Анужинтай, анимэйшнтэй, ардчилсан нээлт

Анужинтай, анимэйшнтэй, ардчилсан нээлт

...Шинэ өглөө, шинэ өглөө, өглөө, өглөө

Мал сүргийг минь надад өглөө

Маргаашаа шийдэх эрх өглөө

Буянт малыг минь буцааж өглөө

Бурхан шүтээнийг минь сэргээж өглөө

Бодсоноо бүтээх боломж өглөө

Зорьсноо гүйцээх зориг өглөө

Өглөө, өглөө, өглөө, өглөө...

Ардчилсан намын УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр ганцхан сонсоод аялгуу нь чихэнд хоногшиж, үг нь цээжлэгдчихсэн “Шинэ өглөө” дуу одоо ч аманд “хүлхэгдсээр”...

Авдаг биш, өгдөг нам гэдгээ ийм сайхан үгтэй дуугаар илэрхийлж, түүндээ гэгээлэг хөөрхөн анимэйшн клип хийчихсэн, бас виртуал хөтлөгч Анужингаар хүч нэмсэн, хэн нэгнийг харлуулж, хэсэг бүлэг рүү бүх бурууг чихэж давшлаагүй, хийхээр төлөвлөсөн, санаанд нь багтаж байгаа ажлын төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан шинэлэг арга хэмжээ боллоо, Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны нээлт.

Сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаа Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягийн илтгэлээр эхэлсэн. Ардчилсан намынхан түүнийг “Ялалт авчирч явсан намын дарга” хэмээдэг билээ. Н.Алтанхуяг “Ардчилсан нам засаг барьж байхдаа хоёрхон жилд 3000 км авто зам барьж, Монгол Улсаа хөгжлийн замтай болгосон бол МАН найман жил ноёрхохдоо Дарханы 200 км замыг ч бүрэн тавьж чадахгүй өнөөдөр ч ноцолдсоор байна. Бид 17 хувь байсан орон сууцын зээлийн хүүг 8 болгож, хоёр жилийн дотор 100 гаруй мянган айлыг тохилог орон сууцад оруулсан. Харин МАН засагласан 8 жилд ипотекийн зээл зогссон. Ардчиллынхны үед ЖДҮ-ийн зээл жинхэнэ эздэдээ хүрсэн. 1055 үйлдвэр үүд хаалгаа нээсэн. Сүүлийн 8 жилд аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа хааж, залуус минь ажил хайн, гадаадыг зорилоо. Ардчилсан нам засаг барьж байхад үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг хазаарлаж, бүр шатахууны үнийг бууруулж байсан түүхтэй. Ардчилсан намын үед Монголын төр нүд, чихээ нээж, иргэдийг сонсох 1111 төвийг байгуулсан. Төрийн хүнд суртлыг халах ТҮЦ машиныг байрлуулсан” хэмээн мартсаныг санууллаа.

Ардчилсан нам ахмад, дунд, залуу үедээ тэгш боломж олгож, нийгмийн бүх бүлгийн төлөөллийг нэр дэвшүүлсэн нь танилцуулгаас нь харагдаж буй. Энэ удаагийн сонгуульд залуусын төлөөлөл болон оролцож буй С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу нар мөн нээлтийн ажиллагаанд үг хэлэв. Улс төрчдийн алдааг засах улаан бал болохоо илэрхийлж, улаан микрофоноо барьсаар гарч ирсэн Ч.Лодойсамбуу “Ардчилалтай хамт төрж, ардчилалтай хамт өссөн бидний үеийнхэнд эрх чөлөөнөөс үнэтэй зүйл нэгээхэн ч үгүй ээ. Бодлоо цагдуулж, босгосноо нураалгаж, биенээсээ бусдыг хураалгачхаад, үеийнхээ залуусын хаан болох хүсэлд нь хүргэх шат болоод бөхийж зогсохыг бид лав тэсэхгүй ээ.

Ардчиллаар амьсгалж хүн болсон залуус бид авлигачдаар яаж амьдрахаа заалгаж бас зандруулж үзлээ. Дургүйцлээ илэрхийлээд, дамжлуулж өргүүлээд, торны цаана ч сууж үзлээ. Дүн өвлөөр эрх чөлөөний хонх цохиж, дарангуй, бурангуйг халсан ардчилагчдын нүдэнд тэр үед юу харагдаж, чихэнд юу сонсогдож, зүрхэнд юу мэдрэгдэж байсныг одоо л бид ойлгож байна. Оройтсон борооны араас цув нөмрөв гэж монголчууд хэлдэг. Оройтохоосоо өмнө цул болж нэгдьюү хэмээн Ардчилсан намаасаа улс төрийн дэвжээнд гарч байна” хэмээсэн.

МАН-ын 8 жилийн ноёрхлыг үргэлжлүүлэх үү, өөрчлөх үү гэдгийг шийдэх эгзэгтэй цаг үед Ардчилсан нам хэмээх итгэл найдварын хөлгийн залуур дээр байгаа хүн бол Ардчилсан намын дарга Л.Гантөмөр. “Үндэсний хэмжээний намын дарга, багийн удирдагчийн хувьд фронтоо командална” хэмээн нэр дэвшигчдийн жагсаалтаа тэргүүлж буй Л.Гантөмөр нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ “Бид мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа 300 мянган хүний хүсэл, зорилгыг сонссон. Энэ олон хүний хүсэл, зорилгыг нэгтгэн бид “Эрчимт хөгжлийн төлөвлөгөө”-гөө боловсруулсан. Үүнийгээ хэрэгжүүлэх дөрвөн жилийг бидэнд олгохыг монголчуудаасаа хүсэж байна.

Өнгөрсөн 8 жилийн амьдралыг монголчууд янз бүрээр дүгнэж буй. “Алдагдсан 8 жил”, “Дарангуйлал тогтсон 8 жил”, “Там шиг 8 жил байлаа”, “Байлдаж байгаа юм шиг 8 жил” гэж байна. Харамсалтай нь өнгөрсөн 8 жилд монголчуудад тулгарч буй асуудлуудыг шийдээгүйг хүн бүр хэлж байгаа. Ажилгүйдэл, ядуурал, авлига, хулгай шийдэгдсэнгүй. Үнийн өсөлт улам галзуурлаа. Тог тасардаг, шатахуун авахаар дугаарладаг боллоо. Боловсрол, эрүүл мэндийн салбар доройтсон.

Үнэхээр асуудлуудыг шийдээгүй учраас Ардчилсан намыг одоо ажил хийгээд өгөөч ээ гэдэг хүсэл, санал санаачилгыг монголчууд бидэнд өгсөн. Манай 126 нэр дэвшигч ялгуусан ялалт авчирна гэдэгт итгэл төгс байна. Салхи үнэхээр эргэсээн. 

Бид утаа, түгжрэлийг хэрхэн шийдэх вэ, боловсролын салбарыг хэрхэн “босгож” ирэх вэ, залуус нь эх орондоо амьдардаг улсыг хэрхэн бий болгох вэ гэдэгт гол анхаарлаа хандуулах ёстой болоод байна. Үйлдвэрлэлийг босгож ирэхгүйгээр Монгол босохгүй ээ. Үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох тухай бүх эдийн засгийн тооцоо Ардчилсан намд бий. Үүнийг ажил болгох нь 2024 оны сонгуулийн онцлог байх болно гэдгийг дахин хэлье. Бидний их ажлын төлөвлөгөөг гурван зүйл дээр томьёолж хэлмээр байна.

Хамгийн түрүүнд бид монгол хүндээ анхаарах ёстой. Хүчирхэг улс болъё гэвэл ард түмэн нь хүчирхэг болох ёстой. Иргэд нь хүчирхэг биш болохоор юу болдгийг бид харсан. Лукашенко гэдэг нөхөр Монголд ирээд Монголын төр ямар байхыг заах гэж байна. Биднийг доромжилж байна. Монгол хэзээ ч гаднын ямар нэгэн удирдагчаар дотоод асуудлаа хэлүүлж, заалгаж байгаагүй ард түмэн шүү. Тиймээс бид хүчирхэг монгол хүнийг бүтээхийн төлөө ажиллана.

Монгол хүн, монгол айл, монгол гэр бүл бүр аз жаргалтай, хийморьтой, хүчтэй, зоригтой, итгэлтэй ард түмнийг бүтээх үндэс суурийг тавьсан ирэх дөрвөн жилийг харна аа, бүгдээрээ. Монгол хүн ажилтай, орлоготой байх ёстой.

Боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарахгүй бол монгол үндэстэнд аюулын харанга дохиж байна. Өнөөдрийн утаа тортог, ууж байгаа эм, идэж ууж буй хоол хүнс монгол хүний генд нөлөөлж байна. Тиймээс бид эрүүл мэндийн салбараа “босгож ирэх” ёстой. Хавдрыг Монголдоо эмчилж чаддаг улс болно гэдгийг дахин хэлмээр байна.

Одоогийн Засгийн газрын хийж байгаа зүйл бол яаж гал унтраах вэ, яаж бэлэнчлэх сэтгэлгээг дэвэргэх вэ, яаж өнгөөр, мөнгөөр аргалах вэ гэдэг он жилүүд өнгөрч байна. Монголын эдийн засаг “хорт хавдар” туссан. Үүнийг эмчлэх ганц арга нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Түүхий эдийн экспортлогч байхаа больж, үндэсний үйлдвэрлэлээ Төв Азид гайхуулсан орон болгох дөрвөн жилийн төлөвлөгөө бидэнд байна. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ардчилагчид маань сонгуульд ялах болно.

Гурав дахь нь Монголын төр. Монголын төр өнөөдөр дүлий болсон. Дарга нар эрх ямбанд умбасан. Тэд яагаад зөвхөн өөртөө тааламжтай ажлыг хийгээд байгаа юм бэ. Долоо, найман тэрбум төгрөгөөр алтан хөшөө бариад музейд тавьсан тухай яригдаж байна. Яагаад долоо, найман тэрбумыг эрүүл мэндийн салбар, үйлдвэрлэл хөгжүүлэхэд зориулахгүй байгаа юм бэ. Ирэх дөрвөн жил бол дарга нарын эрх ямбыг халсан жил байх болно. УИХ-ын гишүүдийн тусгай ямбыг халах хэрэгтэй. Хорих ял авчихаад УИХ-д кноп дараад сууж байна. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад УИХ дээр ирээд сонсгол хийгээд сууж байна, тэр гишүүн. Иймээс ирэх дөрвөн жилд УИХ-ын гишүүдийн дархан эрхийг халах хэрэгтэй. Түмний нэг болгох ёстой. Шүүхийн өмнө бусадтай яг адилхан очдог байх ёстой. Ингэж бид монгол төрийг Монголын ард түмний төр болгоно.

Ардчилсан намын төлөвлөгөө ажил болно гэдгийг амлаж байна. Хоосон амлалт биш, ажил хийсэн он жилүүдийг та бүхэн харах болно. Та бүхэндээ ялалт, амжилтыг хүсэн ерөөе” гэв.

Ингээд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр болон намын гишүүд, дэмжигчид намын тугаа мандуулснаар нээлтийн үйл ажиллагаа өндөрлөв.

Ардчилсан намын туганд мөнх тэнгэрийн хөх өнгө бий. Энэ туганд монгол хүний малгайн залаа шиг гал улаан өнгө бий. Энэ туганд эгэл түмний маань сэтгэл шиг үүлэн цагаан өнгө бас бий. Энэ бол эрх чөлөөт, цог золбоот монгол түмний сүлд хийморийг даллан дуудах ардчиллын далбаа юм гэсэн хөтлөгчийн үгээр сурвалжилгаа өндөрлөе.

Ардчиллаа үгүйлсэн, ардчиллын шинэ давлагааг хүсэмжилсэн зон олны давлагаа түрхэрсэн тэр танхимаас “Ардчилсан нам найман жилийн навс ялагдлын дараах сонгуульдаа ихээхэн бодож, төлөвлөж, эмх цэгцтэй, шинэлэг байдлаар оролцож буй юм байна” гэсэн мэдрэмжтэй гарснаа бас тэмдэглэе.

 

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

4 цаг 1 мин

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав

4 цаг 27 мин

Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

5 цаг 10 мин

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

23 цаг 28 мин

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

Өчигдөр 12 цаг 45 мин

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

Уржигдар 10 цаг 22 мин

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

Уржигдар 09 цаг 33 мин

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

2024-11-19

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

2024-11-19

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН 8 КОМПАНИ “ТОП-100” ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

2024-11-15

Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

2024-11-15

Хууль зүйн яамны мэргэжилтэн луйврын хэргээс болж амиа егүүтгэжээ

2024-11-14

Ерөнхийлөгчийг " цайз " болгодог Б.Цэнгэл дарга “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилогдох уу?

2024-11-14

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын Dior-ын хослол АНУ-ын тэргүүн хатагтайтай ижилсэв

2024-11-14

ТЕГ-ын дарга асан Р.Болдын нууц хүү гэгддэг Э.Жононбаярын бизнесийн "ЖОНОН"-ГУУД

2024-11-13

Анализ: “Херо” Б.Баатарын найруулгаар “Капитал” банкны А.Ариунболд гэнэт гарч ирж, ярьсны учир юу вэ?

2024-11-12

“Гоолингоо” төвийн бүжгийн багш, спортын мастер Р.Ариунтунгалаг: Буруу зохисгүй хооллочихоод бурууг нь гурил руу чихэж болохгүй

2024-11-12

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

2024-11-19

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

4 цаг 1 мин

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

Уржигдар 10 цаг 22 мин

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

Уржигдар 09 цаг 33 мин

Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

5 цаг 10 мин

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

Өчигдөр 12 цаг 45 мин

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

23 цаг 28 мин

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

2024-11-19

БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав

4 цаг 27 мин

Сурталчилгаа