18 настай охидын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн “томчуудын тоглоом”
Алдсан уу, эсвэл тэднийг алдуулав уу? Охидын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн эрчүүдийн нууц
Цахим ертөнцөөр нэг шуугиан дэгдэж, залуу охидыг баалах бүрд тэдний ард ямар нэгэн нөлөө бүхий, эрх мэдэлтэй эр хүний сүүдэр заавал дагаж байдаг нь нууц биш.
"Алтны магнат"-ын гэргий гэгдэж явсан миссүүдээс эхлээд Хууль зүйн сайдын "нялх амраг" гэх шошгыг зүүсэн охид бүгд л 18-хан насандаа нийгмийн хамгийн хэрцгий булли, дайралтын бай болж байв. Тэд өөрсдөө дуулиан тариагүй, харин учирсан эрчүүдийнх нь мөнгө, эрх мэдэл тэднийг нийгмийн шүүхийн өмнө чирч авчирсан юм. Өнөөдрийн дуулианы эзэн “Үхчих юмсан” гэж уйлж суугаа иргэн З.Мадина 18-тай, нийгмийн золиос болсон охидын эхнийх ч биш бас эцсийнх ч биш.
Охидтой холбоотой шар бор сэдвийн цаадах гашуун үнэнийг уудлах цаг боллоо
Гэхдээ энэ бүх дуулианыг ухаж харвал нэг нийтлэг асуулт урган гарна. Тэдний амьдрал орвонгоороо эргэж, нийгмийн шүүхээр яллагдах болсон нь охиддоо биш ард нь байгаа эрчүүдээс болсон байдаг уу?
"Алтны магнат"-ын хараанд өртсөн охид ба 18 насны "Бага хатан" шошго
Топ модель Д.Пүрэвсүрэн дөнгөж 18 насандаа "Монгол газар"-ын захирал Ц.Мянганбаяртай амьдралаа холбож, шар мэдээний эзэн болж байв. Түүний араас мисс Д.Ариунцэцэг, топ модель О.Пүрэвдулам, загвар өмсөгч М.Намуунцэцэг нар "алтны магнат"-ын амьдралын циклд 18 насандаа орж, насан туршийнхаа сөрөг шошгыг зүүсэн байдаг.
А.Сүхбат аваргын 17-той залуу гэргий
Спортын мастер Н.Гарамханд өөрөөсөө 21 насаар ах Дархан аварга А.Сүхбаттай амьдралаа холбохдоо дөнгөж 17 настай байв. Нийгэм түүнийг "бага хатан" гэж чичилж, асар хүнд сэтгэл зүйн дарамтад оруулсан. Аваргын гэрээс хоёр хүүтэйгээ гарсан түүний 18 нас үнэхээр азтай байж чадсан уу? Саяхан А.Сүхбат аварга албан ёсны эхнэрээ танилцуулсан бөгөөд түүнээсээ 5 хүүхэдтэй гэж зарлав. Эхнэрүүдийг зэрэгцүүлэн амьдарч чаддаг “сийрэг ухаантан” эцэстээ бөхчүүдийн дундаас төрөн гарсан нь сонин юм шүү.
Сайдын "нялх амраг" ба улс төрийн тоглоомын золиос
Эрх мэдэлтэй эрчүүдийн сүүдэр 18 настай охидыг бүр ч аюултай ангал руу түлхдэг. 2014 онд дөнгөж 18 нас хүрч байсан Г.Сарангэрэл Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож, улс төрийн том тэмцлийн гол хөзөр нь болж хувирсан. Тэр цаг мөчөөс “Сарангэрэлдэх” хэмээх хэллэг, трэнд гарч олон Сарангэрэл гарч ирсэн гэхэд ч хэтрүүлэг болохгүй.
Уржигдархан сошиалыг шуугиулсан З.Мадина ба УБТЗ-ын даргын дуулиан ч үүний үргэлжлэл үү гэмээр нөхцөл байдал үүсээд байна. Эцэст нь 10 саяын жинхэнэ эзнийг олохоос өмнө алдаж онох 18 насандаа нэгэн охин амиа хорлох сонголт хийж мэдэхээр байдалд ороод байгаа нь хамгаас гашуун.
З.Мадина боловсролгүй, мөнгөгүй, танил талгүй, ар талгүй эгэл борог амьдралаас гаралтай учраас ганцаараа хүчин мөхөстлөө. Боловсон болон боловсон бус “я …” бүх цаг үед, бүх нийгмийн давхаргад байдаг нь нууц биш. Биеэ үнэлэгч бол хүн төрөлхтний анхны мэргэжил гэдэг дээ.
Ханхүү нарын зодоон ба хохирогч болсон Esther
"Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны хамгийн залуу оролцогч байхдаа 18-тай байсан Х.Хүслэн буюу Esther УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийн найз бүсгүй болсноор дуулианы эзэн болсон. Бусад залуус түүнийг хоргоож, найз залуу нь өмөөрснөөс үүдэлтэй цуст зодоонд Х.Хүслэн өөрөө биедээ гэмтэл авч хохирсон ч сошиал орчин түүнийг хэргийн гол буруутнаар тодруулж, өршөөлгүй буллидсэн билээ. Аз болоход тв шоуны од учраас тэр Ц.Санжаачойпэлийн хүүхдийг төрүүлэн амар жимэр амьдарч байна. Бэрхшээлийг боломж болгох сийрэг ухаан гэхдээ 18-тай охин бүрд байхгүй.
Эрх чөлөөгөө хасуулсан дуулиант бүжиг
Зөвхөн залуу насны эрх чөлөөгөө эдлэн гадаадад бааранд бүжиглэснийхээ төлөө нийгмийн золиос болсон бүсгүй бол дуучин Б.Дуулим. 2024 онд тэр дөнгөж 22 настай байхдаа найзтайгаа залуу бүсгүйн хувиар чөлөөтэй бүжиглэсэн энгийн бичлэгийнх нь төлөө сошиал даяар ёс зүйгүй хэмээн яллаж байв. Б.Дуулимын энэ асуудал ойрын өдрүүдэд эргэн сөхөгдөөд байгаа нь тэрбээр хосоо олох “Follow” реалити шоунд оролцож буй бөгөөд саяхныг хүртэл хоёр ч найз залуугаасаа салаад байгаатай нь холбоотой. Түүнд одоо болтол эрх чөлөө өгөх олон нийтэд хэцүү хэвээр байна. Алдаа нь хүртэл чимдэг залуу нас ч гэсэн айлын охины амьдралд санаа зовж муулах хэмжээнд сошиал масс хуйларсаар.
18 нас бол алдах эрхтэй, амьдралыг таньж ядан яваа гэнэн нас. Гэвч манай цахим орчин залуу охидыг бэлгийн болон ёс зүйн талаас нь гутаан доромжлохдоо улайран улангасч байна. Алдсан залуу бүсгүйчүүдээ засаж залруулах уу, эсвэл 18 насны босгон дээр нь сэтгэл зүйг нь бүрмөсөн үгүй хийж, цахим буллигээр ангал руу түлхэх үү. Сошиалын цаанаас хэлэх, хэлэхгүйгээр харааж доромжлон суугаа та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.
Тэдэнд яг өнөөдрийн байдлаар шүүмжлэл биш, хамгаалалт хэрэгтэй байна.
У.Цахирмаа
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.