Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Энэ удаагийн сонгуулийн шинэ содон зүйл гэвэл бүсчилсэн тойргоор өрсөлдөж, 126 нэр дэвшигч ялалт байгуулна. Өөр шинэ зүйл юу байхав. Өнөөх л нэгнээ харлуулах, мөнгө тараах, гүтгэх, луйвардах уламжлалт аргууд нь хэвээрээ явж таарна. Говийн бүсэд гуравдагч улс төрийн хүчнээс төдийлөн цухуйж гарах боломж хомс ч санал хуваах нөхцөл нэгэнт бүрдсэн нь сонгуулийн тааврыг эвдэнэ. Магадгүй долоон мандатын нэгийг ч болтугай шүүрэх нөхцөл хуулиар бүрдсэн, бусад үйл явцаас ч бүрэн боломжтой харагдана. Гагцхүү боломжоо зөв харж чадах эсэхээс л хамаарч таарна. Энэ удаад Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь гэсэн дөрвөн аймгийг нэтгэн, долоодугаар тойрог болгож, нийт долоон мандатын төлөө өрсөлдөнө. Тэгэхээр говийн бүсийн аймгуудад хэн, хэн нэр дэвших тухай эх сурвалжийн болон бусад мэдээллийн мөрөөр мөшгөөд үзье.
МАН 4-5 СУУДАЛ АВАХ БОЛОВ УУ
Томсгосон тойрогт популистууд болон хөрөнгөтнүүд гялалзаж таарна. Яагаад гэхээр сонгуулийн бичигдээгүй хууль хэвээрээ үйлчлэх учраас тэр. Тиймээс энэ тойрогт МАН-аас Б.Дэлгэрсайхан, Сү.Батболд, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын УИХ-ын гишүүд мандатаа хадгалж өрсөлдөх нь тодорхой болж, хэлхээтэй юм шиг говийн аймгуудаар явж байна. Эдгээр хуучин дүрүүд дээр МАН-аас Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, МАН-ын Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, Ерөнхий аудитор асан Д.Занданбат, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал асан С.Наранцогт, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь нар шинээр горилж байгаа мэдээлэл бий. Эдгээр шинэ дүрүүдээс Ө.Золбаяр Ерөнхийлөгчийн квотоор найдвартай орж ирнэ. Мөн Засаг дарга Г.Батсуурь, Ерөнхий аудитор Д.Занданбат хоёрын аль нэг нь магадлалтай. Түүнээс Ц.Чулуунзагд, С.Наранцогт хоёрын хувьд хоосон горьдлого байх. МАН-аас долоон мандатын хэдийг нь авч чадах вэ гэдэг асуудал бий. Нэгдүгээрт, намын нэр хүнд ихээхэн нөлөөлнө. Хоёрдугаарт, гол өрсөлдөгч АН болон бусад намаас хэн гэдэг ямар шаанстай нэр дэвшигчид байхаас ихээхэн шалтгаална. Гуравдугаарт, бүсчилсэн тойрогт хувь нэр дэвшигчийн эрэмбэ, зангараг, хөрөнгө нөлөөлнө. Тэгвэл МАН-аас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-оос нэгээхэн ч зүйл айл өрхийн үүдээр шагайгаагүй. Үүнээс гадна 2020 онд дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөр ч юу билээ. Эдийн засаг өссөн, хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэх том, том статистик гаргаж байгаа ч айл өрхийн үүдээр хараахан ороогүй байна. Иргэдийн бодит амьдралд нөлөөлөөгүй гэх мэтээр нэр нь тийм ч сайнгүй байгаа. Гэхдээ л энэ бол улс төрийн ууган хүчин МАН гэдгийг мартаж болохгүй. “Могой гурав тасарсан ч гүрвэлээс урт” гэдэг дээ. Яаж ч уруудсан ИЗНН болон бусад гуравдагчдаас илүү л байж таарна.
“МУУ НЭРТЭЙ ЛУУ ДАНСТАЙ” Ч СҮ.БАТБОЛД, Б.ДЭЛГЭРСАЙХАН НАР ЯЛАЛТ БАЙГУУЛНА
Ийм үед үндэсний хэмжээний хоёр том хөрөнгөтөн болох Б.Дэлгэрсайхан, Сү.Батболд хоёр бол ямар нэг аргаар ороод ирнэ. Хэдийгээр муу нэртэй ч бүсчилсэн тойрогт тэднийг хүмүүс танихаас гадна мөнгөөр “зодсон” ч чадна. Эрхэм хоёрт сайн нь ч бий, муу нь ч бий байх. Сайн муу нэрнийхээ дундуур нь дайраад орж ирнэ. Хөрөнгө мөнгө ихээхэн дагадаг ялалт гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд ч жалгын мухар бүрд МАН-ын дэмжигчид байгаа. Говийн бүсийг өмчлөхөөр зэхэж байгаа том хөрөнгөтнүүд олон тэрбум төгрөг тараах тухай мэдээлэл гуу жалга бүхнээр нисэж явааг үгүйсгэх аргагүй. Улс төрийн хүрээнд Сү.Батболдыг жагсаалтад орохоор зэхэж байгаа гэх ч үгүй л болов уу. Л.Оюун-Эрдэнэ нарын зүгээс мандат өгвөл их юм болно.
Г.МӨНХЦЭЦЭГ ИЛҮҮРХЭЖ, Б.САРАНЧИМЭГ ҮЛДЭНЭ
Монголын хоёр том хөрөнгөтөнтэй 2016, 2020 онд хамт нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон Г.Мөнхцэцэг орж ирэх өндөр магадлалтай. Тэрбээр МАН-ын нэр нүүр сайнгүй, авлигач, хулгайчаараа дуудуулж байгаа энэ үед яруу найргаа яриад явсан ч эерэг тусна. Сайн мэдэж байгаагаар говийн хүмүүс яруу найрагт чамгүй дуртай, зохиолч, яруу найрагчиддаа хүндэтгэлтэй ханддаг. Тэгээд ч Г.Мөнхцэцэг нүүрсний хулгай, Хөгжлийн банк, ЖДҮ гэх мэт хулгай луйвартай холбогдоогүй нэр цэвэр улстөрч гэхэд болно. Нөгөө талаар Боловсролын багц хуулийг шинэчлэхэд тэр Боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргын хувьд өндөр оролцоотой ажиллаж байв. Мөн нэг давуу тал байгаа. Өнгөрөгч 2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгаас нэр дэвшиж ялалт байгуулсан бол 2020 онд Говьсүмбэр, Дундговь аймгаас ялалт байгуулсан. Тэгэхээр тэр говийн гурван аймагт ялалт байгуулсан танил улстөрч гэж болно. Хөрөнгөтнүүдээсээ ч давуу талтай. Харин Баянзүрх дүүргээс УИХ-д ажиллаж байсан Б.Саранчимэгийн хувьд ихээхэн эргэлзээтэй. Хэдийгээр төрсөн нутаг нь Дундговь ч гэлээ тойрог солиод ирж байгаа шинэ дүр. “Ураг ядрахаар төрлөө” гэдэг болж байгаа нэр дэвшигч. Нөгөө талаас түүний төрсөн дүү Б.Наранхүү нь өрсөлдөгч АН-аас нэр дэвшиж магадгүй учраас харшилдаж мэдэх юм. Тойрог томрохоос өмнө явуулсан судалгаагаар Дундговь аймгийн хэмжээнд бүдэрсэн сураг ч бий.
Т.ЭНХТҮВШИН АМИА ХИЙЧИХ БАЙХ
Өдгөө Үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хэл амгүй дөрвөн жил ажиллалаа. Урьд өмнө Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа ч нэр цэвэр ажиллаж, удирдсан аймаг нь Монгол Улсын шилдэг аймгаар удаа дараа шалгарч байсан гээд бусдаас ялгарах давуу талтай. Энэ үедээ говийн бүсийн аймгууд, тэр тусмаа Өмнөговь аймагтай хамтын ажиллагаа өрнүүлж байсан байх. Энэ нөхцөл байдал нь түүнийг УИХ-д дахин суулгаж болох юм. Лавтай Дорноговийн хэмжээнд түүнийг Б.Дэлгэрсайханаас салгаж ойлгохгүй. Мөн нэг зүйл байгаа нь дорноговьчууд МАН-ыг багаар нь дэмжих байх.
МАН-ЫН ШИНЭ ДЭВШИГЧИД ГОРЬДОХЫН ХЭРЭГГҮЙ
Шинэ горилогчдоос магадлал бүхий нөхөр бол Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь. Түүний хувьд тус аймгийн Засаг даргаар хоёр дахь удаагаа ажиллаж байгаа. Дорноговьд ажиллаж амьдарч байсан гээд бусад нэр дэвшигчээс давуу талтай. Чухам мандат авч чадах эсэх нь юу бол. Ямартай ч тэр Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажилласан. Ийнхүү дэд сайдын суудлаас буусан ч эргээд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаагийн цаана мандат горилж, хоног тоолон суугаа л хүний ажил шүү дээ. Өөрөө ч “Нэр дэвших санаатай буцаад аймгийнхаа Засаг даргаар ирсэн” хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Таамаглаж байгаагаар говийн бүсэд МАН-аас дөрвөн мандатаа баттай авчих байх. Түүнээс бус С.Наранцогт, Д.Занданбат, Ө.Золбаяр нарын горилогчдын хэн нь ч өрсөлдсөн ялалт байгуулж чадахгүй л болов уу. Олонхийн таамаглаж байгаагаар бол МАН таван мандат авна гэжээ.
АН 2-3 СУУДАЛ АВАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
АН-аас уг нь говийн бүсийн багийг тэргүүлж орох ганц том дүр нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ байв. Даанч түүний нэр дэвших эрх нь хаалттай, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлээд байгаа. Тэгэхээр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн нар тэргүүлэн, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, Б.Наранхүү, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга асан Г.Ганбаатар, Цахим харилцаа холбооны дарга асан Ц.Жадамбаа, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Ө.Шижир, “НЭТ капитал”-ын эзэн, “алдарт” Д.Сүндийгийн төрсөн ах Д.Алтангэрэл, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх нарыг нэр дэвшүүлэх мэдээллийг өгч байна. Мэдээж хэрэг АН-ын дотоод зодоон одоо хүртэл үргэлжилсээр. Энэ нь сонгуулиар ч нэр дэвшигчид дундаа зодолдож хувийн тоглолт хийнэ гэдгийг харуулсан хэрэг. Тухайлбал, Г.Ганбаатараас эхлээд зарим газарт хувийн тоглолт хийхгүй бол болохгүй зүйл ажиглагдана. Учир нь Х.Баттулга нийт нэр дэвшигчдийн ихэнх хувьд хүмүүсээ оруулахаар зүтгүүлж байгаа. АН-ын дарга Л.Гантөмөр, С.Эрдэнийн гээд тэд мандатын төлөө нэгэнт зодолдоод эхэлчихсэн. АН-ын хувьд энэ тал дээр сонгогчдоос тааруу үнэлгээ авах ч эргэж буцахгүй дэмжигчидтэй нам. АН-ыг ерөнхийдөө байр сууриа өгөхгүй, залуусаа дэмждэггүй хэдэн өвгөд нь нэгэнт булшилж магадгүй эгзэгтэй цаг үед үйл ажиллагаа явуулж байгааг санах хэрэгтэй.
Р.СЭДДОРЖИД “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНЭ АХААС НЬ ЭХЛЭЭД ДЭМЖЛЭГ МУНДАХГҮЙ
Р.Сэддоржийн хувьд Өмнөговьдоо лав тэргүүлж таарна. Өмнөговь аймгийн МАН-ын үүрийн харлуулах ажиллагаанд өртөөд байдгаас биш аймагтаа нэр хүндээр муугүй бололтой юм. Говийн бүсэд хамгийн олон сонгогчидтой Өмнөговьд саналаар илүүрхэж гэмээнэ ялах үндэслэл бий болно. Бусад гурван аймгаас бага багаар зулгаахад боломж байна. Түүнд хөрөнгө мөнгөөр дутах юмгүй. МАН-ын хөрөнгөтнүүдэд мөнгөөр зодуулахгүй. Яагаад гэхээр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ах нь ар талд нь байгаа. Мөнхүү “Жижиг” хэмээх орон нутгийн Тавантолгойн хувьцааны үнэ өндөр хувиар өссөн зэрэг үзүүлэлт нь засаг ноёныг УИХ-д суулгаж болох юм. Тавантолгойн хувьцаа сонгуулийн өмнө огцом өснө гэдэг зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш байх. Р.Сэддоржийг дагаж өрсөлдөх Өмнөговийн уугуул Б.Энхмөнх аль эрт сонгуулиа эхэлчихсэн. Б.Дэлгэрсайханыг Өмнөговь аймагт ажиллах үеэр томоохон сенсаци дэгдээж харагдсан. Яахав, Өмнөговь аймгийн МАН-ын нэр нүүр тааруу, ажиллагаа муу явж байгаа нь бас л сайн тал болно.
Р.ЭРДЭНБҮРЭНГИЙН ТАКТИК Л МЭДНЭ
Дундговийн харъяат Р.Эрдэнэбүрэнгийн хувьд ч хувиа хүнд өгчихгүй. Ширүүн өрсөлдөгчдийн нэг байх болно. Түүний хувьд эртнээс аймаг орон нутагтаа ажиллаж Гурвансайхан сумыг орчин цагийн жишиг сум болгон хөгжүүлсэн нь Дундговь төдийгүй говийн бүсэд яригддаг. Өнгөрөгч сонгуулиар нэр дэвшихэд нь дэнчингийн мөнгөнд нь иргэд хандив тусламж өргөж байснаас харвал чамгүй дэмжигчтэй нэгэн. Гэхдээ АН-аас хамтрагчид нь адил түвшний рейтингтэй, МАН-аас ихээхэн хөрөнгөтнүүдтэй нүүр тулж байгаа учраас түүний тактик л мэдэх хэрэг. Түүний нөхцөл байдлыг харахад наймд жагсаад хоншоороо таслуулж мэдэхээр байна.
Г.ГАНБААТАРТ БОЛОМЖ БАЙГАА Ч Б.ДЭЛГЭРСАЙХАН, Т.ЭНХТҮВШИН, Г.МӨНХЦЭЦЭГ ГЭЭД НУТАГ НЭГТНҮҮДТЭЙ ГОЛ ТАЛБАЙД ӨРСӨЛДӨНӨ
Дорноговийн харъяат Г.Ганбаатарын хувьд боломжтой. Гэхдээ Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг гээд нутаг нэгтнүүдтэй саналынхаа гол талбайд өрсөлдөнө гэхээр Дорноговиос санал цуглуулна гэдэг амаргүй болно. Уг нь тэр аймгийн ИТХ-ын даргаар найман жил ажиллахдаа нэр нүүрээ шалан дээр дэвсүүлж орхиогүй. Орон нутгийн хэмжээнд АН-ыг унахад орхиод бизнесийн салбар руу орсон хүн. Үүнээс гадна Говьсүмбэр аймагт ерөнхий боловсролын сургуулиа төгссөн гээд хоёр аймагт танил талтай нэр дэвшигч юм. АН-аас хамгийн ширүүн өрсөлдөгч бол дээрх гурван нөхөр байх нь дамжиггүй. Тэгэхээр Г.Ганбаатарын хувьд хэнтэй, хаана өрсөлдөх вэ гэдгээ сайн тооцож, тэс өөр тактик барих хэрэгтэй. Б.Дэлгэрсайханы өөдөөс хөрөнгө мөнгөөр үзээд нэмэр болохгүй. Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг хоёрын өөдөөс нэр нүүрээр тулаад ч илүүрхэхгүй. Ядахад энэ хоёрт нь хулгай дээрмийн асуудал байхгүй. Тэр говийн тойрогт гуравхан хүнтэй өрсөлдөх тактик боловсруулах хэрэгтэй. Хар бараан зүгийн тактик ч давхар боловсруулахгүй бол явахгүй. Заримдаа АН-ынхаа багаас тасарч, ганцаарчилсан тоглолт хийгүй бол болохгүй гээд нэлээд тактикийн хөдөлгөөнтэй сонгууль хийгүй бол цааш явахад хүнд. Г.Ганбаатарын хувьд рейтинг гайгүй байгаа ч яах аргагүй өрсөлдөөний хамгийн ширүүн талбарт зогсож байгаа нэр дэвшигч. Үүнд тохирсон өвөрмөц тактик боловсруулах шаардлага түүнийг тосон уулзана. Түүнээс зөвхөн АН-ын нэрээр сонгуульд орно гэвэл санал авахгүй.
Б.ЭНХМӨНХ АЙМГААСАА ӨӨР ГАЗАРТ САНАЛ АВАХГҮЙ БОЛ Д.АЛТАНГЭРЭЛ АЙМГААСАА Ч САНАЛ АВАХГҮЙ
АН-ын Ажлын албаны дарга Б.Энхмөнхийн хувьд ч Р.Сэддоржоо дагаад явахад хоосонгүй л үймүүлэгч байх. Энэ утгаараа аймгийнхаа хэмжээнд санал цуглуулчихна. Нэр дэвшигч Д.Алтангэрэлийн хувьд өнгөрөгч 2020 оны сонгуулиар Дорноговь аймгаас санал цуглуулж чадаагүй. Тэгэхээр бүсийн хэмжээнд үгүй л болов уу. Өөрөөр хэлбэл АН-аас мандат авч чадахгүй байх. Мандат авч чадсан ч түүний ахан дүүс Дорноговь аймагт иргэдийн халамжийн дэвтэр барьцаалан зээл олгодог. Тиймээс аймгийн хэмжээнд нэр хүнд тааруу гэдэг. Нөгөө талаар түүний улс төрд явсан туршлага, хэвлэл мэдээллийн баг ч гэж юу билээ гэхээр бусад өрсөлдөгчид, нэр дэвшигчдээсээ бүх зүйлээр дутуу юм.
Б.НАРАНХҮҮ, О.БААСАНХҮҮ НАР ДЭВШИХГҮЙ БОЛ АМТГҮЙ, БАС ЭЗГҮЙ
Санал үймүүлэх дархан боломжтой УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүг басаж болохгүй. Дундговь аймгийн хэмжээнд нэр нүүргүй болсон л гэдэг. Гэхдээ нэр дэвших эсэх нь эргэлзээтэй байгаа хүн. Мөнгөтэй хүн нэр нүүрээ юугаар ч “өнгөлчихсөн” юм билээ, хэн мэдлээ. АН-ын хөрөнгө санхүү ч юу билээ. Мөн санал үймүүлэх хэмжээний нөхөр бол УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү. Гэтэл хөндлөнгийн эх сурвалж О.Баасанхүүг Чингэлтэй дүүрэгт нэр дэвшинэ гэж барин тавин ярьсан. Уг нь тэр говийн бүсэд Оюутолгой, Тавантолгой яриад явахаар болно хэмээн Эрдэнэтэд үздэг тактикаа барьж очихоор төлөвлөсөн байж болох юм. Говийн бүсэд ялах хэмжээнд санал авахгүй ч тэр бол “од” хүн учраас санал үймүүлнэ. Уг нь тэр Дорноговь аймгийн АН-ын шинэ жилийн баярт ихээхэн хөл хөөр болчихсон зогсож байсан нь зүгээр ч нэг санаандгүй хэрэг биш байх. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар тэд говийн бүсэд нэр дэвшихгүй бол тойргийн хэмжээнд АН-ын багийн санал унана. Ерөнхийдлөө баг нь эзгүйрнэ гэсэн үг.
АН-ЫГ ХОТОД ЯЛНА ГЭЖ ХЭН ХЭЛСЭН ЮМ
Эртнээсээ л хотод АН ялж, МАН орон нутагт ялна гэсэн мэдээлэл хаа сайгүй явах аж. Үүнийг дагасан зарим нэг горилогчид бултаараа хотыг сонирхож эхэлсэн нь тэнэг хэрэг. АН-ыг хотод ялна гэж хэн хэлсэн юм бэ. Ц.Жадамбаагийн хувьд Дорноговь аймгийн уугуул. Нутагтаа нэр нүүрээ барчихаагүй нэгэн байх учиртай. Гэтэл тэр нутгаа биш Баянзүрх дүүргийг бараадаж байгаа гэх сураг бий. Баянзүрх дүүрэг ямар өрсөлдөөнтэй тойрог билээ гэхээр нэг л жульдаж харагдана. Уг нь Ц.Жадамбаа нутгаа зорьсон бол арай дээр байх байв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир чухам ямар учраас говийн бүсийг сонгосон шалтгааныг мэдэхгүй юм. Өмнөговийн уугуул болохоос өөр бусад горьдлого байхгүй. Тэгэхээр таамаглаж байгаагаар говийн бүсэд АН-аас Дорноговь аймгийн ИТХ-ын дарга асан Г.Ганбаатар, Өмнөговь аймгийн Р.Сэддорж нар цухуйж болох юм. Магадгүй Р.Эрдэнэбүрэн гээд гурвуулаа ч болж мэднэ.
ГУРАВДАГЧДАД 1-2 СУУДАЛ АВАХ БОЛОМЖ БИЙ
Гуравдагч хүчнүүдэд ихээхэн таатай сонгууль болж байгаа ч тэдний нөхцөл бүрдэхгүй байсаар сонгуулийн цаана гарах болов уу. Өдгөө парламентад суудалтай ХҮН, гуравдагчдын орон зайд шинээр эвлээд буй “Үндэсний эвсэл”, ШИНЭ нам гээд цүнхэнд бус тогтвортой үйл ажиллагаа явуулдаг намуудад бол боломж байгааг нуухгүй. Говийн бүсэд ихээхэн боломж харагдана. Тэр тусмаа ШИНЭ нам боломжоор илүүрхэж байна. Учир нь тус намынхан өнгөрөгч хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахаас гадна Тавантолгой орд газрыг иргэн бүрд эзэмшүүлэх төсөл санаачлан ажилласан нь иргэдэд ихээхэн таалагдсан. Орон нутагт ч бодлого, хөтөлбөрөө танилцуулан, чамгүй ажилласан. Хамгийн наад зах нь ШИНЭ намын дарга Ц.Гантулга Дорноговь аймгийн уугуул. Тэгэхээр энэ намаас боломжийн нэр дэвшигч илгээвэл ялчих магадлалтай. Нөгөө талаас ХҮН-ын хувьд мэдээж, МАН-аа далд дэмжиж сонгуульд орох учраас гэнэдүүлж, будилуулж байгаад нэг суудал авчих магадлал ч бас байна. Үүний зэрэгцээ парламентад ганц ч гэсэн суудалтай гээд давуу тал бий. “Үндэсний эвсэл”-д бас л томоохон боломж байгаа ч МАН талдаа харагдаад байх болов уу. Тус эвслийн хувьд УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан туршлага бүхий нөхдөөр багаа бүрдүүлсэн, ил далд хорчин зөвлөхүүд нь ч нэгийг хэлэх байх. Дээр нь хөрөнгө мөнгөөр хэний ч дор орохгүй үндэсний хэмжээний том группын мөнгөөр улс төр хийж байна, мөн Сонгуулийн санал авах хуудсан дээр гуравдугаарт бичигддэг гээд бусдаасаа илтэд давуу харагдана. Өөр бусад гуравдагчдын тухай дурдахын ч хэрэггүй. Тэд зөв тактикаар цаг үеэ мэдэрч өрсөлдвөл ганц нэг суудал авчихаар харагдана.
С.БАЯР
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS