Ж.Батзандан: 461 ба Жорлонгийн өрөө
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан 2022 онд эрүүгийн хэрэгт шалгагдаж цагдан хоригдож байсан удаатай. Тэрбээр 461-р хорих ангийн нөхцөл байдлыг талаар цахим хуудаснаа нийтэлжээ.
“461 ба Жорлонгийн өрөө
Олон хүмүүс улстөрийн шалтгаанаар 461 рүү ачигдсаар л…
Миний бие ч бас хэдхэн жилийн өмнө ачигдаж, энэ зовлонг туулж байсан хүний хувьд "Зоригтой байгаарай" гэж эрхэм дүү нарт хэлмээр санагдав.
Худал хуурмаг хурдтай ч, үнэн үргэлж ялдаг.
461 бол хүнийг гадаад орчноос нь тусгаарлан айдас хүйдэс, дарамт шахалтад оруулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг газар.
Ялангуяа “Friday night” буюу баасан гарагийн орой дуудна. Шөнө дөлөөр ачина.
Нөгөөдөр нь буюу Даваа гарагт чамайг сонин хэвлэл, сошиал-аар нүднэ, гөвнө, шүүхээр оруулж цагдан хорино.
Ингээд л чи хэн ч биш болно.
Сценари товч бөгөөд тодорхой.
Чи хоригдсон. Гүйцээ.
Хүмүүс чамайг "ямар нэгэн хэрэг хийсэн" гэж заавал бодох ёстой. Хоригдсон хүнд залруулах эрх байхгүй. Ялангуяа яллагдагч болсон бол ялтантай бараг ижил эрх, үүрэгтэй.
Мөн 461 бол ямар ч хүний хөдөлгөөнийг хязгаарлан, дотор махаар хооллож, хатуу дэглэм сахиулдаг бөгөөд ариун цэврийн хувьд бол "нойль" заасан газар тул хүмүүсийн хууч өвчин хөдлөнө.
Мөнгөтэй нь махтай хоол захиалж иднэ, мөнгөгүй нь өдөр бүр цувдай, гэдсээр хооллоно.
Нэг жижигхэн жорлонгийн өрөөнд дор хаяж 3–5 хүн хамт хоригдох бөгөөд сэтгэл санааны дарамтад орж, өдөр шөнийн турш 24 цаг гэрэлтэй орчинд байлгана.
Удахгүй чи өдөр, шөнийн мэдрэмжээ алдаж, бие болон хувцаснаас чинь хүртэл 00-ын үнэр ханхийнэ. Жорлонгийнхоо дэргэд хоолоо иднэ, жорлонгоо дэрлэж унтаж хэвтэнэ. Жорлонгийн жижигхэн өрөөнд хүний амь нас, хүчингийн хэрэгтнүүдтэй хамт удаан байх нь дээд зэргийн стресс өгөх бөгөөд залхаан цээрлүүлэлтийн нэг хэлбэр юм.
Өвдвөл шоронгийн эмнэлэгт хүргэгдэнэ.
Эмнэлгийн өрөө нь шөнийн цагаар гаднаасаа цоожтой.
Эмнэлгийн өрөөнд 00 байхгүй тул өвчтөнүүд хувийн хэрэгцээгээ ундааны саванд хангана. Бүх газар камертай тул булан тохой бараадан, камерын дор нуугдаж зогсоно.
Хоригдогч этгээд ундааны савыг онож шээх гэдэг "нарийн чадварт" дорхноо суралцана.
Цагдан хорио гэдэг ийм гүйцэтгэх ажлын, эрүү шүүлтийн, залхаан цээрлүүлэх байрыг би үргэлж эсэргүүцдэг.
Хүний эрх хөгжсөн улс орнуудад ялихгүй хэргээр бусдыг цагдан хорихыг хориглодог бол сүүлийн үед манайд залхаан цээрлүүлэлт, эрүү шүүлтийн хэлбэр болох цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ "моодонд" оров.
Энэ нь хоригдож буй хүнд хохирол учруулахаас гадна тэдний гэр бүл, үр хүүхдэд нь асар их сэтгэл санааны дарамт, эдийн болон эдийн бус хохирол учруулдаг хамгийн хор уршигтай арга хэмжээ юм.
Хууль хэрэгжилтэд гарч буй энэхүү завхралыг яаралтай засахгүй бол Монгол Улс хүний эрхийн мэдрэмжгүй, цагдан хориог өргөн хэрэглэдэг Орос, Хойд Солонгос, Туркменистан гэх мэт дарангуйлагч улсуудын эгнээнд гулсан ороход ойртлоо.
Дарангуйлал айдас дээр, ардчилал эрх чөлөө дээр тогтдог билээ.
Ардчилсан нийгэмд эрх баригчдад хүлээц тэвчээр, сөрөг хүчинд үнэний төлөө тэмцэх зориг зүрх хэрэгтэй.
Нийгмийг айдсаар бус хуулиар удирддаг тэр цагийг бид хамтдаа эргүүлэн авчрах ёстой” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.