Сарын 3 саяын цалинтай УБТЗ-ын дарга М.Ононгийн 10 саяын төлбөр ч биш 400 сая нь жинхэнэ дуулиан
Цахим орчинд "Төмөр замын дарга 10 саяар хүүхэн авч, бичлэг нь цацагдаж гэнэ" гэх шуугиан явган яриа шиг тархав. Гэвч үнэн хэрэгтээ энэ бол ам дамжсан ярианаас илүү ноцтой, төрийн албаны ураг төрлийн сүлжээг илчилсэн АТГ-ын албан ёсны баримт байлаа. Олон нийтийн егөөдөөд буй "10 саяын хүүхэн" гэдгээс илүү бидний фокуслах асуудал бол М.Ононгийн ХОМ-тээ бүртгүүлсэн 400 сая төгрөгийн үнэлгээтэй 10 адуу. Мөн сарын 3-хан сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч М.Онон хэрхэн ийм хэмжээлшгүй хөрөнгөтөн болов гэдэг хөндөх сэдэв мөнөөсөө мөн.
Цаасан дээрх "Ядуурал", амьдрал дээрх "Тансаглал"
Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Ононгийн жилийн албан ёсны орлого ердөө 36 сая төгрөг. Гэвч түүний ХОМ-ийг сөхвөл жирийн иргэдийн насаараа ажиллаад ч олж чадахгүй хөрөнгө жагсана:
Жирийн төрийн албан хаагчийн 30 жилийн цалинтай тэнцэх 1 тэрбум төгрөгийн орон сууц.
Төрийн баячуудын бэлгэдэл болсон Land Cruiser 300 автомашин.
Дансандаа 125 сая төгрөгийн бэлэн мөнгөний хадгаламж.
Нэг бүрийг нь 40 саяар үнэлсэн 400 сая төгрөгийн 10 хурдан адуу.
Тэрбээр энэ их хөрөнгөө "Өөрөөсөө хоёр дахин өндөр орлоготой эхнэрээрээ тэжээлгэдэг" хэмээн хаацайлж сууна.
Төмөр замын "Хаант улс" ба албан тушаал өвлөсөн хүргэн
Хөшигний цаадах үнэнийг сөхвөл М.Ононгийн энэ их хөрөнгө, хурдтай албан тушаалын өсөлтийн ард төмөр замын салбарыг үе залгамжлан эзэгнэсэн том бүлэглэл байдаг уу гэх хардлага бий. Түүний гэргий нь УБТЗ-ХНН-ийн дарга асан Г.Сэрээнэндоржийн охин юм.
Хадам аав Г.Сэрээнэндорж нь салбартаа хэмжээлшгүй эрх мэдэлтэй байхдаа албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж, саатуулагдаж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр түүний хүргэн яамны жирийн мэргэжилтнээс Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга буюу салбарын хамаг мөнгө, тээвэрлэлтийг зангиддаг суудалд шууд тухалжээ.
АТГ унтаа байдлаасаа сэрэх үү?
Цахим орчны цуурхал уу, эсвэл үндэслэлгүй хөрөнгөжилт үү гэдгийг АТГ албан ёсоор мухарлах шаардлагатай боллоо. Сарын 3 сая төгрөгийн цалинтай дарга нар тэрбумын хаус, хагас тэрбумын адуугаар туйлж, үүнийгээ "эхнэрийн орлого" гэж тайлбарладаг жишиг хэдий болтол үргэлжлэх вэ. Төрийн алба ураг төрлийн бизнес үү, эсвэл цэвэр хөдөлмөр үү гэдэгт хуулийн байгууллага хариулт өгөх үлдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.