С.Бямбацогтын 13 зөвлөхийн сет: Эхнэрийн дүү, эхнэр нөхөр хамтдаа, Н.Учралын экс зөвлөх, хувийн туслахаас нь зөвлөх болсон хүүхэн хүний ёндоо

С.Бямбацогтын 13 зөвлөхийн сет: Эхнэрийн дүү, эхнэр нөхөр хамтдаа, Н.Учралын экс зөвлөх, хувийн туслахаас нь зөвлөх болсон хүүхэн хүний ёндоо
Мэдээг сонсох
0:00
--:--

УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгч цаашлаад Ерөнхий сайд болох амбицтай гэдэг нь хоосон мөрөөдөл, зүүд биш гэдгийг түүний пиар тавилт, сошиал хөтлөлт, үг үйлдэл бүрээс харж болно. Дрон нисгэсэн болгон түүн шиг Ерөнхийлөгчтэй барьцахаар гялгар рийл хийчихдэггүй. Наад зах нь зөвлөхийн тоо нь одоогийн Ерөнхий сайд Н.Учралтай адил буюу 13. Хэдүүлээ УИХ-ын даргын олноос нууцалдаг 13 зөвлөхийн 10 нь хэн нь хэн болохыг хамтдаа харцгаая. 

Үлдсэн хоёр зөвлөхийн мэдээлэл нууцлалтай “сүнс” зөвлөхүүд болоод байгаа ч цалин пүнлүүгээ авч яваа нь тодорхой. Бидний татварын мөнгөөр ямар хүмүүс цалинжиж төрд зүтгэж чухам юу зөвлөж байдаг нь анхаарах ёстой сэдэв юм. Бүр цаашилбал улсын төсөв мөнгө чанга, дор бүрнээ бүсээ чангалах тухай ярьж байхад эрхэм спикерт 13 зөвлөх яг хэрэгтэй юу, үгүй юу гэдэг асуудал ч хөндөгдөнө.

С.Бямбацогтын ахлах зөвлөх С.Раднаасэд нь Н.Энхбаяр, Г.Занданшатар нарт зөвлөж байсан

Говь-Алтайн ботго ихэрлүүлэгч гишүүнээс өмнө С.Раднаасэд нутгийнхаа сор нь байж 2016-2020 оны парламентад сонгогдож байв. Ясны хуульч, МУИС-ийн бүтээгдэхүүн тэрбээр 2007-2009 онд АТГ-д Судалгаа шинжилгээний албаны дарга хийж байсан ба 2009 ондоо Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын Хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдож байв. УИХ-д дахин сонгогдоогүй ч түүний ордонд өрөөтэй байх замнал УИХ-ын дарга асан Г.Занданшатарын ахлах зөвлөх, ЗГХЭГ-ын дэд даргаар үргэлжлүүлэн ажилласнаар үргэлжилсэн. Товчхондоо парламентын ажлын албыг удирдах, хуулийн төсөл ягштал зангидах усгүй ажиллах мэргэн түшмэл гэсэн үг.  

Улс төрийн зөвлөх Г.Нарангэрэлийнх нь нөхөр Я.Энхбаатар Мэдээлэл технологийг нь хариуцан зөвлөдөг

С.Раднаасэдээс илүү эрх мэдэлтэй өөр нэгэн “даам” зөвлөх байдаг нь Г.Нарангэрэл гэж тамхины цэгээр нэг яриа өрнөх болсон. Даам гэдэг нь нөхөр нь Мэдээлэл технологийг нь хариуцсан зөвлөхөөр томилогдсон гэдгээс илэрхий гэж харж болох үндэслэлтэй. Гэр бүлээрээ төрийн ордонд нэг хүн дээр зөвлөх байна гэдэг тэр бүр байдаггүй жишиг.

Саяхны COP17 бага хурлын бэлтгэл мэдээ пиарын хүрээнд хэвлэлийн гэрээг энэ гэр бүл “базсан” бөгөөд яаж холион бантан, жонхуу зуурч болдгийг яруу тодоор харуулж хэл аманд өртөөд амжсан. Гэвчиг даргадаа улс төрийн зөвлөх нь таалагддаг бол энэ дайны эрсдлээр ажлаас халахгүй. Г.Нарангэрэл С.Бямбацогтын туслахаар ажлын гараагаа эхэлсэн бол өнөөдөр нөхөртэйгөө хоёул байж болох хамгийн өндөр албан тушаалдаа очоод байна гэсэн үг.

С.Бямбацогтыг өрөөний буйдан, мөнгөн аягатай нь таниулсан туслахаас эрх зөвлөх болсон П.Тамир

С.Бямбацогтыг Батлан хамгаалахын яаманд байхад нь өрөөний буйдан чийг татаж байна, арьсан буйдангаар соль, манай дарга 50 нас хүрлээ, мөнгөн аяга нь даргад хэрэггүй, би авчихъя гэж гүйснээр хэвлэлийн баатар болсон бүсгүй бол П.Тамир. С.Бямбацогтын туслах байсан П.Тамир өдгөө УИХ-ын дарга болоход нь Нийгмийн бодлого хариуцсан зөвлөхөөр нь ажиллахын сацуу СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн болж намдаа зүтгэж байна. Бүтэн өгүүлбэр түгдрэхгүй хэлж чаддаггүй залуу бүсгүйг бүтэн улстөрч болтол нь бэлдэх гэж С.Бямбацогт дэвшүүлсээр байгаа нь намдаа нэг ч гэсэн дажгүй улстөрч эмэгтэй өгье гэсэн сайхан сэтгэл ч юм боловуу. бүү мэд.

Туслахаас зөвлөх болоогүй шүүх, эрх зүйн салбарын зузаан туршлагатай Н.Отгончимэг

С.Бямбацогтын Хууль зүйн бодлогын зөвлөх хуульч Н.Отгончимэг ШЕЗ-ийн гишүүн байсан. Тус зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж одоогийн албандаа томилогдсон. Түүнийг ШЕЗ-ийн хараат бус гишүүний ажлаа хугацаанаас нь өмнө орхиж УИХ-ын даргын зөвлөхөөр очих шийдвэр гаргахад тухайн үед зарим хуульчид болон УИХ-ын гишүүдийн зүгээс "Шүүхийн хараат бус байдлын зарчим алдагдаж байна" хэмээн шүүмжлэлтэй хандаж байв.

Н.Учралд зөвлөж байсан Хөгжлийн банкны Б.Анар С.Бямбацогтод дагаар оржээ

УИХ-ын дарга С.Бямбацогтын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөх Б.Анар Сангийн яаманд худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга, Эдийн засаг, хөгжлийн яамны газрын дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Тэрээр Ерөнхий сайд Н.Учралыг УИХ-ын дарга байхад Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр нь томилогдон ажиллаж байв. Төрд хэрэгтэй зайран гэдэг шиг төрийн гурван өндөрлөгийн аль нэгд зөвлөж байх ёстой супер тархи гэж үзэн С.Бямбацогт түүнийг шилжээ.

Яруу найрагч И.Буянжаргал С.Бямбацогтын Хэвлэл мэдээллийн зөвлөхөөр ажиллаж байна

УИХ-ын дарга С.Бямбацогтын Хэвлэл мэдээллийн зөвлөх И.Буянжаргал Монголын сэтгүүл зүй, уран зохиолын салбарт сэтгүүлч, яруу найрагч гэдгээрээ танигдсан нэгэн. Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн бөгөөд уран бүтээлийн хэд хэдэн ном хэвлүүлж байсан уран бүтээлчийг УИХ-ын дарга дэргэдээ авчээ. Ингэснээр түүний хэлэх үгс яруу сайхан донжтой, ухаалаг болно гэсэн үг. Түүний үндсэн үүрэг нь парламентын үйл ажиллагаа, батлагдаж буй хууль тогтоомжуудыг иргэдэд нээлттэй, ил тод, шуурхай хүргэх, спикерийн хэвлэл мэдээллийн бодлого болон олон нийттэй харилцах ажлыг зангидан зохицуулахад чиглэдэг. Гялгар рийл байхын хажуугаар уран үгсийн шидийг С.Бямбацогт тооцоолжээ.

Үндэсний телевизийн хүүхдийн редакцын Б.Оюунчимэг С.Бямбацогтын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны зөвлөх

МҮОНРТ-ийн нэгдүгээр сувагт Хүүхдийн редакцийг ахалж байсан Б.Оюунчимэг С.Бямбацогтын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны зөвлөх байгаа нь нүдэнд содон тусах. Ер нь Үндэсний тв хэмээх айлаас улс төрд гишүүн болсон хүмүүс нэгээр тогтохгүй. М.Оюунчимэг, Д.Сарангэрэл гэхчлэн дурьдаж болж байна. Б.Оюунчимэг парламентын гадаад харилцааг өргөжүүлэх, олон улсын хууль тогтоох байгууллагууд болон Дипломат төлөөлөгчийн газруудтай хамтран ажиллах бодлогыг зангиддаг. Мөн УИХ-ын даргын гадаад айлчлал, олон улсын дээд хэмжээний уулзалт, чуулга уулзалт (жишээлбэл, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурал буюу COP17-ын хүрээн дэх Парламентын форум гэх мэт)-ыг зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлж байгаа. Парламентын ардчиллыг бэхжүүлэх "Нээлттэй парламент" төсөл болон иргэний нийгмийн байгууллагууд, иргэдээс хуулийн төсөлд санал авах, тэдний дуу хоолойг бодлогод тусгах ажлыг ажлын албаны бусад зөвлөхүүдтэй хамтран хийж байгаа аж.

С.Бямбацогтын эхнэрийн дүү Г.Билэгзаяа, хүргэн ахтайгаа хамгийн удаан ажилласан зөвлөх

Г.Билэгзаяа зөвлөхийн хувьд гэргий С.Ганцэцэгийнх нь хүргэн дүү бөгөөд өмнө нь С.Бямбацогтыг Зам, тээврийн хөгжлийн сайд болон УУХҮ-ийн сайдаар ажиллаж байх үед яаманд нь Төрийн нарийн бичгийн даргын туслах, мэргэжилтнээр хамт ажиллаж байв. Эхнэрийнхээ дүүг авчихжээ гэж жиг жугхийсэн ч ажлын голыг нугалдаг хамгийн ойрын үнэнч туслах болох нь харагдаж байна.

Г.Билэгзаяа УИХ-ын даргын Ногоон хөгжил хариуцсан зөвлөх бөгөөд  УИХ-ын дарга С.Бямбацогтын зүгээс агаар, хөрсний бохирдлыг бууруулах, утаанаас бүрэн салах зорилготой "Эко өрх"-ийг дэмжих Ажлын хэсгийг захирамжаар байгуулсан. Г.Билэгзаяа нь тус бодлогын хүрээнд гэр хорооллын амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулах, айл өрхүүдийг хашаандаа тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, мөн арилжааны банкуудаар дамжуулан олгох "Ногоон зээл"-ийн дэмжлэг, хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтын шийдлүүд дээр ажиллаж байна.

Ерөнхий аудитор Д.Занданбат С.Бямбацогтын Дотоод хяналт шалгалтыг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна

Д.Занданбат 2019 оны 5 дугаар сараас 2023 оны 12 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхий аудитор Үндэсний аудитын газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Тухайн үед Төрийн аудитын тухай хуулийн шинэчлэлийг батлуулж, төсвийн сахилга батыг сайжруулахад анхаарч байв. 2024 онд УИХ-д нэр дэвшихээр 2023 оны сүүлээр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн тэрбээр өдгөө УИХ-ын даргад зөвлөж байна. С.Бямбацогт даргын зүгээс шинэ парламентад "Хяналт шалгалтын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах, парламентын хяналтын чиг үүргийг чангатгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх бодлого баримталж буй тул Д.Занданбат нь өөрийн мэргэжлийн туршлагаараа УИХ-ын дотоод болон гадаад хяналтын механизмыг зангидахад зөвлөх үүрэг гүйцэтгэж байна.

УИХ-ын даргын Эдийн засаг, төсөв хариуцсан зөвлөх Г.Золбоо Сангийн яамны газрын даргаар ажиллаж байв

Монгол Улсын Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын даргаар ажиллаж байсан Г.Золбоо өдгөө С.Бямбацогтод зөвлөж байна. Тэрбээр яаманд олон жил ажилласан  макро эдийн засаг болон улсын төсвийн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин юм. Ажиллах хугацаандаа макро эдийн засгийн гүйцэтгэл, инфляцын нөлөөлөл, гадаад зээл тусламжийн ашиглалтыг нэмэгдүүлэх зэрэг улс орны санхүүгийн томоохон бодлогын судалгаа, төсөөллийг ахалж байжээ.

Г.Золбоо Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан уулзалт, бодлогын хэлэлцүүлгүүдэд спикерийн эдийн засгийн багийг төлөөлөн тогтмол оролцож байна. Түүний хариуцаж буй ажлын хүрээнд С.Бямбацогт даргын зүгээс макро эдийн засгийн өсөлтийг өрхийн орлогод мэдрэгдүүлэх, зах зээл дэх зээлийн өндөр хүүг бууруулах, ББСБ болон цахим зээлийн дарамтыг цэгцлэх бодлогын шийдлүүдийг Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанктай хамтран боловсруулах зэрэг санхүү, эдийн засгийн чухал ажлууд багтаж байна.

Б.Ундрал

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.