Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
Намуудын жагсаалтаараа МАН-ынхан аархаж, АН-ынхан бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн муу байж болох хувилбар дээрээ ирчихээд байна. Гэхдээ хөшигний ардах нөхцөл байдал болон хөшигний өмнөх тоглолтыг харвал АН-ынхан гоморхож, МАН-ынхан бардамнах бас болоогүй байна.
Угтаа 8 жил засаг барьсан МАН-ын дарга тайлангаа тавиад, жагсаалтаа тэргүүлээд, ард түмнээр дүнгээ тавиулах ёстой. Гэтэл бүхэл бүтэн хоёр циклийн 8 жил дангаараа засаг барьчихаад, хариуцлагаа хүлээхийн оронд жагсаалтын ард нуугдаж, өмнөө гоё намтартай улс төр байтугай улс орныхоо амьдралыг мэддэг эсэх нь тодорхойгүй цагаан гартнуудыг гаргаж ирэв. Энэ бол өөрсдийг нь сонгохгүй болохыг сонгуулийн урьдчилсан судалгаа харуулсан гэсэн үг юм. Тийм ч учраас “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр нийгмийн захиалгыг биелүүлсэн мэт дүр эсгэж, улстөрд гүн ороогүй, гадаадад сургууль төгссөн, эрдэм мэдлэгийн чиглэлийн хүмүүсийг жагсаалтдаа оруулж халхавч хийжээ гэсэн үг. Тэр дундаа нийслэлд дэмжлэг авах нь хэдийнэ тодорхой болсон учир жагсаалтынхаа 1-рт архитектур залууг онцолжээ. Үнэхээр уран мэх, овоо явахаар заль мөн биз.
Ард нь харин өнөө л улиг болсон авлигач, хулгайчууд нь эдний тусламжтай ялж аваад, дахиад их улстөрөө удирдана гэж төлөвлөсөн нь илт.
Сонгуулийн урьдач нөхцөл болгож, 8 жилд хийсэн ажлаа “ах” нам нэг ч удаа тайлагнасангүй. Үнэндээ нүүрсний хулгай, төсөв зувчуулсанаас өөр тавих тайлан ч байхгүй байсан биз ээ. Тиймдээ ч тайлангаа тавихын оронд нөгөө л улиг болсон С.Зоригийн хэргийг янз бүрээр зохиож, 15 телевизээр Засгийн газрын хэвлэлийн албанаас төлсөн төлбөртэй нэвтрүүлгүүдийг бялууртал нь цацаж, бүр гэмт ялтнуудыг дэлгэцийн хойморт залж хүртэл үзэв. Гэвч 26 жилийн өмнөх явдал өнөөдрийн сонгогчдод нөлөөлөхөөргүй болсон нь сошл давалгаанаас ч харж болохоор байсан төдийгүй энэ сонгуулиар иргэд нэг намыг дангаар нь удаан засаглуулах сонирхолгүй байгаа нь бүх шатны судалгаанд илрээд байсан хэрэг.
Сар гаруйханы өмнө “Ондо” Анар, сагсчин Санчир, Нисванис Амгаагийн Оюукийг шүтсэн мэдэгдэл нь сошлынхны бухимдлыг төрүүлээд авсан. Пи ар технологийн хувьд бусдаар магтуулах нь байж болох бас нэг тактик боловч энэ удаа Оюук дээр хэрэгжихгүйгээр барахгүй олон нийтийн зүгээс асар их дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгарсан нь ах намд ахин нэг гэх “шаанс” бараг байхгүй болсон гэсэн тест байв.
МАН-ын хулгайчдыг халхавчилсан эрдэмтдийн жагсаалт. Нэр цэвэр хүмүүс урдаа жагсаачихаад өөрсдөө тойрогт төсвийн хөрөнгөө цацаад сонгогдчихно гэж тэд тооцоолжээ. Хэдий МАН-ын жагсаалтыг сонгомоор шинэлэг харагдаж байгаа ч хулгайчдын санаа хэзээд хулгайч байдаг нь дээрх жагсаалтаас тодорхой харагдаж байгаа юм. Учир нь коммунист соёлтой намд нэгэнт орсон л бол Харвард, Йелийг төгссөн байгаад ч нэмэргүй, шуудхан бяцхан дарангуйлагчид болдгийг бүр нэлээн улайрсан коммунистүүд болдгийг Л.Оюун-Эрдэнээс авахуулаад Ховдын Засаг дарга Э.Болормаа хүртэлх бэлэн жишээ байна. Ямар ч өндөр боловсрол, барууны соёл иргэншил хамаарахгүй, махны машинд орсон мэт нэг өнгөтэй болдог нь хачин. Бүр ганцхан жилийн дотор хүний эрхийн мэдрэмжгүй болж, иргэдийн мэдэх эрхэнд халдсан, бүр гадаад явах визний хориг тавиулах тухай ярьдаг, хүүхдийн эрх зөрчигдөхөд чимээгүй алга болдог, даргынхаа шийдвэрийг үг дуугүй дагадаг “манкурт боол” болж хувирсан олон гялгар “хавтас”-ууд байна.
Тэд анх магадгүй Монголын улстөрд өөр бодолтой, шинэчлэл өөрчлөлтийг хийнэ бодож ирдэг байх. Гэхдээ улстөр бол багийн тоглолт учраас коммунист намын яралзтал жигдэрдэг, алга нижигнүүлэн ташуулдаг, даргаа тахин шүтүүлдэг хүчтэй соёлыг өөрчилж чадах боломж ойрын хэдэн жилдээ энэ намд элссэн эрдэм мэдлэгтэй залууст лав гарахгүй болов уу. Магад хэзээ ч гарахгүй биз ээ. Тэгээд ч өөрийн мэдлэг чадварыг үнэлдэг, хувийн орон зайгаа үнэлдэг эрдэмтэн доктор, мэдлэг боловсролтой хэсгээс тэр бүр эрс шинэчлэл, реформ гарч байсан түүх үгүй. Сэхээтнүүд бэртэгчид байдаг гэх алдарт үг ийм утгатай. Хөөрхий тэд үсрээд улстөрч болгож өгсөн даргынхаа /намынхаа/ үнэнч кноп, утсан хүүхэлдэй жаахан ахивал залуу коммунист дарга болно.
Харин ийм зэргийн эрс өөрчлөлтийг тодорхой хэмжээний тэнэг ч гэмээр зоригтой, манлайллын арга барилтай хүмүүс л хийж чаддагийг хүн төрөлхтний түүх харуулдаг билээ.
Харин АН-ын тухайд байдал өөр. Энэ 8 жилд “лааз өшиглөсөн”, намынхаа нэрээр ялгаварлагдсан, ажлаас халагдсан, хилс хэрэгт гүтгэгдсэн, шоронд орсон, шахагдсан гэх мэт эмзэг бүхэн эдэнд хамаатай. Харин нам бус иргэд төдийгүй МАН-ын жирийн гишүүд хүртэл МАН-ын засаглалаас уйдахад хүрсэн нөхцөл байдал үүсээд байгаа нь нууц биш. Тийм ч учраас могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэгчээр 8 жил ялагдсан ч энэ сонгуулиар улстөрийн 2 том хүчний нэгийн хувьд бүрэн ялалт авахгүй ч ялалтын хувь хэмжээ дээшлэхүйц, иргэдийн дэмжлэг нэмэгдсэн дүр зураг харагдаж байв.
Үүнийг мэдэрсэн АН-ынхан ч намынхаа жагсаалт руу орох гэж хэрэндээ чичирцгээлээ. Арга ч үгүй биз. Хэт томсгосон тойрогтой өнөөгийн системд мөнгөтэй нь л өрсөлдөөнд оролцох, ялалт байгуулах боломжтой. Дээр нь олон жилийн ялагдалтай намын гишүүдээ идэвхжүүлэх том ажил АН-ынханд тулгараад байна. Анхнаасаа 5 намын нэгдэл учраас шуудайнд хийсэн үхрийн эвэр мэт толхилцдогийг ч хэлэх үү, зодоон цохиондоо тулан байж, “Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй”, рейтингийн судалгаа ч үгүй жагсаалт гаргаж шидлээ. Энэ бол өнөөдрийн АН-ын бодит байгаа байдал юм.
Насаараа УИХ-д дархлагдсан гишүүд, эмэгтэйчүүдийн холбооны шинэхэн дарга, МАН-ын баримжаатай, Эбигийн, Женкогийн гэх зэрэг, цаашилбал намыг ялуулахад ямар ч үүрэг гүйцэтгээгүй, бүр гай болсон нөхдүүд ч жагсаалтад орсон байх жишээтэй.
АН хүний нөөцгүйдээ биш, бодлого, уураг тархи болсон, төрд ажиллаж байсан туршлага чадвартай, мэдлэгтэй, гадаад дотоодын сургууль төгссөн, манлайлалтай олон залуус төдийгүй ардчилсан хувьсгалын баатар партизанууд нь ч бий. Гэвч тэдгээрийн ихэнх нь намын гишүүдийн бодож байсанчлан жагсаалтад орж чадаагүй. Тийм ч учраас захаасаа зарим нь намын нэр дэвшилтээ фейлдсэн гэж үзэн, итгэл үнэмшил, үйл хэргийн төлөө жагсаалтаас болон нэр дэвшилтээс нэрээ татаж байна.
Үнэндээ АН гудамжинд 8 жил байгаагийн хувьд МАН-ынх шиг, ХҮН-ийнх шиг цэвэрхэн, гоё, жагсаалт хийж болох л байв. Гэвч тэдэнд одоохондоо ард түмэнд гоё харагдах, таалагдах гэхээс илүү өөрсдөө эвлэж нэгдэх нь чухал байна. Ялалт гэхээсээ илүү эрх чөлөөний дуу хоолой болох нь л чухал байна. Үүнийг фракциудын тохироогоор эрээвэр хураавар жагсаалт бүрдүүлж, ил цагаан маргалдаж байгаагаас харж болно. Эрх чөлөө байгаа газарт л хүмүүс зодолддог нь нууц биш. Энэ утгаар нь авч үзвэл АН-аас үүнээс илүү жагсаалт хүлээхэд хэцүү юм.
Товчхондоо энэ удаагийн сонгуульд АН ялах гэж биш харин хүчтэй сөрөг хүчин болох зорилготой орох нь тодорхой харагдаж байна. Монголын улстөрд сөрөг хүчингүй 8 жил засагласан МАН ч олон нийтийн эсэргүүцлээс айхдаа ийм нөхцөл байдлыг битүүхэндээ хүсэмжилж буй гэх.
Харин иргэдийн тухайд АН-аас илүү өндөр хүлээлттэй байсан тул тэдний жагсаалтыг чамлаж, МАН-ын жагсаалтыг бахдан хүлээж авав. Гэсэн хэдий ч хөшигний ар дахь бодит улстөр, тайзан дээрх тоглолтын үнэн бодит төрхийг харвал МАН үзэгчдээ илбэдэж, АН байгаагаараа тайзан дээр гарч ирлээ.
М.ГАЛТ-ОД
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS