Нийслэлийн МАН-ын хорооны даргын өрсөлдөөний томьёо

Нийслэлийн МАН-ын хорооны даргын өрсөлдөөний томьёо

 30+38+Ерөнхийлөгч=Хагарал

Тавхан хоногийн дараа /2026.11.07/ нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, удирдлагаа солино. МАН-ын дотоод хагарал 2025-2026 онд илүү хурцдаж, намын удирдлага, Засгийн газар, нийслэлийн удирдлагын түвшинд эрх мэдлийн дахин хуваарилалт өрнөсөн. Энэхүү хуваарилалтуудын нэг болох Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудал дээр чамгүй зөрчилдөөн үүсээд буй.

Нийслэлийн МАН-ын хорооны даргын үнэ цэн

Нийслэлийн МАН-ын хороо бол зүгээр нэг намын салбар байгууллага биш. Бага хурлын гишүүдийн гуравны нэгийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, 600 гаруй гишүүний 200 гаруй нь буюу намынхаа гуравны нэгтэй тэнцэх хүчийг хотын МАН-ын хорооны дарга халаасандаа атгадаг гэсэн үг. УИХ-ын нэлээдгүй гишүүд багтдагаас гадна УИХ-д, НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахад жин дардаг. Товчхондоо нийслэлийн дүүргүүд, намын анхан шатны байгууллагууд, улс төрийн зохион байгуулалт, сонгуулийн бэлтгэлтэй холбоотой томоохон бүтэц бөгөөд нийслэлийн намын байгууллагыг удирдах эрх мэдлээ хадгалсан хүн улс төрийн нөлөөг атгана.

Х.Нямбаатар 2023.10.12-нд Хотын дарга болж, 2024.05.18-нд Нийслэлийн МАН-ын хороог удирдлагандаа авч байв. Улмаар  2024 оны орон нутгийн сонгуулиар нийслэлд МАН-ын ялалтыг авчирснаараа МАН дахь улс төрийн гол тоглогчдын нэг болсон. Хотын даргын албан тушаалаас чөлөөлсөн ч, улс төрийн гол түшиц нь гарт ньодоо ч байгаа . Тиймээс улс төрийн гол дүр, хагарал тэмцлийн төв байсаар байна.
Харин Б.Пүрэвдагва 2026.05.26-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон. Өдгөө зургаан сар болж байж намын хороогоо авах гэж байна. Тэрбээр, Нийслэлийн МАН-ын Бага хурал, тэргүүлэгчид, Удирдах зөвлөл зэрэг бүтцээ бүрэн шинэчилнэ.

Дүүргүүд дээрх 30/38-ын хагарал

Улстөрийн цаад буюу далдад өрнөж буй ньюансыг хөндвөл,

Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлын төлөөх өрсөлдөөнийг ганц Х.Нямбаатар, Б.Пүрэвдагва нарын асуудал гэж харах нь учир дутагдалтай. Энэ бол нийслэлийн намын бүтэц, дүүргүүдийн улс төрийн зохион байгуулалт, ирэх сонгуулийн бэлтгэл, намын дотоод хүчний харьцаатай холбоотой асуудал.

Нэг талд Х.Нямбаатар. Нөгөө талд Б.Пүрэвдагва. Х.Нямбаатарын ард Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй 30-ийн бүлэг. Б.Пүрэвдагвын ард 38-ын бүлэг, бүр цаашлаад Ерөнхийлөгч бий гэгддэг. Тэгэхээр 30+38+Ерөнхийлөгч=Хагарал. Ийм томьёо үүсчхээд байна гэхэд буруудахгүй. Олны шоглож байгаачлан “Хааны экс хүргэн, амны салиа нь арилаагүй хүү нийслэлийг атгах гэсэн санаархал”-аас өнөөдрийн дайн өдөөгдөж, сэтгүүлзүйн салбарыг хүртэл  шалбаагт чирсэн дүгнэлт рүү хөтөлнө.

Өдгөө нийслэлийн МАН-ын хорооны хурлын үр дүнг дүүргүүд дээрх МАН-ыг 30/38-ын хагарлаар мөн хуваан харж болохоор.

  1. Баянзүрх: Дүүрэгтээ “эзэн суусан” гэгддэг Э.Бат-Амгаланд сайдын суудал өгөх замаар 38-ын тал “атгачихсан”.
  2. Сүхбаатар: АН ямарт цэнхэртүүлдэг эл дүүргийг Н.Учрал аваад ч ягааруулж чадаагүй тул АН-ын Х.Болормаагаар дамжуулан дотор нь хагаралдуулах технологи хэрэгжүүлж буй. 
  3. Чингэлтэй: Хэн ялж яваа, хэн хүчтэйгийнх нь талд холбирчихдог Н.Батсүмбэрэлийн гарт бий.
  4. Баянгол: Эрх мэдэл өндөртэй талд бизнесийн ашиг сонирхлын үүднээс тоглодог Ж.Ганбаатарынх.
  5. Хан-Уул: 30-ийн талд буй ч чимээгүй суудаг  Ж.Алдаржавхлан толгойлсоор яваа.
  6. Багахангай, Налайх: С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын гарт.
  7. Сонгинохайрхан: Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар “улааруулсан” автортой, нийслэлд том дарга болох шат гишгүүр болдог дүүрэг. 

Яг хэний талд илүү кноп дарах вэ гэдэг урьдчилсан таамгийг эндээс харчхаж болохоор.

Ерөнхийлөгчийн “экс хүргэн”-ий “улайрал” сэтгүүл зүйн салбарыг гишгүүр болгов

МАН-ын дотоод эрх мэдлийн зөрчил хэвлэл мэдээллийн салбарт нөлөөлж, сэтгүүлчид улс төрийн талцлын нэг хэсэг болж хувирсан уу гэвэл тийм. Ерөнхийлөгчийн экс хүргэн улайралдаа сэтгүүлзүйн салбарыг гишгүүр болгосон нь ч үнэн. Х.Нямбаатарыг өмөөрсөн эсвэл буруутгасан гэдэг хоёр шугам бий болж орхисон.

Мэдээж аливаа хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн редакцын бодлого, байр суурьтай байх нь хэвийн үзэгдэл л дээ. Харин улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашигтай давхцсан мэдээллийн урсгал бий болж, сэтгүүлчид бие биеэ улс төрийн байр сууриар нь ялган дайрах хэмжээнд хүрвэл энэ нь сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүй, хараат бус байдлын асуудал болж хувирсан юм.

Сэтгүүлзүйд талцал өрнөж, Б.Пүрэвдагва Х.Нямбаатартай хэлцэл хийж, Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаарх баримтуудыг дэлгэж эх адаггүй тулаан өрнөсөөр байна.

Нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх өрсөлдөөнийн сонгодог жишээ “60 тэрбум”-ын хэрэг

Өнгөрсөн цаг хугацаанд нийслэлийн МАН-ыг ямар хүмүүс удирдаж байв. Ямар цаг үед хэрхэн ажлаа өгөлцөж, авалцаж байв гэдэг түүхийг эргээд харах нь энэ цаг үед сонин.

●     (2011/2012 оны үед) Г.Мөнхбаяр Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байсан.

●     (2017 он хүртэл) Ц.Сандуй НИТХ-ын даргаар ажиллахын зэрэгцээ Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны даргын албыг хашиж байсан.

●     Д.Сумъяабазар 2018 оны 9 дүгээр сард Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдож, 2022 оны 1 дүгээр сарын 28-нд дахин улиран сонгогдсон.

●     2024-2026 он хүртэл Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллав.

Эрх мэдлийн хуваарилалт дээр тохиролцоонд хүрч чадаагүй үед нийслэлийн намын хорооны суудал нь үргэлж МАН-ыг дотор нь хагалж, том фракцуудын дайн дэгдээх гол "бай" болсоор ирсэн түүхтэй.

2018 оны "60 тэрбум"-ын хэрэг: Энэ бол Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлаас үүдэлтэй хамгийн том дотоод зөрчил байв. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө төрийн албан тушаалыг худалдаж, 60 тэрбум төгрөг босгох схем зурсан гэх аудио бичлэг задарсан. Энэхүү бичлэгт тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга бөгөөд НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар нэр холбогдсон билээ. Энэ хэргээс үүдэж МАН дотор хагарал үүсэж, УИХ-ын дарга М.Энхболдыг суудлаас нь огцруулж, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намаас хөөж, хуулийн хариуцлага хүлээлгэсэн.

2000-аад оны дунд үеийн "Хотын фракц"-ын үүсэл: МАН-ын түүхэнд "Хотын фракц" гэх улс төрийн бие даасан хүчирхэг бүлэглэл бүрэлдэхэд нийслэлийн намын хороо гол шалтгаан болдог. 2005 онд М.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайд болж дэвшихдээ Цогтын Батбаярыг Улаанбаатар хотын Засаг даргаар, Т.Билэгтийг Нийслэлийн ИТХ-ын даргаар томилуулсан. Энэ үеэс Улаанбаатар хотын газрын харилцаа, томоохон барилга байгууламжийн зөвшөөрлүүд энэ фракцын хяналтад орж, нийслэлд бие даасан эдийн засгийн бүлэглэл үүсэж байв.

П.БААТАР

 

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.