7.1 тэрбумыг тойрсон дуулиан: Ерөнхий сайд ээжийгээ өмөөрч, Т.Ням-Очир “хавчигдав”

7.1 тэрбумыг тойрсон дуулиан: Ерөнхий сайд ээжийгээ өмөөрч, Т.Ням-Очир “хавчигдав”

УИХ-ын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр хувийн гурван сургуульд 7.1 тэрбум төгрөг буюу зарим эх сурвалжийн мэдээлснээр нийт 9.8 тэрбум төгрөг хүртэлх дэмжлэг хуваарилахаар тусгасан нь улс төрийн хүрээнд томоохон маргаан дагуулаад байна. Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайдын ээжийн эзэмшлийн сургууль /Ikh ZasagKing/ багтсан нь анхаарал татаж байгаа юм. 

Энэхүү асуудлын эхлэл нь төсвийн тодотголд тусгагдсан "Гэрт ойр сургууль" хөтөлбөртэй шууд холбоотой юм. Нийслэлийн төрийн өмчийн сургуулиудын ачаалал, анги дүүргэлтийг бууруулах зорилгоор Засгийн газраас уг хөтөлбөрт нийт 50 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэвч тус төсвийн задаргааг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүд ноцтой зөрчлүүдийг илрүүлэн тодотгосон юм.

Тодруулбал, хөтөлбөрийн 50 тэрбум төгрөгийн төсвөөс Хан-Уул дүүрэгт байрлах "Их засаг кинг" (Их Засаг Кингс Скүүл), "Шинэ санаа", "Империал" гэх хувийн гурван сургуулийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, материаллаг баазыг сайжруулахад 7.1 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан байжээ.

Нийтийн бүртгэлийн мэдээллээс үзвэл, "Их засаг кинг" сургуулийн эцсийн өмчлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал нь Ерөнхий сайд Н.Учралын төрсөн ээж Ж.Цэцэгмаа аж.

Төрийн хэмнэлтийн бодлого хэрэгжиж буй энэ үед Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий хувийн сургуульд улсын төсвөөс их хэмжээний санхүүжилт олгохоор төлөвлөсөн нь сөрөг хүчин болон иргэдийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Үүссэн нөхцөл байдалд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын өгсөн зөрүүтэй тайлбарууд маргааныг улам даамжруулав. Тэрээр эхний мэдэгдэлдээ "Их засаг кинг", "Шинэ санаа", "Империал" сургуулиуд тус яаманд албан ёсоор хүсэлт гаргаж, төсвийн тоног төхөөрөмжийн дэмжлэгт хамрагдахаар болсон хэмээсэн.

Гэвч олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны дараа Т.Ням-Очир хэдхэн цагийн дотор байр сууриа өөрчилж, хувийн хэвшилд тоног төхөөрөмж, тавилга худалдан авч өгөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй, зөвхөн хувьсах зардлыг санхүүжүүлдэг хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн Боловсролын яамнаас ачаалал бууруулах зорилгоор "Их засаг кинг" сургуульд хамтран ажиллах санал тавьсан боловч тус сургууль татгалзсан хэмээн тайлбарласан байна. 

Нөгөөтэйгүүр, "Их засаг кинг" сургуулийн захирал Ж.Цэцэгмаа албан ёсны мэдэгдэл гаргаж, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын анхны тайлбарыг бүрэн үгүйсгэлээ. Тэрээр өөрийн сургуулийг төрөөс ямар нэгэн тоног төхөөрөмж, санхүүгийн дэмжлэг хүсээгүй бөгөөд аваагүй хэмээн эрс няцаасан байна. Энэхүү зөрүүтэй мэдээллүүд нь Боловсролын яам болон Ерөнхий сайд Н.Учралыг төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр хүнд байдалд оруулж, сөрөг хүчний гишүүд хариуцлага нэхэн, үнэн зөв мэдээллийг шаардсаар байна.

Мөн Ерөнхий сайд Н.Учрал өгсөн мэдээлэлдээ “Манай гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Нотлох баримт ч байхгүй. Улсын Ерөнхий сайд хүн тийм утгагүй юм хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр Боловсролын яам тэр санхүүжилтээ ил тод нээлттэйгээр түмэн олондоо ярих хэрэгтэй. Будилуу байдлаар биш нотлох баримттайгаар ярих хэрэгтэй. Төсөв дээр суулгачихсан байгаа тэр хөтөлбөрөө олон нийтэд ямар зорилготой, ямар үйл ажиллагаа вэ гэдэг талаар нээлттэй, ил тод тайлбарлах нь зүйтэй” гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.