Ганг бид хоёр анх Madness хамтлагаар холбогдож танилцаж байлаа. Гэхдээ намайг Madness-т орох үеэр Ганг Швед явчихсан байсан болохоор бид хоёр шууд танилцаж таараагүй

Ганг бид хоёр анх Madness хамтлагаар холбогдож танилцаж байлаа. Гэхдээ намайг Madness-т орох үеэр Ганг Швед явчихсан байсан болохоор бид хоёр шууд танилцаж таараагүй
Ганг бид хоёр анх Madness хамтлагаар холбогдож танилцаж байлаа. Гэхдээ намайг Madness-т орох үеэр Ганг Швед явчихсан байсан болохоор бид хоёр шууд танилцаж таараагүй. Ганг-ийг эзгүй хооронд Madness цомгоо бичүүлж байх үедээ, ер нь намайг хамтлагт нь орсноос хойш сонссон хүн бараг чихээрээ дурлатал, мундаг авьяастай залуу гэж Ганг-ийг их ч ярьдаг байлаа. Тиймдээ ч тэр айхтар авьяастай залууг харах юмсан гэсэн хүсэл цээжний маань мухарт төрөх болсон байх. Madness-ийн CD хэвлэлтээс ирээд удаагүй байсан үе…
 
Гэнэт нэг өдөр Сайхнаа “Маргааш 17 цагт Riversounds-т бэлтгэлтэй шүү. Ганг ирсэн, хамт бэлтгэл хийнэ” гэлээ. Би ч маргааш нь яг цагтаа яваад очлоо. Манайхан тэгэхэд хоцорч таарсан байх. Дотогшоо яваад ортол нэг нөхөр тайзан дээр ганцаараа гитар барьчихсан сууж байна. Мэдээж өмнө хараагүй, танихгүй залуу гитартай сууж байхаар Ганг байна гэж шууд л мэдсэн. Дөхөж очоод “Чи Ганг уу?” гэсэн хальт жуумалзангаа “Тийм ээ. Чи Дээгий юу?” л гэж байна. Би ч “Тийн” гэсээр юу юу дуулдгаа хэллээ, тэгсэн Ганг “Бүгдийг нь мэднээ л” гэж байна. Ингэж бид хоёр нэгнээ анх харж байлаа.
 
Миний дотроо төсөөлөн бодсон залуу ерөөсөө биш байлаа л даа. Үснийхээ урд хэсгийг шараар будсан, баруунжуу хэв маягтай, трапецандуу жийнс, энгэр задгай, нимгэн цоохор зуны цамцтай, өвөрмөц царайтай, онигор залуу байсан. Би ч яахав дандаа эрчүүдтэй ажилладаг байсан болохоор тэр үед нэг их тоосонгүй, хамтлагийнхаа хэдийг хүлээнгээ хамт тамхилаад танилцаад л өнгөрсөн. Түүнээс хойш бид хоёр сайхан найзууд болоод хамт тоглодог болсон доо. Найзууд болчихоод хааяа студи дээр таарна, энгийн сайхан харилцана. Тэгтэл Ганг гэрээсээ хөөгдсөн, студи дээрээ хонон өнжин байх болсныг анх сонсоод найзын хувиар их л өрөвдөж өөрийнхөө түрээсийн байрны нэг өрөөнд байж болно шүү гэж хэлж байлаа.
 
Миний анхны сингл болох Долгионы ая, Эмүүжингийн үг “Тунирхаж бас аргадаж чадна” дуу гарч байсан үе. Тэгэхэд Ганг бид хоёр ч бас дотносон үерхэж эхлээд байсан үе. Тэр үед миний ойр тойрны олон хүн, аав маань бас амьд байсан, бид хоёрын харилцаанд дурамжхан хандана. Мань эр жаахан балгачихдаг байсан болохоор охин хүүхдийн амьдрал, эмэгтэй дуучны карьерт халгаатай л гэж эмээцгээж байсан биз. Би ч дотроо Ганг-ийн авьясасыг үнэхээр их хайрлаж, хүндэлдэг, тэр их авьяасыг хайрлаж хамгаалах хэрэгтэй санагдсан болохоор тэр тусам нь тэр бүх дургүйцлийг сөрж өөрийнхөөрөө зүтгэж хувь тавилангаа сонгосон. Нөхөртэйгөө хамтдаа байх замыг сонгосон энэ хувь тавиландаа хэзээ ч харамсаж, шантарч байгаагүй ээ. Эндээс эхлээд Ганг бид хоёр гэр бүл болж, дөрвөн сайхан охины аав, ээж болсон өрнүүн түүх хөвөрнө...
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.