тухайн аймаг, нийслэл, дүүргийн намын дарга болох нь зөв гэсэн зарчимтай. Иймд миний бие Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшинэ" гэж мэдэгдсэн. Тэрээр энэ суудлыг авснаар хотын тулгуур хоёр бүтэц нэг удирдлагад зангидагдана.
2. Ерөнхий сайд Н.Учралын байр суурь нийслэлд батжина
Улс төрийн хүрээнд Хотын дарга Б.Пүрэвдагвыг Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Н.Учралын итгэлт хүн, багийн гишүүн гэж үздэг. Н.Учрал 2024 онд СДМЗХ-ны тамгыг Б.Пүрэвдагвад шилжүүлж байсан бол энэ удаад нийслэлийн намын хороог өөрийн багийн хүнд шилжүүлснээр намын даргын баг Улаанбаатар хотын МАН-ыг бүрэн хяналтдаа авах гол алхам болох юм.
3. Х.Нямбаатарын фракцын нөлөө суларч, дүүргүүдэд халаа сэлгээ эхэлнэ
Х.Нямбаатар суудлаа шилжүүлж өгснөөр нийслэлийн МАН доторх түүний фракцын нөлөө, шийдвэр гаргах түвшний эрх мэдэл мэдэгдэхүйц сулрах үр дагавартай. Үүний эхлэл болгож Б.Пүрэвдагва намын хорооны хурлаар хоёр дүүргийн Засаг даргыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхээ аль хэдийнэ мэдэгдээд буй нь хотод кадрын томоохон өөрчлөлт хийх гэж байгаагийн илрэл. Одоогийн дарга Х.Нямбаатарын хувьд гадаадад байгаа бөгөөд хуралд цахимаар оролцох боломжтойг Б.Пүрэвдагва онцолсон байна.
4. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл базаагдана
Нийслэлийн МАН-ын хороо бол сонгуулийн үр дүнд хамгийн хүчтэй нөлөөлдөг хамгийн том салбар хороо билээ. Б.Пүрэвдагва залуучуудын жигүүрийг толгойлохын зэрэгцээ Нийслэлийн МАН-ыг гартаа авснаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын удирдлагын баг нийслэлийн залуучууд болон анхан шатны үүрүүдийг нэг удирдлагаар зангидаж, сонгуулийн гол плацдармаа бэлдэх боломжтой болно.
Б.Пүрэвдагва уламжлалын дагуу СДМЗХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа өгөх үү?
МАН-ын улс төрийн уламжлал, жишгийн дагуу Б.Пүрэвдагва Нийслэлийн MАН-ын хорооны даргаар сонгогдвол СДМЗХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа өгөх нь тодорхой. Хотын захиргаа болон намын хороо гэсэн хоёр “аварга” бүтцийг удирдах хүнд залуучуудын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг авч явах цаг хугацаа, боломж хомс болно.
Өмнөх Ерөнхийлөгч нарын жишгээр Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Н.Учрал нар өөр өндөр албан тушаалд очихдоо тамгаа шилжүүлдэг байсан. Энэ нь уламжлалаар Б.Пүрэвдагва СДМЗХ-ны Ерөнхийлөгчийн суудлаа дараагийн залуу боловсон хүчинд сунгаагаар шилжүүлэх хүлээлт үүсэж байна. Товчхондоо, тэрээр Хотын даргын ажлаа өгөхгүй, харин СДМЗХ-ны ажлаа өгч, илүү том эрх мэдэл төвлөрсөн карьер руу шилжих улс төрийн логик үйлчилж байна.
Харин СДМЗХ-ны холбооны дараагийн Ерөнхийлөгч хэн болох вэ?
Б.Ундрал
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.