Т.Ням-Очир: 1-5 дугаар ангийн сурагчдыг сурах бичгээр 100 хувь хангана

Боловсролын салбарт энэ онд шинээр болон дамжин хэрэгжиж буй барилга байгууламжийн 230 гаруй төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир мэдээллээ. Түүний хэлснээр, эдгээр төслийн 100 орчим нь өмнөх онуудаас шилжин ирсэн байна. Төслийн зураг төсвийг анх зарлахдаа өмнөх оны магадлалаар тооцдог ч явцын дунд дахин магадлал хийхэд төсөв нэмэгдэх шаардлага үүсдэг нь томоохон хүндрэл дагуулдаг ажээ.

Засгийн газрын зүгээс энэхүү асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд ажлаа хугацаандаа гүйцэтгээгүй, удаа дараа зөрчил гаргасан компаниудыг хар жагсаалтад оруулах санал гаргаж, шаардлагатай тохиолдолд гэрээг цуцлан дараагийн аж ахуйн нэгжид шилжүүлэх арга хэмжээ авч байгааг онцоллоо.

Энэ онд нийт 79 төсөл, арга хэмжээг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 22 төсөл бүрэн хэрэгжиж дуусжээ. Үүнд 10 мянган сурагчийн суудал бүхий 21 сургууль, 1400 гаруй орны багтаамжтай 17 цэцэрлэг ашиглалтад ороод байна. Цаашид үлдсэн хугацаанд 22 сургууль, 21 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд зөвхөн есдүгээр сард багтаан 25 сургууль, цэцэрлэг, спорт заал, дотуур байрыг хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байгааг тэрбээр дурдлаа.

Мөн сурагчдын сурах бичгийн хүртээмжийн талаар хэлэхдээ, Боловсролын ерөнхий газрын судалгаагаар хоёрдугаар ангиас тавдугаар ангийн сурах бичгийн хангалт хэвийн хэмжээнд байна. Зарим сургуулиудын элсэлт төлөвлөснөөс давсан эсвэл дутсан тохиолдол гарч байгаа тул сургууль болон анги бүлэг хооронд сурах бичиг шилжүүлэх ажлыг есдүгээр сард багтаан зохион байгуулж байгаа гэлээ. 

Харин дунд болон ахлах ангийн сурагчдын тухайд сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан түрээслэх эсвэл худалдан авах боломжтой юм. Түрээсээр ашиглах хүсэлтэй сурагчид анги удирдсан багшаараа дамжуулан номын санчид захиалга өгөх боломжтой бөгөөд эцэг эхчүүд өөрсдөө худалдан авах сонголт ч нээлттэй байгааг тэрбээр нэмж тодотгов.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.