Парламентаас “шүд сугалах” замаар У.Хүрэлсүх орж ирж, Засгийн газраас “шүд сугалах” замаар Н.Учрал 30-ийн бүлгийг хөөх үү

Парламентаас “шүд сугалах” замаар У.Хүрэлсүх орж ирж, Засгийн газраас “шүд сугалах” замаар Н.Учрал 30-ийн бүлгийг хөөх үү

Ерөнхийлөгчийгөө өөрийнх нь хүсэлтээр “явуулаад” энэ долоо хоногийн улс төр шуудрах тийшээгээ хандлаа. Чингээд УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж эхлэв. Арванхоёрдугаар сараас өмнө Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг парламентаар зарлах чигтэй байна. Ингэснээр Ерөнхийлөгчийн суудалд горилогчид албан ёсоор тодорч, сонгуулийн сурталчилгаа эхлэх үйл явцууд хуулийн дагуу өрнөх юм. Чингэхлээр гуравдугаар сар гэхэд шинэ ерөнхийлөгчтэй болохоор байна. Одоо улстөр илүү шуурхай, илүү хурц өрнөнө гэсэн үг. 
 
- Парламентаас “шүд сугалах” замаар У.Хүрэлсүх орж ирж намаа авах уу -
 
Парламентаас “шүд сугалах” замаар Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх орж ирэх үү гэдэг асуудал дараагийн анхаарал татсан сэдэв болох нь дамжиггүй байна. “Эргэж ирнэ” гэдгээ ч сийхгүй хэлчихлээ. Сүүлчийн чуулган дээр тэрбээр “Ер нь хоёр шатлалт парламенттай байж, тэндээс Ерөнхийлөгчөө сонгодог болох уу. Эсвэл Ерөнхийлөгчийн тогтолцоотой болж, Ерөнхийлөгч Засгийн газраа бүрдүүлээд явдаг байх уу. Үүнийг одоо сонгуулийн өмнө ард түмний санал асуулга явуулж, нэг тийш болгосон нь дээр” гэдэг байр суурийг хэдэнтээ илэрхийллээ. 
 

Монголын улс төр цаашид яах вэ гэсэн асуултын хариу хөшигний ард олон хувилбар яригдсаны хамгийн “аймаар” нь УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, парламентаас явуулах ажиллагаа өрнөж болзошгүй бөгөөд түүний оронд Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх нэр дэвшин парламентад орж ирнэ. Цаашлаад намаа авснаар Ерөнхий сайд болох замаа засах зураглал ч өрнөж мэдэх нь ээ.
 

Суудлаасаа буусан Ерөнхийлөгч нар уруугаа, улс төр лүү эргэж зүтгэдэг явдал шинэ юм биш. Албан тушаалаасаа буугаад намын дотоод асуудлаа самардаг үзэгдэл АН-д ч, МАН-д ч байсан. Иймд, “Ерөнхийлөгчөөр ажилласан хүн зургаан жилийн хугацаанд намын гишүүнчлэлээ сэргээхгүй байх” зохицуулалтыг Ерөнхийлөгчийн тухай хуульд оруулах ёстой гэдэг байр суурийг сөрөг хүчнээс Х.Тэмүүжин илэрхийлэв. 
 
- Засгийн газраас “шүд сугалах” замаар Н.Учрал 30-ийн бүлгийг хөөх үү -
 
Засгийн газраас “шүд сугалах” замаар багаа хэрхэн шинэчлэх вэ гэдэг асуудал анхаарлын төвд бий. Одоо Н.Учрал өөрийн Засгийн газар, нам доторх дэмжлэг, улс төрийн бие даасан байдлаа харуулах цаг, шаардлагын өмнө ирээд байна. 
 

Энэ дагуу бол ирэх Долоо хоногт танхимдаа халаа сэлгээ хийх үйл явцаар үргэлжлүүлэх нигууртай байна. Үүний эхлэл болгож өчигдөр /2026.11.19/ оройн цагаар ЗГХЭГ-ын даргын томилгоог МАН-ын Удирдах зөвлөлөөр шийдвэрлүүллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн нэр тодров. Ерөнхийлөгч асны сонголт гэгдэж байгаа. Уг нь Н.Учрал Засгийн газрын гал тогоогоо буюу ЗГХЭГ-ын даргаа Ж.Энхбаяраар бариулах өндөр сонирхолтой байв. Гэвч өнөөх нь ЗГХЭГ-ын даргаас ч, Батлан хамгаалахын сайдаас ч татгалзжээ. 
 

Харин ЭЗХЯ-ны сайдад Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нар амбицлаж байгаа аж. Гэхдээ Ж.Энхбаяр зайгаа тавьж өгөхгүй байр суурьтай. Батлан хамгаалахын сайдад Б.Энхбаяр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Ж.Ганбаатар нар горилж байна. Б.Энхбаярыг авилгын асуудлаа дэнслүүлэхээс нааш олон нийт хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой болсон. Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн оронд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын оронд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг томилж, түүний оронд УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томилох санал МАН-ынхан дунд яригджээ. Ж.Алдаржавхлангаас Соёлын яамыг авах асуудал яригдсан ч, орных нь томилгоог хэрхэн хийх нь тодорхой бус байна. Засгийн газар дахь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын төлөөний сайд нараас Ч.Номин, Ц.Идэрбат, Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир нар үлдээд буй. У.Хүрэлсүхийн намаа цэвэрлэх шахалтаар бол тэднийг аваад шидчихэж мэдэхээр нөхцөл байдалтай байгаа нь үнэн билээ. 
 

2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа энэ үед сайдын суудал зөвхөн гүйцэтгэх засаглалын ажил биш улс төрийн кампанит ажлын нөлөөллийн хэрэгсэл болж хувирна. Эцсийн дүндээ Н.Учрал сайд нараа өөрийн үзэмжээр солих бус, фракцуудын дэмжлэгийг хадгалах тохиролцоонд хүрч магадгүй. Засгийн газрын тогтвортой байдлаа харгалзана гэвэл шүү дээ. Харин хамгийн сонирхолтой өрнөл нь У.Хүрэлсүх ба Н.Учралын харилцаа цаашид хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг асуудал. Нэг нь төрийн тэргүүний албан тушаалаас бууж, нөгөө нь Засгийн газрын тэргүүний хувиар эрх мэдлээ бэхжүүлэх гэж байгаа энэ үед тэдний улс төрийн ашиг сонирхол цаашид нийцэх үү, эсвэл зөрчилдөх үү. У.Хүрэлсүх албан тушаалаа өгсөн ч түүний улс төрийн нөлөө үлдэх эсэх, Н.Учрал Ерөнхий сайдын суудалд суусан ч бие даасан эрх мэдэлтэй болж чадах эсэх нь МАН-ын дараагийн улс төрийн гол өрсөлдөөн болно.
 

П.БААТАР

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.