УИХ-ын гишүүн У.Отгонбаяр төсөв батлах чухал цагт “тул агнаж, түймэр тавьж” явна уу

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр төсөв батлах чухал цагт “тул агнаж, түймэр тавьж”  явна уу

Дорнод аймгийн Халхгол сумын дархан цаазат нутаг дэвсгэрт гал түймэр гарч дөрвөн өдөр үргэлжилж байна. Уг түймрийг Дорнод, Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Байгаль хамгаалагчид өнөөдөр /2026.10.12/ цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түймрийн шалтгаантай холбоотойгоор УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, “Мобиком” корпорацийн удирдлагуудын нэр дурдагдаж эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Учир нь УИХ-ын гишүүн У.Отгонбаяр болон “Мобиком” корпорацийн удирдлагууд тухайн өдрүүдэд Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбосон бүтээн байгуулалтын талаар мэдээлсэн. Энэ үеэр тэдний зорчиж явсан нэг автомашин шатаж улмаар хээрийн түймэр гарсан байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж  байгаа юм.

Одоогоор уг асуудлаар “Мобиком” корпорациас дараах мэдэгдлийг гаргаад байна.

“Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос эхлэн Монгол Улсын хил орчмын алслагдсан бүс нутаг, хилийн боомт болон хилийн цэргийн заставуудад харилцаа холбооны сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттайгаар ажиллаж ирсэн. Энэ хүрээнд шилэн кабелийн дэд бүтцийг өргөтгөх, үүрэн холбооны 4G сүлжээ нэвтрүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлж, алслагдсан бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэд болон албан хаагчид, тэдний гэр бүлийн харилцаа холбооны хүртээмж, мэдээлэл солилцох боломжийг сайжруулахад хувь нэмэр оруулж байна

Тухайлбал, 2026 онд Халхголын хилийн отрядын бүх заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлэн, сүлжээний чанар, хүртээмжийг сайжруулсан. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцож, одоо байгаа сүлжээний ажиллагааг шалгаж, сайжруулах, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцах зэрэг төрийн хэрэгцээнд гарч, тухайн бүс нутагт хэвийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон.

Манай ажилтнууд хилийн цэргийн байгууллагаас зохих журмын дагуу албан ёсны зөвшөөрөл авч, тухайн бүс нутагт нэвтэрсэн болно.

Мөн тухайн ажлын хүрээнд орон нутгийн удирдлага, хил хамгаалах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүнд хамт зорчигчийг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.

Харин УИХ-ын гишүүн У.Отгонбаярын тухайд одоогоор ямар нэг тайлбар мэдээлэл хийгээгүй байна. Ялангуяа улсын төсвийн тодотгол батлах, төсөв хэлэлцэж буй чухал үед УИХ-ын гишүүн хилийн бүс нутагт ажил хэргийн бус зорилгоор зорчсон эсэх, автомашин яагаад шатсан, түймэр юунаас үүссэнийг эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлагатай байна. Хэрэв дээрх нөхцөл байдал тогтоогдвол эрхэм гишүүн дархан цаазат газар “тул агнаж, түймэр тавьж” явах нь хэр зохилтой вэ гэх асуулт зүй ёсоор тавигдана.

М.Үүрийнтуяа

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.