"Ерөнхийлөгчийн нууц хөрөнгө гэх худал мэдээллийг өнгөрсөн жил Б.Баатар, Х.Нямбаатарын хэвлэл Г.Золзаяа нар хийсэн нь тогтоогдсон"

ЕТГ-ын ХМА-ны дарга Ц.Ганзориг цахим орчинд гарсан Ерөнхийлөгчийн "нууц хөрөнгө" гэх мэдээллүүдэд албан ёсны тайлбар хийж, хэвлэл мэдээллийн нэр барьж шантааж хийсэн үйлдэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "цахим сүлжээнд Бага тэнгэрийн хаусууд, "Андууд тауэр", Яармагт байрлах "Юнайтед молл" зэрэг барилга байгууламжийг төрийн тэргүүний өмч мэтээр санаатайгаар мушгин гуйвуулж байгаа нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг онцоллоо. Эдгээр нь хувь хүн болон хувийн хэвшлийн хууль ёсны өмч бөгөөд Ерөнхийлөгч болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй ямар ч холбоогүй болохыг хууль хяналтын байгууллагаас шалгаж тогтоосон байна. Түүнчлэн уг асуудлаар төлбөртэйгөөр худал мэдээлэл бэлтгэж, зохион байгуулалттай тараасан эзэн холбогдогч гурваас дөрвөн иргэний үйлдлийг нотлох баримтаар илрүүлсэн гэдгийг дурдав.

Мөн Ерөнхийлөгчтэй хамт фитнест явдаг гэх бизнес эрхлэгч иргэний тансаг зэрэглэлийн автомашинуудыг төрийн тэргүүний хөрөнгө, мөнгө угаах хэрэгсэл мэтээр гүтгэсэн асуудалд хуулийн байгууллага мөрдөн шалгалт явуулсныг тэмдэглэлээ. Уг худал мэдээллийг бэлтгэн тараасан этгээд болох Г.Золзаяа нь одоогоор БНХАУ руу оргон зайлсан байдалтай байгаа бөгөөд түүний захиалга, санхүүжилт, эвлүүлгийн хэргийг хууль сахиулагчид эцэслэн тогтоосон болохыг мэдээллээ.

Ц.Ганзориг төрийн тэргүүний хөрөнгө орлого нээлттэй, ил тод байдаг талаар хэлэхдээ, 2017 оноос хойш Авлигатай тэмцэх газарт гаргаж ирсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 58 хувийг нь эзэмшдэг аялал жуулчлалын "Ил хаан" компанийн 10 гаруй дүнзэн байшин, гэр бүхий амралтын газраа хуулийн дагуу мэдүүлж ирснийг сануулав. Түүнчлэн орон сууц худалдан авсан эх үүсвэр нь цалин болон хадгаламжийн данснаас шилжсэн баримттай, АТГ-аар бүрэн шалгагдсан төдийгүй түүнд ямар нэгэн уул уурхайн лиценз, хууль бус бизнесийн хувь эзэмшил байхгүй гэдгийг мэдэгдлээ.

Түүнчлэн сэтгүүлч Шинэбаярын зүгээс баримтгүй мэдээллээр шантааж хийж, мөнгө төгрөг шаардсан асуудлыг хөндлөө. Тодруулбал, зургаан хүний цалин, оффисын түрээс, машин болон камерын зардал нэхэмжилж, гадаад айлчлалын бүрэлдэхүүнд оруулах, улсын цол хүртээх тохироо хийхийг тулган шаардаж, эс биелүүлбэл харлуулна гэж сүрдүүлсэн явдалд зохих нотлох баримтуудыг цагдаагийн байгууллагад албан ёсоор хүлээлгэн өгсөн болохоо Ц.Ганзориг хэлэв. Тэрбээр уг сэтгүүлчтэй согтууруулах ундаа хэрэглэсэн орчинд огт уулзаагүй, харин бодит эх сурвалжийн шаардлага хангах үүднээс нэг удаа биечлэн, нэг удаа утсаар холбогдож байснаа тодотголоо.

Цахим хуудас устгасан гэх асуудлын тухайд төрийн байгууллагуудад хувийн хэвшлийн болон олон улсын "Мета" компанийн цахим хуудсыг хаах эрх зүйн болон техникийн боломж байхгүй, харин ч хэвлэл мэдээллийн байгууллагын хуудсыг сэргээхэд дэмжлэг үзүүлж ажилласныг онцлов. Төгсгөлд нь Ерөнхийлөгчийн Тамгын газар мэргэжлийн ёс зүйгүй, хэвлэлийн эрх чөлөөгөөр далайлган дарамт шахалт үзүүлдэг хууль бус үйлдлүүдтэй хэзээ ч эвлэрэхгүй, цаашид ч хатуу байр суурь баримтлах болно гэдгийг мэдэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.