Улс төрийн тойм: Л.Оюун-Эрдэнийн толгойлсон засаг төсөв батлагдсаны дараа унах эрсдэлтэй
Модель М.Цэрэндолгор LOUIS VUITTON-ы зураг авалтад оролцжээ
/Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч/
Төрийн мөнгө уйлдаггүйтэй ижил төрийн өмч эзэнгүй байсан цаг саяхан. Хэн, аль нь улсын, нийтийн өмч юм, хэн, хэзээ ямар арга замаар түүнийг аваад, өмчлөөд, эзэмшээд эсвэл өөрийн мэт дур дураараа авирлаад, ашиглаад явсан юм жирийн иргэд бид үнэндээ мэдэхгүй. Хэдхээн дарга цэрэг, эрх мэдэл, мэдээлэл бүхий эрхтэн дархтнуудын явцуу хүрээлэлд эзний бус сэтгэлээр хандаж, ханцуй дотроо наймаалцах, найр тавих маягаар олон, олон төрийн өмч, обьектүүд үйл ажиллагаа явуулж иржээ. Цаашилбал, даргад ойр, заль мэхтэй дуртай нэг нь дурын газраа байшин сав, хотхон хороолол барьж, тэгэхдээ сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ гэх мэт хүнээ бодсон нэг ч төлөвлөлтгүй, манай хот эгээ цемент цутгасан хөлдүү, шигүү, амьсгалах аргагүй давчуу хот болжээ. Үүнээс улбаалан хүнээ биш хувийн өчүүхэн эрх ашгаа эрхэмлэдэг хотын үе, үеийн дарга, удирдлагуудыг би хувьдаа адгийн бэртэгчид байжээ гэж дүгнэхэд хүрэв ээ. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригийн ярилцлага ийн бодоход хүргэсэн хэрэг ээ.
Үнэхээр ч манай хот хэзээ хамгийн сүүлд ийм эрчтэй, эзэнтэй юм шиг байлаа даа бодтол ажиллаж буй команд бол Х.Нямбаатар даргын команд. Дур дураараа барьсан гараашнаас авхуулаад байшин сав байсан ч хүний төлөө биш л бол буулгаж буй. Хэчнээн өндөр байшин, барилга ч гэлээ хүний, олонхын эрх ашигт харшлахаар л бол төрийн төмөр нүүр харуулан нурааж л байна. Цаашилбал, нийслэл орон нутгийн өмчийг арга залиар авчихсан, түүндээ хувийн өмч мэт авирлаж суудаг дарга, эрх мэдэлд ойр, бизнесмен нэртэй этгээдүүдтэй хуулийн хүрээнд тэмцэж буй талаараа Хотын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ярьж байна. Хуулиа мэддэг, хэл амнаас айдаггүй, хэлэх гэснээ хэлчихдэг, хийх гэснээ хийчихдэг хувийн биш нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг харьцангуй шударга хуульчид нэг үе, нэг баг болж энэ үед хотыг удирдаж байгаа юм байна. Энэ нь хот хэмээх их айл эмхэрч цэгцрэх эхлэл байж ч болох юм. Учир нь эзний сэтгэлээр хандсан бүхэн хөгжиж дэвждэг зүй тогтолтой билээ.
Нийтийн өмчийг “хулгайлж” авчихаад хувийн өмч мэт авиралж буй хүмүүст хуулийн хүрээнд шаардлага тавихаар элдэв нэр хоч өгдөг...
-Та үе үе шуугиан тарьдаг. Хошиг урлагийнхныг алиа салбадай нар гэж хэлчихээд нэг гал өрдөж байсан. Цаашилбал бөхчүүдийн допингийн асуудал, үндэсний бөхийн хуулийн асуудал, нүүрсний дуулианы үеэр жижиг Тавантолгойд БЭТ-ээр томилогдсон гэх мэт таны гар бие оролцсон бүхэн манай нийгмийн сүүлийн үеийн дуулиан шуугиан, галан дунд явж иржээ. Хамгийн сүүлд гэхэд та галзуураад байгаач гэж хэлээд сошиалын од болсон. Энэ бүхэн П.Сайнзориг гэх хүний мөн чанар юм уу эсвэл таны хийж байгаа ажил, мэргэжил тийм их гал дууддаг, таны тэвчээрийг барж, характерийг өдөөгөөд байдаг юм уу?
-Ер нь шулуухан хэлэхэд хотын асуудал хариуцаад ажиллахад бухимдах олон асуудал байх юм байна ш дээ. Нийслэл орон нутаг олон өмчөө хулгайд алдчихсан байна. Ерөөсөө дур дураараа аашилдаг, хууль зөрчдөг үйлдэл зөндөө байна. Хотын стандартыг мөрдөхгүй байна. Заримдаа үнэхээр бухимдаж, уурлахаас өөр аргагүй нөхцөл байдлууд байна. Өөрийн эрхгүй эмоци гарчихаад байгаа тал бий. Ер нь ч би шулуухан талдаа хүн.
-Хот өмчөө алдсан байна гэдгээ жаахан тодруулбал?
-Маш олон жишээ дурдаж болно. Стадионоос авахуулаад Урт цагаан хүртэл өчнөөн нийслэл орон нутгийн өмчийг хэн нэгэн эрх мэдэлд ойр, сүйхээтэй этгээд өөрийн болгож аваад хувийн өмч мэт захиран, зарцуулж ашиглаж байна. Нийслэлд цор ганц байсан Элэгний болон Хүүхдийн эмнэлгийг Хатанбаатар гээд нэг нөхөр авчихсан байх жишээний. Авч болно оо. Гол нь шударгаар, хуулийн хүрээнд авах ёстой. Авсан бол сайжруулах ёстой. Татвараа төлөх ёстой. Зориулалтын дагуу ашиглах ёстой. Бид ийм л энгийн зарчмын шаардлага тавьж байгаа. Жишээ нь Эмийн үйлдвэр байна. Очиж ажлыг нь шалгахад түрээсээр хоёр, гурван айл оруулчихсан. Нийслэл өмчөө буцааж авъя гэсэн шаардлагаа тавиад эхэлсэн чинь эмийн жижигхэн лаборатори оруулаад эм найруулаад зогсож байх жишээтэй. Нурах гэж байгаа байшинд шүү. Ингэж жүжиглэж болохгүй шүү дээ. Энэ мэт нийтийн өмчийг залгиж, завшиж байгаа хүмүүстэй хатуу тэмцэх ёстой гэсэн зарчмын байр суурьтай ажиллаж байна.
-Үнэхээр бидэнд мэдэх зүйл хомс л доо. Аль нь нийтийн өмч юм, аль нь хувийн өмч юм, хэн, хэзээ ямар арга замаар дээрх обьектүүдийг өөрийн болгоод авчихсан юм, жирийн иргэдэд мэдэх зүйл хомс шүү дээ. Урт цагаан гэхэд бодит байдлыг бид мэддэггүй байлаа. Эхнээсээ эмх цэгцэндээ орж байгаа нь яамай. Гэхдээ нөгөө талдаа хэл ам дагуулна биз?
-Урт цагаан нурах гэж байсан байшин. Ердөө газрыг хэн авах вэ гэдэг л маргаан явж байсан. Түүнээс биш сүрхий ажлын байр олгоод, нэмэгдээд явсан юм байхгүй. Бүр давхар, давхар гэрээтэй, хэнтэй гэрээ хийснээ ч мэдэхгүй замбараагүй байдал үүссэн байсан. Бидний нүдэн дээр энэ мэт нийслэл орон нутгийн өмч эзэнгүйдээд, алдагдаж байхад хэн нь ч шаардлагаа тавьж чаддаггүй. Шаардлага тавьсан нэгнээ бөөрөлхдөг. Элдэв нэр хоч өгдөг. Тэрнээс нь айсан дарга нар хэл амнаас айгаад арга хэмжээ авдаггүй. Ийм л нөхцөл байдалтай явж ирсэн юм билээ. Ийм тохиолдлуудад хуулийн хүрээнд шаардлага тавиад явахад нэг их асуудал гарахгүй дээ.
Анх байраа зарахдаа сургууль, цэцэрлэгтэй байна гэдэг ч оронд нь бас нэг өндөр байшин барьдаг. Үүний цаана залилан мэхлэх гэмт хэрэг ч байж болно
-Хотыг дарангуйллаар биш менежментээр удирдана. Та бүхэнд хотыг ийм болгоно гэсэн холын бодлого юу байна?
-Бид хуулийн хүрээнд ажлаа явуулж байгаа. Гэхдээ энэ нь хууль бус, шударга бус юмтай эвлэр, нүдээ аниад өнгөр гэсэн үг биш шүү дээ. Хууль бус юмтай ярьдаг аргаар нь ярина. Сая би маш тодорхой ярилаа. Нийтийн өмчийг “хулгайлж” авчихаад хувийн өмч мэт дүр эсгээд явж байгаа хүмүүс зөндөө байна. Хэдүүлээ заримдаа энэ дүр эсгэж буй хүмүүст шаардлага тавьж сурмаар байна. Шаардлага тавьсан нэгнээ элдэв нэр хоч өгдгөө болчих хэрэгтэй. За тэгээд өгсөн ч асуудлаас бэргэж зугтаах зүйл байхгүй дээ.
Бод доо, Улаанбаатар хотын түгжрэлийг үүсгэж буй нэг том шалтгаан бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал. Сүүлийн үед баригдсан ихэнх хотхонууд ихэнх нь сургууль, цэцэрлэггүй баригдсан байна. Анх хотхоныг барихдаа улсын сургуультай, цэцэрлэгтэй байна гэж хэлээд айлуудад байраа зардаг. Гэрээгээ хийчихдэг. Айлууд нь орчихдог. Эцэстээ сургууль, цэцэрлэг байхгүй оронд нь ахин нэг орцтой өндөр байшин баригддаг. Ийм жишээ маш олон байна. Сая бид 12 байршилд газар чөлөөлсөн.
Нарийн яривал үүний цаана залилан мэхлэх гэмт хэрэг ч байж болно. Иргэдэд залилан мэхлэх замаар байраа заржээ гэж үзэж болох үндэслэлтэй гэсэн үг. Энд ногоон байгууламж баригдана гэж зарчихаад оронд нь нар хаагаад байшин барьчихаж байна. Ийм бизнесменүүдийг чи сайн байна аа, бизнес чинь их зөв байна гээд өөгшүүлээд байх уу. Харсан ч хараагүй мэт өнгөрүүлээд байх уу гэдэг асуудал зүй ёсоор тавигдаж байгаа юм.
Хуулийн хүрээнд шаардлага тавина. Үүний цаана жирийн иргэд эдийн засгийн хохирол амсах нь ч байдаг. Ухаа нь өдөр нь нар тусаад гэрэл асаахгүйгээр хоол цайгаа идэж болдог байсан бол урд талын нарыг нь хаагаад байр барьчихаар өдөржин гэрлээ асаана. Таны хармаанаас сар болгон дахиад нэмэлт зардал мянган төгрөг гарч байна гэсэн үг. Ийм нарийн юмнууд хүртэл яригддаг. Тиймээс шаардлага тавихаас өөр аргагүй.
-Яг ийм логик, ийм шалгуураар хандвал маш их зөрчил гарна?
-Байна, байна. Тиймээс ажил хийе гэж хүнд нэр хоч өгөхөөсөө өмнө асуудлыг бодитоор хүлээж авах цаг болсон. Бид хөшигний цаана орчихоод бүхнийг болж байгаа мэтээр яриад байхыг хүсэхгүй байна. Асуудлыг гаргаж тавья. Шийдэл нь юу юм, хамтдаа шийдэл, гарц гаргалгааг хайж цаашид ийм нөхцөл байдал үүсэхгүй байх талаас анхааръя гэдэг байр суурьтай ажиллаж байна.
-Шийдэл нь юу юм?
-Юун түрүүн хууль эрх зүйн орчны асуудал хөндөгдөнө. Дүрэм журам, стандартаа хаа хаанаа мөрдөх чухал байна.
Цаашилбал, том зургаараа хотын өнөөгийн олон тулгамдсан асуудлуудын үндсэн шалтгаан нь суурь инженерингийн асуудал. Хотыг хэрхэн хөгжүүлэх том зураглал юу байна гэж та асуусан. Энэ асуултад товчхон хариулахыг хичээе.
1984 оноос хойш манай улсад эрчим хүчний нэмэлт эх үүсвэр бариагүй байна. Байгаа хэдийгээ тордож, тойглосоор өдий хүрсэн. Эрчим хүч, дэд бүтэц байхгүй бол бусад ажил урагшлахгүй. Энийгээ мэдсээр байж бүх зүйл болж байгаа мэт яваад байж болохгүй. Манай баг гол шийдэл бол Нийслэлээс бонд гаргаж, босгосон хөрөнгөөр зарим дэд төвүүдийг орон сууцжуулах, цахилгааны нэмэлт эх үүсвэр барих зэрэг томоохон төслүүдэд зарцуулахаар шийдвэрүүд гарсан. Тухайлбал, нийслэл хот дотоодын зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд босгохоор урьдчилан тооцоолсон. Уг бондоос 300 орчим тэрбум төгрөгийг Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулснаар эхний ээлжинд 150 мВт-ын хүчин чадалтай станцыг энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Цаашид хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төсөл хэрэгжүүлэгчтэй тохиролцож байгаа. Гал унтрааж, цаг нөхцөөсөн байдлаар, нэг удаагийн томилгоо авлаа, хэл амгүйхэн шиг байж байгаад дараагийн хүнд нь хүлээлгээд өгчихье гэдэг байдлаар ажиллахыг бид хүсэхгүй байна. Суурь асуудлыг шийдлийг зөв тавьж чадвал Улаанбаатар хот цаашид зөв тэлнэ. Зөв хөгжих үндэс болно.
Хүнд зориулсан хотыг бий болгохын төлөө бид ажиллаж байна
-Хот гэдэг цэвэр аж ахуйн ажил. Та бол төрийн захиргааны төв байгууллагад хамгийн дээд албан тушаал хашиж байсан хүн. Мэргэжлийн ажилтай чинь харьцуулахад ямар байна?
-Хоёр жилийн өмнө Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг боловсруулж, бичилцэж байсны хувьд нийслэлд тулгамдаж буй гол асуудал юу болохыг гадарлаж, мэдэж байсан. Давуу тал болсон гэж болно.
Манай хот анхнаасаа 1,5 сая хүн амтай байхаар төлөвлөгдөөгүй хот гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр хүн ам нь 1,7 саяд хүрчихсэн байна. Даац нь хэтэрчихсэн гэсэн үг. Үүнийг цогцоор нь шийдэхийн тулд эрхзүйн реформ хийх зайлшгүй шаардлага үүссэн.
Хот бол зүгээр нэг барилга байгууламж, хүний бөөгнөрөл биш. Энэ бол хүний амьдрах ая тухтай орчныг бүрдүүлсэн, хүний төлөө үйлчлэх амьд организм байх ёстой. Хотын асуудлыг шийдэхдээ, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхдээ гагцхүү хүнээ төвд нь тавих ёстой. Жишээ нь барилга барьж болно, гэхдээ тэнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нийтийн тээвэр, нийгмийн үйлчилгээ цогцоороо шийдэгдсэн энэ нь зөвхөн хүний төлөө байх ёстой гэсэн үг. Барилгажихдаа ч хүний эрхийг хангах ёстой гэсэн санаа. Жишээ нь 20 минутын хот гэдэг концепцийн цаана дээрх агуулга зангидагдаж байгаа. Гэрээсээ гараад 20 минут алхаад очих зайнд нийгмийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг байхгүй бол түгжрэл эндээс үүсэж байгаа. Хүнд зориулсан хотыг бий болгохын төлөө бид ажиллаж байна.
Ер нь бүтээн байгуулалт, аж ахуйн ажил бүхний цаана хууль, эрх зүйн асуудлууд хөндөгдөж байдаг зүй тогтолтой. Жишээ нь 2002 онд бид газрыг эдийн засгийн эргэлтэд оруулсан атлаа газраа яаж буцааж авах уу, нөхөн олговор хэрхэн олгох вэ, иргэдтэйгээ хэрхэн хэлцэл хийж өгч, авах вэ гэдэг асуудлаа огт хуульчлаагүй. Үүнээс болж маш олон асуудал, сөрөг үр дагавар үүссэн байдаг.
-Жишээлбэл?
-Жишээ нь замын трассыг энүүгээр явуулбал хамгийн хямд, зөв юм байна гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарлаа гэж бодъё. Гэтэл дээр нь үл хөдлөх хөрөнгө барьчихсан, газар нь хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд байдаг. Энэ газрыг хэрхэн чөлөөлөх асуудал хуульчлагдаагүйгээс гацаа үүсчихдэг. Энэ бүхнийг хуульчлаад өгчихвөл ийм гацаа үүсэхгүй шүү дээ. Энэ чиглэлд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарч байна. Хотын асуудлыг шийдэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, үр ашигтай төр хувийн хэвшлийн харилцааг дэмжих зайлшгүй шаардлагатай.
-Тодруулбал?
-Магадгүй эрчим хүч, дулааны станцыг төр хувийн хэвшлийн түншлэлээр бариад, тухайн компанийг олон нийтийн нээлттэй компани болгож, үр өгөөжийг бүгд хүртэж болно. Бид баялгийн хуваарилалт гэхээр уул уурхай л ярьдаг. Уг нь бол энэ байхгүй юу. Эрчим хүч, дулаанаа хэрэглэхийн хэрээр нөгөө талдаа ногдол ашиг авах боломжийг иргэдэд олгох бүрэн боломж байна. Нөгөө талаар хотынхоо үйл ажиллагаанд хяналт тавина. Оролцоно.
Дараагийн асуудал ажлын байр. Шинэ ажлын байрыг төвлөрлийг задлах чиглэлд бий болгох бодлого баримталж байна. Цаашилбал, хотыг дагасан Эмээлт аж үйлдвэрийн парк /арьс ширний үйлдвэр/, шинэ Зуунмод хот /санхүүгийн үйлчилгээ бүхий хот/ гэх мэт томоохон төслүүд Засгийн газар дээр дэмжигдэж, эхнээсээ ТЭЗҮ нь хийгдэж, газар шорооны ажил эхлээд явж байна. Жишээ нь бид морины соёлтой ард түмэн л гээд байдаг, яг үнэндээ стандартад нийцсэн нэг морин тойруулгагүй л улс ш дээ. Шинэ Зуунмод хот морин тойруулгатай, битүү стадионтой, битүү усан парктай бүхэлдээ аялал жуулчлалын концепцитэйгээр хөгжинө. Нэг битүү усан бассейнтай болъё л доо, тийм ээ. Бүгд Тайланд, Вьетнам явж чадахгүй байна шүү дээ.
-Үнэхээр ажил хэрэг болдог бол сайхан сонсогдож байна. Та бүхэнд амжилт хүсье. Ингэхэд усан парк гэснээс “Акуа гарден” хотхоныг нураах эсэх тухай асуудал юу болсон бэ?
-Шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Ер нь бол нурааж цэгцэлнэ, ногоон байгууламж болгоно гэсэн бүх ажлуудаа хийгээд явж байна. Урт цагаан дээр зургийн ажил дуусаж байна. Удахгүй тендер зарлагдана. Хуучин Урт цагаанд үйл ажиллагаа явуулж байсан дархчуудыг 32-тойрог руу нүүлгэн шилжүүлнэ. Бичил хороололд 200-аад гарааш буулгалаа. Энд бас ногоон байгууламж барина. Хан-Уул дүүргийн хуучин байшинг дуудлага худалдаагаар зарах гэж байсныг болиулж ногоон байгууламж барихаар болсон. Сэлбийг дагасан үер усны зангилаан дээр баригдсан байсан “Эс оутлет” дэлгүүрийг нурааж дуусгасан. Одоо тохижилтын ажил явагдаж байна.
-Хоёулаа баахан хот ярилаа. Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Таныг хотын нэгдүгээр орлогч буюу хоёрдугаар Нямбаатар П.Сайнзориг гэх бараг хэлц шахуу үг гарсан байна лээ. Та ямраар хүлээж авсан бэ? Эмзэглэсэн үү?
-Анх удаагаа сонсож байна. Эмзэглээд байх ч юу байх вэ. Ер нь манайхан бие биедээ нэр хоч өгөхдөө гаргууд ш дээ. Аливаа асуудал дээр агуулгын түвшинд мэтгэлцэж чадахгүй болонгуутаа субьектив дайралт хийж эхэлдэг нь манайхны гэм биш зан.
Мэдээж Х.Нямбаатар дарга бид хоёрт ижил төстэй чанарууд бий. Санал зөрдөг зүйл ч бий. Хууль зүйн яаман дээр 3 жил 3 сар хамтарч ажилласан. Хоёр жилийн өмнө Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль дээр ажиллаж байхад бас бус дутуу хөтүү юм үлдсэн. Түүнийгээ гүйцээж, яг бодит хөрсөн дээр нь ажиллахгүй юм уу гэдэг өнцгөөр санал тавьсан. Залуу хүний хувьд хөндлөнгөөс хараад суух биш гар бие оролцъё гэж зориглоод Хотын нэгдүгээр орлогчоор ирэх саналыг хүлээж авсан.
Хамтарч ажиллах бас нэг шалтгаан бол их тууштай хүн. Залуу, мэргэжлийн хүмүүсийн эхлүүлсэн, санаачилсан ажлыг бодлого, бодит ажил хэрэг болгочихъё гэж зүтгэдэг хүн. Масст, олон нийтэд таалагдах гэж хичээдэггүй. Шууд, шулуухан хэлчихдэг. Ажлын тухайд шаардлага тавьдаг. Гэх мэт ижил чанарууд бий бий.
-Үнэндээ бөхчүүдийн допингийн асуудал, “нүүрсний хулгай”, Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх Ажлын хэсэг гэх мэт нийгмийн анхаарал татсан эгзэгтэй, чухал “позишн” бүхэнд Х.Нямбаатар дарга таныг томилж ирсэн байдаг. Эдгээр чухал албан тушаалуудад томилгоо өвөртлөх таны давуу тал юу байсан бэ?
-Би ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрыг 10-аад жил ахалсан юм. Нийтийн эрх зүйн чиглэлийн нэлээдгүй олон хууль дээр ажилласан. Захиргааны эрх зүйн хуулиуд ч бий. Эдгээр хуулиудыг хүний эрхийн мэдрэмжтэй, бизнесийг дэмжих талаас нь, хаалттай зүйлсийг нээлттэй болгох талаас нь илүү их бодож, анхаарч боловсруулсан. Эрх мэдлийн гэдэг юм уу жендерийн эрх тэгш байдлыг хангах талд нь илүү олон зохицуулалт оруулахыг хичээсэн гэсэн үг. Ажил хариуцаж авсан бол ард нь гарах гэж зүтгэдэг чанарыг маань хардаг байж болох. Бусдаар Х.Нямбаатар дарга бид хоёр нэг нутаг ус биш, нэг анги танхим ч биш. Цэвэр ажил хэргийн талбар дээр танилцаж, нэг баг болж ажилласан улс.
-Та өмнө нь ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан. Өнөөдөр хотын нэгдүгээр орлогч болчихсон сууж байна. Албан тушаалын лифтэнд суусан хүн гэж таныг хэлэх юм билээ. Санал нийлэх үү?
-Санал нийлэхгүй. Би төрд яг доороос нь эхэлж ажиллан мерит зарчмаар тушаал дэвшиж ирсэн хүн. 2006 оны 1 дүгээр сараас БОАЖЯ-нд Төрийн захиргааны удирдлагын газар ажилд орж байлаа. Гурав орчим жил ажиллаад мэргэжил дээшлүүлэхээр 2008 онд Австрали улсыг зорьсон. Дөрвөн жилийн дараа эргэж ирээд мөн яамандаа ажилласан. Үүний дараа ХЗДХЯ-нд шалгалт өгсөн. Сайд нь Х.Тэмүүжин, Төрийн нарийн бичгийн дарга нь н.Баярцэцэг гэж хүн байлаа. Сонгон шалгаруулалт нэгээр тэнцээд орж байлаа. Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газар эсвэл Хууль зүйн бодлогын газар гэсэн хоёр сонголтоос дарга нар нь өөрсдөө шийдэж Хууль зүйн бодлогын газар буюу өнөөдөр яригдаад байгаа бусад яамдын боловсруулж буй хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актуудыг хянаж, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэйгээр ажиллаж эхэлсэн. Улмаар яг шат дамжлага, хууль журмынх нь дагуу явсаар байгаад 2015 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны зөвлөхийн албан тушаалд томилогдож, эрүүгийн эрх зүйн реформууд дээр ажилласан байдаг. Эндээсээ үргэлжлүүлж Хууль зүйн яаманд Газрын дарга болж ирсэн.
Энэ хугацаанд зүгээр нэг намтар дээрээ газрын дарга гэдэг сэтэр нэмчихээд дараагийн ажилдаа шилжье гэж бодож байгаагүй. Баг хамт олонтойгоо эрх зүйн шинэчлэлийн ажил нэлээдгүй хийсэн. Зуу гаруй бие даасан үзэл баримтлалтай хууль дээр гар бие оролцон ажиллаж, хууль зүйн салбарт тодорхой хэмжээний реформ хийсэн гэж ойлгодог. Хуульч мэргэжил эзэмшсэн хүний хувьд бахархал л даа. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр удаагийн өөрчлөлт дээр ажилласан. Сүүлийнхийг манай яам боловсруулсан. Өнөөдрийн улс төрийн сонгуулийн тогтолцоотой холбоотой хэсгүүдийг гардан боловсруулсан гэсэн үг.
Төрийн албаны мерит зарчмаар нь ажилласнаа тайлбарлах гээд маш их юм ярьчихсан уу. Үнэндээ үсчиж харайж, шууд дарга цэрэг болж явсан удаагүй. Төрийн нарийн бичгийн даргаас улс төрийн албан тушаал руу шилжсэнийгээ албан тушаалын лифтэнд суучихсан гэж бодохгүй байна.
-2022 онд таныг орон нутгийн “Тавантолгой” ХК-д БЭТ-ээр томилсон тэр үеэс П.Сайнзориг гэх хуульчийг олон нийтийн анхаарлын төвд оруулж өгсөн гэж дүгнэж болохоор байдаг. Зэрэгцээд нүүрсний хулгай, уул уурхайн салбарын реформ эхэлсэн ч гэж болно. Тэр өдрүүдийг дурсвал?
Амаргүй өдрүүд байсан. Шийдвэр ч гэнэтийн байсан. Нүүрсний экспортыг ил тод, нээлтэй болгох, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, энэ хүрээнд ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг авчрах зэрэг тодорхой зорилготой алхмуудыг тухайн үед Засгийн Газраас хийсний нэг нь энэ. Системийн авлигатай тэмцэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхны алхам байсан ч гэж үзэж болно.
Үндсэн хуульд газрын доорх баялаг бол нийтийн өмч гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл тэр баялгаас жирийн иргэд хүртэл шударгаар хүртэх ёстой гэсэн санаа. Энэ санаа татвараар дамжиж хэрэгжинэ. Гэтэл татвараас гадна баялаг нь /нүүрс/ хэдэн мянган тонноор нууцаар, хулгайгаар хил гардаг явдал гаарчихсан байсан. Байж боломгүй асуудал шүү дээ. Ийм завхралтай тэмцэх нь аль ч Засгийн газрын үүрэг байсан болов уу. Харамсалтай өмнө нь ярьдаггүй байж. Харин Л.Оюун-Эрдэнэ сайдын засаглалын үед хүчтэй яригдаж, хулгай луйврууд дэлгэгдэж, тэр хэрээр эдийн засгийн томоохон бүлэглэлүүдтэй нүүр тулсан. Халуухан л юм болж байсан шүү дээ. Тухайн үед надад хувь хүн талаас нь, нөгөө талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэдэг утгаар итгэл хүлээлгэж томилсон болов уу.
Зургаан сарын хугацаатай ажилласан. БЭТ-р ажиллах хугацаанд Засгийн газрын нүүрсийг биржээр арилжаалах, тээвэрлэлтийг тендерээр явуулах зэрэг бэлтгэл ажлуудыг тус компани дээр хийсэн дээ. Мөн жижиг Тавантолгой, ЭТТ компанийн хооронд үүсэн өр авлагыг шийдсэн.
Хуульчийн мэргэжил шударга, тодорхой байхыг шаарддаг
-Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах талаар мэдэгдэхүйц, бодит өөрчлөлтүүд гарсан гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Ер нь Монголын авлигын индексийг хойш татаж байгаа хүчин зүйлст төрийн өмчит компаниудын засаглалын асуудал тодорхой байр суурийг эзэлсээр ирсэн. Улс төрийн сонгуулийн дараа сонгуульд ялсан намын зүгээс тодорхой албан тушаалд нөлөөлдөг, томилдог явдал засаглалыг хүчгүйдүүлж байна гэсэн дүгнэлтийг олон улсын байгууллагууд ч хийсэн байдаг. Үүнийг өөрчлөх хуулийн төслийг миний бие гардан боловсруулсан. Хууль зүй, дотоод хэргийн яамны Хуульзүйн бодлогын даргаар ажиллаж байсан Д.Цолмон, Х. Нямбаатар дарга бид хэд зориглож Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьчихсан байна. Энэ хууль батлагдвал улс төрийн нөлөөгөөр ямар нэгэн албан тушаалын томилгоо хийгддэггүй харин нээлттэй сонгон шалгаруулалтаар томилгоо хийгддэг болно. Мэргэжлийн удирдлага, мэргэжлийн этгээдүүд тухайн компанийг удирддаг болно. Компанийн УЗ-ийн багийг жендерийн эрх тэгш байдлаар хангана. Хагас жил, бүтэн жилээр УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг болно. Эндээс ашиггүй ажиллаж байгаа компаниудыг татан буулгадаг болно. Татвар төлөгчдийн мөнгөөр эдгээр компанийн алдагдлыг нөхөн төлөөд байж болохгүй шүү дээ. Гэх мэт олон гажуудлууд шийдэгдэх юм.
-Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга та байсан байх шүү. Бодит ямар үр дүн гарсан бэ?
-Монгол улсын талд үүсчихсэн байсан 2,3 тэрбум долларын өрийг тэглүүлж чадсан. Маш олон асуудал дээр ойлголцож чадсан. Товчхондоо.
-Таныг ойр дотныхон чинь хэлэх дуртай үг нь “хуулийн хүрээнд” л гэдэг хүн гэж тодорхойлох юм билээ. Та тийм зарчимч хүн үү?
-Хүмүүс хэнхэгдүү нөхөр гэдэг юм гэсэн. Тэрийг л та тойруу замаар асуугаад байх шиг байна /инээв/. Ер нь бол шулуухан байх нь зөв гэж боддог. Хууль зүйн салбар буюу бидний мэргэжил ч гэсэн тодорхой, шударга байхыг шаарддаг.
Хууль гэдэг өөрөө логикийн шинжлэх ухаан шүү дээ. Энгийнээр хэлбэл хүн судлал юм даа. Хүнээ судалж байж нийгмийн харилцаа, хүний зан үйлийг зөвөөр зохицуулж, олон эрх ашгийг тэнцвэржүүлж, муу зан үйлийг хязгаарлаж, сайныг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлж хэрэгжүүлж чадна гэсэн үг. Энэ зарчмаар асуудалд ханддаг маань заримдаа хэнхэг ч юм шиг харагддаг байлгүй дээ.
Хүүхдүүддээ сайн боловсрол олгоно. Үлдсэнийг нь тэд өөрсдөө бүтээнэ
-Австралийн Нью Сауд-Уэлсийн их сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэй дүүргэжээ. Австралид суралцсан он жилүүд танд юу өгсөн бэ?
-Амьдралын маань хамаг том боломжууд тэнд үүссэн гэж боддог. Ер нь эх орноосоо гарч бие дааж амьдарна гэдэг чинь тэр чигээрээ сорилт шүү дээ. Тэрхүү сорилтыг давж гарч чадвал дараагийн боломжууд бий болдог. Мэдээж асуудал, сорилт илүү тэвчээртэйгээр давж гарах тэр амьдралын замыг олж чадсан болов уу гэж боддог. Өдөр нь хичээлдээ яваад орой нь ажил хийнэ. Эхнэрийнхээ цалингаар өдөр тутмын амьдралаа залгуулна. Миний цалин байранд хуримтлагдана. Дөрвөн жил эх орондоо ирээгүй. Замын зардлаас авахуулаад цаг хугацаа хайран. Заримдаа хоёулаа шантарна. Оройдоо өрвийсэн хоёр юм орж ирээд ядраад, буцах уу гэж байсан үе цөөнгүй. Гэвч даваад гарсан. Эргээд дурсахад сайхан байдаг.
-Гэргий, хүүхдүүдээ танилцуулаач?
-Манай гэргийг З.Гэрэлмаа гэдэг. Бид адилхан хуульч мэргэжилтэй. Манайх 3 хүүхэдтэй. Том нь 17-той, дундах нь 13, бага нь гурван настай.
-Хаана сурч байна вэ? Хүүхдүүддээ юу үлдээнэ гэж боддог вэ?
-Манай гурав улсын сургуульд суралцдаг. Том маань Нэгдүгээр сургуульд, дундах нь “Шинэ эрин” гээд Кембрижийн хөтөлбөртэй улсын сургуульд сурч байна. Бага нь цэцэрлэгт. Хүүхдүүддээ сайн боловсрол олгоно. Үлдсэнийг нь тэд өөрсдөө бүтээнэ.
-Та үе үе шуугиан тарьдаг. Хошиг урлагийнхныг алиа салбадай нар гэж хэлчихээд нэг гал өрдөж байсан. Сүүлд та “Галзуураад байгаач” гэж хэлээд сошиалын од болсон. яагаад галзуураад байгаач гэсэн юм бэ?
-/Инээгээд/ энэ тийм сонирхолтой сэдэв гэж үү. Үнэндээ нэг их сүртэй юм болоогүй ээ. Камерын цаана нөхцөл байдал их өөр байдаг шүү дээ. Сүүлд тэр сэтгүүлчтэйгээ тараалдаад инээлдээд өнгөрсөн. Ер нь сэтгүүлчдэд аль болох нээлттэй байхыг хичээдэг.
-Амьдралд чинь үнэнээсээ галзуураад байгаач гэж хэлмээр үе хэр их гарч байна вэ?
-Байна аа байна. Төрийн албанд ажилласнаас хойших 16 жилд нэг ч удаа ээлжийн амралт авч үзээгүй гэж хэлж болно. Зарим жилд наадмаар ажилласан хэдэн өдрөө нөхөж 7 хоног амрах байдлаар явж ирсэн байна. Ар гэр, үр хүүхдүүддээ цаг гаргаж чадахгүйдээ заримдаа өөртөө бухимдана. Үндсэндээ эхнэрийн нуруун ар гэр явж байна. Заримдаа шантрах үе байна. Үр хүүхэд, ахуй амьдралаа хаячихаад ингээд явах ер нь хэрэг байна уу гэж бодох үе ч байна. Хувийн хэвшилд ороод цалин хангалттай амлаж байгаа газар ажиллаж болно. Гэхдээ мэргэжлийн амбиц гэж нэг зүйл байдаг. Анх ХЗДХЯ-нд Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг дуусгачихъя. Дараа нь хувийн эрх зүй буюу бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах 15, 16 хууль батлуулж дуусгана даа гэсэн маш их дэврүүн бодолтой орж байлаа. Залуу нас угаасаа нэг тийм дэврүүн байдаг даа. Үзэл баримтлалыг гаргаж, боловсруулсан бичсэн хууль, хуулийн төсөл чинь хүүхэдтэй ижил болчихдог. Хаяж чаддаггүй. Энийгээ л нэг бойжуулчих юмсан, УИХ-аар батлуулчих юмсан гэдэг бодол салахгүй. Нэг хуулийн ард хэчнээн олон хүний сэтгэл, зүтгэл, хөдөлмөр шингэсэн байдаг гэж бодно. Хуулийн нэг өгүүлбэр бичих хүртэл маш их мэдлэг, мэдээлэл, судалгаа, сэтгэл зүтгэл шаардагддаг ажил. Бүр нэг цэг, таслалаар яригдана. Мэтгэлцэнэ. Бүтэн өдрийн мэтгэлцээн болох нь ч бий. Эцэст нь УИХ-аар батлуулаад бодлого болгож гаргах, түүнийг Засгийн газартаа ойлгуулах хүртэл маш урт процесс өрнөдөг. Энэ үйл явц дунд л хуульч хүний амьдрал, мэргэжлийн амбиц өнгөрдөг байх шүү. Эцэст нь тэр хууль бодлого, соёл, хэв маяг болчихсон байхыг харах л хуульч мэргэжлийн кайф юм уу даа.
-Та үнэхээр шулуухан ярьдаг хүн байна л даа. гэхдээ энэ чинь улс төрчдөд бол халгаатай зан чанар гэдэг шүү дээ. Дээр нь хуулийн хүрээ, зарчим л ярьдаг хүн. Улс төр таны байх ёстой, таны амьдарч чадах газар мөн гэж та бодож байна уу?
-Тэрийг цаг хугацаа л харуулах байх. Асуултаас чинь бултаж байгаа юм биш. Хоосон үгээр хариулахыг ч хүсэхгүй байна. Бүхнийг цаг хугацаа, хувь хүний хичээл зүтгэл харуулах байх.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Ярилцсан М.УРАНЧИМЭГ
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS