“Онтрэ” ТЕГ руу ₮24.3 тэрбумыг шилжүүлснээс НАЙМ хоногийн дараа Н.Учрал “Рио Тинто”-той гар барьжээ

“Онтрэ” ТЕГ руу ₮24.3 тэрбумыг шилжүүлснээс НАЙМ хоногийн дараа Н.Учрал “Рио Тинто”-той гар барьжээ

Нэг талд олон нийт, “Оюутолгойн ногдол ашиг үнэхээр ногдол ашиг мөн үү, бэлнээр авъя” гэж шаагилдацгааж байна. Нөгөө талд, улстөрчид “2037 онд авах байсан ногдол ашгийг 2027 онд авахаар наашлуулсан” гэж чээжээ дэлдэж байна. Ингэж маргалдах хойгуур “Онтрэ” компаниас Монголын татварын ерөнхий газар луу шилжүүлсэн 24.3 тэрбум төгрөгийн баримт гараад ирлээ.

Тодруулбал, 2026.06.22-ны өдөр “Онтрэ” ХХК-иас Татварын Ерөнхий газрын төрийн сангийн ААНОАТ төлдөг дансанд 24.3 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үүнийгээ 9,059,655,344 төгрөг, 15,295,317,559 төгрөг гэсэн хоёр гүйлгээгээр хуваан шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга нь тодорхойгүй байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь, энэ мөнгө шилжсэнээс ердөө НАЙМХАН хоногийн дараа буюу 2026.06.30-нд Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто групп”-тэй хэлэлцээрт хүрч, 2037 онд авах “Рио Тинто”-гоос авах ногдол ашгаа 10 жилээр урагшлуулж буулт хийлгэснийг зарлаж байсан гэдгийг энд сануулах нь зүйтэй болоод байна.

"Онтрэ” компаниас орж ирсэн дээрх мөнгийг “хоёр лицензээ Оюутолгой руу шилжүүлсэн татварын төлбөр” гэдэг мэдээллийг нэр бүхий гишүүд хийлээ. Харин Татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнаран “Татвар төлсөн тодорхойлолт гаргаж чадахгүй байгаа шалтгаанаа материал бүрдүүлбэр дутуу” хэмээн тайлбарлажээ. Ямартай ч, Монголын татварын алба тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой ямар нэгэн тодорхойлолт “Онтрэ”-д гаргаж өгөөгүй. Лиценз шилжүүлэх хүсэлтээ 2025 оноос гаргаж эхэлсэн байдаг.

ОДОО БИДЭНД,

●      “Онтрэ” компанийн лиценз шилжүүлгийн татвар мөн үү. Мөн бол 24.3 тэрбум гэдэг тооцооллыг хэрхэн гаргаж, дур мэдэв?

●      “Онтрэ”-гийн хоёр лиценз Оюутолйгой руу Монголын талын оролцоогүйгээр шилжчихэв үү? гэдэг эргээлзээнүүд үүсгээд байна.

 

“Онтрэ”-д дураараа аашлах боломжийг хэн олгов гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс, баялгийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан нараас асуух Учир нь, “Онтрэ” эзэмшиж байгаа хоёр лицензээ Оюутолгой руу шилжүүлэхийн тулд эхлээд манай парламентаар шийдвэр гарах ёстой. Мөн Торонтогийн хөрөнгийн биржийн зөвшөөрөл хэрэгтэй.

 

Хэрэв лиценз шилжүүлэх ажил хийгдэж байгаа бол юун “Рио Тинто”-гоос авах гурван их наядын ногдол ашиг. Гурван их наядын ногдол ашигаас том боломжоо манай улс алдана.

 

ЯАГААД ГЭВЭЛ,

“Онтрэ” ХХК-ийн эзэмшилд Оюу толгой ордын нийт нөөцийн бараг 32 хувийг агуулдаг Шивээ толгой (MV-15226), Жавхлант (MV-15225) гэсэн хоёр хэсэг байдаг. Эдгээр нь Оюу толгойн бүлэг ордын нөөцийн зэсийн 24.0 хувь, алтны 42.0 хувь, мөнгөний 29.0 хувь, молибденийн металлын 94.0 хувийг хамаардаг.

“Онтрэ”-гийн хоёр лицензийг Оюу Толгой шилжүүлээд авчихвал Монголын талын хувь эзэмшилд ашиг хүртэх боломж шууд хумигдана. Оюу Толгой эзэмшсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хөрөнгө оруулалтын гэрээний 5 хувийн АМНАТ л манайх авна. Угтаа “Онтрэ” дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийж, 34 хувь дээрээ монголын тал ямар хэмжээний АМНАТ авахаа тохирох учиртай.

ТЭГЭХЭЭР,

Засгийн газраа байгуулсан цагаас “Оюутолгой”-н ногдол ашгаар пиар-аа цөмөртөл хийж байгаа Н.Учралаас, “Ногдол ашиг гэдгийг ногдол ашиг гэж л тайлбарлана” гэсэн хөлдүү хариулттай Сангийн сайд З.Мэндсайханаас, “Шатахууны сайд” гэгдэтлээ салбарынхаа бодлогын асуудлыг хөсөр хаясан АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас “Онтрэ”-гийн хоёр лицензийн хэрхэх гэж байгааг асуух нэн яаралтай шаардлага үүсэв.

“Онтрэ”-гээс шилжүүлсэн 24.3 тэрбум төгрөгийн цаана чухам ямар асуудал үүсээд байна вэ гэдэгт хариулт хэрэгтэй байна.

Онтрэгийн хоёр лиценз бол зөвхөн хоёр компани хоорондын хэлцэл бус, Монгол Улсын стратегийн ордын бодлого, гүний уурхайн олборлолтын тасралтгүй ажиллагаа, цаашлаад улсын эдийн засаг, төсвийн орлогтой хамааралтай чухал асуудал юм. Ийм ч учраас Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч талууд “Онтрэ” ХХК-тай холбоотой үүссэн хоёр асуудлыг шийдэх шаардлагатай.

П.БААТАР

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.